Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 911

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Түвшинбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Д.М-д холбогдох 2009 01024 0504 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н М, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, .............. тоотод өөрийн дагавар хүүхэд болох бага насны буюу 8 настай В.М-г “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Д-н М-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулан шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчлагдсан тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ... гэжээ.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан байна.

Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ............ тоотод өөрийн дагавар хүүхэд болох бага насны буюу 8 настай В.М-г “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

бага насны хохирогч В.М-н “...Би найз Ц-ийн гэрт очоод тоглоод нэг мэдсэн чинь 21 цаг өнгөрчихсөн байсан. Тэгээд хойд аав Д.М намайг ирж авсан. Гэрт ирээд Д.М намайг “оройтлоо, 21 цагт ирнэ гэсэн яасан” гээд чанга дуугараад байхаар нь “та яахаараа надтай ийм муухай харьцдаг юм, манай  гэрээс яв” гэж хэлсэн. Тэгтэл Д.М намайг барьж байгаад миний хоёр хацарт гараараа тус тус 2 удаа алгадсан. Дараа нь бөгс рүү нэг удаа алгадсан. ...” /хх 16-17/,

гэрч П.В-н “... Би ажлаасаа буугаад өглөө гэртээ иртэл хүү М-н хацар нь алгадсан ором гарчихсан, нүд нь улайгаад уйлсан байдалтай сууж байсан. Урьд орой нь миний хамтран амьдрагч Д.М над руу яриад “Би М-г найз Ц-х нь гэрээс аваад ирлээ, оройтлоо гээд загнасан чинь М намайг гэрээсээ яваарай гээд байхаар нь би алгадсан чинь юм мөргөчихлөө” гэж хэлсэн. Би өглөө нь ирээд “чи арай ч дээ, хүүхэд ийм болгоод байхдаа яадаг юм” гэтэл “зурагтын булан мөргөсөн” гээд байсан. Би хүү М-с “зурагтын булан мөргөсөн юм уу” гэж асуутал “аав намайг ээжийгээ ирэхээр тэгж хэлээрэй гээд байсан” гэж надад хэлсэн. ...” /хх 19-20/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... В.М-д зүүн зовхи, хоёр хацарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 3827 дугаартай дүгнэлт /хх 24/,

Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, түүний насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 27-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-н өөрийн дагавар хүү В.М-г зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхи, хоёр хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.М-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Д.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргажээ.

Тухайлбал, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...бага насны хүүхэд ... болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь прокророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй тохирч байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар тодорхой дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж буруу бичсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.  

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Өөрөөр хэлбэл, торгох ялыг биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж зааснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосон нь зарчмын хувьд 90 хоногийн хугацаатай дүйцэхүйц байгаа хэдий ч хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор гэж заасан учир хуулийн дээрх агуулгыг алдагдуулахгүйн үүднээс уг хугацаагаар торгох ялыг төлүүлэхээр тогтоох нь зүйтэй юм. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж, дүүргийн Ерөнхий прокурор Э.Амарбатын бичсэн “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.