Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2024            05            10                                            2024/ШЦТ/340

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч **,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч .***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303007870029 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *** гудамж, *** байр, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э. нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн замын урд талд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *** сай маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний тухай дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ..зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Саруулыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар  хороо, *** тоот гэрээсээ өдөр гараад Зайсанд хүнтэй уулзаж ажил амжуулах гээд Хөдөө аж ахуйн буудал дээр ирээд автобуснаас буугаад зам хөндлөн буюу улаан гэрэл асаж байхаар нь ногоон гэрэл астал нь хүлээгээд ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн явган хүний гарцаар гарч байхад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл маш хурдан орж ирээд намайг мөргөөд унагаасан тэгээд би түргэн тусламж тээврийн хэрэгсэлтэй эмнэлэг орсон. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19 дэх тал/,
  3. Иргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Саруул нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,686,000 төгрөг гарсныг яллагдагч Э.гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/
  4. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нэр дээр байдаг болохоос манай эхнэр өөрөө байнга унаж замын хөдөлгөөнд оролцдог. Тухайн тээврийн хэрэгсэл даатгалтай. Э. нь миний эхнэр. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Үнэлгээ хийлгэхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/
  5. Шүүгдэгч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш нөхрийн эзэмшлийн сай маркийн 00-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жооодон гэр лүүгээ явж байгаад Хөдөө аж ахуйн их сургуулийн урд талын гэрлэн дохиотой уулзвар дээр ирсэн. Тэгээд би гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд хамгийн эхэнд зогсож байхад улаан өнгийн гэрэл дохио асаж байхаар нь ногоон гэрэл асахыг хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асангуут урагшаа буюу баруун гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгээд би гарцан дээр хүн явж байхыг харсан ч хажуу талд явж байсан машин зүгээр явчихаар нь саадгүй юм байна гээд дагаад эргэсэн чинь явган хүний гарц дээр 40 гаран насны эмэгтэй хүн байсныг хараад тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваад тормос гишгэсэн боловч зогсож чадаагүй. Тэр эмэгтэй хүнийг мөргөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд драгер багаж үлээхэд 0,00 хувьтай гарсан...Тэр эмэгтэй зүүн хөлөө эвгүй дараад газарт хэвтэж байсан. Тэгээд зам дээр зогсож байсан цагдаагийн алба хаагч ирээд газарт нь хайрагдаад даарна гэж хэлээд миний машины арын суудал дээр хэвтүүлсэн. Тэр эмэгтэй хүн газарт уначихсан байсан. Тэгээд түргэн тусламж ирээд тэр эмэгтэй хүнийг аваад явсан ба Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хамт явсан...Цас ороогүй, бүрхэг байсан ч үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95 дахь тал/,

           6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14937 дугаар дугаартай:

                 “- биед 7,8 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн зүүн талын хий хуралт, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо.

                 -Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 -Амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

                 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 дахь тал/,

           7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дахь тал/,

8. Замын цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дэх тал/

                 9. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9, 12-13 дахь тал/,

                 10. Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, эмнэлэгийн үзлэгийн баримтууд /хх-ийн 69-82 дахь тал/

                 11. Хохирогчийн эрүүл мэндийн зардлын баримтууд /хх-ийн 110-117 дахь тал/

                 12. Шүүгдэгчийн төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 143-144/

                 13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаар дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ:

                 “- сэтгэцэд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.

                 - сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.

                 - Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 152-153 дахь тал/

                

                 Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

     Шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 97 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгй лавлагаа /хх-ийн 98 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 100 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102 дахь тал/, зэрэг болно.

 

  1.       Гэм буруугийн талаар:

 

                            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн замын урд талд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сай маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний тухай дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Саруулыг мөргөсөн үйл баримт тогтоогдлоо.

       Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжтэй.

       Уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

       Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

       Монгол Улсын замын хөдөлгөөний тухай дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ..зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас биед хүнд гэмтэл учирсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

       Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Э.гийн дээрх үйлдэл нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хохирогч мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

       Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

           Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

       Иймд шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1.        Хохирол, хор уршгийн тухай:

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” гэж тус тус хуульчилсан.

    Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүнээс эрүүл мэндтэй холбоотойгоор 3,465,122 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 110-117 дахь тал/ ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 416,106 төгрөг /хх-ийн 143-144 дэх тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,465,122 төгрөг, /хх-ийн 196 дахь тал/ төлж барагдуулсан.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хохирогч эрүүл мэндийн даатгалын төлбөр 1,686,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Энхбат сай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, үүнтэй холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг хохирогч Ч.Саруул нь шүүгдэгч Э.гаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Э.гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Өнөрбат нь хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх мөрдөгчийн маягтыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаар дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр сэтгэцэд учирсан хохирлыг хоёрдугаар зэрэг гэж тогтоосон байна.

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /20.7 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн умаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож бодоход

Гэмт хэрэг болох үеийн буюу 2023 оны 11 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Сэтгэцэд учирсан хохирлын 3.850.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Саруулд олгуулах саналтай...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн зүгээс нийт 5.656.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гаргах зардлаа иргэний журмаар нэхэмжлэхэд татгалзах зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохиролд 3.850.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй байна...” гэж тайлбар гаргасан.

Түүнчлэн хохирогч “...Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ирээдүйд гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх тайлбарыг утсаар мэдэгдсэн зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /550,000*10=5.500.000/ төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

           Хохирогч Ч.Саруул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

  1.      Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай...” гэсэн саналыг гаргажээ.

             Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлсан болно.

             Иймд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримттайгаар нэхэмжилсэн 3,465,122 төгрөг, осол гарах үед гарсан зардал 416,106 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 1,686,000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчийн /..36 настай, ам бүл 5, бага насны 3 хүүхэдтэй, цаашид гарах хохирлын зардлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал../, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хохирол 5,500,000 төгрөгийг төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгдэгч сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнсэн харгалзах ял шийтгэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.д сануулсан болно.

 

  1.  Бусад асуудлаар:

            Шүүгдэгч Э.д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* ******* ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2. Шүүгдэгч ******* ******* ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

            4. Шүүгдэгч Э.г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э. эрүүл мэндийн даатгалын санд 3,465,122 төгрөг, хохирогчид нийт 3,881,228 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 5,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Саруулд олгосугай.

           6. Хохирогч Ч.Саруул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.д сануулсугай.

            8. Шүүгдэгч Э.д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.       10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТБОЛОР