| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0103/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
2024 5 27 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
Улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 2435000000104 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, гар утас засварчнаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З ургийн овогт Б.С /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ************************ багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Бгийн эзэмшлийн *******улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн салхины шил, зүүн ар талын гэрлийг хагалж, автомашины бүхээг дээвэр хэсэг, баруун талын хойд хаалгыг цохиж хонхойлгон хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Д.Бд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ************************ багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Бгийн эзэмшлийн *******улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн салхины шил, зүүн ар талын гэрлийг хагалж, автомашины бүхээг дээвэр хэсэг, баруун талын хойд хаалгыг цохиж хонхойлгон хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Д.Бд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.С-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-09 дүгээр тал), эд зүйл, камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-13 дугаар тал), хохирогч Д.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дүгээр тал), гэрч Б.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал), гэрч М.Хийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал), техникийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24/02 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-43 дугаар тал), шинжээч Я.Нарантуяагийн гаргасан дүгнэлт (хавтаст хэргийн 50 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Б “Миний энэ хэргийг хянан үзээд миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн би үүнд холбогдож буй Б овогтой С-т гомдол санал хүсэлтгүй” гэх хүсэлтийг нотариатчаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 81 дүгээр тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Дивиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Дивиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН