Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2021/00142

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00933

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............оршин суух, С.Э.ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . оршин суух, Л.А.т холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г., хариуцагч Л.А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааС.Э. нь 2008 оны 7 дугаар сард Л.А.тай танилцан үерхэж, 2011 оны 7 дугаар сараас 2012 оны 6 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байхдаа тэдний дундаас хүү Э.Э. нь олдож, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн. Хүүгийн эцэг А., эх Э. нар нь хувийн таарамжгүй харилцаанаас болж хамтран амьдарч чадаагүй юм. Хүү Э.Э. одоо 8 нас 2 сартай  болж байгаа. Иймээс Э.Э.ийн эцэг нь Л.А. мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.А. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Э.ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Э.Э. нь миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э. нь хариуцагч Л.А.т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Э., хариуцагч Л.А. нар нь 2007 оноос эхлэн үерхэж, улмаар тэдгээрийн дундаас 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Э.Э. төрсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Л.А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч С.Э.ийн шүүхэд гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргалаа. Мөн хариуцагч Л.А. нь хүү Э.Э.ийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл С.Э., Л.А. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Л.А. нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хүү Э.Э-ийг эх С.Э-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Л.А. нь хүү Э.Э-ийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох, хүү Э.Э-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.А-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Э-д даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг хариуцагч Л.А-аас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Э-ийн эцэг Л.А. мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Энэрэлийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.А.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Э.д даалгасугай

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, зааснаар нэхэмжлэгч С.Э.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.А.аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э.ад олгож, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг хариуцагч Л.А.аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Б.МАРИНА