Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2021/00033

 

 

 

156/ШШ2021/00033

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 156/2020/00967/и

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Д.Н. /РД:../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... тоотод оршин суух, Т.Б. /РД:................../-т холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,122,300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У. оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.Б.тэй 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 28 дугаар байр 32,96 м.кв орон сууцыг нэг жилийн хуагцаатай, сарын 700,000 төгрөгийн хөлстэй, нэг сарын 700,000 төгрөгийн барьцаатай нийт 1,400,000 төгрөг дансаар авч ашиглалтын зардал, төлбөр, юнивишн хэрэглэсний төлбөрийг тус тус хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон болно. Т.Б. нь гэрээний хугацаа дуусаагүй байхад эд зүйлийг надад хүлээлгэж өгөхгүй оргон нүүхдээ байрны түлхүүр үлдээлгүй явсан байсныг би 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой очиж өөрт байсан түлхүүрээр онгойлгож мэдсэн. Хөлслөгч нь орон сууцыг ашиглах явцдаа эд хөрөнгөд хохирол учруулсан. Иргэн Т.Б.тэй утсаар ярьж тухайн сарынхаа хөлсөө өг гэж шаардахад элдэв шалтаг тоочиж, сүүлдээ  утсаа авахаа больсон. Иймд Т..ээс 2020 оны 9-10 сарын байрны зардал, 240,000 төгрөг, юнивишний төлбөр 123,100 төгрөг, нотариатын зардал 9,200 төгрөг, хохирлын үнэлгээний тайлан гаргасан үнэ 50,000 төгрөг, эд хөрөнгийн хохирлын 700,000 төгрөг, нийт 1,122,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н. нь хариуцагч Т.Б.т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,122,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч Т.Б.т нэхэмжлэлийн хувь гардуулахаар 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч нь тус хаягтаа байхгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Т.Б. нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-30-06 тоотод бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болох нь шүүхийн бичиг хүргэгчийн тэмдэглэл, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга П.Э.ийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай албан тоотоор нотлогдож байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш явуулах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нөхцөл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул  мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б.ийн оршин суух хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болно.

Нэхэмжлэгч Д.Н. нь Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н. нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б.т холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,122,300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,931 төгрөгийг Төрийн сангийн 100180000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Н.д олгосугай.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б.ийн оршин суух хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА