Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/хт2024/00012

 

К.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00111 дүгээр магадлалтай,

 К.Дын нэхэмжлэлтэй,

 Ш.А, Х.Х нарт холбогдох

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК, Х.Н, М.С нар оролцсон,

 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”ад байрлалтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, түүний өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч К.Д нь Ш.А, Х.Х нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”ад байрлалтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.Дын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А” ХХК-ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00111 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг баримлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0, “А”ад байрлах, бусдын эзэмшил газарт баригдсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн барилга нь нэхэмжлэгч К.Дын өмч мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч К.Дын 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг өмчлөх эрх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0т байршилтай нэгж талбарын 1 дугаартай газрыг эзэмших эрхийг хөндөхгүйг дурдсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч К.Дад буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00111 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

Хоёр. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөрчсөн болно.

4.1 Давж заалдах шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гомдлын тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 15 дахь заалтад: “Хэдийгээр нэхэмжлэгч К.Дын Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”дотор, гуравдагч этгээд Х.Нын хууль ёсоор эзэмшиж буй газарт байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус тухайн газар бусдын эзэмшилд байгаагаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч тэрээр тухайн хоёр дэлгүүрийн барилгыг Ш.А, Х.Х нараас худалдаж авсан буюу шударгаар олж авсан нь тогтоогдсон, тухайн дэлгүүрүүдийн барилгын талаар хэн нэгэн шаардлага гаргаагүй байх тул бусдын эзэмшил газарт баригдсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Дад мөн гэж тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн байна. Шүүхээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Уг шаардах эрхийн дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой ба үүний дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэх юм. Гэтэл, нэхэмжлэгч К.Д нь хариуцагч Ш.А, Х.Х нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа талаар тайлбар, үндэслэл, нотлох баримтаа гаргаж маргаагүй байна. Мөн талуудын худалдах, худалдан авах гэрээний хүрээнд үүссэн аливаа маргаан, зөрчил, нэхэмжлэл байхгүй талаар тайлбар гаргадаг ба шүүхэд ч гэсэн төлбөр тооцоо дууссан, хөрөнгийг шилжүүлсэн, маргаангүй талаар тайлбарыг өгсөн байна. Тийм байхад нэхэмжлэгч ямар шалтгаанаар шүүхэд өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг шүүхээс тодруулаагүй гэж үзэж байна. Уг барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшилдээ байлгаж, бараа сэлбэгээ байршуулан зарж байгаа этгээд нь зөвхөн К.Д байх ба хариуцагч болон тухайн барилга байршиж буй газрын хууль ёсны эзэмшигч Х.Нын зүгээс хөрөнгөтэй холбоотой маргаан гаргаж байгаагүй болно.  Гэтэл, шүүхээс нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн хэмээн эрхийг нь сэргээж, өмчлөгчөөр тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож байгаа бол эрхийн бүртгэл хийлгэх эрх нь нээлттэй үлдэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм гэж улсын бүртгэлд хандах эрх нь давхар үүсэх болно. Нөгөөтэйгүүр, тухайн хөрөнгийн өмчлөгчийн хувьд ирээдүйд газарт байгаа барилга байгууламжийг чөлөөлөхөд эд хөрөнгийн хохирлыг газар эзэмшигчээс шаардах эрхийг үүсгэх хууль зүйн үр дагавартай буюу одоогийн газар эзэмшигчийн эрхийг зөрчих болно. Х.Нын газар эзэмших эрхтэй газар нь анх “А” ХХК-д байсан ба тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд газрыг түрээслүүлж, орлого олдог байсан. Улмаар, газарт үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тухайн иргэдэд “А” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө барих зөвшөөрөл өгөөгүй болох нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогддог юм. Хэдийгээр, нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийг худалдаж авсан байгаа талаар талуудад маргаан байхгүй боловч тухайн хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө гэж тооцогдох боломжтой юм. Үл хөдлөх эд хөрөнгө байхын тулд тухайн хөрөнгийг эрхийн бүртгэл бүртгэж гэрчилгээ авах ёстой бөгөөд ингэсэн тохиолдолд л тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож, Иргэний хуулийн 101.1-д заасан эрхийн хамгаалалтыг эдлэх юм. Харин тухайн хөрөнгө нь түүний хууль ёсны эзэмшилд буй хөрөнгө гэж тооцогдох боловч газар эзэмших эрхэд халдах үндэслэл болох ёсгүй. Угтаа бол тухайн барилга нь нэг бол барилга байгууламж барих эрхийн хүрээнд үүсэх, эсхүл узуфрукт байдлаар үүсэх эрх байх боловч Х.Н болон хуучин эзэмшигч “А” ХХК-аас ийм зөвшөөрөл, эрх олгож байгаа болно. Хэрэв одоогийн газар эзэмшигч Х.Н, эсхүл тухайн газрыг шилжүүлж авсан хэн нэгэн газраа чөлөөлөх асуудал гарахад тухайн өмчлөгчөөр тогтоолгосон асуудлаар маргаан үүсэхийг үгүйсгэхгүй тул ийнхүү гомдол гаргаж байгаа болно.

4.2 Хавтаст хэрэгт цугларсан буюу хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудыг ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөрчсөн гомдлын тухайд: К.Дын нэхэмжлэлтэй Х.Х, Ш.А нарт холбогдох дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай энэхүү маргаанд “А”ын газрын өмнөх эзэмшигч нь болох “А” ХХК-аас ирүүлсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх дээрх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна. Тухайлбал дээрх тайлбарт “А” ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй харин түрээсээр ашиглаж ирсэн иргэдэд тухайн газар дээр нь үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка нар нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түр барьж ашиглаж байгаа барилга байгууламжууд болно. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй...” гэжээ.  “А” ХХК-ийн дээрх тайлбар нь мөн хариуцагч нар болох Х.Х, Ш.А нарын үйл ажиллгагаа явуулах бол түрээсийн гэрээний үндсэн дээр л үйл ажиллагаа явуулах боломжтойг анхааруулж хэлсэн гэх тайлбараар нь давхар нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан “А” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг мөн давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд тус гэрээ нь мөн маргаан бүхий газар дээр өмнө нь Х.Нын эзэмшлийн газар дээр барилга барих зөвшөөрөл олгож байгаагүйг нь нотлох юм. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь маргаан бүхий газрын эзэмшигч болох Х.Нын газар эзэмших эрхийг хөндөхгүй гэж шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч 54 м.кв барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоосны улмаас түрээсийн гэрээний хугацаа дуусах үед газрын эзэмшигч тухайн газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчээс шаардсан тохиолдолд нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох Х.Наас хохирол нэхэмжлэх эрсдлийг бий болгож байгаа тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 111 дүгээр магадлал нь Х.Нын хувьд илт хохиролтой болж байгаа юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00111 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 ны 07 дугаар сарын сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, миний хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Мийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.12.21-ний өдрийн 001/ШХТ2024/00021 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Мийн хяналтын журмаар  гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч К.Д нь хариуцагч Ш.А, Х.Х нарт  холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”ад байрлалтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2017.04.11-ний өдөр “А”ад байрлалтай стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын дэлгүүрийг Ш.Аээс 14,000,000 төгрөгөөр, мөн 2020 онд Х.Хаас “А”ад хүнд даацын сэлбэг зардаг байсан 24 м.кв талбайтай дэлгүүрийг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг угтаа миний өмч мөн ч гэсэн ... Улсын бүртгэлийн газраас нэр дээр бүртгүүлэх боломжгүй гэсэн. ... Уг дэлгүүрийг 2007-2008 оны үед “А”ын захирал О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй ...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Ш.А: “...миний бие 2017 онд К.Дад 2017 онд 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14,000,000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй.” гэж,

Хариуцагч Х.Х: “... “А”ын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ  тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан н.С гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. ... Дэлгүүрийн объектыг иргэн К.Дад зарахдаа “А”ыг хариуцсан хүний хэлснийг хэлж өгсөн.” гэж тус тус тайлбарласан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал Ш.А: “... “А” ХХК-ийн эзэмшлийн зах, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хойд талд нь байрлах 5120 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021.04.16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар иргэн Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн. ... “А” ХХК нь тухайн газрыг эзэмших хугацаандаа иргэдэд түрээсийн гэрээний дагуу түр ашиглуулж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлээгүй юм. Түрээсээр ашиглаж байгаа иргэд тухайн газар дээр нь түр үйлчилгээ явуулах зорилгоор дэлгүүр, путка байрлуулан ашигладаг байсан. Мөн түрээсийн гэрээний дагуу газар ашиглаж байгаа иргэдтэй үл хөдлөх эд хөрөнгө барих талаар ямар нэгэн зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд холбогдох өмчийн бүртгэлийн газарт тэдний хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй болно...” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С: “...Миний бие  “А” ХХК-ийн эзэмшил газраас ертөнцийн зүгээр урьд талын газраас тодорхой хэсгийг эзэмшихээр болж эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж байна. К.Д нарын маргаж байгаа газар нь ертөнцийн зүгээр хойд талд байрлах бөгөөд миний эзэмшиж байгаа газарт хамааралгүй байна.” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н: “...миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021.04.16-ны өдрийн А/353 дугаартай захирамжаар Өлгий сумын 0 0хаягт байрлах 1 нэгж талбарын дугаар бүхий 5120 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаагаар эзэмших болсон ба тухайн газрыг өнөөдрийг хүртэл зориулалтаар нь иргэдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсэлж ирсэн. Түрээслэгч иргэд үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан блокоор түр амбаар барьж бараагаа зарж үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд “А” ХХК нь үл хөдлөх хөрөнгө барих зөвшөөрөл өгөөгүй байна. Иргэд тус захад үйл ажиллагаа явуулсны төлөө буюу газар ашигласны төлөө сар бүр төлбөр хураамж төлдөг” гэж тус тус мэтгэлцжээ.

8. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “А” ХХК-ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүр болон 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус худалдах-худалдан авах гэрээ хийсэн, ...газар эзэмшигчээс тухайн маргаан бүхий дэлгүүр байгаа газрыг бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай нотлох баримтгүй, нэхэмжлэгч нь худалдан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй, ...тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг нэхэмжлэгч түрээсээр ашиглаж ирсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч К.Дын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”ад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч К.Дын Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”дотор, гуравдагч этгээд Х.Нын хууль ёсоор эзэмшиж буй газарт байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус тухайн барилгуудын байрлаж буй газар бусдын эзэмшилд байгаагаас улсын бүртгэлд бүртгээгүй боловч тэрээр тухайн хоёр дэлгүүрийн барилгыг Ш.А, Х.Х нараас худалдаж авсан буюу шударгаар олж авсан нь тогтоогдсон, тухайн дэлгүүрийн барилгын талаар хэн нэгэн шаардлага гаргаагүй байх тул бусдын эзэмшил газарт баригдсан 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Д мөн гэж тогтоож, нэхэмжлэгч К.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэр “А”дотор байрлах 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүр, 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүр өмчлөгч мөн гэсэн шүүхийн энэхүү шийдвэр нь гуравдагч этгээд Х.Нын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0т байршилтай нэгж талбарын 1 дугаартай газар эзэмших эрхийг хөндөхгүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

9. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан нь  энэ талаарх гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч К.Д нь 2017.04.11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн эзэмшил газарт байршилтай 54 м.кв талбайтай барилгын материалын дэлгүүрийн барилгыг 14,000,000 төгрөгөөр хариуцагч Ш.Аээс, 2020 онд мөн “А” ХХК-ийн эзэмшил газарт барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийн барилгыг 9,000,000 төгрөгөөр хариуцагч Х.Хаас тус тус худалдаж авсан, дээрх дэлгүүрүүдийн байрлаж буй газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021.04.16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжаар “А” ХХК-ийн Өлгий сумын 0т байршилтай 5310 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай, эзэмшил газрын 5120 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг Х.Над, 190 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг М.С нарт тус тус шилжүүлж, өмнөх зориулалтаар үргэлжлүүлэн 35 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, маргаан бүхий дэлгүүрийн барилгууд нь Х.Нын эзэмших эрхтэй газарт байрлаж байгаа үйл баримт тогтоогджээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч К.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ш.А, Х.Х нарт холбогдуулан тэднээс худалдан авсан дэлгүүрийн зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, уг дэлгүүрийн барилгыг түүнд худалдсан болохоо үгүйсгээгүй байна. 

Мөн нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч нараас худалдан авсан барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа талаар дурдаад барилгын доорх газрыг гуравдагч этгээд эзэмшдэг гэжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хариуцагч гэж тодорхойлсон этгээдүүд түүний эрхийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй буюу түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан Ш.А, Х.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хэн, хэрхэн зөрчсөнөөс шүүхэд хандах болсон бодит нөхцөл, түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг буюу нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай, эсхүл бусдын газар дээрх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эсэхийг тодруулж, улмаар хариуцагчийг зөв тогтоосноор шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжтой болохоос гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

12. Энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00600 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00111 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Мийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.11.20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД

                                   ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                                                        Н.БАТЧИМЭГ

               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                        Д.ЦОЛМОН