Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 102/2020/04185/И |
Дугаар | 102/ШШ2021/01139 |
Огноо | 2021-05-10 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/01139
2021 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/01139 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээд Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дүгээр шүүгчийн захирамжаар ... ХХК-аас 503,163,908 төгрөгийг гаргуулж ...-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүжлэх тухай тогтоол үйлдэж, ... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаар бүхий ... мкв талбайтай газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг битүүмжилсэн болохыг ... ХХК-ийн хамгаалагч ...-т битүүмжилсэн тогтоолыг үлдээснийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дүгээр шүүгчийн захирамж болон гүйцэтгэх баримт бичигт эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд дурьдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгаагүй байтал дээрх хөрөнгүүдийг битүүмжилж албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн.
Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс ... ХХК-ийн дээрх хөрөнгийг битүүмжлэхдээ компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг ... ХХК-ийн хамгаалагч ...-т үлдээж явсан.
... ХХК-ийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хамгаалагч ...-аас хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан шийдвэр гүйцэтгэлийн уг хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот албан бичгээр битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариу өгчээ.
Иймд ... ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвшөөрөхгүй байх тул хариу албан бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байна. Иймд ... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031883 дугаартай ... талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ... дугаар бүхий ... талбайтай газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг хууль бусаар битүүмжилсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүжмлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрээр ... ХХК-аас 503,163,908 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... талбайтай газар хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... ХХК нь Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлээгүй учраас ...-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээний 1.2-т зээлийн барьцаа хөрөнгийг тусгайлан бичээд, 3.2-т Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг гэрээн заасан үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар тохиролцсон. Мөн гэрээний 5.5-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхээр тохирсон. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарснаас хойш төлбөрөөс огт төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг мэдэгдсэн мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байхад, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ажиллагаа хийгдэж байхад удаа дараа өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Улсын бүртгэлийн газраас 2017 онд, 2020 онд хоёр удаа хориглосон байдаг. Өмчлөх, эзэмших эрхийг эзэмшиж байгаа этгээд энэ тухай мэдэх боломжтой гэж үзэж байна. Мөн энэ талаар тухайн үедээ гомдол гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заавал барьцаа хөрөнгө бус компанийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргах зохицуулалт байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... ХХК нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дүгээр захирамжаар Капитал банкны нэхэмжилсэн 501,830,358.02 төгрөгийг ... ХХК хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлбөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар, ... ХХК нь хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээнд тусгасан үл хөдлөх эд хөрөнгүүд болон бусад орлогуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, мөн өдөр ... дугаартай тогтоолоор ... дугаарт бүртгэлтэй, ..., нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай газрыг тус тус битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хураах ажиллагаа явуулжээ.
Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай дээрх эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцсон байна.
Улмаар маргааны зүйл болох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай тогтоолоор ... дугаарт бүртгэлтэй, ... тоосгоны үйлдвэрийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай газар зэргийг битүүмжилсэн байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ төлбөр төлөгч ... ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэхдээ компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй, түүнд энэ талаар мэдэгдээгүй бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг төлбөр төлөгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулан өгсөн. Мөн гүйцэтгэх баримт бичигт тусгаагүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль зүйн үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн огноо, дугаар бичигдээгүй эд хөрөнгө битүүмжилсэн хууль бус тогтоол гаргасан гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д зааснаар гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг заана.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгөд ... болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны болон эвлэрлийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх бөгөөд тэдгээрийн хооронд ... өдөр байгуулагдсан ... тоот барьцааны, ... өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгө болох ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай тоосгоны үйлдвэрийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай газар нь барьцаа хөрөнгөөр тус тус тусгагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч талаас дээрх баримтыг үгүйсгэсэн баримт гаргаж, няцаагаагүй тул гүйцэтгэх баримт бичигт тусгаагүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.
Төлбөр төлөгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг гардуулж, энэ талаар мэдэгдээгүй гэх гомдлын хувьд, төлбөр төлөгч ... ХХК нь ... тоотод үйл ажиллагаа явуулдаг болох нь Баянзүрх дүүргийн ... хорооны тодорхойлолт, тус компаниас энэ хаягт үйл ажиллагаа явуулдаг үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт болон уг хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Маргааны зүйл болох шийдвэр гүйцэтгэгчийн ... дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ ... ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг дээрх хаягт хуулийн этгээдийн хамаарал бүхий этгээд байгаагүйгээс харуул .... охин гэх ...-т уг эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч ... ХХК-ийн захирал ...-т дамжуулан өгөхөөр хүлээлгэн өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шийдвэр гүйцэтгэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар эд хөрөнгө битүүмжилж, уг шийдвэрийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлөөлөгч, түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтан ажлын байрандаа байхгүйгээс мэдэгдэх хуудас болон эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус компанийн харуулын ажилтны гэр бүлийн хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ.
Түүнчлэн, төлбөр төлөгч ... ХХК-ийн төлөөлөгч ...-т 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус тус шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулж, шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдэж байсан болох хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Иймд төлбөр төлөгч хуулийн этгээдийн захиргаа, удирдах албан тушаалтан, түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтан байгаагүйгээс тухайн ажлын байранд байсан насанд хүрсэн хүн болох ...-т эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг буруутгах боломжгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулах зохицуулалт нь эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээнд хамаарахгүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгчийн ... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн огноо, дугаар бичигдээгүй хэлбэрийн шаардлага хангаагүй байх боловч энэ нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас төлбөр төлөгч ... ХХК нь шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрийг сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай тоосгоны үйлдвэрийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай газрыг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн ... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай тоосгоны үйлдвэрийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй, ... талбайтай газрыг тус тус битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ