| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
2024 05 03 2024/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагчаар Л.Наранхүү,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн 2334002400143 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 40 дүгээр байрны гадаа зогсоолд байсан хохирогч С.Б, Б.Г, П.С, С.Г, Ц.М, Ц.Б, Л.Бнарын өмчлөлийн тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүсч хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 980.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.А нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч А.А нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 40 дүгээр байрны гадаа зогсоолд байсан хохирогч С.Б, Б.Г, П.С, С.Г, Ц.М, Ц.Б, Л.Бнарын өмчлөлийн тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүсч хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 980.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23 дугаар хуудас/,
Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогч С.Бы мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хохирогч П.Сгийн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Хохирогч С.Ггийн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Мгийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Бгийн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Бмэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Пмэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Г.Умэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч С.Цмэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Цмэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-108 дугаар хуудас/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-124 дүгээр хуудас/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-140 дүгээр хуудас/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06/106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144-157 дугаар хуудас/,
Яллагдагч А.Аын мэдүүлэг /хх-ийн 178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А нь 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд болсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 40 дүгээр байрны гадаа зогсоолд байсан хохирогч С.Б, Б.Г, П.С, С.Г, Ц.М, Ц.Б, Л.Бнарын өмчлөлийн тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүсч хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 980.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч С.Б, Б.Г, П.С, С.Г, Ц.М, Ц.Б, Л.Бнар /хх-ийн 195-202 дугаар хуудас/-т гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч А.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж,
Эрүүгийн 2334002400143 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн 2334002400143 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН