Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/00766

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/00766

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо “У Б П” ХХК /РД: *, утасны дугаар: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, тоотод  оршин суух Н О /РД: *, утасны дугаар: */

 

Орон сууц чөлөөлүүлэх, хохирол 92,600,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.З

                             хариуцагчийн төлөөлөгч Б.А

                                гэрч М.Б

                              нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У Б П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.О нь тус компанитай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан дугаар VIР-19/87 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан Нийслэлийн ХУД-ийн 4-р хороонд байрлах “V R” хотхон, 478 дугаар байрны 51 тоот 116,87 м.кв 4 өрөө орон сууцыг гэрээнд заасан нөхцлийн дагуу худалдан авсан билээ. Уг “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нд зааснаар гэрээний нийт төлбөр 438,262,500 төгрөг бөгөөд үүнээс худалдан авагч тал 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа төлбөр 30 хувь болох 131,478,750 төгрөгийг орон сууц худалдагч талд төлсөн. Орон сууц худалдан авагч талаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд худалдан авагч талаас гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр хийгээгүй бөгөөд энэ нь Талуудын хооронд байгуулсан VIР-19/87 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүрэг ноцтой зөрчигдсөн нөхцөл үүссэн. Энэ хугацаанд худалдагч талын зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 10 сарын 23-ны өдөр орон сууц худалдан авагч талд албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, мөн үүргээ эс биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, орон сууцыг суллаж өгөхийг шаардаж байсан. Орон сууц худалдан авагч талын зүгээс гэрээнд зааснаар төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан бөгөөд нэхэмжлэл гаргагчийн зүгээс гэрээний 6.1-д “...төлбөр төлөх хуваарьт хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хоцроосон тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг нэг талын санаачлагаар дангаар цуцлах эрхтэй” гэж заасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нэмэлт хугацаа олгосон. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээнии үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ цаашид хэрхэн яаж биөлүүлэх талаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл гаргахгүй баигаа нь Нэхэмжлэгч талаас VIР-19/87 тоот гэрээний Зургаадугаар зүйлд зааснаар уг гэрээг дангаар цуцлах нөхцөл байдал үүссэн. Хариуцагч талаас гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэгч холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Дээр дурдсанаар хариуцагч тал 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар VIР-19/87 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд заасан төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй тул уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “...төлбөр төлөх хуваарьт хугацаа дөчин тав хоногоос дээш хугацаагаар хоцроосон тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг нэг талын санаачлагаар дангаар цуцпах эрхтэй” мөн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүи буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус заасны дагуу нэхэмжлэгч талаас гэрээг нэг талын санаачлагаар буюу дангаар цуцалж, орон сууцыг суллуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: гэрээг нэг талын санаачлагаар цуцлах нөхцөл гэрээнд заасны дагуу үүссэн тул Иргэний хуулийн 232 дугаар зуйлийн 232.5-д заасныг удирдлага болгон гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д “... гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний торгууль гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгээс тооцож 10 хувийн торгууль болох 43,826,250 төгрөгийн анзыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн нэгэнт хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэгч талын зүгээс гэрээг дангаар буюу нэг талын санаачлагаар цуцлах нөхцөл бүрдсэн тул Иргэнии хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг удирдлага болгон гэрээнии үндсэн зүйл болох орон сууцыг шинээр засварлаж, дахин худалдан борлуулах заилшгүй шаардлага үүснэ. Учир нь уг орон сууцыг дахин худалдан борлуулахад орон сууцыг анхны байдалд нь буцаан оруулахад шаардлагатай автоматжуулалтын тоноглол, эд хогшил, барилгын материал, засварын зардал гэх мэт заилшгүй шаардлагатай зардал гарах нь ойлгомжтой. Гэм хорыг арилгахад заилшгүй шаардлагатай нийт зардал нь 48,773,940 төгрөг болж байгаа бөгөөд зардлын дэлгэрэнгүй задаргааг баталгаажуулан нэхэмжлэлд хавсаргав. Иймд, нэхэмжлэгч талаас гаргаж байгаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар VIР-19/87 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, орон сууцыг суллуулах, гэрээний торгууль болох 43,826,250 төгрөг болон гэм хорыг арилгахад шаардлагатай 48,773,940 төгрөгийг тус тус хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөрийн 70 хувийг гэрээний хавсралт 1-т заасны дагуу бартераар буюу тос, тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцсон гэж ярьдаг. Гэрээний хавсралт 1-т тус орон сууцны төлбөрийг хэрхэн төлөх талаар төлбөрийн хуваарийг хавсаргасан байгаа. Харин төлбөрийн 70 хувь дээр талууд харилцан тохиролцож чадвал бартераар хийж болно л гэж тусад нь зааж өгсөн байгаа. Түүнээс биш заавал бартераар хийнэ гэж тохиролцоогүй бөгөөд гэрээнд ч тийм заалт байхгүй юм. Хэрэв үнэ, чанарын хувьд эргэлзээтэй бол манай зүгээс хариуцагч талаас санал болгоод байгаа бартераар хийх саналыг хүлээж авахгүй байх эрхтэй. Мөн гэрээнд заасан хугацаанд гэрээнд заасан үүргийн дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд манай захиалсан сэлбэгийг нийлүүлсээр ирсэн гэж хариуцагч тайлбарладаг. Хариуцагч гэрээнд заасан үүргийн дагуу төлбөрөө төлж байсан юм бол яагаад одоо хүртэл анх төлсөн төлбөрөөс өөр төлбөр төлөгдсөн зүйл байхгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм бэ? Яагаад манайх ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаад зогсож байгаа юм бэ?. Мөн хариуцагч манай захиалсан сэлбэгийг нийлүүлсээр ирсэн гэж байгаагаа тодорхой болгохыг хүсэж байна. Хэзээ, хэдэн удаа, хэнд, хэдэн төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн юм бэ?. Энэ талаараа баримтаа гаргаж өгөөчээ. “У Б П” ХХК байнга сэлбэг хэрэгслийн захиалга өгөөд л, хариуцагч байнга нийлүүлээд л байсан юм шиг яриад байна. Тийм асуудал огт байхгүй ээ. Харин “У г” ХХК-д нийлүүлсэн бараа материалын үнэ болох 34,520,000 төгрөг, нэмээд 450,000 төгрөг нийт 34,970,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцъё. Үүнээс өөр тоног төхөөрөм, сэлбэг хэрэгсэл нийлүүлээгүй. Өнөөдрийн байдлаар байрны төлбөр гэж нийт 171,448,000 төгрөг төлсөн гэж байна. Тэгвэл хариуцагч тал урьдчилгаа 131,478,750 төгрөг, “У г” ХХК-д нийлүүлсэн барааны үнэ 34,970,000 төгрөг төлсөн байна. Зөрүү 5,449,250 төгрөгийг хаанаас гаргаж ирээд байна вэ? Зогсоолын урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг оруулаад байгаа бол энэ нь буруу юмаа. Зогсоолын төлбөр тусдаа гэрээтэй тустай асуудал, энэ гэрээний асуудлаар маргахгүй байгаа.  Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай байдлаа үл харгалзан зөвхөн хариуцагчийг буруутгах үйлдэл хийж байна гэжээ. Гэрээний 6-р зүйлийн 6.1-д /Захиалагч нь гэрээний хавсралт 1-д заасан төлбөр төлөх хуваарьт хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хоцроосон тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг нэг талын санаачилгаар дангаар цуцлах эрхтэй./ гэж заасан 45 хоногийн хугацаа нь өнгөрөөд бараг 450 хоног болсон байна. Энэ нь гэрээг нэг талын санаачилгаар, дангаар цуцлах хангалттай үндэслэл болж байгаа. Харин “У Б П” ХХК нь гэрээний аль зүйл заалтыг зөрчсөн юм бэ? гэдгийг тайлбарлаж өгнө үү. Манай зүгээс үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэж өгсөн, хариуцагч төлбөрөө төлөөгүй байж одоог хүртэл орон сууцыг ашиглаж байна. Харилцан тохиролцсоны үндсэн дээр бүхэл бүтэн жилийн хугацаанд төлбөрийн хуваарь гаргаад, хүүгүй төлөх нөхцөл боломжоор хангасан. Ийм уян хатан нөхцөл олгож байхад гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч тал буруутай гэдэг нь илт харагдаж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйл зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Энэ нөхцөлөөр VIР-19/87 VIР-19/67 дугаар бүхий гэрээнүүдийг байгуулсан байдаг. VIР-19/87 гэрээ бол бидний маргаан бүхий энэ “Орон сууц захиалах гэрээ” юм. VIP-19/67 гэрээ бол машин зогсоолын гэрээ юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан хэлэлцэх учраас VIР-19/67 гэрээний талаар болон тус гэрээний урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг энэ хэрэгт ярих нь буруу юм. Уг гэрээний 2.5 дахь хэсэгт төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авахаар тохиролцжээ. Гэрээний 2.5 хэсэгт “Төлбөр тооцоог бэлнээр эсхүл бэлэн бусаар гүйцэтгэгчийн хаан банкны *, Голомт банкны * харилцах дансанд шилжүүлнэ” гэж заасан. Бэлэн гэдэг нь цаасаар буюу мөнгөн тэмдэгтээр, бэлэн бус гэдэг нь цахимаар буюу банкны шилжүүлгээр гүйлгээ хийхийг ойлгоно. Түүнээс биш бэлэн бусаар гэдгийг бартераар гэж ойлгож болохгүй ээ. Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл төлбөрөө бэлэн мөнгөөр тооцон авахаар мэдэгдэл ирүүлсэн тул бидний хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болсон гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг зөвхөн бэлнээр авна гэсэн мэдэгдэл бол явуулаагүй, төлбөрийг бэлнээр нэхэмжлэгч байгууллагын касст очоод бэлнээр төлж болно, эсхүл бэлэн бусаар нэхэмжлэгч байгууллагын гэрээнд заасан дансанд шилжүүлж болно гэдгийг тохирсон. Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчөөд байсан зүйл бол харагдахгүй байна. Хариуцагч харин гэрээний зүйл заалтыг ойлгоогүй, эсхүл санаатайгаар ийм үйлдэл гаргаад байна гэж харж байна. Түүнээс биш энэ хэсэгт үл ойлголцоод байгаа шалтгаан бол байхгүй. Мөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж төлбөр төлөлт удааширсан гэж байна.  Үүнийгээ хариуцаж байгаа ажилтан нь хэн гэдэг нь ойлгомжгүй, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх санал явуулахад хариу өгдөггүй, хойшлуулдаг гэсэн. Гэрээ хариуцаж байгаа ажилтан нь маш ойлгомжтой гэрээнд гарын үсэг зурсан Г.Д, гүйцэтгэх захирал Ц.О л байна, гэрээнд утасны дугаар, байгууллагын хаяг, мэйл хаяг бүгд бичээтэй, ойлгомжтой байна. Энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг хариуцагч энэ 2 хүнтэй харилцаж шийдвэрлэх ёстой гэдгээ мэдэж байгаа. Хариуцагчийн санал болгосон сэлбэг хэрэгслийг нэхэмжлэгч тал өөрт шаардлагагүй, хэрэгцээгүй бол хариуцагчийн шаардлагаар заавал авна гэж гэрээнд заагаагүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар хариуцагчийн саналд нэхэмжлэгч хариу өгөөгүй нь хариуцагч төлбөр төлөхөд удаашрах үндэслэл болохгүй. Түүнчлэн хариуцагчийн саналд хариу өгөөгүй удаа байхгүй. Тухай бүр нь хариу өгч, мэдэгдэж байсан. Яаж удааширсан юм бэ? удаан төлсөн юм уу? удаан ч болтугай, бага ч болтугай төлөөгүй шүү дээ. Н.О нь хаана, хэзээ, хэдэн удаа тооцоо хийсэн юм бэ, байнга л төлбөр тооцоогоо тасралтгүй хийж байсан юм шиг юм яриад байгааг зөвшөөрөхгүй.  Хариуцагч нь “У Б П” ХХК-ийн байранд очиж төлбөр тооцоогоо хийдэг байсан юм бол яагаад ажилтан, албан хаагчдын талаар мэдээлэлгүй байдаг юм бэ?  Манай талаас 2020 оны 3 дугаар сарын 26-нд гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтэрч, алданги тооцох болж байна гэсэн мэдэгдлийг албан бичгээр мэдэгдсэн. 2020 оны 10 дугаар сарын 23-нд гэрээ цуцлах тухай албан бичгээр мэдэгдсэн. Үүнээс өмнө ч утсаар холбогдож мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагч тал огт холбогдоогүй, огт мэдэгдээгүй гэнэт л шүүхэд өгсөн мэт зүйл ярьж байна. Хариуцагч 2019.11.30-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 450 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа нь гэрээг дангаар цуцалж гэрээнд заасан хохирол, төлбөрийг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь торгуулиас гадна гэрээ болон хуульд заасан алданги тооцох эрхтэй. Алданги бол 80 сая орчим төгрөг болж байсан. Гэхдээ иргэний эрх зүйд анзыг давхардуулан хэрэглэхгүй байх зарчим үйлчилдэг, мөн сүүлийн үед дэлхий дахинаа үүссэн хорио цээрийн нөхцөл байдлыг харгалзан аль бага дүнтэй анзыг нь нэхэмжилж байна. Хариуцагчийн төлбөрөө хугацаандаа биелүүлээгүйд “У Б П” ХХК 100 хувийн ямар буруутай юм бэ? Хариуцагчийг төлбөрөө төлөх гэхэд нь битгий төл гээд хойшлуулаад байгаа юм уу?. “У Б П”ХХК нь энэхүү гэрээний хүрээнд үүргээ зөрчсөн, биелүүлээгүй нэг ч үйлдэл гаргаагүй. Иймд Н.О нь гэрээний хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалж, орон сууцыг буцаан авч, торгууль 43,826,250 төгрөг, орон сууцыг дахин засварлаж худалдан борлуулахад шаардлагатай зардал 48,773,940 төгрөг нийт 92,600,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “У Б П” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр гардан авч хуульд зааснаар хариу тайлбар гаргаж байна. Иргэн Э.А миний бие нь Н.Огөөс 2021 оны 01 сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу цаашид түүнийг төлөөлөн “У Б П” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Од холбогдох иргэний хэрэгт оролцох болно. Тус компани нь шүүхэд 3 шаардлага бүхий нэхэмжлэл ирүүлсэн байх бөгөөд уг шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгуй байна. Учир нь: Танай компанитай 2019 оны 10 сарын 11-ний өдөр VIР-19/87 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан 116.87м2 4 өрөө байрыг урьдчилгаа төлбөрийн 30 хувийг бэлэн мөнгөөр үлдсэн 70 хувийг гэрээний хавсралт 1-т заасны дагуу бартераар буюу тос, тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцсон билээ. Гэрээ байгуулж орон сууц худалдан авахдаа “VIР Residence” хотхоныг сонгох болсон шалтгаан нь төлбөрийг уян хатан нөхцөлтэйгөөр буюу бартераар төлөх боломжгой гэсэн “У Б П” ХХК-иас гаргасан гэрээний санал таалагдсан учраас сонгосон юм. Дээрх хугацаанд гэрээнд заагдсан үүргийн дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд танай захиалсан сэлбэгийг нийлүүлсээр ирсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлд урьдчилгаа төлбөрөөс хойш нэг ч төлбөр төлөөгүй мэтээр бичсэн байна. Төлбөр төлөх хувиарт заагдсаны дагуу бартераар 2019 оны 10 сарын 31-ний өдөр уул уурхайн сэлбэг болох /шүд, кронк/ зэрэг сэлбэгийг 34,520,000 төгрөгт тооцуулан хүлээлгэн өгсөн бөгөөд У групп нь хүлээн авч байрны төлбөрөөс хасч тооцсон талаар баримт үйлдсэн байдаг. Уг баримтад тус компани нягтлан бодогч гарын үсгээ зурж санхүүгийн тэмдгээ дарсан байдаг. Өнөөдрийн байдлаар “У Б П” ХХК-д байрны төлбөр гэж нийт 171,448,000 төгрөг төлсөн байна. Шүүхэд VIР-19/87 дугаар гэрээг цуцлуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгуй байна. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл үүсээгүй бөгөөд нэхэмжпэгч тал өөрсдийн буруутай байдлаа үл харгалзан зөвхөн хариуцагчийг буруутгах үйлдэл хийж байна. У Б П” ХХК-тай 2 гэрээ байгуулсан бөгөөд VIР-19/87, VIР-19/67 дугаар бүхий гэрээнүүдийг байгуулсан байдаг. Тус гэрээнүүдийн 2 дугаар зүйлд гэрээний зүйл үнэ төлбөрийн талаар харилцан тохиролцсон байдаг. VIР-19/87 дугаар гэрээний 2.2 дахь хэсэгт захиалагч төлбөрийг хавсралт 1-т заасны дагуу гүйцэтгэнэ гэсэн байх бөгөөд гэрээний хавсралт 1-т гэрээний урьдчилгаа төлбөр болох 30 хувийг бэлэн 131,478,750 төгрөг төлөх, үлдэгдэл 70 хувийн төлбөрт бартераар буюу тос, тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслээр төлөх талаар тодорхой тусгасан байдаг. Уг гэрээний 2.5 дахь хэсэгт төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авахаар тохиролцжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар “....Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж заасан байдаг бөгөөд гэрээний талууд ч энэ зарчмаар 2 талдаа ашигтай байдлаар нэхэмжлэгч талын гаргасан гэрээний саналыг үндэслэн 70 хувийн төлбөрөө бартераар буюу тос, тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслээр төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл төлбөрөө бэлэн мөнгөөр тооцон авахаар мэдэгдэл ирүүлсэн тул бидний хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болсон. Мөн нэхэмжпэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж төлбөр төлөлт удааширсан болохыг дурдах нь зүйтэй байна. “У Б П” ХХК-иас инженер гэх мэт хүмүүс холбогдон сэлбэг хэрэгсэл захиалдаг бөгөөд уг сэлбэгийг захиалан авч ирэхэд төлбөрт тооцон авахаа хойшлуулдаг, мөн хэн хариуцаж байгаа байдал нь ойлгомжгүй олон ажилтан нар өөрчлөгдөж байдаг. Мөн гэрээнд заасны дагуу төлбөрт тооцуулахаар сэлбэг хэрэгсэл болон үнийг санал явуулахад хариу өгөхгүй удааширдаг бөгөөд 5... сарын дараа төлбөрт тооцох боломжгүй гэсэн хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн зэрэг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж төлбөр төлөлт удааширсан. Н.О нь “У Б П” ХХК-ийн ажилчид албан хаагчдын тапаар, мэдээлэлгүй бөгөөд компани байранд очиж төлбөр тооцоог хийдэг байсан. Гэтэл У группийн тооцоо хамаагүй гэх мэтээр хууль мэдэхгүй иргэний төөрөгдүүлж авсан төлбөрөө аваагүй гэж гүтгэж Эрүүгийн хуульд заагдсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв тус компаниас дээрх өөрсдийн компани хоорондын асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол төлбөр төлсөн баримт үйлдэж өгсөн ажилтан, хүлээн авсан ажилтан нарыг шалгуулахаас өөр аргагүй байдалд хүрч байна. “У Б П” ХХК-иас гэрээ цуцалж байгаа талаар манай талд мэдэгдээгүй бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөлд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заагдсан гэрээний үнийн дүнгийн 10 хувийн торгууль 43,826,250 төгрөг нэхэмжилжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд бид гэрээний үүргээ дангаараа биелүүлээгүй байдал үүсгээгүй дээр дурдсанчлан тус компани буруутай үйлдлээс 100 хувь хамаарч төлбөр  төлөлт хойшлогдсон байдаг. Нэгэнт гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй байгаа тул гэрээ цуцлах нэхэмжлэлийн  шаардлагаас үүдэн гарсан торгууль болон засвар үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал нь VIP-19/67 дугаар бүхий авто зогсоол захиалан бариулах тухай гэрээний талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байх  бөгөөд уг гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг тооцоогүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг талын санаачилгаар дур мэдэн гэрээг цуцлах нөхцөл үүсээгүй. Энэ гэрээнийхээ дагуу хариуцагч тал нь үүргээ биелүүлээд төлөлтөө хийгээд явж байсан. Яагаад төлбөр төлөхгүй удааширсан бэ гэхээр нэхэмжлэгч талд хариуцагчаас бараа материалаа нийлүүлэх гээд үнийн санал явуулахад огт хариу ирүүлдэггүй, бараа захиалаад авдаггүй. Хэргийн материалаас харахад удаа дараа мэдэгдэл хүргүүлээд байсан мэт зүйлийг ярьдаг. Гэтэл мэдэгдэх хуудаснаас нэг нь л Н.Од очсон. Бусад нь огт очоогүй. Энэ нь ямар мэдэгдэл вэ гэхээр 6 сард “танай явуулсан саналыг хүлээн авах боломжгүй байна” гээд 10 сард ирүүлсэн мэдэгдэх хуудас байгаа. Өөрсдийн зүгээс төлбөр төлөлт удааширч байснаа үгүйсгээгүй. Харин нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас төлбөр төлөлт удааширч байгаа. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд онц байдал зарлаж хил гааль хаагдсан, зэрэг нөлөөлсөн байдаг. Тийм учраас хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж төлбөр төлөгдөөгүй гэсэн тайлбарыг үгүйсгэж байна. Н.О нь “У Б П” ХХК-ийн холбогдох хүмүүс рүү удаа дараа имэйлээр санал явуулж байсан. Гэтэл энэ имэйлд нэг ч хариу ирүүлээгүй байдаг. Мөн холбогдох хүмүүс рүү нь мессеж бичиж захиалга аваад, нийлүүлэлт хийж байсан талаар мессежүүд байгаа. Энэ асуудал гэрчийн мэдүүлгээр тодорхой болно. Талууд өөрсдөө гэрээгээ тодорхойлоод төлбөрийг бартераар төлөхөөр гэж заагаад гэрээгээ хийсэн учраас энэ байдлаараа цаашаа төлнө гэсэн ойлголттой байсан. Алдангийн асуудлыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. Мөн орон сууцны засварын зардлыг харахад ямар ч тооцоо судалгаагүйгээр өөрсдөө гаргасан. Гэтэл байрандаа ороход шаардлага хангахгүй байсан тул манай тал өөрсдөөсөө мөнгө гаргаж дахин засвар хийсэн байдаг. Шал болон бусад зүйлийг зассанаас гадна тухайн байранд нэмэлт тоног төхөөрөмж хийлгэсэн байдаг. Эдгээрийг яаж тооцох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч “У Б П” ХХК нь хариуцагч Н.Од холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, хохирол 48,773,940 төгрөг, торгууль 43,826,250 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “гэрээний дагуу тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй, гэрээний хугацаа дууссан” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч “төлбөрийг бартераар буюу уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалаар төлөхөөр тохирсон боловч уг тохиролцоогоо нэхэмжлэгч зөрчиж мөнгөөр авахаар шаардсаны улмаас төлбөр төлөлт хойшилсон, төлбөр хугацаандаа төлөгдөөгүйд хариуцагч буруугүй, гэрээг цуцлах үндэслэлгүй” гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” бичгээр хийгдсэн байх ба уг гэрээгээр “У Б П” ХХК нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо V  хотхоны 1 дүгээр байр тоотод байршилтай 116.87м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан шилжүүлэх, Н.О нь гэрээний үнэ болох 438,262,500 төгрөгийн 30 хувь 131,478,750 төгрөгийг урьдчилан төлж, үлдсэн төлбөрийг сар бүр, тогтоосон хэмжээгээр 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлөх, үнийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг “У Б П” ХХК шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлж, үнийг бүрэн төлсөн нөхцөлд эд хөрөнгийн өмчлөгч болохоор байна. Өөрөөр хэлбэл талуудын тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцжээ. Иймд талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу болзол тавьж байгуулсан байна. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны эзэмшлыг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдов.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн үндсэн үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх юм. Харин эд хөрөнгийн үнийг хэрхэн, ямар журмаар төлөх талаар тусгайлан тохиролцоогүй нөхцөлд худалдагч тал эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд шилжүүлээгүй тохиолдолд худалдан авагч Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар үнийг төлөхөөс татгалзах эрхтэй. Талуудын хувьд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс өмнө худалдан авагч үнийг тодорхой хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр үнийг төлөх үүрэгтэй байна. Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 131,478,750 төгрөгийг төлсөн байх ба хариуцагчийн “У г” ХХК-д нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ 34,970,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрснөөр хариуцагчийг гэрээний үүрэгт 166,448,750 төгрөг төлсөн гэж үзэв. Энэ талаар зохигч маргаагүй болно. Харин үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхдөө мөнгөөр эсвэл уул уурхайн тоног төхөөрөмжөөр төлөх эсэх асуудлаар маргав. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой маргаж байх тул талуудын хүсэл зориг болон гэрээг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэжээ. Талуудын байгуулсан гэрээний хавсралтад “Гэрээний урьдчилгаа төлбөр болох 131,478,750 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөх ба үлдэгдэл 70% төлбөрт бартераар буюу тос тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл өгч гэрээний төлбөрт тооцуулж болно” гэж заасныг үгийн шууд утгаар “худалдан авагчийн санал болгосон тос тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг төлбөрт тооцохыг худалдагч зөвшөөрсөн бол тухайн бараа материалыг төлбөрт тооцохоор тохирсон” гэсэн агуулгаар тайлбарлагдаж байна. Өөрөөр хэлбэл худалдан авагчийн санал болгосон тоног төхөөрөмж бүрийг худалдагч хүлээн авч, төлбөрт тооцох үүрэг хүлээгээгүй байна.

 

Гэрээний 2.5-д “төлбөр тооцоог бэлнээр эсхүл бэлэн бусаар гүйцэтгэгчийн Хаан банк *, Голомт банк * харилцах дансанд шилжүүлнэ” гэж зааснаас үзвэл гэрээний үнийг мөнгөөр хүлээн авах болон төлөх хүсэл зоригийн илэрхийлэл агуулагдаж байх ба худалдагч авагч нь үнийг худалдагчид бэлнээр төлөх эсвэл гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний хавсралт болон 2.5-д заасан нөхцөлийг харьцуулан үзвэл худалдагч тал гэрээний үнийг мөнгөөр авах хүсэл зориг илэрхийлсэн, түүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрсөн, мөн тохиролцвол гэрээний үнийн дүнд тос тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тооцох хүсэл зориг илэрхийлэгдсэн байна.

 

Хариуцагч нь “гэрээний үнийг бартераар буюу бараа солилцоогоор төлөх тохиролцоо хийгдсэн, бартераар төлбөр төлөх талаар удаа дараа амаар болон утсаар харилцаж байсан” гэсэн тайлбараа гэрчлүүлэх зорилгоор М.Б-с гэрчийн мэдүүлэг авахуулжээ. Гэрч нь “30 хувийн урьдчилгаа төлбөрөө бэлэн өгөөд дараа нь сарын төлөлтөө уул уурхайн тоног төхөөрөмжийн бартер сонсож хийнэ гэсэн, Н.О бид хоёрын явуулж байгаа үйл ажиллагаатай ойролцоо, CAT-ын тоног төхөөрөмж авдаг гэхээр нь бид CAT-ын тоног төхөөрөмжийн сэлбэг оруулж ирдэг учраас боломжтой юм байна гэж үзээд гэрээг хийсэн, эднийх бүх юм нээлттэй, 30 хувийн урьдчилгаа өгчих, 70 хувийг нь бартераар хийе” гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн үнэн зөв болохыг хариуцагч тал өөр баримтаар эргэлзээгүйгээр нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл зөвхөн гэрчийн мэдүүлгээр “үлдэгдэл төлбөрийг бартераар төлөх тохиролцоо хийгдсэн” гэж талуудын хүсэл зориг болон гэрээний агуулгыг тодорхойлох үндэслэлгүй. Харин төлбөрийг бартераар хийх талаар нэхэмжлэгч талтай удаа дараа харилцсан байж болох хэдий ч хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээж аваагүй тохиолдолд хариуцагчийн хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж тооцохгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Тодруулбал, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг үнийн дүнд оруулан тооцуулах хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тал зөвшөөрч хүлээн авснаар хариуцагчийн хүсэл зориг хүчин төгөлдөр болно. Харин нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж зохицуулжээ.  

 

Иймд худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь төлбөрийг мөнгөөр төлөх үүрэг хүлээсэн байх ба төлбөрийг бартераар төлөх талаар хариуцагчийн саналыг хүлээж аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 100 ширхэг шүүр захиалаад аваагүй гэж буруутгасан бөгөөд мөн энэ талаар гэрч М.Болортуяа мэдүүлсэн байна. Гэрчийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй гэж үзэв. Хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг нотлох зорилгоор цахим шуудан болон мессежээр нэхэмжлэгч талтай харилцаж байсан гэх баримтад үзлэг хийлгэжээ. Үзлэгээр нэхэмжлэгч талаас 100 ширхэг шүүр захиалсан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Н.Огөөс /цахим шуудангаар/ санал болгож буй тоног төхөөрөмж, түүний үнийн талаар хүсэлт хүргүүлсэн, мессежээр нэг тал нь тоног төхөөрөмж санал болгосон, нөгөө тал нь тухайн тоног төхөөрөмж нь үйлдвэрийн баталгаатай бол авч болох талаар харилцсан мэдээлэл агуулагдаж байна. Иймд төлбөрт тооцох зорилгоор хариуцагчид 100 ширхэг шүүр захиалаад хүлээн аваагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд, тохирсон хувь хэмжээгээр гэрээний үнийг мөнгөөр төлөх үүрэгтэй байна. Энэхүү үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар гэрээний нэгдүгээр хавсралтаар тохирсон ба уг тохиролцоог хариуцагч зөрчсөн. Үүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан зарчмыг зөрчсөн гэж ойлгох ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ үндэслэлээр /үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй/ Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлтэй байна.

 

Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет /шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах/ байдлаар шилжүүлэх үүрэг үүсэж байдаг. Уг үүргийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Иймд гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан авах шаардлагыг орон сууц чөлөөлүүлэх гэж тодорхойлсон байна. Иймд Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо V r хотхон 478 дугаар байрны 51 тоотод байршилтай 116.87м2 талбай бүхий 4 өрөө орон сууцны эзэмшлийг “У Б П” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Н.О-д, “У Б П” ХХК-иас гэрээний үнэд хариуцагчийн төлсөн 166,448,750 төгрөгийг гаргуулж өмнө шилжүүлсэн зүйлээ харилцан буцаахыг даалгав. Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний маргаан үүссэн тул хариуцагчийн автозогсоолын төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг маргаан бүхий гэрээний төлбөрт тооцох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.   

 

Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсан бол учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож шаардах эрхтэй. Энэхүү хохирлын хэмжээг талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний 6.1-д заасан үндэслэлээр буюу худалдан авагч төлбөр төлөх хуваарийг 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэнээс гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний торгуулийг худалдан авагч төлөхөөр тохирчээ. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үүсэх хариуцлагыг /хохирол/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн хэмжээгээр тодорхойлсон байна. Иймд хохиролд хариуцагчаас гэрээний үнэ болох 438,262,500 төгрөгийн 10% болох 43,826,250 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн орон сууцыг дахин худалдахад анхны байдалд буцаан оруулах зардлыг ямар баримт, тооцоог үндэслэн тогтоосон нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх тул тухайн хэмжээгээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн алдагдал учирна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд 48,773,940 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо VIP residence хотхон 478 дугаар байрны 51 тоотод байршилтай 116.87м2 талбай бүхий 4 өрөө орон сууцны эзэмшлийг “У Б П” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Н.Од даалгаж, нэхэмжлэгч “У Б П” ХХК-иас 166,448,750 төгрөг гаргуулж хариуцагч Н Од олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Огөөс 43,826,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У Б П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 48,773,940 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,951 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “У Б П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Н.Огөөс улсын тэмдэгтийн хураамжид 447,281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У Б П” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА