| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01588/И |
| Дугаар | 102/ШШ2021/01671 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2021/01671
| 2021 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2021/01671 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг Баянчандмань сум тоотод оршин суух х овогт Х г /РД: */
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо Ub palace 47/2 дугаар байрны 5 тоот “Н З” ХХК /РД: */
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо Ub palace 47/2 дугаар байрны 5 тоотод оршин суухЖ овогт Б П /РД: /
23,803,470 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э
хариуцагч Б.П
хариуцагчийн төлөөлөгч Н.Б
нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Г нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Н З” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Төв аймгийн Баянчандмань суманд баригдах “Ч ө” 50 айлын орон сууцны 1 дүгээр орцны 3 давхарт 50,7 мкв 2 өрөө орон сууцны захиалга өгсөн. Гэрээний урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 13,810,500 төгрөгийг “Н З” ХХК-ийн Хаан банкны * тоот дансанд тушаасан болно. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь 2014 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг ашиглалтанд оруулж захиалагчид шилжүүлэн өгч, захиалагч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон боловч гүйцэтгэгч “Н З” ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтанд оруулаагүй бөгөөд барилгын суурын цутгалт хийснээс өөр ажил хийгдээгүй байна. Захиалагчийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд сүүлдээ гэрээ цуцлах талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад иргэний маргаан тул иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн. Хариуцагч “Н З” ХХК болон захирал Б.П нар нь гэрээ байгуулах үед Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байсан боловч одоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж гүйцэтгэх удирдлага нь байдаг болох нь өмнөх хүмүүсийн нэхэмжлэлийг гардаж авч, тайлбар өгч байсан зэргээр тогтоогддог. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг нэгэнд биелэх боломжгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул 2014 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр байгуулагдсан №140428а тоот гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 13,810,500 төгрөг, гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 9,992,970 төгрөг, нийт 23,803,470 төгрөгийг хариуцагч “Н З” ХХК болон захирал Б.П нараас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Г нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг “Н З” ХХК-тай байгуулсан. Төв аймгийн Баянчандмань суманд баригдах Чандмань ө 50 айлын орон сууцны 1 дүгээр орцны 3 давхарт 50,7 м.квадрат 2 өрөө орон сууцыг захиалсан байдаг. Гэрээний урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 30 хувь буюу 13,810,500 төгрөгийг “Н З” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тухайн орон сууцыг ашиглалтад оруулж захиалагчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад өгөөгүй тул гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Үүнтэй холбоотой захиалагч нарын зүгээс “Н З” ХХК болон тухайн үед захирлаар нь ажиллаж байсан Б.П нарыг Төв аймгийн Цагдаагийн газарт залилан мэхэлсэн гэж үзэн гомдол гаргасан боловч 2020 онд шалгаад залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоолд гомдол гаргахад Улсын Ерөнхий Прокурорын газраас тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймд иргэний хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 13,810,500 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 9,992,970 төгрөгийн алданги тооцож нийт 23,803,470 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. “Н З” ХХК-тай гэрээ байгуулсан учраас энэ компани гэрээний үүргийг хариуцна. Захиалагчаас авсан мөнгийг хааш нь шилжүүлэх нь тухайн компанийн эрхийн асуудал юм. “Б ө” ХХК-тай байгуулсан гэрээнд Х.Г гуайг гарын үсэг зурсан гэдэг боловч н.Ө гэдэг хүний гарын үсэг байдаг. Энэ хүн нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй байсан уу гэдгийг мэдэхгүй. Х.Г гуай өндөр настай хүн энэ талаар мэдэхгүй, учир байдлыг ойлгохгүй байгаа. Мөнгөө өгсөн авмаар байна л гэдэг. Нэмэлт гэрээ байгуулсан эсэх талаар мэдэхгүй гэдэг. Мөн хэрэгт авагдсан баримтаар тухайн үед “Б ө” ХХК-ийг Г.Б төлөөлөх эрхгүй этгээд байсан. Иймд энэ нэмэлт гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг хэлмээр байна.
Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үндсэн заалтыг дурдаж төлбөр төлсөн, авсан талаар ярьж байна. Үүнийг хүлээн зөвшөөрнө. “Н З” ХХК нь Төв аймгийн Баянчандмань суманд газар авах гэсэн боловч тухайн үед ахуй нэгжид газар олгох боломжгүй байсан тул гүйцэтгэх захирал байсан миний нэр дээр 0,7 га газрыг эзэмших эрхтэйгээр авч орон сууц барихаар болсон. Манай компани барилга барих зөвшөөрөл аваагүй байсан тул “Б ө” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тус гэрээний заалтад санхүүжилтийн 20 хувийг захиалагч талаас гаргаад үлдсэн 20 хувийг гүйцэтгэгч талаас гаргаж барилгыг барьж дууссаны дараа ашгаа хуваахаар тохирч гэрээ байгуулсан байдаг. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэдтэй гэрээ байгуулсан тэдгээр иргэдийн нэг нь Х.Г юм. “Б ө” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шавь тавьж барилгын ажлыг эхлүүлсэн. Гэрээн дээр сард нэг удаа санхүүгийн тайлан, барилгын ажлын тайлан, үйл ажиллагааны тайланг өгөхөөр тохиролцсон. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажил маш сайн явагдаж байсан. Хүүхдийн баярын амралтаас эхлээд барилгын ажил дээр 3 хүн үлдээгээд бусад ажилчдаа татаад Улаанбаатар хот руу явсан. Үүнээс хойш би “Б ө” ХХК-ийн захирал Г.Б-ы хойноос хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл наадмын дараа Г.Б энэ жил барилгын ажил хийхэд хэцүү байна, бүх юм үнэтэй байна, хоёулаа дараа жил барьж эхэлье гэсэн. Би үгүй захиалсан хүмүүс мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Би тухайн үед Г.Бд нэмж мөнгө өгсөн байсан юм. Ингээд Г.Б 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын зааланд барилгын захиалагч нарыг дуудаж өөрөө уулзалт хийсэн. Тухайн үед би бас байлцсан. Уг уулзалтад Г.Б нь би “Н З” ХХК болон Б.Пгээс мөнгө авсан нь үнэн, би санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өгөөгүй нь үнэн, би энэ мөнгийг өгье гээд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилга захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор мөнгийг төлнө, энэ мөнгийг “Б ө” ХХК хариуцна, хэрвээ заасан хугацаанд төлж чадахгүй болно алдангитай нь хамт төлнө гээд хэсэг хүмүүстэй гэрээ байгуулсан байдаг. Г.Б-с мөнгөө авах нь үнэн юм байна гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан хүмүүсийн нэг нь Х.Г байсан. Ингээд 2015 он болоод барилгыг барихгүй бол болохгүй гээд “Н З” ХХК-иас үйл ажиллагааны зардал гэж 100,000,000 төгрөг гаргуулаад барихаар оролдсон. Гэвч санхүүгийн үйл ажиллагаа дампууралд орж барилгыг барьж чадахаа байсан. Би “Б ө” ХХК-д итгэж байсан. 2015 онд хуулийн байгууллагаар шалгагдаад Г.Б-г би олохоо байсан, Г.Быг хэд хэдэн дүүргийн цагдаагийн газарт эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан. Г.Бтай уулзаж чадаагүй тул ийм байдал үүссэн. Хамгийн сүүлд иргэд намайг 2017 оны 7 дугаар сад Төв аймгийн Баянчандмань суманд дуудаад уулзахад энэ газраа байртай нь өг ингэвэл өр авлагагүй болъё гэсэн. Бодвол өөр барилгын компани олсон байх. Би мөнгө олж чадахгүй ч гэсэн та нарт тус болж чадах байх гэж хэлсэн юм. Тухайн үеийн “Н З” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үзэхэд миний нэр байдаггүй. Би эхнээс нь энэ барилгын үйл ажиллагааг нь удирдаж байсны хувьд сайн дураар гарын үсгээ зурсан. Нэмэлт гэрээн дээр Х.Г гарын үсгээ зурсан. Гэтэл Г.Б алга болчихсон. Нэг гэрээн дээр 3 гарын байхад нэгийг нь хариуцагчаар татсанд гомдолтой байна. Иргэд намайг газраа өгөөд яв гэж байхад би та нарт нэхэмжлэл гаргах хүн үлдэхгүй байх вий гээд газрынхаа эрхийг хүртэл түдгэлзүүлсэн юм. Г.Б ял эдэлж байгаа ч гэсэн гарч ирээд учрыг нь олох байх гэж бодож байна. Хэргийг хурдан шийдвэрлэхдээ биш шударга шийдвэрлэхдээ учир нь оршино. Адилхан явсан байж нэг нь хариуцагч нөгөө нь нэхэмжлэгч болсонд гайхаж байна. Би бүх мөнгийг “Б ө” ХХК руу шилжүүлж байсан. Үүнээс харахад Г.Б энэ хэргийн хариуцагч мөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга захиалах үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт гэж оруулж гэрээний урьдчилгаа төлбөрийг “Б ө” ХХК төлөхөөр болсон байдаг. Энэ нь эрх шилжүүлсэн акт юм. Үүнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талаас .Х.Гг төлөөлж гарын үсэг зурагдсан өөрөө энэ гэрээнд оролцсон ба Г.Б захирлын хувьд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн зүгээс Г.Быг гүйцэтгэх захирал биш гэж маргадаг. Хуулийн этгээдийн лавлагаагаар тухайн үед Г.Б нь “Б ө” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч эрх бүхий этгээд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Иймд Г.Б нь “Б ө” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй, хувцаа эзэмшигч этгээд мөн. Энэ хэлцэл хүчин төгөлдөр тул хариуцах ёстой этгээд нь “Б ө” ХХК гэж хэлмээр байна. Төв аймгийн Баянчандмань суманд болсон уулзалтад би бас байсан. Олон хүмүүс уулзаад хэлцэл хийх биш хэрүүл хийх гээд байсан. Ингээд би захиалагч нартай нэг бүрчлэн уулзсан ба Х.Г нь нэлээн өндөр настай хүн тул дагуулж ирсэн хүүхдээрээ гарын үсэг зуруулж байсан. Х.Ггийн өмнөөс нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан хүн ач зээ нар нь байх. Бид нар гэрээний талаар хэлж өгсөн. Нэмэлт гэрээ бол үндсэн гэрээний нэг хэсэг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “Н З” ХХК болон Б.П нарт холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 13,810,000 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 9,992,970 төгрөг гаргуулахаар шаарджээ. Дээрх шаардлагыг “Б ө” ХХК хамтран хүлээх үүрэгтэй гэж үзэн хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн компанид холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.
Х.Г нь “Н З” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 140428а дугаартай “орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан байх ба уг гэрээгээр “Н З” ХХК нь Төв аймгийн Баянчандмань суман дахь “Ч ө” 50 айлын орон сууцны 1 дүгээр орцны 3 давхрын 2 өрөө 50.7м2 талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх, Х.Г нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээг байгуулсан асуудлаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.
Дээрх шаардлагын үндэслэлээ “орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, одоог хүртэл барилгын суурийн цутгалт хийснээс өөр ажил хийгдээгүй гэрээ биелэгдэх боломжгүй болсон” гэж тайлбарлан гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрөө буцаан шаардаж байна. Уг шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч “захиалагчаас авсан мөнгийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Б ө” ХХК-д шилжүүлсэн, тухайн компани барилгын ажлыг хийгээгүй алга болсноос ажил зогссон, энэ компани захиалагчийн төлбөрийг төлөхөөр тохирч эрх, үүрэг шилжсэн” гэж маргав.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь ажлын үр дүн байна. Энэхүү гэрээний зүйл болох ажлын үр дүн бий болоогүй, гэрээний үнээс урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч 13,810,500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Хариуцагч нар нь захиалагчийн ажлын хөлсийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Б ө” ХХК-д шилжүүлсэн боловч ажлаа гүйцэтгээгүй гэж ажлын үр дүн бий болоогүй шалтгаанаа тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасны дагуу “Н З” ХХК нь барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Б ө” ХХК-ийг оролцуулсан нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасантай нийцжээ.
Талууд гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон, туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой ямар нэг нөхцөл тохироогүй байна. Иймд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж заасны дагуу хариуцагч “Н З” ХХК нь “Б ө” ХХК-ийн ажлын үр дүнг нэхэмжлэгч Х.Ггийн өмнө хариуцна. Гэрээгээр тохирсон ажлын хөлсийг захиалагч төлсөн байхад туслан гүйцэтгэгч “Б ө” ХХК ажлаа гүйцэтгээгүйг “Н З” ХХК-ийг Х.Гтэй байгуулсан гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч “Н З” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажлаа гүйцэтгүүлэхээр ажлын хөлсийг түүнд шилжүүлсэн ч ажлын үр дүн бий болоогүй явдалд ажил гүйцэтгэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй. Энэ нь тухайн компаниудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралтай бөгөөд Х.Гтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, гэрээний үүргээ биелүүлээгүйд буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа дууссанаас хойш 6 жил өнгөрсөн байгааг ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгох эрхтэй байна.
Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар нь гэрээний үүргийг дуусгавар болгож, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах үүргийн харилцаагаар солигдох тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу “Н З” ХХК нь урьдчилгаа төлбөр 13,810,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаах төлөх үүрэгтэй. Энэхүү үүрэг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар “Б ө” ХХК-д шилжсэн гэж тайлбарлан Төв аймгийн Прокурорын газраас 201619000314 дугаартай эрүүгийн хэргээс “Н З” ХХК, “Б ө” ХХК, Х.Г нарын байгуулсан гэх 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “гэрээний нэмэлт өөрчлөлт” гэсэн баримтыг нотлох баримтаар гаргуулжээ. /ХХ-ийн 38 дугаар тал/
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэжээ. Үүнийг өр шаардах эрхийг эзэмшигчтэй буюу үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг өөр хэн нэг этгээд шилжүүлэн авч тухайн үүргийг гүйцэтгэж болно, энэхүү эрхийг шилжүүлэхдээ үндсэн хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж ойлгоно. Энэ тохиолдолд өр шаардах эрхийг эзэмшигч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шилжүүлэн авахыг зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн хүсэл зоригийг хүлээн авсан байх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн хооронд хийгдэж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байх шаардлагатай. Иймд “Б ө” ХХК, Х.Г нарын хооронд өр шилжүүлэн авах хэлцэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43..2.1, 43.2.2 дахь хэсэгт заасан хэлбэрээр хийгдэнэ гэж ойлгоно.
2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өр шилжүүлэн авсан гэх баримтад Х.Ггийн нэрийн доор н.Ө гэж гарын үсэг зурагджээ. Үүнийг хариуцагч тал “нэхэмжлэгч өндөр настай хүн байсан, нэг хүнээр хөтлүүлж ирсэн, түүний өмнөөс нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан хүн ач, зээ нар нь байх, бид гэрээний талаар хэлж өгсөн” гэж тайлбарлав. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх нь хуулийн дагуу буюу итгэмжлэлийн /амаар болон бичгээр/ үндсэн дээр үүсэх болохыг мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зохицуулсан. Дээрх хэлцлийг хийх зорилгоор “Б ө” ХХК, “Н З” ХХК-ийн удирдлагууд захиалагч нартай уулзахад нэхэмжлэгч оролцож уг хэлцлийн талаар мэдсэн гэх боловч тухайн үеийн уулзалт хийсэн нөхцөл байдал /захиалагч нартай бөөнд нь нэг дор уулзсан/, нэхэмжлэгчийн насны /тухайн үед 82 настай байсан/ байдлаас үзвэл түүнийг хэлцлийн утга, агуулгыг буюу гуравдагч этгээдийн хүсэл зоригийг бүрэн ойлгосон гэж үзэх, мөн төлөөлөгчөөр дамжуулан хэлцэл хийсэн гэж үзэх өөр баримтгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь татгазлын үндэслэл болж буй баримтаа эргэлзээгүйгээр өөр баримтаар нотлоогүй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журмаар “Н З” ХХК-ийн өрийг “Б ө” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч “Н З” ХХК гэрээний урьдчилгаа төлбөр 13,810,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлага юм. Талуудын байгуулсан гэрээний 3.3-т гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иас алданги төлөхөөр тохирсон байх ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлсон алданги тохирсон гэж үзэхгүй. Үүнээс гадна гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үндсэн үүрэг дуусгавар болох тул уг үүргийг биелүүлэх баталгаа болсон алдангийг шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлээс 9,992,970 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн Х.Г, Б.П нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй тул уг гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Б.Пгээс шаардах эрхгүй байна. Иймд хариуцагч Б.Пд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н З” ХХК-иас 13,810,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х овогт Х Гд олгож, нэхэмжлэлээс 9,992,970 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Пд холбогдох нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ө” ХХК-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,970 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227,003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Гд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА