Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/322

 

   2024          04              22                                  2024/ШЦТ/322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч О.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн “2411 00418 0137” дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хүулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо "................." худалдааны төвийн хажуугийн замд "Тоёота приүс" маркийн ................. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ..согтууруулах ундаа .. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хүулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 02 цагийн орчимд, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, "................." худалдааны төвийн хажуугийн замд "Тоёота приүс" маркийн ................. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол ,Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

            Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Амартүвшиний 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл" /хх-ийн 3-р хуудас/,

            Драйгер багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад хяналтын төхөөрөмжийн заалтаар 1.65%-ийн илэрсэн талаарх тэмдэглэл болон баримтжуулсан гэрэл зураг /хх-ийн 6-р хуудас/,

            Стандарт хэмжил зүйн газрын физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 0807 дугаартай гэрчилгээ /хх-ийн 37-р хуудас/

            2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын "... Жолоочийн үнэмлэхийн төлөв. Эрх хасагдсан... Баянзүрх, Зөрчлийн тухай хууль 14.7-3.1, 2023.08.28-2024.08.28..." гэх Б.Бын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Ц.Шагжийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

            гэрч Ш.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

            Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн материалын хуулбар /хх-ийн 23-36-р хуудас/,

            2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0062041 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 33-р хуудас/,

            2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 60-р хуудас/,

            хохирогч Б.Бын бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлт /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч Б.Бын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Бын торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.УУГАНБААТАР