| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,
Улсын яллагчаар Б.Долгор,
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Сад холбогдох эрүүгийн 2434000000052 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.С нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч А.С нь Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Урд өвөлжөө” гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.69 метр куб Шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд нийт 594.777 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н...Би Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багын Засаг дарга албан тушаал дээр ажилладаг юм. Энэ албан тушаал дээрээ 4 дахь жилдээ ажиллаж байна. Би Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт оршин суух хаягтай Аюушжав овогтой А.С гэх хүнийг танина. Миний хариуцсан Баянтуул 3 дугаар багын иргэн байгаа юм. Ах дүү хамаатан садан бол биш ээ. Төв аймаг Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох "Урд өвөлжөө" гэх газраас 6 ширхэг мод хууль бусаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсан байх тул тухайн экологи эдийн засгийн үнэлгээг тус сумын харьяат А.Саас нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Н.Н...Би Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалтын захиргаанд Хуулийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр ажилладаг юм. Би Эрдэнэ сумын иргэн болох Аюушжав овогтой А.С гэх хүнийг танинаа Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багын нутаг дэвсгэрт эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Ах дүү хамаатан садан бол бишээ. Улсын тусгай хэрэгцээний газар нутгаас мод бэлтгэх, эрхийн бичиг иргэдэд олгодоггүй юм. Зөвхөн Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхтэй мэргэжлийн байгууллагад гэрээ байгуулж шийдвэрлэдэг. Иймээс тус сумын иргэн болох Аюушжав овогтой А.С нь манай байгууллага болон Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны мэргэжилтэн болон Байгаль хамгаалагч нараас мод бэлтгэх эрхийн бичиг авах боломжгүй. Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг "Урд өвөлжөө" гэх газар нь Улсын тусгай хамгаалттай газар нутагт хамаардаг УИХ 1995 оны 26 дугаар тогтоолоор Горх- Тэрэлжийн Байгалын цогтолборт газрын хилийн зааг тогтоож өгсөн байдаг. Бид нар энэ газар нутагт эргүүл шалгалтыг хийж ажилладаг... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Сын сэжигтнээр өгсөн ...Би 2024 оны 01 дүгээр сарын 16 ний өдөр өөрийн гэрээс ганцаараа өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн саран тамгатай морь унаж улмаар бензин хөрөө авч Баянтуул 3 дугаар багт байрлах "Урд Өвөлжөө" гэх газарт очиж уулнаас нийт босоо мод 5 ширхэгийг бензин хөрөө ашиглаж тайрч тастаж газарт унгаж түүнийгээ 1 мерт 70 см ээс 1 метр 80 см хэмжээтэй хуваан тастаж нийт 25 ширхэг мод болгон Тухайн уулан дээр орхиж гэртээ ирж амарсан юм. Маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 17 өглөө. Би мөн ганцаараа өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн саран тамгатай морь нь дээрээ өөрийн төрсөн ах болох А.Отгонбатын эзэмшлийн модон тэрэг (морь тэрэг) хөлөглөж Мод бэлтгэж орхисон газар буюу Баянтуул 3 дугаар баг "Урд Өвөлжөө" гэх газарт очиж морь тэрэг дээрээ ачиж уулнаас бууж Төрсөн ах болох А.Отгонбатын өвөлжөө дээр буулган орхисон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ТЦ-24-14 дугаартай ... Шинжилгээний объектын 2024 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 1'400'000т/Нэг сая дөрвөн зуун мянган төгрөг/-р үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 58-64 дүгээр хуудас/,
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/11 дугаартай ...Хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднууд нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тайрагдсан, тус бүр нь 1.7 метр орчим урттай, 25 ширхэг, 1.69 метр куб хэмжээтэй шинэс төрлийн моднууд байна. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадвартай буюу ургаж байсан, нойтон мод байсан байна. Мод бэлтгэсэн гэх газрын солбилцол цэг нь Ойн төлбөрийн 3 дугаар мужлал, Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт хамаарч байна.Тухайн моднуудыг зөвшөөрөлгүй бэлтгэснээр байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 198,259 төгрөг болох бөгөөд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдсэн учир хохирлын хэмжээ нь 3 дахин нэмэгдэж 594,777 төгрөг болж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 70-75 дугаар хуудас/,
Яллагдагч А.Сын ...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-йн 87 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас Байгаль орчинд 198.295 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 594.777 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүгдэгч А.С нь Байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн 2434000000052 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Их бие ногоон өнгөтэй, Урал гэсэн бичиглэлтэй YD-95 маркийн бензин цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч А.Сад шүүхээс тэнссэн 1 жил 8 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сад хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнссэн 1 жил 8 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 жил 8 сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрүүдийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Их бие ногоон өнгөтэй, Урал гэсэн бичиглэлтэй YD-95 маркийн бензин цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН