Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01486

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/01486 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-т холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 378,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүү ...-ыг ангийнх нь хүүхэд болох ... 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой хамар руу цохиж гэмтээсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер оношлогоогоор түүний хамар цөмөрсөн хугаралтай болсон нь тогтоогдсон, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болох нь тогтоогдсон. ... нь хүүг маань хоёр дахь удаагаа зодож гэмтээж байгаа учраас хуулийн байгууллагад хандсан ч насанд хүрээгүй үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон. Иймд ...-ийн хууль ёсны хариуцагчаас эмчилгээнд зарцуулсан үзлэг 35,000 төгрөг, мэс ажилбар 300,000 төгрөг, эм витамин 43,000 төгрөг, нийт 378,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ бол зөвхөн бодит зардал бөгөөд хүүхдийн сэтгэл зүй болон ...-ийн гэр бүл рүү дайрч доромжилсон хохирлыг тооцоогүй, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан төлбөрийг төлж барагдуулах боломжгүй гэдгээ удаа дараа хүсэлт хэлбэрээр гаргаж өгсөн. Уг нэхэмжлэгч ... нь удаа дараа хүү ...-г ангийн хүүхдүүд дунд хэл амаар доромжлох асуудлыг үүсгэсэн. Хэдийгээр тухайн хүүхдийг цохисон нь буруу ч хүүхдийг ангид хамт олон найз нарынх нь дэргэд хэл амаар доромжлосон нь хүүхдэд хүндээр тусч уг асуудал үүссэн гэж үзэж байна. Иймд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримт болон уг асуудал үүсэхэд гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-т холбогдуулан насанд хүрээгүй этгээдүүд болох ...-аас ...-ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 378,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчаас насанд хүрээгүй ... нь ...-г хэл амаар доромжилсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Насанд хүрээгүй ... нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр цэцэрлэгийн хажууд насанд хүрээгүй хохирогч ...-ын хамар луу гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамарт ясны хугарал, хамар, баруун зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

 

... нь гэмт хэрэг үйлдэх үедээ 12 нас 9 сар 9 хоногтой байсан болох нь прокурорын дээрх тогтоолгоор тогтоогдож байх ба тэрээр иргэний эрх зүйн зарим чадамжтай байх тул Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж зааснаар хариуцлага хүлээх боломжгүй юм. Харин мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж тус тус зааснаар насанд хүрээгүй ...-ийн учруулсан гэм хорын хохирлыг түүний эцэг С.Тогтуунбаяр хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

Эцэг эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлөхөөр Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4.-т заасан, хариуцагч энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Насанд хүрээгүй ... нь гэмт хэргийн улмаас ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийлгэж, төлбөрт 35,000 төгрөг, эмийн зардалд 43,000 төгрөг, мэс ажилбар эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг, Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ хийлгэж, нийт 378,000 төгрөг зарцуулсан болох нь эмнэлгийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байх ба хариуцагч талаас баримтаар үгүйсгээгүй.

Мөн ... нь 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, ... нь түүний төрсөн эх болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5 тал/-аар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байх тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч нь шүүхэд төлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч ... нь түүний хүү ...-д учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Насанд хүрээгүй иргэн ... нь нэхэмжлэгч ...-ын хүү насанд хүрээгүй ...-ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, насанд хүрээгүй иргэний учруулсан уг гэм хорыг Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1.-т зааснаар түүний эцэг, эх хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ... нь насанд хүрээгүй ...-ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан дээрх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч ...., хариуцагч ..., иргэдийн төлөөлөгч ... нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5, 100.8-д заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч ...-аас 378,000 /гурван зуун далан найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,990 төгрөгийг нэхэмжлэгч ...-т буцаан олгож, хариуцагч ...-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,990 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ