Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 183/2023/01122/И |
Дугаар | 001/хт2024/00004 |
Огноо | 2023-12-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/хт2024/00004
Г.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/01879 дүгээр магадлалтай,
Г.Тгийн нэхэмжлэлтэй,
“Т” ХХК-д холбогдох,
Алданги болон хохиролд нийт 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бий хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т нь “Т” ХХК-д холбогдуулан алданги болон хохиролд 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 18,582,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,552,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 498,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 250,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд оргохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/01879 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан алданги болон хохиролд 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Тгийн төлсөн 250,860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.1. Нэхэмжлэгч Г.Т нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гэрээний үүрэгтэй холбоотойгоор алданги болон хохиролд нийт 68,134,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2440 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас хохиролд 18,582,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1879 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх агуулгаар хоёр шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 172.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул нэхэмжлэгч талаас дараах агуулгаар гомдол гаргаж байна.
4.2. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК-тай №61, №62 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнүүдийг байгуулан улмаар 0 тоотод байрлах 32.6 м.кв талбай бүхий 1 өрөө болон 12 давхар, 0 тоотод байрлах 32.6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцуудыг захиалж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх 2 орон сууцны нийт төлбөр болох 61,940,000 төгрөгийг /1 өрөө орон сууцны үнэ 30,970,000 төгрөг/ 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Т” ХХК-ийн дансанд шилжүүлж, гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцуудыг худалдан авахын тулд өөрийн төрсөн эгч Г.Таас 30,970,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг эргүүлж төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч компани нь орон сууц захиалан бариулах гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүйгээс болж өөрийн эгч Г.Таас зээлсэн мөнгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, сар бүрийн зээлийн хүүг төлж байна. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс гэрээнээс татгалзсан 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаанд зээлийн хүүд 37,164,000 төгрөг төлж хохирсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй...” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбараас хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Г.Т нь орон сууц ч үгүй, төлсөн төлбөрөө ч эргүүлж авч чадахгүй болчих вий гэсэн айдас, хариуцагч талын шахалт, буруутай үйл ажиллагаанаас болж гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон. Үүний дагуу анхан шатны шүүх дээрх хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөр болох 18,582,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч нь хохирсон байна гэж дүгнэн дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсанд нөгөө тал буруугүй байна гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийж дээрх мөнгөн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбаруудаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн, улмаар анх захиалгын гэрээнд заасан үнээр байрыг зарах нь хариуцагч компанид ашиггүй болсон учраас нэмж төлбөр төлөхийг нэхэмжлэгчээс шаардсан, үүнээс үүдэж нэхэмжлэгч нь нэмж төлбөр төлөхгүй гэдгээ хэлж маргаан үүссэнээс болж гэрээнээс татгалзсан гэдгийг тайлбарлан, уг асуудалд хариуцагч компани нь буруутай гэдэг нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасан.
4.3. Нөгөөтээгүүр хариуцагч компани болох “Т” ХХК нь нэхэмжлэгчээс их хэмжээний мөнгө авч захиалгын гэрээ хийчхээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хугацаанд байраа ашиглалтад оруулахгүй хэдэн жилээр хойшлуулж нэхэмжлэгчийг хохироосон, гэрээ байгуулах үед компанийн захирал Х байсан боловч солигдож олдохгүй байсан тул эрэн сурвалжилсны эцэст Б гэх захирал нь болсныг мэдэж түүнтэй уулзахад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацаагаа 2 жил хэтрүүлсэн үндэслэлээ барилгын материал үнэд орсон, хуучин үнээр нь орон сууцаа зарвал компани их хэмжээний алдагдалд орж байна гэх зэргээр худлаа зүйл ярьж м.кв-ын төлбөрөө нэмдэг, зөрүү төлбөр төлж байж байраа ав гэх зэргээр нэхэмжлэгчийг дарамталдаг, мөнгө нэмж төлөхгүй бол байрны гэрээг чинь цуцална, эвийн журмаар шийдвэл 20 хоногийн дотор мөнгийг чинь буцааж өгнө гэх зэргээр хүнд байдалд оруулж, аргагүйн эрхэнд гэрээнээс татгалзах хүсэлт бичиж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан гэх зэргээр нэхэмжлэгчийг маш ихээр хохироосон, мөн өмнөх шүүхийн шийдвэр /Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3575 дугаартай шийдвэр/-ийн дагуу төлөгдөх 61,940,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй одоог хүртэл хохироосоор байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй буюу хариуцагчийн буруутай үйлдлээс болж гэрээнээс татгалзсан болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байхад хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/MA2023/01879 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бий хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2023/01438 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Г.Т нь “Т” ХХК-д холбогдуулан алданги 30,970,000 төгрөг, хохиролд 37,164,000 төгрөг, нийт 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.02-ны өдрийн 3575 дугаартай шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан 2019.05.01-ний өдрийн 061 дугаартай болон 062 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс 2021.05.16-ны өдөр талууд татгалзсан гэж үзэж “Т” ХХК-аас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 61,940,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээний 3.1-т заасан хариуцагч орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу алданги тооцсон, ...мөн орон сууцыг худалдан авахын тулд төрсөн эгч Г.Таас 30,970,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж төлбөрийг төлсөн, орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг буцаан төлөх байсан боловч хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүйгээс зээлсэн мөнгөө төлж барагдуулаагүй сар бүр зээлийн хүү төлж хохирсон ...” гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... нэхэмжлэгч нь 2021.05.16-ны өдөр гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан авах хүсэлтээ илэрхийлснээр тухайн цаг хугацаанд гэрээг дүгнээд дуусгавар болгосон, энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад ... дахин нэхэмжлэл гаргаж, өмнө нэхэмжилж байгаагүй, гэрээг дуусгавар болгохдоо татгалзсан гэрээний алдангийн талаар болон бусдаас авсан гэх бодит байдлаар хэрэгжээгүй хуурамч зээлийн гэрээг үндэслэн бусдад төлбөр төлж хохирсон мэтээр хуурамч баримт бүрдүүлж огт үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны үр дагаврыг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.02-ны өдрийн 183/ШШ2022/03575 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймээс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй, харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, ... хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул ... зээлийн гэрээгээр тохиролцсон 12 сарын хугацааны хүү 18,582,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн хэргийг хянаад нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, гэрээнээс татгалзах үндэслэл нь гэрээний нэг талын үүргийн зөрчилтэй холбоогүй тул хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас хохирол шаардах эрхгүй” гэж дүгнэжээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхдээ эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, хууль хэрэглээний зөрүүтэй шийдэл гаргасан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ үндэслэлээр гаргасан гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-тай 2019.05.01-ний өдөр 061, 062 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” -г байгуулж, 0 айлын орон сууцанд 12 дугаар давхарт 0 тоот 32,6 м.кв талбай бүхий, 7 давхарт 0 тоот 32,6 м.кв талбай бүхий орон сууцуудыг захиалгаар бариулах, орон сууцны үнэд 1 м.кв үнийг 950,000 төгрөгөөр, тус бүр 30,970,000 төгрөг, нийт 61,940,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үнийг 100 хувь төлсөн нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч Г.Т нь 2022 онд хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан орон сууцуудыг өмчлөлдөө шилжүүлэх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн боловч талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзсан буюу нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоолгох эрхээ алдсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн орон сууцны үнэд төлсөн 61,940,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаарх үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлохдоо тэдний хооронд өмнө үүссэн маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар шүүхүүд өөр өөрөөр дүгнэж, анхан шатны шүүх хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх талуудын гэрээнээс татгалзсан үндэслэл нь гэрээний нэг талын үүргийн зөрчилтэй холбоогүй учраас нэхэмжлэгчийг хариуцагчаас хохирол шаардах эрхгүй гэж үзжээ.
12. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт хуульд нийцээгүй байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.02-ны өдрийн 183/ШШ2022/03575 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан гэж үзэж, үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шийдвэрлэсэн байх боловч энэ тохиолдол бүрийг үүргийн зөрчилтэй хамааралгүй гэж үзэх нь учир дутагдалтай.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт талуудыг гэрээнээс татгалзсан гэж үзэхдээ “...хариуцагчийг гэрээний 3.1-д заасны дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барих үүргээ зөрчсөн, үүнээс үүдэн нэхэмжлэгч 2 жил хүлээсэн, үнэ нэмсэн учраас байрыг яаралтай заруулж 61,940,000 төгрөгөө буцаан авах агуулга бүхий хүсэлтээ илэрхийлж 2021.05.16-ны өдөр гэрээнээс татгалзсан...” гэж дүгнэсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг.
Нөгөө талаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно.
Улмаар гэрээний үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.
Энэ талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэл хамаарахгүй.
Хэргийн баримтаар хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй атлаа гэрээний үнийг нэмснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүйгээс талууд гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй нь үүргийн зөрчил болох ба улмаар энэ нь талуудыг гэрээнээс татгалзахад хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь ийнхүү гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хохиролд 37,164,000 төгрөг шаардахдаа хариуцагчид гэрээний үнийг төлөхдөө Г.Таас 30,970,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, орон сууцыг худалдан борлуулж зээлийг төлөх байсан боловч хариуцагчаас орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөөгүйгээс хүү төлж хохирсон гэжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Г.Ттай бичгээр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 1 жилийн хугацааны хүүг хохиролд тооцож гаргуулсан нь энэхүү хуульд нийцсэн, хариуцагчаас хохирол төлүүлэх үндэслэлийг гэрээнээс татгалзсанд хариуцагч үүргээ биелүүлээгүй буруутай гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
13. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/01879 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Тгийн 2023.11.24 өдөр төлсөн 250,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА