| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/03244/И |
| Дугаар | 102/ШШ2021/01291 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/01291
| 2021 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2021/01291 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:...-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:...,
Хариуцагч:... нарт холбогдох
26 928 757 төгрөг, 56 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь ... байрлах ...-ийг орчин үеийн шаардлагад нийцсэн, соёлтой үйлчилгээ явуулах бүхий л боломжоор хангах, мөн цогцолборын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор өмчлөгч /түрээслэгч/ нарын өмнөөс Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-тай Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ, УСУГазартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, УБДС ТӨХК-тай Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, УБЦТС ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ тус тус гэрээ байгуулсан.Харин компьютер худалдааны төвийн өмчлөгч /түрээслэгч/ нар нь өөрсдийн эзэмшлийн талбайн хэмжээгээр ашиглалтын зардлыг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон./цахилгаан, дулаан, ус, холбооны төлбөр/ Тус худалдааны төвийн ... болон ... тоотын өмчлөгч ... нь ашиглалтын зардлаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй явсаар 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын байдлаар цахилгааны төлбөрт 961 082 төгрөг /2017.05-2019.12 cap/, дулааны төлбөрт 4 647 893 төгрөг /2017.05-2019.12 cap/, хэрэглээний усны төлбөрт нийт 256 320 төгрөг /2017.05- 2019.12 cap/, Ашиглалтын төлбөрт 6 398 106 төгрөг /2017.05-2019.12 cap/ нийт 20 731 055 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.Эдгээр төлбөрүүдийг ... нь ...-ийн өмнөөс зохих байгууллагуудад төлж барагдуулсан тул хариуцагч ...-аас ашиглалтын зардал болох 20 713 055 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ... нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манайх ...-аас ... тоотын 2020 оны ашиглалтын зардлыг төлөөгүй тул түүнээс 149,14 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 2020 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар дуусталх хугацааны цахилгааны төлбөр 622 946.42 төгрөг, дулааны төлбөр 455 771.22 төгрөг, ус ашигласан төлбөр 215 364.92 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалтын зардал 4 921 620 төгрөг нийт 6 215 702.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... нь гишүүдэд үйлчлэх үйл ажиллагаа эрхэлдэг, дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалтын зардлыг татан төвлөрүүлж, хангагч байгууллагуудад өгдөг. Манай байгууллага нь Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Улаанбаатар цахилгаан түгээх станц зэрэг байгууллагуудтай гэрээтэй ажилладаг. ... нь компьютер худалдааны төвд эзэмшдэг талбайд ногдох зардлыг төлөхгүй байна. ...-аас 2018 оны 11, 12 сарын цахилгааны 420 284 төгрөг, 90 мөнгө, харуул хамгаалалтын 6 426 315 төгрөг, дулааны 3 152 864 төгрөг 96 мөнгө, усны 132 601 төгрөг, 30 мөнгө, лифтний 415 902 төгрөг, 24 мөнгө, хогны 55 639 төгрөг, 1 мөнгө нийт 10 603 608 төгрөг 10 мөнгийг гаргуулна.
Хариуцагч ...-аас цахилгааны 540 798 төгрөг, 47 мөнгө, дулааны 1 495 029 төгрөг, 65 мөнгө, усны 123 719 төгрөг, 34 мөнгө, харуул хамгаалалтын 1 551 794 төгрөг 03 мөнгө, ашиглалтын зардлын 6 398 106 төгрөг нийт 10 109 447 төгрөг, 49 мөнгийг гаргуулна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан 2020 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны цахилгааны 622 946 төгрөг 42 мөнгө, дулааны 455 771 төгрөг 22 мөнгө, усны 215 364 төгрөг 92 мөнгө, ашиглалтын зардлын 4 921 620 төгрөг нийт 6 215 702 төгрөг, 56 мөнгөний хамт нийт 16 325 150 төгрөг, 05 мөнгийг гаргуулна гэв.
Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан тайлбартаа: ... нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... ХХК-тай ... тоотод байрлах ...-ийн өмчийн газар дээр баригдаж буй ... төвд 13 дугаар давхарт 763 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, 6 дугаар давхарт 200 м.кв талбай бүхий цайны газрын зориулалттай талбайг захиалан бариулсан бөгөөд улмаар уг төв нь 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад орж 5 дугаар сарын 25-ны өдөр албан ёсны нээлт хийж үйл ажиллагаа нь эхэлсэн болно. Гэтэл ...-ийн өмчлөлд шилжин ирсэн дээрх талбайнуудыг огт засаагүй, байдалтай хүлээлгэн өгсөн бөгөөд Ерөнхий төсөл хэрэгжүүлэгч ...-ийн зүгээс зүгээс даруйхан гүйцээж өгнө гэсээр гүйцээн хийж өгөхгүй байсан тул ... өөрөөсөө нийт 25 002 700 төгрөгийн хөрөнгө гаргаж гүйцээн засварлан дуусгаж, 2019 оны 1 дүгээр сараас ашиглаж эхэлсэн. Мөн 6 дугаар давхрын цайны газрын талбайг битүүлж өгөөгүйгээс гадна засвар үйлчилгээг огт хийгээгүй байсан. Тиймээс ... өөрөөсөө хөрөнгө гарган гүйцээн засаж 2020 оны 1 дүгээр сараас ашиглаж эхэлсэн. ... нь 13 дугаар давхрын талбайг 2019 оны 1 дүгээр cap хүртэл огт ашиглаагүй, учир нь 13 дугаар давхрын цахилгаан лифт ажилгүй, бие засах өрөө огт байхгүй, цахилгаан холболт хийгдээгүй, шал болон цонх зэрэг бусад эд хөрөнгөнд засвар огт хийгдээгүй, дуусаагүй барилга хэвээрээ байсан. Мөн 6 дугаар давхрын цайны газар нь талбайг тусгаарлаагүй, цахилгаан холболт хийгдээгүй байснаас гадна мөн л дуусаагүй барилга хэвээрээ байсан. Тиймээс ... өөрөөсөө 18 002 700 төгрөг мөн Ажил гүйцэтгэх гэрээний 7 сая төгрөг нийт 25,002,700 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварлуулан дуусгасан болно. ... нь 13 дугаар давхрын ашиглалтын төлбөрийг ашиглаж эхэлсэн үеэс хойш буюу төлж барагдуулж байгаа болно. Харин 6 дугаар давхрыг корона вирусын үед буюу 2020 оны 2 дугаар сараас хойш ашиглалтын төлбөрөөр төлж амжаагүй болно.Учир нь цайны газарт үйлчлүүлэгч цөөрч орлого эрс багассан учир ашиглалтын төлөлтийг хойшлуулахаар тохирсон, 11 дүгээр сараас эхлэн график гарган төлөхөөр болсон. Тиймээс 2019 оноос өмнөх 13 дугаар давхрын ашиглалтын төлбөр, 2020 оноос өмнөх 6 дугаар давхрын ашиглалтын төлбөрийг ... төлөх үндэслэлгүй. Учир нь:2017 оны 1 дүгээр сараас 2019 он хүртэлх хугацаанд ашиглалтын төлбөрийг ... ХХК төлнө гэж ашиглалтын гэрээг ...-тай байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тус төвийн 1304 тоотоос нэхэмжилж байгаа төлбөрөөс 2018 оны 11 сар, 12 сард гарсан цахилгаан, дулаан, ус, лифт, хог, эдгээр төлбөрүүдийг хүлээн зөвшөөрөөд төлье, 2017 оноос надад нэг ч удаа төлбөр төлөх нэхэмжлэл өгч байгаагүй. ... гэдэг хүнтэй гэрээ учраас нэхэж байгаагүй. ... гэнэт алга болохоор намайг шүүхэд өгсөн. Харуул хамгаалалтын 2018 оны 11-12 дугаар сарын төлбөрийн 642.631.86 мөнгө, цахилгааны 2018 оны 11 сар, 12 сарын төлбөр 420 000 төгрөг, дулааны төлбөрөөс 2018 оны 11 сар, 12 сарын төлбөр 653 462 төгрөг, усны 132 000 төгрөг, хогны 55 000 төгрөг, лифтний 415 000 төгрөг, харуул хамгаалалтаас 340 000 төгрөгийг төлнө, харин 6005 тоотын нийтийн эзэмшлийн 2020 оны 01 сараас 10 сар хүртэл цахилгаан, дулаан, усыг төлбөрийг 100 хувь зөвшөөрнө, зарим давхрын шат, нойл бүрэн ажилладаггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байдаг. Ашиглалтын зардалд харуул хамгаалалт, завсар үйлчилгээ, цэвэрлэгээ, хог цалингийн зардал, нийгмийн даатгал, шуудан холбооны зардал, шавж устгалт, бичиг хэрэг гэх мэт зардлуудыг ордог гэв.
Хариуцагч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, 6005 тоот дээр 2020 оны 01 сараас эхэлж биечлэн гэрээ хийсэн байгаа.Тэрнээс өмнөх гэрээг Шинэсар гэдэг хүнтэй хийсэн, 2020 оны 01 сараас өмнө надад нэг ч удаа нэхэмжлэл ирж байгаагүй, 2020 оны 1 дүгээр сараас хойш ашиглалтын зардлаас бусад бүх зардлыг 100 хувь төлнө.Ашиглалтын зардлыг 50 хувиар тооцож төлнө. Би өмчлөгч боловч ... гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Үндэслэл нь 3300 төгрөгийг 100 хувь гэж үзвэл 50 хувийн үйлчилгээ үзүүлсэн нь нотлох баримтаар хавсаргасан байгаа, 2 жилийн хугацаанд ашиглалтын зардалд хамаардаг үйлчилгээ авах гэж маргаж байсан. ...-тай гэрээ байгаа учраас өөртөө итгэлтэй, шүүхийн байгууллагад найдаж, өнөөдрийг хүртэл явж байна. Мөнгө нэхэхгүй байснаа гэнэт их хэмжээний мөнгө нэхэж байгаад нь гомдолтой байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-аас 2018 оны 11, 12 дугаар сарын цахилгаан, харуул хамгаалалт, дулаан, усны лифт, хогны зардалд 10 603 608 төгрөг 10 мөнгийг гаргуулах, хариуцагч ...-аас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цахилгаан, дулаан, ус, харуул хамгаалалт, ашиглалтын зардлын нийт 10 109 447 төгрөг, 49 мөнгө, мөн 2020 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны цахилгаан, дулаан, ус, ашиглалтын зардлын нийт 6 215 702 төгрөг, 56 мөнгөний хамт нийт 16 325 150 төгрөг, 05 мөнгийг гаргуулах, нийтдээ хариуцагч нараас 26 928 757 төгрөг, 56 мөнгө гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Бид 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ...-тэй ашиглалтын гэрээ байгуулсан тул үүнээс хойшхи хугацааны зардлыг төлнө, энэ хугацаанаас өмнөх үеийн зардал гэж нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй, энэ хугацааны зардлыг Шинэсар төлнө гэж гэрээ байгуулсан гэж хариуцагч нар маргаж байна.
Хариуцагч ... нар нь ... давхарт ... тоотод байршилтай, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус барилгын 13 дугаар давхарт ... тоот хаягт байршилтай, 763 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдож байна./хх-83, 84/
Нэхэмжлэгч байгууллагын дүрэм болон Ус сувгийн удирдах газартай 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ-тай байгуулсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ зэргээс үзэхэд хариуцагч нараас худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын зардлыг хариуцагч нараас шаардах эрхтэй байна./хх 7-22/
Гэвч нэхэмжлэгч байгууллага нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ...-тай ... 6 дугаар давхарт байршилтай ... тоот, 13 дугаар давхарт байршилтай ... тоот талбайн ашиглалтын зардлыг төлөх тухай гэрээг байгуулж, үүрэг хүлээсэн байхад энэ хугацааны ашиглалтын зардлыг хариуцагч нар төлөх үүрэггүй байна./хх 45-48/
... нь ...-тэй 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ашиглалтын гэрээ байгуулж, цогцолборын барилга, байгууламж, хувийн өмчлөлийн болон нийтийн эзэмшлийн талбай, тоног төхөөрөмж, барилгын гадна зам талбай, гэрэлтүүлэг, газар зэргийг эзэмшиж, ашигласны ашиглалтын зардлуудыг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэг хүлээсэн байх тул энэхүү хугацаанаас эхлэн ашиглалтын зардлыг төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн байх ба энэхүү хэлцлээр талуудад нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн байна./хх-94, 95/
Хариуцагч нар нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойшхи хугацаанд зарим төрлийн дундын өмчлөлийн үйлчилгээг аваагүй, зарим нь хангалтгүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарын төлөх ёстой байсан ашиглалтын зардлыг бусад байгууллагад гэрээний дагуу төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд хариуцагч нар нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хэлцлээр тохирсон үүргээ хугацаанд нь зохих хэмжээгээр биелүүлээгүй болох нотлогдож байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар шаардаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өр төлбөр гэхээсээ илүү талуудын хооронд хийгдсэн ашиглалтын гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэж үзэх нь хуульд нийцнэ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2020 оны 1 дүгээр сараас өмнөх хугацааны ашиглалтын зардал шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойшхи буюу гэрээний хугацааны үүрэг болох 8 536 224 төгрөг 66 мөнгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 918 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 151 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч ... нараас 8 536 224 төгрөг 66 мөнгийг гаргуулан ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 18 392 532 төгрөг, 09 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 918 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 151 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН