Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч Б.Ундрал,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар /ҮД: 1054/, насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баярсайхан, өмгөөлөгч Ц.Тунгалаг /ҮД: 0324/, шүүгдэгч Н.Хөлөг, түүний өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД:2090/, шүүгдэгч Н.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн /ҮД: 1043/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Отгонжаргалын Ган-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Намжилмаагийн Отгонбаяр, Боржигон овгийн Наадамын Хөлөг, Боржигон овгийн Сүхбаатарын Төрболд нарт холбогдох эрүүгийн 201525021564 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн бизнесийн удирдлагын 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-110 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Намжилмаагийн Отгонбаяр, /РД:НЭ97120511/
  2. Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Мэргэжил үйлдвэрлэл сургалтын төвийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-110 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Отгонжаргалын Ган-Эрдэнэ, /РД:УХ99080613/,

 

  1. Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар дунд сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 2, эцэг, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13-182 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Наадамын Хөлөг, /РД:НЭ97101815/

 

  1. Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, халх, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-508 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Сүхбаатарын Төрболд, /РД:СЩ00232916/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Отгонбаяр, О.Ган-Эрдэнэ, Н.Хөлөг, С.Төрболд нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2015 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Сонор" пабын хажуугийн гудамжинд иргэн Г.Энхцэцэгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед миний 80601042 гэсэн утас руу Отгонбаяр залгаад “хаана байна” гэж хэлсэн. Би тэгээд тэр үед 17-н буудалд аав дээрээ нэг виза карт хүргэж өгчихөөд явж байсан юм. Тэгээд тэд нартай таарсан. Намайг тэд нартай таарахад Есөнтөмөр, Батчулуун, Отгонбаяр, Төрболд, Хөлөг нар байсан. Бид нар тэндээсээ шууд доошоогоо 32 руу алхаж явсан юм. Замдаа бид нар 2 охинтой танилцсан. Тэгээд явж байгаад “шинэ зам”-ын орчим Отгонбаяр, Хөлөг, Төрболд бид 4 нэг караокений замын эсрэг талд үлдсэн юм. Батчулуун, Есөнтөмөр нар тэндээсээ нөгөө 2 охиныг хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд бид 4 зам гараад нөгөө караокений үүдэнд ирэхэд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн бид нарын хажуугаар яваад өгсөн юм. Би тэгээд бие засах гээд тэр караокений хажуугийн гудамж руу орсон. Бид 3 бие засчихаад буцаад гудамжнаас гарах гэж явж байгаад Отгонбаяр нөгөө хоёр хүний эрэгтэйгээс нь “Гал байна уу” гэж асуусан. Тэгтэл нөгөө хүн нь “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд бид 3 явах гэтэл тэр залуу араас үглээд байх шиг байсан. Тэгээд Отгонбаяр  эргээд “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Хажуугаас нь тэр залууг Төрболд хавирч унагаагаад тэр 2 нөгөө залууг нийлж зодсон. Тэгтэл хамт байсан эмэгтэй нь “та нар яагаад байгаа юм бэ?” гээд  над руу дайраад байсан. Тэгэхээр нь би арагшаа ухраад нөгөө эгчийн нүүр рүү нь нэг удаа алгадсан юм. Тэгтэл нөгөө эмэгтэй “би цагдаа дуудлаа шүү” гээд утсаа гаргаж ирээд орилоод байсан. Тэр үед нь би гарт нь байсан утсыг шүүрээд зугтаасан юм. Би гудамжнаас гараад зугтаах үед өөдөөс Хөлөг гарч ирсэн. Тэгээд бид 2 хамтдаа зугтаасан. Тэгтэл бид нарын араас машин хөөсөн. Тэгтэл Хөлөг хамт гүйж байгаад гэнэт буцаад гүйсэн. Би харин чигээрээ гүйсэн. Тэгээд би нэг газар нуугдаж байж байгаад нөгөө авч зугтаасан утсандаа өөрийнхөө симийг хийгээд Төрболд руу ярьсан. Тэгээд яриад бид нар Баянбүрдийн орчим уулзсан. Уулзахад Хөлөгөөс бусад нь байсан. Батчулуун, Есөнтөмөр нар ирсэн байсан. Гэхдээ тэр хоёр бид нарыг хүний утас авч зугтаасан талаар мэдээгүй байсан. Тэгээд бид нар Хөлөгийг баригдсаныг мэдсэн. Би тэгээд авсан утсаа Отгонбаярт өгөөд “маргааш энэ утсыг нь өгөөд Хөлөгийг гаргаж аваарай” гэж хэлээд явсан. Тэгээд нөгөө хэдтэй би дахиж уулзаагүй. Отгонбаяр, Батчулуун, Есөнтөмөр нар тэр утсыг аваад зарсан байна лээ. Би зараарай гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг гэртээ байхад Хөлөг над руу залгаад 32 дээр уулзъя гэж хэлэхээр нь би гарах боломжгүй гэж хэлсэн. Аав намайг 17 дугаар буудлаас карт аваад ир гэхээр нь би картыг нь өгчихөөд замаараа Хөлөгтэй уулзсан. Тэгээд 2 эмэгтэй хүнтэй танилцсан. Танилцсан 2 эмэгтэйгээ Баянбүрд рүү хүргэж өгөх гээд явж байхдаа хэрэг гарсан газар Хөлөг, Отгонбаяр, Төрболд бид нар үлдсэн. Бид нар бие засах гээд гудамж руу орсон. Хөлөгийн хөл нь өвдөөд байна гээд наана нь үлдсэн. Отгонбаяр, Төрболд, бид гурав гудамжинд бие засаад буцаж гарах гэж байхад нэг залуу, хүүхэн хоёр зогсож байснаас Отгонбаяр залуугаас нь гал асуухад байхгүй гэж хэлсэн. Цаашаагаа явж байхад тамхи татдаггүй гээд байхад чинь гэж Отгонбаярын гал асуусан залуу хэлсэн. Тэгээд Отгонбаяр эргэж хараад маргалдсан. Намайг очиход эмэгтэй нь яах гээд байгаа юм бэ гээд цохих гээд дайрсан. Би сандарсандаа нэг удаа алгадсан. Цагдаа дуудна гэхээр нь би утсыг нь аваад зугтаасан. Утсаар Отгонбаяр руу яриад хаана байна гэхэд Баянбүрд дээр байна гэсэн. Тэгээд Баянбүрд дээр намайг очиход Хөлөг цагдаад баригдчихсан байна. Маргааш очиж авъя гэхээр нь би маргааш амжихгүй сургуульд бүртгүүлнэ гэж хэлээд утсыг нь өгөөд гэр рүүгээ харьсан гэв.

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагийн үед Батчулуун, Есөнтөмөр, Хөлөг бид 4 100-н айлын Шинэ замаас урагшаа 3-р сургуулийн баруун талын уулзвар дээр Ган-Эрдэнэтэй уулзсан юм. Бид 4 тэр өдөр Богд уул руу самар түүхээр явсан юм. Бид 4-өөс Хөлөг л ганцаараа утастай байсан юм. Тэгээд Хөлөгийн утаснаас залгаж байгаад бид нар Ган-Эрдэнэтэй уулзсан. Тэгээд уулзаад 32-ийн тойрог руу алхсан. Тэгээд нэг караокений замын эсрэг талд явж байхад тэр караокений үүдэнд хэдэн хүмүүс хэрэлдэж байсан. Тэгээд Есөнтөмөр самартай цүнхээ үүрээд явж байсан болохоор тэндээ үлдээд, бусад нь зам гараад тэр хэрүүлийг очиж харахаар болсон. Тэгээд зам гараад караокений үүдэнд Ган-Эрдэнэ, Хөлөг, Батчулуун бид 4 очоод сууж байхад нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 2 хүн бид нарын урдуур яваад караокений хажуугийн гудамж руу орсон. Араас нь бид 4 4 үүлээ тэр гудамж руу орсон юм. Урд нь Батчулуун бид хоёр, араас Ган-Эрдэнэ, Хөлөг нар алхаж байсан. Тэгээд гудамж руу ороод би тэр 2 хүний эрэгтэйгээс нь “ гал байна уу” гэж асуусан. Тэгтэл тэр залуу өөдөөс “ би татдаггүй, уучлаарай “ гэсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа баруун гараараа цохисон юм. Тэгтэл хажуунаас Батчулуун тэр залууг хавирч газар унагасан. Газар унагаад би тэр залуугийн дээрээс нуруун дээр нь нэг удаа хөлөөрөө дэвссэн юм. Тэгээд Батчулуун бид хоёр тэр залуугийн дээр дараад зогсож байсан. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан эмэгтэй “би цагдаа дуудлаа шүү” гээд орилоод байсан. Тэр үед Ган-Эрдэнэ, тэр эмэгтэйн урд талд нь, харин Хөлөг арай зайдуу 2-3 метрийн зайд зогсож байсан. Тэгээд Ган-Эрдэнэ тэр эмэгтэйн гарт байсан гар утсыг нь шүүрээд зугтаасан. Хөлөг хамт зугтаасан юм. Харин Батчулуун бид хоёр Ган-Эрдэнийг зугтах үед эсрэг тал руу нь буюу гудамж руугаа ороод зугтаасан юм. Тэгээд бид хоёр зугтаад тэр хүмүүсээс салаад Есөнтөмөртэй хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо уулзацгаагаад бид 3 Баянбүрд рүү алхаж байхад Ган-Эрдэнэ замын эсрэг талд явж байсан. Тэгээд бид 4 уулзаад байж байгаад Хөлөг рүү залгахад “ би хүмүүст баригдчихсан байна, хүрч ирээд аваадах “ гэсэн. Гэхдээ бид нар очоогүй. Тэгээд Ган-Эрдэнэ надад дээрэмдсэн утсаа өгсөн юм. Тэгээд бид нар Есөнтөмөрийн гэрийн үүдэнд салцгаасан. Ган-Эрдэнэ гэр рүүгээ явсан. Бусад нь Есөнтөмөрийнх рүү орж хоносон юм. Маргааш нь Есөнтөмөр, Батчулуун бид 3 10 цагийн үед Монтел дээр очиж гадаа байсан нэг эрэгтэй хүнд тэр утсыг 40.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөр Батчулуун, Есөнтөмөр бид 3 хоол авч идсэн ...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 8 дугаар сарын 24-ний орой 2 охиныг хүргэж өгөх гээд явж байгаад Сонор пабын ойр очсон. Би бие засах гэж Төрболд, Ган-Эрдэнэ хоёртой хамт гудамж руу орсон. Буцаж гарахдаа гудамжинд зогсож байсан залуугаас гал асуухад байхгүй гэж хэлсэн. Намайг эргэж харахад миний гал асуусан залуу сонссон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж, би тэр залууг нэг удаа нүүр рүү нь цохисон. Төрболд хажуу талаас орж ирсэн. Хамт байсан эмэгтэй нь цагдаа дуудна гэж байсан. Намайг эргээд харахад Ган-Эрдэнэ утсыг нь авч байсан. Төрболд бид хоёр цаашаагаа гараад явсан. Ган-Эрдэнэтэй Баянбүрд дээр уулзаад Хөлөг рүү залгахад нэг залуу утсыг нь аваад цагдаагийн газраас ирж Хөлөгийг аваарай гэсэн. Ган-Эрдэнэ надад утсыг нь үлдээгээд явсан. Төрболд бид хоёр Есөнтөмрийн гэрт очиж хоноод өглөө нь Төрболд гэр рүүгээ харьсан. Харин Есөнтөмөр, Батчулуун бид гурав монтел дээр очиж утсыг нь зарсан…” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 24-ний 20 цагийн үед намайг гэртээ байхад Хөлөг манай эмээгийн утас руу залгаад “Төрөө гараад ир, ярих юм байна, гарч ирэхдээ таксины мөнгө аваад гараад ир” гээд намайг дуудсан. Тэгээд би 5000 төгрөгтэй гараад “Сансар 32” дэлгүүрийн гадаа яваад очсон. Тэгээд таксины мөнгийг нь төлсөн. Тэнд Батчулуун, Отгонбаяр, Хөлөг нар байсан. Тэгээд би тэд нартай уулзахад “самранд явчихаад ирлээ”, Есөнтөмөр самраа зарах гээд түрүүлээд 7 буудал явсан, бид нар араас нь явж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар Есөнтөмөрийн араас яваад 5-н буудал дээр очоод Есөнтөмөрийг хүлээсэн юм. Тэгээд 5-н буудал дээр Хөлөг Ган-Эрдэнийг дуудсан. Ган-Эрдэнэ тэгээд удалгүй хүрээд ирсэн. Хөлөг дуудахдаа “нэг ярих юм байна” гэж намайг дуудсан шигээ дуудсан. Есөнтөмөр бас 7-н буудлаас хүрээд ирсэн. Тэгээд бөөнөөрөө уулзаад байж байтал Хөлөг “яах вэ ээжийнхээ эмчилгээний мөнгийг үрчихсэн, маргааш мөнгө явуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэр нь 135.000 төгрөг юм байна лээ. Тэгээд би Хөлөгөөс “чи надад пүүзээ зарчих, би дараа 7 хоногоос мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгтэл Хөлөг “үгүй ээ, яаралтай өнөө маргаашгүй мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Хөлөг,Отгонбаяр нар ”бөөнөөрөө цохио хийж мөнгө ольё” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хэд нь нэг их юм дугараагүй, би бас нэг их дэмжээгүй. Тэгээд бөөнөөрөө “за за харьцгаая” гээд бид нар доошоогоо уруудаад явж байтал 17-н буудлын ойролцоо нэг согтуу эрэгтэй явж байсан. Тэгтэл Батчулуун Отгонбаяр нар “бид 2 үзчихээд ирье” гээд явсан. Тэгээд бид нар цаашаагаа явж байтал Отгонбаяр, Батчулуун нар араас гүйж ирээд “тэр хүнд юм байхгүй байна, бид хоёр тэр хүнийг унагаагаад өшиглөчихлөө” гэж хэлсэн. Тэрийг нь гэхдээ би хараагүй. Тэгээд доошоогоо уруудаад явж байгаад 32-руу алхсан юм. Тэгээд бид нар хоёр охинтой танилцаад тэр 2-ыг Баянбүрд хүргэж өгөхөөр болсон. Тэгээд 100-н айлын шинэ замаар явж байхад Хөлөг, Ган-Эрдэнэ, Отгонбаяр нар гэнэт үлдсэн. Тэд нар “энд байж байя, наад 2 охиныгоо хүргэж өгчихөөд хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Есөнтөмөр, Батчулуун бид 3 Баянбүрд рүү явж байхад араас Хөлөг залгаад намайг дуудсан. Тэгээд би буцаад Хөлөг рүү явсан. Есөнтөмөр, Батчулуун нар нөгөө хоёр охинтойгоо хамт явсан. Тэгээд намайг очиход Хөлөг, Ган-Эрдэнэ, Отгонбаяр 3 нэг караокений үүдэнд байсан. Нөгөө хэдийгээ энд хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр, Ган-Эрдэнэ нар хажуугийн гудамж руу орж шээхээр болоод гудамж руу орсон. Араас нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 хүн орсон. Отгонбаяр гудамж руу орохдоо Хөлөг бид хоёрыг наана хүн хараад байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Хөлөг бид хоёр наана хүн хараад гудамжны үзүүрт зогсож байсан. Тэгээд харж байтал Отгонбаяр нөгөө эрэгтэйгээс “гал байна уу” гэж асуухад нөгөө эрэгтэй “байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ган-Эрдэнэ хажуунаас нь “чи ямар том юм бэ?” гээд нөгөө залуу руу дайрсан. Тэгээд хажууд нь байсан эмэгтэй Ган-Эрдэнэ рүү “ та нар яагаад байгаа юм бэ?” гээд дайрахад Ган-Эрдэнэ нөгөө эмэгтэйн нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгтэл хажуунаас нь нөгөө залуу орж ирэх гээд байсан. Тэрийг нь Отгонбаяр хавирч унагасан. Хавирч унагахад нь Хөлөг гүйж очоод Отгонбаяр тэр хоёр нөгөө залууг зодож эхэлсэн. Энэ үед нөгөө эмэгтэй цагдаа дуудлаа гээд орилоод байсан. Тэгэхэд нь Ган-Эрдэнэ нөгөө эмэгтэйн гарт байсан гар утсыг нь аваад зугтаасан. Отгонбаяр бид хоёр гудамжны гүн рүү орж зугтаасан. Харин Хөлөг, Ган-эрдэнэ нар гудамжнаас гарч зугтаасан. Тэгээд Отгонбаяр бид хоёр гудамжин дундуур гүйгээд Баянбүрдээр гарч ирээд Батчулуун, Есөнтөмөр нартай таарсан юм. Тэгээд удалгүй Ган-Эрдэнэ ирсэн. Бид нар нэг өндөр барилганы доор цугласан. Гэтэл тэр үед Хөлөг ирээгүй, бусад нь байсан. Хөлөг яав гэхэд “сая баригдчихлаа” гэж Отгонбаяр хэлсэн. Тэгтэл Ган-Эрдэнэ “авч зугтаасан утас нь энэ байна” нэг утас гаргаад ирсэн. Тэгээд тэр утсандаа Ган-Эрдэнэ өөрөө симээ хийсэн. Тэгээд байж байтал Хөлөг миний 88865256 дугаар руу залгаад “намайг ирээд авчих, би баригдчихлаа “ гэсэн. Тэгтэл Отгонбаяр “би аав болоод яриадхая” гээд утсаар Хөлөгийг барьсан хүмүүстэй ярьсан. “Эндээ тохиролцоцгооё,утсыг чинь өгье” гэхэд нөгөө залуу нь “үгүй, цагдаад өгнө” гээд байсан. Тэгэхээр нь бид нар тэр оройдоо салаад харьцгаасан. Ган-Эрдэнэ гэр рүүгээ яваад бусад нь улаан дэлгүүр дээр хоносон. Өглөө нь эрт 06 цагийн үед гараад гэртээ харьсан. Тэгээд маргааш нь тэд нартай уулзаж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-86 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2015 оны 8 дугаар сарын 24-ний орой намайг гэрээс дуудаж гаргаж ирсэн. 17 дугаар буудлаас уруудаж хоёр охиныг хүргэж өгөх гээд явж байсан. Тэгээд бие засах гээд Отгонбаяр, Ган-Эрдэнэ бид гурав гудамж руу орсон. Бие засчихаад эргээд гарах гэж байхад нэг ах, эгч хоёр зогсож байсан. Тэгээд Отгонбаяр зогсож байсан ахаас “гал байна уу” гэж асуухад “тамхи татдаггүй” гэж хэлээд араас янз бүрийн зүйл хэлээд байсан. Отгонбаяр эргэж хараад муудалцаж, нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд би очиж нөгөө залууг түлхэж унагаасан. Хажууд байсан эгч нь хүн зодоод байна шүү дээ боль гэж хэлсэн. Мөн Ган-Эрдэнийг хэл амаар доромжлоод байхаар нь Ган-Эрдэнэ нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь бид нар зугтсан. Бид нар Баянбүрд дээр уулзаж, Есөнтөмөрийн гэрт очиж хоносон гэв.

Шүүгдэгч Н.Хөлөг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 24-ны өглөө Отгонбаяр, Ган-Эрдэнэ, Есөнтөмөр нартай ойролцоогоор 11 өнгөрч байхад Богд уул руу самар түүхээр явсан. Уулнаас буугаад зайсангаас 120 мянгат хүртэл таксидсан. 120 мянгатаас Есөнтөмөрийг 7 буудал руу самраа зар гээд 1000-ын унаанд суулгаад явуулсан. Тэгээд Батчулуун, Отгонбаяр бид гурав автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь алхаж явж байгаад 32 руу таксидсан. 32-оос Төрболдыг дуудаж цайруулаагүй самараа цайруулах гээд Төрболдтой Отгонбаяр утсаар ярьж хэлсэн. 32-оос Төрболдыг аваад 17 руу алхаж байгаад Ган-Эрдэнэ залгаад 17 дээр уулзаад Есөнтөмөрийг авахаар буудал руу алхсан. Тэгээд өөдөөс Есөнтөмөр “самраа зарж чадсангүй” гээд ирсэн. Тэгээд бид 6 үлдсэн самраа маргааш цайруулаад зарья гээд харих гээд 32 руу уруудсан. Тэгээд Есөнтөмөр, Батчулуун хоёр 17-ийн бензин колонк дээр хоёр хүүхэнтэй танилцсан. Тэгээд тэр хоёр хүүхнийг хүргэж өгөөд харья гээд шинэ замаар уруудаад Баянбүрд орох гээд явж байсан. Миний хөл их өвдөж байсан болохоор шууд явья гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр, Батчулуун, Ган-Эрдэнэ, Төрболд надтай цуг явж харьж самар янзлана гээд харин Батчулуун, Есөнтөмөр хоёр тэр хоёр хүүхнийг хүргэж өгөхөөр явсан. Отгонбаяр,Ган-эрдэнэ, Төрболд нар нэг гудамж руу орж харагдсан. Тэгээд би жаахан сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь араас нь очих гээд гудамж эргэтэл Ган-Эрдэнийн хажууд нэг эгч газар унасан харин Ган-Эрдэнэ намайг зугт гээд орилсон. Би сандарсандаа юу болсоныг мэдэлгүй шууд зам дагуу гүйсэн. Тэгээд гүйж байгаад зогсоод эргээд хартал хэн ч байгаагүй. Харин машин дотроос хоёр ах бууж ирээд намайг бариад зодсон, цахилгаан бороохойгоор нуруу гэдэс рүү бороохойдсон. Юун хүмүүс вэ? гэхэд намайг утас авсан хулгайч гэсэн. Би үгүй гэхэд намайг ахиад зодсон. Тэгээд би тэр шөнө цагдаагийн хэлтэс дээр ирж гавлуулж хоносон. Маргааш нь би юу болсоныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-88, 2 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Хөлөг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”… 2015 оны 8 дугаар сарын 24-ний орой Отгонбаяр, Ган-Эрдэнэ, Батчулуун, Есөнтөмөр бид нар хоёр эмэгтэй хүнтэй таараад 17 дугаар буудлаас доошоогоо уруудаад хүргэж өгөх гээд явж байсан. Сонор пабын орчмоос Батчулуун, Есөнтөмөр нар хоёр охиныг аваад салаад явсан. Отгонбаяр, Ган-Эрдэнэ, Төрболд нар бие заслаа гээд гудамж руу орсон. Миний хөл өвдөөд байсан болохоор наана нь хүлээгээд байж байсан. Удаад байхаар нь араас нь очиход Ган-Эрдэнэ зугтаарай гээд гараад ирсэн. Зугтаж явж байгаад эргэж харахад Ган-Эрдэнэ байхгүй болчихсон байсан. Тэгээд би хоёр ахад баригдаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Маргааш нь Ган-Эрдэнэ, Отгонбаяр нар ирсэн гэв.

Хохирогч Г.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед би Номин-Эрдэнэ гэх найзтайгаа, мөн Номин-Эрдэнийн 2 эрэгтэй найзын хамт дөрвүүлээ 100-айлын "Шинэ замын" хажууд байрлах "Сонор" караокед орсон. Бид дөрөв дундаа 1 шил 0,75 литрийн архи уусан. Гэхдээ Номин-Эрдэнэ бид 2 бараг уугаагүй, 2 эрэгтэй нь уусан. Тэгээд тэр караокед 2 цаг 30 минут суугаад шөнийн 01 цагийн үед гарцгаасан...Номин-Эрдэнэ нэг машинтай найзыгаа гэртээ хүргүүлэхээр дуудсан байсан... Тэр үед караокений үүдэнд 4 залуу сууж байсан... тэгээд бид 4 гадаа зогсож байхад, Номин-Эрдэний нэг эрэгтэй найз нь "хоёулаа ийшээ зогсоод юм ярья" гээд бид 2 уг караокений хажуугийн гудамж руу орсон. Тэгтэл араас нөгөө 4 залуу ирээд "тамхи байна уу" гэж надтай хамт алхаж байсан залуугаас асуусан, тэгэхээр нь "уучлаарай тамхи татдаггүй" гэхэд тэр 4 залуу "чи одоо яасан олон үгтэй юм бэ" гээд шууд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би хамт явсан залуугийнхаа урдуур нь ороод өмөөрөх гэтэл тэр 4 залуу намайг шууд алгадаж унагаад "яасан том гичий бэ" гээд 3-4 удаа алгадсан юм. Тэгэхээр нь би "та нарыг цагдаад хэлнэ дээ" гээд зугатаах гэтэл тэр 4 араас үсдэж намайг газар унагаад хэвлий рүү хэд хэдэн удаа өшиглөж, унагасны дараа дахиад миний нүүр рүү алгадсан. Тэгснээ тэр залуучууд миний халаас руу гараа хийгээд миний гар утсыг авсан. Би гар утсаа өгөхгүй гээд, утсаа гартаа барьсан байхад, миний гарыг хүчээр тавиулаад аваад зугтаасан...тэгээд би бусад найз нартаа хэлээд нэг залууг нь барьсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,

Гэрч Н.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед би өөрийн найз Энхцэцэгийн хамт танилцаад удаагүй байсан 2 залуутай уулзаад Сонор гээд пабд суусан. Тэгээд бид нар караокед нь ороод пиво ууцгаасан...Тэгээд би караокенаас гарахаасаа өмнө нь Одгэрэл гэх найзыгаа дуудсан байсан. Тэгээд бид 4 тэр караокенаас гараад гадаа тамхи татаад байж байхад манай Одгэрэл гэх найз бас нэг найзтайгаа хамт машинтай хүрээд ирсэн. Би Одгэрэлээр гэртээ хүргүүлэх гэж байсан юм. Тэгээд би Одгэрэлийн машины хажууд юм яриад зогсож байхад манай найз Энхцэцэг Мөнхбат гэх залуутай нь хамт цаашаагаа алхаад явж харагдсан. Тэр үед би нэг их юм анзаараагүй. Тэгтэл миний ардуур хэдэн хүүхдүүд зөрж өнгөрсөн. Тэгээд би тэр хүүхдүүдийг Энхцэцэгийн араас явсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд би Одгэрэлтэй юм яриад зогсож байхад гэнэт Энхцэцэг хажуугийн гудамжнаас “дээрэмдүүлчихлээ" гээд орилоод гараад ирсэн. Тэгтэл  гудамжнаас нь 3 хүүхэд гарч гүйсэн. 2 нь хойд зүг рүү 32 руу гүйсэн. Нэг нь урагшаагаа "Шинэ зам" дагаад гүйсэн юм... Нэг хүүхдийг нь Дөлгөөн нуурын ойролцоо барьсан...Энхцэцэг намайг алгадсан эрүү, толгой өвдөөд байна гэж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Энхнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 8 дугаар сарын 25-ны орой 01 цагийн үед манай найз Номин-Эрдэнэ над руу залгаад "энд 2 залуу Энхцэцэг бид 2-г авч явах гээд байна явуулахгүй байна, ирээд аваач" гэж хэлсэн. Тэгээд би Одгэрэл гэх найзтайгаа хамт машинтай нь Сонор гээд пабын гадна яваад очиход Номин-Эрдэнэ, Энхцэцэг нар 2 танихгүй залуутай хамт зогсож байсан. Хажууд нь 2 хүүхэд тамхи татаад зогсож байсан. Тэгээд очоод нөгөө 2 залуутай нь "яагаад хүн явуулахгүй байгаа юм" гээд яриад зогсож байсан. Тэгээд би тэр залуутай нь юм яриад байж байхад нөгөө залуу зам гараад яваад өгсөн. Араас нь Номин-Эрдэнэ, бид 2 зам гараад очсон. Тэгээд уулзаад зогсож байтал Энхцэцэг гэнэт "утсаа алдчихлаа" гэж орилсон. Тэгээд хартал түрүүний тамхи татаж байсан 2 хүүхэд шинэ замаа дагаад урд зүг рүү гүйж байсан. Араас нь Одгэрэл гүйж байсан, тэгэхээр нь би "хөөгөөд гүйцэхгүй байх" гэж бодоод Одгэрэлийн машиныг унаад араас нь хөөсөн. Тэр 2 хүүхэд 4 дүгээр дэлгүүрийн хойд талын уулзвараар баруун тийш гүйсэн. Тэгээд араас нь хөөгөөд "ВИ" баарны үүдэнд бид 2 тэр хүүхдийн нэгийг нь барьсан...Энхцэцэгийн хувцас нь шороо болсон үсдээд зодуулсан гэж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Гэрч М.Одгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 01 цагийн үед манай найз Номин-Эрдэнэ, Энхсайхан бид 2-ыг дуудсан юм. Дуудахдаа "Та 2 хүрээд ир, энд 2 залуу Энхцэцэг бид 2-ыг буудал руу авч орох гээд байна" гэж хэлсэн. Тэгээд би найз Энхнасантайгаа яваад 100-н айлын Шинэ замын "Сонор" пабын гадаа ирсэн. Гадаа нь ирэхэд Номин-Эрдэнэ, Энхцэцэг нар 2 танихгүй залуутай зогсож байсан. Бид хоёрыг ирэхэд тэр дөрвийн хажууд 2 жаахан банди зогсож байсан. Тэр 2 хүүхэд Номин-Эрдэний хажууд зогсож байсан. Тэгээд Номин-Эрдэнэтэй юм яриад зогсож байсан. Тэгээд Энхнасан бид 2 очоод нөгөө баарнаас гарсан 2 залуутай нь уулзаад байж байтал "Энхцэцэг нөгөө 2 залуугийн нэгэнтэй нь хажуугийн гудамж руу яваад орсон. Тэгтэл нөгөө 2 хүүхэд бас араас нь дагаад гудамж руу нь орсон юм. Тэгээд Энхнасан бид 2 Номин-Эрдэнэ, болон нөгөө баарнаас хамт гарч ирсэн залуутай нь юм яриад зогсож байхад гэнэт нөгөө 2 хүүхэд гудамжнаас гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйсэн. Араас нь Энхцэцэг гарч ирээд "Миний утсыг аваад явчихлаа" гээд орилсон...Энхцэцэгийн хувцас нь шороо болсон, цохиулсан юм шиг байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹12443 тоот дүгнэлт”…

1. Г.Энхцэцэгийн биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

 

Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...7 дугаартай зураг Отгонжаргал овогтой Ган-Эрдэнэ, 8 дугаартай зураг Наадам овогтой Хөлөг, 10 дугаартай зураг Намжилмаа овогтой Отгонбаяр, 12 дугаартай зураг Сүхбаатар овогтой Төрболд... Танигч Г.Энхцэцэг А4-ийн цагаан цаасан дээр наасан нийт 13 хүний зургыг нааж байрлуулсныг үзүүлж, эдгээр зурагнууд дунд таныг дээрэмдсэн гэх хүмүүс байна уу гэж асуухад: Г.Энхцэцэг: 7, 8, 10, 12 дугаарын зурагнуудыг шууд заан “Энэ намайг дээрэмдсэн 4  хүүхэд мөн байна” гэв...” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • “Самсунг гранд диос-2” загварын гар утас – 270.000 төгрөг...” гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 18 дугаар хуудас/

 

Яллагдагч О.Батчулууны мэдүүлэг /1 хх 61/, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /1 хх 19/, Н.Хөлөгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх 166/, О.Ган-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх 168/, Н.Отгонбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх 169/, С.Төрболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2 хх 21/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх 179-224/, шүүгдэгч нарын нас тоолсон тухай тэмдэглэл /1 хх 225-230/, гэрч Э.Чинзоригийн мэдүүлэг /2 хх 12/, гэрч Б.Баярмагнайгийн мэдүүлэг /2 хх 14/, хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн агуулга бүхий хүсэлт /2 хх 55/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг,  насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, С.Төрболд нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сонор" пабын ойролцоо хажуугийн гудамжинд Н.Хөлөг нь гэмт үйлдлийг саадгүй хэрэгжүүлэхээр хүн харж ажиглаж, Н.Отгонбаяр, С.Төрболд нар нь хохирогч Г.Энхцэцэгтэй хамт явж байсан иргэний биед халдаж гэмт үйлдлээ үргэлжлүүлэхэд учрах саадыг арилган хамжиж, улмаар О.Ган-Эрдэнэ нь хохирогч Г.Энхцэцэгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь “тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнийн: “...Отгонбаяр тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Хажуугаас нь тэр залууг Төрболд хавирч унагаагаад тэр 2 нөгөө залууг нийлж зодсон... би арагшаа ухраад нөгөө эгчийн нүүр рүү нь нэг удаа алгадсан юм. Тэгтэл нөгөө эмэгтэй “би цагдаа дуудлаа шүү” гээд утсаа гаргаж ирээд орилоод байсан. Тэр үед нь би гарт нь байсан утсыг шүүрээд зугтаасан юм. Би гудамжнаас гараад зугтаах үед өөдөөс Хөлөг гарч ирсэн. Тэгээд бид 2 хамтдаа зугтаасан...” гэсэн мэдүүлгээр,

 

шүүгдэгч Н.Отгонбаярын: “...би тэр залууг нэг удаа нүүр рүү нь цохисон. Төрболд хажуу талаас орж ирсэн. Хамт байсан эмэгтэй нь “цагдаа дуудна” гэж байсан. Намайг эргээд харахад Ган-Эрдэнэ утсыг нь авч байсан. Ган-Эрдэнэтэй Баянбүрд дээр уулзаад Хөлөг рүү залгахад нэг залуу утсыг нь аваад цагдаагийн газраас ирж Хөлөгийг аваарай гэсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболдын: “...Отгонбаяр гудамж руу орохдоо Хөлөг бид хоёрыг “наана хүн хараад байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Хөлөг бид хоёр наана хүн хараад гудамжны үзүүрт зогсож байсан... Отгонбаяр тэр залуутай эргэж хараад муудалцаж, нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд би очиж нөгөө залууг түлхэж унагаасан. Энэ үед нөгөө эмэгтэй “цагдаа дуудлаа” гээд орилоод байсан. Тэгэхэд нь Ган-Эрдэнэ нөгөө эмэгтэйн гарт байсан гар утсыг нь аваад зугтаасан...” гэсэн мэдүүлгээр,

 

шүүгдэгч Н.Хөлөгийн: “...Отгонбаяр, Ган-эрдэнэ, Төрболд нар нэг гудамж руу орж харагдсан. Тэгээд би жаахан сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь араас нь очих гээд гудамж эргэтэл Ган-Эрдэнийн хажууд нэг эгч газар унасан харин Ган-Эрдэнэ намайг зугт гээд орилсон. Би сандарсандаа юу болсоныг мэдэлгүй шууд зам дагуу гүйсэн...” гэсэн мэдүүлгээр болон хохирогч Д.Энхцэцэг, гэрч Н.Номин-Эрдэнэ, Ц.Энхнасан, М.Одгэрэл нарын мэдүүлгүүд, ШШҮХ-ийн шинжээчийн ¹12443 тоот дүгнэлт, зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Хөлөг, Н.Отгонбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, С.Төрболд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “уг хэргийг хамтарч бүлэглэж үйлдээгүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо гэмт хэрэг үйлдэх үедээ нэгтгэж, шүүгдэгч Н.Хөлөг нь хүн харж мэдээлэл өгөх, ул мөрийг баллах зэргээр, шүүгдэгч Н.Отгонбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд нар гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчтой цуг явсан иргэнийг саатуулж, үгээр өдөж хоргоон улмаар биед нь халдах зэргээр учрах саадыг арилгах үйлдлээрээ тус тус хамжиж, насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ нь хохирогчид хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэн авч тус тус хамтран оролцсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон гэж үзлээ.  

 

Хохирогч Д.Энхцэцэгээс “...хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт шүүхэд гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Шүүх шүүгдэгч Н.Отгонбаяр, О.Ган-Эрдэнэ, Н.Хөлөг, С.Төрболд нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Шүүгдэгч нар нь анх удаа хорих ял шийтгүүлэх гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорын хохиролыг бүрэн төлж барагдуулсан, тэдгээрийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, мөн шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг нарын эдлэх ялын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, С.Төрболд нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар тус тус шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Отгонбаяр, О.Ган-Эрдэнэ, Н.Хөлөг, С.Төрболд нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй, амьдралын боломж тааруу, сургуульд суралцдаг оюутан сурагч зэргийг харгалзан тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

Мөн шүүгдэгч Н.Отгонбаяр 14 хоног, Н.Хөлөг 14 хоног, насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ 14 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг, насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ С.Төрболд нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг, насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Отгонбаяр, Н.Хөлөг нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар ялтан С.Төрболд, О.Ган-Эрдэнэ нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Отгонбаяр 14 хоног, ялтан Н.Хөлөг 14 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч О.Ган-Эрдэнэ 14 хоног  цагдан хоригдсон насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг, насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, С.Төрболд нар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, С.Төрболд нарт 3 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба насанд хүрээгүй шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, С.Төрболд, нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч С.Төрболд, О.Ган-Эрдэнэ нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Хөлөг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ДУЛАМСҮРЭН

 

                                      ШҮҮГЧИД                                     З.БОЛДБААТАР

 

 Х.ИДЭР