Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
Хэргийн индекс | 125/2017/0002/з |
Дугаар | 125/ШШ/2017/0028 |
Огноо | 2017-08-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0028
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээд Б.П , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 3 сарын 17-ны өдрийн 12 дугаар тушаалаар Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Уг албан тушаалд томилогдоод сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж, уг газрын даргаар Л.Билэгдэмбэрэл томилогдсон. Миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсээр байтал бүтцийн өөрчлөлт нэрээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар намайг Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн.
Улмаар миний бие Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргахад “... орон тоо хасагдсан, цөөрсөн нь ямар үндэслэл баримталж чөлөөлсөн нь тодорхойгүй, уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.42.3-д заасантай нийцэхгүй байна. Уг ажлын байран үргэлжлүүлэн ажиллуул, эсхүл сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулж ав” гэсэн хариу өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн зарчмыг зөрчсөн.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Төрийн албаны салбар зөвлөлөөс шийдвэр гаргуулсан гэжээ. Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул бид эс хүлээн зөвшөөрч Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан.
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон байгуулж, орон тоо, бүтцэд цомхтгол оруулж улмаар өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг үндэслэн Д.Ц-г ажлаас чөлөөлсөн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тогтоолууд хэрэгт авагдсан. Эдгээр тогтоолуудын дагуу батлагдсан орон тоонд багтааж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо нь байхгүй болсон. Энэ талаар өөрт нь танилцуулж, тушаал гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг аваад ажлаасаа гарсан. Өргөдөл гомдол хариуцсан орон тоо нь шинэ бүтцээр байхгүй болсон гэдгийг хавтаст хэргээс харж болно. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Ц-ийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсон учир мөн төсөв нь хасагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.П шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нийгмийн халамж, хангамж мэргэжлээр төгссөн, тус чиглэлээр магистр зэрэгтэй. Төрийн албанд 4 жил ажиллах хугацаанд нийгмийн халамжийн ажилтныг мэргэшүүлэх сургалтанд удаа дараа хамрагдаж байсан. 2013 онд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр, 2016 оны 10 сараас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байна. Д.Ц нь 2013-2016 онуудад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа хүнс тэжээлийн өргөдөл гомдол, ахмадын асуудал хариуцаж байсан бол би өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байгаа ба чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй бөгөөд одоогийн орон тоо нь өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж чиг үүрэг нь өөрчлөгдсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Уг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг үндэслэл болгожээ. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо нь Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан 47 орон тоон дотор байхгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Д.Ц-ийн 2013 оны ажлын байрны тодорхойлолтоор заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд орон тоо хасагдсан гэж үзэх гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар тангараг өгсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Гэрч Б.Алтанцэцэг нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн талаар ярьсан байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Ховд аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын бүтэц орон тоог Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан байгаа ба одоогийн байдлаар өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо бөгөөд байхгүй бөгөөд уг орон тоон дээр нэхэмжлэгчийг томилох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь бүтэц орон тоо өөрчлөгдсөн байхад өрхийн мэдээллийн санг хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байна.
Гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэгт Д.Ц нь өрхийн амьжиргааны түвшингийн судалгаатай холбоотой өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд өрхийн мэдээллийн сан, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнэээр ажиллаж байгаад 2016 оноос эхлэн уг орон тоо нь байхгүй болсон байхад өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж өгнө үү гэж хүсээд байна.
Мөн нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, хариугаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр авсан байна. Үүгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах, шинэчилсэн бүтэж орон тоогоор ажлын байрны тодорхойлолтыг гаргуулж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа шийдвэр гаргахыг мэдэгджээ. Уг нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилд эгүүлэн томилуулах биш, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэртэй холбоотой ажиллагаа хийгдэж, сонгон шалгаруулалт явуулсны дараа чөлөөлөх талаар яригдах ёстой бөгөөд өнөөдөр шүүхэд харьяаллын бус маргаан орж ирсэн байна.
Хэрвээ Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзвэл хариуцагчийн гаргасан ажлаас чөлөөлөх тухай тушаал нь түдгэлзэх ёстой. Нэхэмжлэгч нь даргатайгаа уулзаж, Төрийн албаны салбар зөвлөлөөс хариуцагчид шаардлага хүргүүлсний дараа шаардлагыг биелүүлэхгүй бол Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хангуулахаар бие даасан шаардлага гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар Д.Ц-г ажлаас чөлөөлсөн тушаал нь Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн нь хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч хууль бус гэх үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор тусгайлсан чиг үүрэг бүхий газруудыг нэгтгэж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Иймд уг тогтоолыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл байхгүй байгаа юм. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан байдаг. Нэгэнт Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь босоо удирдлагатай гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа юм бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нь яамны харъяа салбар зөвлөлд хандах ёстой. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь босоо удирдлагатай гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, шийдвэр гаргуулсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдана гэдэг нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан бүх чиг үүрэг нь нэмэгдэлгүйгээр, эсвэл хасагдалгүйгээр тэр хэвээр байх ойлголтыг хэлдэг. Гэтэл гуравдагч этгээдийн ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос өөр байгаа юм.
Нэхэмжлэгчийн өргөдөл гомдол хариуцсан ажлын чиг үүрэг нь одоо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажиллаж байгаа 47 албан тушаалтны чиг үүрэгт нэмэгдээгүй, эсвэл хасагдаагүй гэж ойлгож болохгүй. Засгийн газрын тогтоолын дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байдаг. Үүнд тусгайлан өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй байх тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Д.Ц-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гаргаж, тус салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариу өгч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж хариуг авсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авсан болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Д.Ц нь Ховд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох нь түүний 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал зэргээс харахад аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс гэсэн хоёр нэгжийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан байна.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс өөрчлөн байгуулагдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбогдуулан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж цөөрсөн гэж үзэж нэхэмжлэгч Д.Ц г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг үндэслэн уг албан тушаалаас нь чөлөөлснөөр уг маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулж авна гэх хуулийг заалтыг хэрэгжүүлэхгүйгээр ажлаас чөлөөлсөн...” гэж тайлбарлажээ.
Харин хариуцагч нь “... Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар байгуулагдаж бүтэц орон тоо хасагдсантай холбогдуулан Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон...” гэж маргажээ.
Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц г ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгон Д.Ц г төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хуульчилсан.
Төрийн албан хаагчийн уг баталгааг хангах үүргийг төрийн байгууллага албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлж тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж аваагүй нь буруу байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан тушаалыг хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц г ажлаас чөлөөлөх тухай” тушаалд үндэслэл болгохдоо “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дүгээр тушаал” гэж буруу бичжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ц-ээс тэтгэлэг авах тухай хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэг удаагийн тэтгэлэг олгож, төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч Д.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй байна.
2. Урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Ц нь Ховд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогджээ.
Улмаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.Ц-г “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж, зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдаж цөөрсөн...” гэх үндэслэлээр өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.
Өөрчлөн байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоо байхгүй болох нь гэрч П.Батнасангийн “...одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Алтанцэцэгийн “...Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй, батлагдаагүй юм...” гэх мэдүүлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, сум хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдэх ба Нийгмийн халамжийн хэлтэст “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоо байхгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийн хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “...урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР