Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01447

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01447

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгч: нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:-д холбогдох

Орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 100 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч ...-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч А.Өлзийсайхан /Ү-3065/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, гэрч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч ... түүний өмгөөлөгч А.Өлзийсайхан нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид ... ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу 100 000 000 төгрөгийг буцааж гаргуулах хүсэлтэй байна. ... бид 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ... ХХК-тай харилцан тохирч Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд зааснаар ... нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр -тай байгуулсан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрхээ буюу Улаанбаатар хот, ... хаягт байрлах 82.22 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар шаардах эрхээ ... болон ... бидэнд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. Харин ... бид тус гэрээг хүчин төгөлдөр болмогц хариу үүрэг болгож орон сууцны шаардах эрхийн урьдчилгаа 100 000 000 төгрөгийг төлж, дээрх байрны өмчлөх эрхийг хүлээн авч, улсын бүртгэлийн гэрчилгээ гармагц үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон. Ийнхүү гэрээ байгуулах үед ... ХХК-ийн захирал ... нь -тай байгуулсан Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж, мөн ямар нэгэн төлбөр, тооцооны үлдэгдэл байхгүй гэж мэдэгдсэн.Бид ч дээрх үгэнд нь итгэж 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг ... ХХК-тай байгуулсан. Ингэхдээ тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлэгч тал 100 хувь төлсөн...-ийг зааж, гарын үсэг зурсан.Улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг нийт 100 000 000 төгрөгийг гэрээний 2.3-т заагдсан данс буюу тус компанийн захирал ...-ын Хаан банк дахь ... тоот данс руу төлбөрийн урьдчилгаа болгож шилжүүлсэн.Бид ийнхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлээд, гэрээнд заагдсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авахаар Яармагт байрлах -ийн New Garden төслийн борлуулалтын алба дээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр очиж уулзсан. Гэтэл тус компанийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж, ... ХХК-ийг өөрийн компанийнх нь өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тухай, дээрх орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, шаардах эрх нь хариуцагчид зохих ёсоор үүсээгүй гэдгийг мэдэгдсэн. Бидний зүгээс анх ингэж дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах шаардах эрх ... ХХК-д бодитоор үүсээгүй тухай, цаашилбал тус компани нь биднээс мөнгө гаргуулахын тулд зориудаар худал хэлж, хууран мэхэлж гэрээ байгуулсныг мэдсэн.Улмаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авах асуудлаар ...-д, харин орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлүүлэх эсхүл төлбөрийн буцаалт хийлгүүлэх асуудлаар ... ХХК-д тус тус өөрсдөө болон өмгөөлөгч ...-аар дамжуулан дахиж хандсан боловч ... нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн ... албан тоот болон 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... албан тоотоор дээрх орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй тухайгаа дахин мэдэгдсэн бол ... ХХК нь бидний явуулсан мэдэгдэлд тодорхой хариу өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ... бидний зүгээс урьдчилгаа төлбөрт тооцож ... ХХК-д шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... нарын нэхэмжлэлтэй ... ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч ... ХХК нь ... хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар 2020 оны 4 дүгээр сарны 10-ны өдөр ... тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг ...-тай байгуулсан.Талууд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ /арилжааны/ байгуулсан. Уг гэрээгээр ...-д 304 299 500 төгрөгийн арматур, тоосго нийлүүлж ... нь New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууц, Олимп хотхоны 49.37 м.кв орон сууцыг тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ... нарт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.Гэрээний үнэ 180 000 000 төгрөг, нэхэмжлэгч нь 100 000 000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 80 000 000 төгрөгийг банкны зээл шийдэгдмэгц төлөхөөр тохирсон. Хариуцагч нь ...-д 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу арматурыг нийлүүлэн Олимп хотхоны 49.37 м.кв орон сууцыг шилжүүлэн авсан.Уг гэрээгээр хүлээсэн тоосгыг нийлүүлэх гэтэл нэхэмжлэгч нар нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл 80 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхгүй байсан тул хариуцагч нь ...-д тоосго нийлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоод өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрээд байна. ... ХХК хариуцагч ... ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч ХХК нь үлдэгдэл бараа материалаа ...-д нийлүүлэхэд New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авах боломжтой.Нэхэмжлэгч нартай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ нь хууран мэхэлж хийсэн хэлцэл огтхон ч биш нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул ...-д тоосго нийлүүлэх боломжгүй болж New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлээгүй нөхцөл байдал үүсээд байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ... хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг ...-тай байгуулсан, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу 150 гаруй сая төгрөгийн арматурыг нийлүүлсэн байдаг.Нэхэмжлэгч ... нартай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, гэрээний үнэ 180 000 000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нар нь 100 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 80 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул манайх ...-д тоосго нийлүүлэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нарын буруутай үйлдлийн улмаас манайх бараа материал нийлүүлэх боломжгүй болсонд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан нөхцөл бий болохгүй, нэхэмжлэгч нар өөрсдөө үүргээ биелүүлээгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нар нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, урьдчилгаа төлбөрт тооцож шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг ... ХХК-аас буцаан гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ... нар нь орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүргийн үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлөхгүй өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ... нар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ... ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна./хх-6/

Уг гэрээгээр ... ХХК нь ...-тай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын ... дугаартай гэрээг ... нарт шилжүүлэн өгөх, ... нар нь дээрх гэрээний зүйл болох ... хотхон 211 дүгээр блок, 2 давхрын 5 тоот хаягт байрлах 82,22 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 180 000 000 төгрөгийг ... ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байна.

Энэхүү гэрээний дагуу ... нар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 80 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг ... ХХК-ийн захирал ....-д шилжүүлсэн тухай үйл баримтад хариуцагч байгууллага маргахгүй байна.

Мөн зохигчдын хооронд хийгдсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлэгч тал 100 хувь төлсөн болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй... гэсэн байх боловч ... ХХК нь энэхүү үүргээ ... ХХК-ийн өмнө биелүүлээгүй болох нь ... ХХК-аас нэхэмжлэгч нарын өмгөөлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай тайлбар, ...-т 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн хүсэлтийн хариу зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймээс ... ХХК нь нэхэмжлэгч нартай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хийх үедээ тухайн хөрөнгийн үнийг ... ХХК-д бүрэн төлөөгүй байж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 100 хувь төлсөн гэж хууран мэхэлсэн үйлдэл хийсэн байна.

Өөрөөр хэлбэл ... ХХК нь ... хаягт байрлах 82,22 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 180 000 000 төгрөгийг ... ХХК-д төлөөгүй атлаа ... нарт төлсөн гэж худлаа хэлж, тэднийг хууран мэхэлсэн байна.

Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-т хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар нь ... ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нарын ... ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэстэй байна.

Нэгэнт зохигч талуудын хооронд хийгдсэн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл байх тул энэхүү хэлцлийн дагуу хариуцагч байгууллагын авсан 100 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.

... нар нь ... ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт 100 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагад шилжүүлсэн байгааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсноор үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд ... нарын ... ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ... ХХК-аас 100 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар ... нарын ... ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ... ХХК-аас 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулан ... нарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 715 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-аас 1 715 900 /нэг сая долоон зуун арван таван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан ... нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН