Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч  Ю.Батцоож,

Улсын яллагч Р.Батнасан,

Хохирогч Н.Мөнхтөр, Х.Энхтуяа, Х.Түмэндэмбэрэл, 

Шүүгдэгч О.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД: 0518/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Очбаярын Ганчимэгт холбогдох эрүүгийн 201525020541 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөлт газрын кадастр мэргэжилтэй, "Фейс майнд монголиа” ХХК-ны захирлаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүгийн хамт, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 6 дугаар хэсэг, Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр байр 315 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тангууд овгийн Очбаярын Ганчимэг /РД: ЧИ82102327/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч О.Ганчимэг нь Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар олж өгнө гэж иргэн Н.Мөнхтөрөөс хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөг, иргэн Х.Түмэндэмбэрэлээс дүү Х.Энхтуяаг нь Солонгос улсад сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эс" караокед 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 8.470.660 төгрөг, 300.000 вон буюу 543.000 төгрөг, нийт 9.013.660 төгрөг, иргэн Х.Энхтуяагаас Солонгос улсад сургуульд оруулж өгнө гэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурч мэхлэх аргаар 2014 оны 11 дүгээр 11-ний өдөр 700 ам доллар, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 700 ам доллар, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 700 ам доллар, нийт 2100 ам доллар буюу 9.381.817 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, нийт 10.881.817 төгрөг, иргэн Н.Мөнхтөр, Х.Түмэндэмбэрэл, Х.Энхтуяа нараас нийт 30.495.477 төгрөг тус тус залилан мэхэлж авч, их хэмжээний хохирол учруулсан,

 

Мөн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргосон, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ганчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв ярьсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч О.Ганчимэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2014 оны 3 сард Сонгинхайрхан дүүргийн нутагт дэвсгэр 22 товчооны ойролцоо газар авахаар хөөцөлдөж байгаагаа аавдаа хэлсэн тэгээд үүний дараа аав хамт амьдардаг дүү Өрнөхөд хамтдаа газар авчих гэж хэлж байсан. Тэгээд Өрнөх ахтай хамт газар авахаар болсон. Өрнөх ах Мөнхтөр гэх хүнтэй хамтарч юм хийх гэж байгаа гэж хэлээд анх Мөнхтөр гэх хүнтэй танилцсан тэгээд газар авахад мөнгө их ордог юм шиг байна лээ гэж хэлсэн мөн тэр газар авах гэж байгаа хүн нь урьдчилгаа 10.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Би өмнө нь 5 сая төгрөг өгчихсөн байсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг Мөнхтөрөөс аваад өгсөн. Тэгээд би Өрнөх ах болон Мөнхтөртэй газар хамт авахаар тохиролцсон. 2014 оны 5 сард миний газар авах гэж байгаа Болор-Эрдэнэ гэх эрэгтэй газар авах явц дунд нь мөнгө хэрэгтэй байна гээд дахин 10.000.000 төгрөг нэхсэн. Би энэ учраа Мөнхтөрд хэлээд Мөнхтөрөөс дахин 5.000.000 төгрөгийг авсан. Тэгээд Болор-Эрдэнэ гэх хүнд 10.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш Болор-Эрдэнэ болж байна бүтэж байна түр хүлээж бай гэж хэлээд 2015 оны 12 сар хүрсэн тэгтэл Мөнхтөр одоо бүтэхгүй бол мөнгөө эргүүлээд авья дахин хүлээж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би Болор-Эрдэнэд энэ хүмүүсийн мөнгийг өгье гэж хэлчихээд одоо хүртэл өгөөгүй байгаа. Би саяхан Дундговь аймаг руу яваад Болор-эрдэнийн найз Мандал гэх хүнтэй уулзтал одоо ойрын хугацаанд мөнгө гаргаад өгье гэж хэлсэн. Би энэ мөнгийг нь хүлээж байгаад энэ сардаа багтааж өгнө гэж хэлсэн. Тэр мөнгө ороод ирвэл би Мөнхтөрд мөнгийг нь өгнө. 2014 оны 7 дугаар сард төгрөгөөр тухайн өдрийн Хаан банкны ханшаар тооцож 2.800.000 воныг бэлнээр авсан. Энэ мөнгийг би Солонгос улс руу дүү Энхтуяагийн сургалтын төлбөр гэж шилжүүлж өгөхөөр хүлээн авсан. Одоогийн ханшаар 3.000.000 төгрөг болж байгаа. Түмэндэмбэрэлээс би хувийн журмаар мөнгө хэрэгцээтэй үед мөнгө шилжүүлж авсан нь үнэн. Мөнхтөрөөс авсан мөнгөө би Солонгос хүнд өгсөн. Тэр хүн Солонгос улс руу явчихсан тэгээд би авч чадахгүй байгаа. Тухайн үед над руу Батбаяр гэх хүн залгаад уулзъя гээд уулзахад хэдэн залуучууд ирээд хүнээс авсан мөнгөө хурдан буцааж өг тэгэхгүй бол намайг ална шүү гэж дарамталсан тэгээд би хөдөө яваад өгсөн. Хөдөөнөөс ирээд цагдаагийн байгууллагад очих гэсэн боловч хүмүүсийн мөнгийг барагдуулаагүй болохоор хорих байх гэж бодоод зугтсан. Би оргосон хугацаандаа Дорноговь аймаг руу 2015 оны 6 сард тус аймгийн Манхан гэх газар байдаг уурхай руу явсан. Солонгос хүн маань 22 товчооны хойно газар авна гээд И Жон Мен гэдэг хүнд дахиад газар аваад өг гэж мөнгө аваачиж өгсөн. Тэгээд надад газар авч өгөлгүй алга болсон. Үүний дараа Улаанбаатар хотод байж байгаад сарын эхээр Сүхбаатар аймаг руу явсан тус аймагт И Жон Мен гэх Солонгос хүн Сүхбаатар аймагт уурхай зарах гэж байгаа чи тэгээд мөнгөө авчих гэж хэлэхээр нь би Сүхбаатар аймаг руу явсан тэгээд тэндээ байж байгаад ирсэн. Би прокурорын шатнаас оргон зайлсандаа болон хүмүүсийн мөнгийг авсандаа харамсаж байна. Би хүмүүсийн мөнгийг буцаан өгч хохиролгүй болгоно...” гэсэн мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 101-114 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 146/,

 

            Хохирогч Н.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2014 оны хавар шинэ техникийн зах баригдах үед газар хэрэгтэй байгаа талаар О.Ганчимэгийн аавынх нь хүргэн дүүд хэлсэн байсан чинь О.Ганчимэгтэй уулзсан. О.Ганчимэг газрын албанд танилтай, газар олж өгч чадна гээд кадастрын зураг үзүүлээд 30.000.000 төгрөгөнд газар олж өгч чадна гэж байсан. Хамтран ажиллах талаар хэлж байгаагүй. О.Ганчимэг өөрийгөө Солонгос Улсад доктор хамгаалсан, Нийслэлийн газрын албанд ажилд орох гэж байгаа талаар хэлж байсан. 22-н товчооны тэнд газар очиж үзэж байсан. Тэгээд анх  уулзсан өдрөө 5.000.000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа ярихад хөөцөлдөж байна, дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өгөхгүй гэж хэлэхэд гэрчилгээ чинь гарах гэж байна гэж хэлэхээр нь 2.500.000 төгрөгийг нь дансаар, 2.500.000 төгрөгийг нь бэлнээр авсан. Тухайн үед аав нь итгэл төрүүлж байсан. Кадастрын мөнгө болон хүн хоолонд оруулсан гээд 450.000 төгрөг дансаар, 150.000 төгрөг бэлнээр авсан. Тэрнээс хойш ажлаар хөдөө яваад намар ирээд О.Ганчимэгийг хайгаад олоогүй. 10.000.000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулсан. О.Ганчимэгийн гэрийг нь хайж очиход ээж нь байсан. Тэгээд мөнгөө төлтөл барьцаанд өгөх зүйл байна уу гэхэд байхгүй гэж хэлэхээр нь машинаа өг гэж барьцаа нэхсэн. Газрын гэрчилгээ, машины гэрчилгээг аваад мөнгө өгч чадахгүй бол Н.Мөнхтөрийн өмчлөлийнх болно гэсэн гэрээ байгуулсан. Газрын хувьд гэрчилгээ байгаа боловч газар нь байхгүй байсан. Хорооны Засаг дарга дээр очиж уулзахад Хан-Уул дүүрэгт газаргүй 700 орчим гэрчилгээ өгсөн байгаа гэж хэлсэн. Би эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирсон. Одоо 10.600.000 төгрөг нэхэмжилж байгаа. Машиныг нь 1.300.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг хохирлоос нь хасаад үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна. О.Ганчимэгийн газрыг ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн байгаа. Гэхдээ үлдэгдэл хохирлыг төлчихвөл газрыг нь буцааж өгнө…” гэв.

 

            Хохирогч Н.Мөнхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би 2014 оны 4 сараас эхлэн техникийн шинэ зах байгуулагдах газрын ойролцоо газар хайж эхэлсэн. Тэр хугацаанд Ганчимэг манай хуурай ах Өрнөхбаяраар дамжуулж надтай танилцсан. Ганчимэг нь Сонгино-Хайрхан дүүргийн 32-р хороо Бордогийн хэсэгт 1.5 га газар 35 сая төгрөгөөр олж өгч чадна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би урьдчилгаа мөнгө болох 5 сая төгрөгийг бэлнээр Ганчимэгт өгсөн. 2014 оны 5 сарын 05-ны өдөр өгсөн. Үүний дараа Ганчимэг нь алга болчихсон тэгээд олж уулзтал Ганчимэг нь газрын зөвшөөрөл гарах гэж байна одоо дахиад 5 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2014 оны 6 сарын 06-ны өдөр 2.5 саяыг бэлнээр 2.5 саяыг Хаан банкны өөрийн 5720470062 дугаарын данснаас 5022987789 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд Ганчимэг 7 сар гэхэд газрыг чинь бэлэн болгоно гэж хэлсэн. Ингээд байж байтал удалгүй Ганчимэг над руу залгаад хүмүүс хоолонд оруулах гээд байна гээд утасдаад байсан ба 600.000 төгрөг өгчих гэж яриад байхаар нь би мөн данс руу нь мөнгө хийсэн. Тухайн үед цаасан дээр гараар мөнгө хүлээлгэн өгч авсан зүйл бичсэн. Сүүлд 2015 оны 1 сарын 12-нд уулзаж бэлэн мөнгө өгч авсан гэсэн гэрээ хийсэн. Би Ганчимэгээс 10.000.000 төгрөгийн барьцаанд түүний 1996 онд үйлдвэрлэгдсэн автомашин, Өлзийт хороололын газрын гэрчилгээг нь барьцаанд авсан. Ганчимэг итгэмжлэл хийж өгсөн. Би өөрийн өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна. Би машиныг нь 1.300.000 төгрөгөөр зарсан, одоо 8.700.000 төгрөгийг авна. Мөнгөө авбал газрын гэрчилгээг нь эргүүлэн өгнө….” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

   Хохирогч Х.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би ажлынхаа доор караоке ажиллуулдаг байсан. Би О.Ганчимэгийн эгч Ариунцэцэгтэй найзууд бөгөөд манай караокед орой болгон О.Ганчимэг, Ариунцэцэг нар ирээд идэж, уугаад явдаг байсан. Тэгээд Ариунцэцэг О.Ганчимэгийн талаар хэлэхээр нь “хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ Солонгос Улс руу явуулах гээд хэлний бэлтгэлд явуулж байгаа талаар” хэлэхэд О.Ганчимэг “тэтгэлэг амархан олддог, миний сурч байсан Канвоны их сургуульд болж байна” гэж хэлсэн. Тэгээд О.Ганчимэг 6.430.000 төгрөгийг миний ажил дээр тоолоод авсан. Энэ талаар бичлэг хавтаст хэрэгт байгаа. О.Ганчимэг нь 6.430.000 төгрөг, 59.520 төгрөг, 300 вон, эрүүл мэндийн жилийн даатгалын хураамж болох 287.000 вон буюу 536.000 төгрөг, тэтгэлэгийн анкетны хураамж, бичиг баримтны нотариатны мөнгө зэргийг бэлнээр, дотуур байр, визний хураамжийг дансаар авч байсан. Хохирол огт төлөгдөөгүй. Одоо 9.558.000 төгрөг нэхэмжилж байна…” гэв.

            Хохирогч Х.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Ганчимэгт мөнгө өгөхдөө 2014 оны 7 сарын 30-ны өдрөөс 2014 оны 9 сарын 10-ны хооронд Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажил болох “Эс” караокед ирж цувуулж 8.892.020 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4.253.140 төгрөгийг тус тус өгсөн. Манай дүүг үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр магистрт тэтгэлэгтэй суралцуулна гэж хуурч мэхлэн мөнгө авсан. Ганчимэгээс өгсөн мөнгөө буцааж авахаар нэхэхэд утсаа салгаад одоог болтол олдохгүй байгаа. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоогийн байдлаар Ганчимэгээс буцааж авсан мөнгө байхгүй…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 76-77 дугаар хуудас/,

           

Хохирогч Х.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай эгч Х.Түмэндэмбэрэл намайг албан ёсоор О.Ганчимэгтэй танилцуулсан. Би тухайн үед солонгос хэлний курст сурсан байсан. Тэгээд О.Ганчимэгтэй уулзахад “эгч нь өөрөө сурч байсан, чамд тусалж чадна” гэж хэлж байсан. Банкны баталгаа 10.000.000 төгрөгийг 3 сар байршуулдаг гэхээр нь мөнгө байхгүй, гэхдээ эгчээсээ асуувал болох байх гэж хэлсэн. Гэтэл О.Ганчимэг “манай ХААН банкинд ажилладаг найз байдаг, эгч нь мөнгийг нь байршуулаад өгье” гээд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний 700 ам.доллар, 12 дугаар сарын 12-ны өдөр 700 ам.доллар, 01 дүгээр сарын 11-ний өдөр 700 ам.долларыг бэлнээр аваачиж өгч байсан. Сүүлийн 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. АТМ-ээс тизний мөнгө гэж 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо нийт 10.881.817 төгрөгийг нэхэмжилж байна…” гэв.      

   Хохирогч Х.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганчимэг Солонгос улсын Канвон их сургуульд тэтгэлэгтэй явуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд надаас 2100 ам долларыг авсан. 3 хувааж 700 ам доллараар өгсөн мөн үүнээс гадна Ганчимэг нь банкны баталгааг 21 хоногоор сунгасан учир дахин 1 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би энэ мөнгийг өгсөн. Мөн 2015.03.09-ний өдөр Ганчимэг нь би чиний тийзийг хямдхан захиалаад өгье гэж хэлээд мөн 500.000 төгрөгийг авсан. Ингээд би эгчээс тусдаа Ганчимэгт нийтдээ 2100 ам доллар 1.500.000 төгрөгийн хамт өгсөн. ...2014.11.11-ний өдөр эхний 700 ам долларыг үүний дараа 2014.12.12-ны өдөр 700 ам доллар өгсөн. Мөн 2015.01.11-ний өдөр 700 ам долларыг Ганчимэгт тус тус өгсөн. 2015.02.10-ны өдөр 1 сая төгрөгийг 2015.03.09-ний өдөр 500.000 төгрөгийг өгсөн. 2100 ам доллар болон 1 сая төгрөгийг Солонгос улсын виз гарахад банкинд байршуулсан 10.000 ам долларын төлбөр гэж хэлж авсан. 500.000 төгрөгийг онгоцны тийз хямдхан захиалж өгнө гэж хэлээд тус тус авсан… 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн 700 ам долларыг эгчийн нэхэмжилсэн 13.000.000 орчим төгрөгөнд оруулан тооцсон…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

 

Гэрч О.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганчимэг нь Мөнхтөрөөс мөнгө авахдаа “Сонгино-Хайрхан дүүрэгт газар олж өгнө, бэлэн газар байгаа” гэж хэлээд эхлээд урьдчилгаа 5.000.000 төгрөг, дараа нь газрын гэрчилгээ гарчихлаа гэж хэлээд 5.000.000 төгрөг ингээд нийт 10.000.000 төгрөг авсан. Тухайн үед албан ёсны гэрээ хийгээгүй мөнгө өгч авалцсан гарын үсэг зурж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Өрнөхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганчимэг Мөнхтөрөөс мөнгө авахдаа шинэ техникийн зах нүүж байгаатай холбогдуулан тэнд газар олж өгөхөөр болсон. Тэгээд бид хоёрыг дагуулж явж тэр газрыг үзүүлээд мөн кадастрын зураг хүртэл үзүүлж байсан. Мөнхтөр эхний 5 сая төгрөгийг өгөхөд би хамт байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ариунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн охин Ганчимэгийг батлан дааж авсан ба 2015 оны 7 сарын 10-наас хойш дахин уулзаагүй ба хүн амьтнаас мөнгө төгрөгөө олж авах гээд хөдөө гадаа явж байна гэж хааяа ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ариунцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Ганчимэг нь над руу ярьсан ба Сүхбаатар аймагт байна гэж ярьсан. Тэрнээс хойш холбоо бариагүй....Үүнээс өмнө Равжир над руу яриад Ганчимэгийг хаана байгаа талаар асууж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82 дугаар хуудас/

 

Гэрч Н.Равжир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би батлан даалтанд авсан. Тухайн үед би тухайн хэргийн хохирогч Түмэндэмбэрэл гэх эмэгтэйтэй хамт гадуур Ганчимэгийг хайж бас явж байсан. Тэгээд байгаа газар нь олдоогүй, тодорхойгүй байсан. Би ах дүүгийнх нь гэрээр хайхад мэдэх хүн байхгүй байсан. Энэ хугацаанд Ганчимэг ор сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 125 дугаар хуудас/ 

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор: “...Н.Мөнхтөрөөс О.Ганчимэгт 10.000.000 төгрөг өгсөн баримтыг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор: 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов...” гэжээ. /1 хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

 

Хохирогч Х.Түмэндэмбэрэлээс хурааж авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг камерын бичлэг нь 3 хэсэг бичлэг байх бөгөөд 20140730_115006.mр4, 20150406_182255.mр4, 20150406_184611.mр4 гэх бичлэгүүд байх ба эхний 20140730_115006.mр4 гэх бичлэг рүү хандалт хийж ороход уг бичлэг нь нийт 25 секундын бичлэг байх ба уг бичлэг нь дээр яллагдагч О.Ганчимэг нь ширээн дээр тамхи бариад сууж байх ба Ганчимэгийн баруун гар талд гялгар уутанд хийсэн боодолтой мөнгө мэт эд зүйл болон задгай мөнгө байсныг тэмдэглэлд тусгав. Уг бичлэгт О.Ганчимэг нь ширээний ард сууж байсныг тэмдэглэлд тусгав. Уг бичлэгийн 20150406_182255.mр4 гэх 2 дэх хэсэг рүү хандалт хийж ороход уг бичлэг нь нийт 9 минут 57 секундын бичлэг байх ба бичлэгт Ганчимэг нь хохирогч Х.Түмэндэмбэрэлтэй уулзаж байгаа бичлэг байв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/

 

2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №39 дугаартай “Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд: “...яллагдагч Очбаяр овогтой Ганчимэг нь итгэл эвдэх аргаар залилан мэхэлж хохирогч Н.Мөнхтөрд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хяналтын прокурор М.Алианцэцэг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 95 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх гэсэн боловч яллагдагч Очбаяр овогтой Ганчимэг нь хаана байгаа нь тогтоогдохгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаагчын тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 57-64, 66-67, 70 дугаар хуудас/

 

Гэрч Э.Сувдаагийн мэдүүлэг /1 хх 85/, гэрч Н.Золжаргалын мэдүүлэг /1 хх 87/, гэрч Б.Алтаннавчын мэдүүлэг /1 хх 88/, шүүгдэгч О.Ганчимэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 114/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 114 ар тал/, хувийн байдал тогтоосон баримт /1 хх 117-118/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх 129/, “Хаан” банкин дахь О.Ганчимэгийн дансны хуулга /1 хх 137-151/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1 хх 152/, зээлийн гэрээ /1 хх 171/, хэлцэл /1 хх 184-187/, бэлэн мөнгө авсан баталгаажилт /1 хх 189/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх 14-15/, авто машин худалдах, худалдан авах гэрээ /2 хх 90-92/, хэлцэл /2 хх 94/, гэрч З.Батмөнхийн мэдүүлэг /2 хх 136/, долларын ханшийн лавлагаа /2  дугаар хх-ийн 86, 149 дүгээр хуудас/,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан жирэмсэн эхийн хяналтын дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Ганчимэг нь “Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар олж өгнө” гэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар иргэн Н.Мөнхтөрөөс Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5 сая төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5 сая төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөгийг, иргэн Х.Түмэндэмбэрэлээс “дүү Х.Энхтуяаг нь Солонгос улсад сургуульд оруулж өгнө” гэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эс" караокед 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 8.470.660 төгрөг, 300.000 вон буюу 543.000 төгрөг, нийт 9.013.660 төгрөг, иргэн Х.Энхтуяагаас “Солонгос улсад сургуульд оруулж өгнө” гэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 11 дүгээр 11-ний өдөр 700 ам доллар, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 700 ам доллар, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 700 ам доллар, нийт 2100 ам доллар буюу 3.981.817 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, нийт 5.481.817 төгрөг, иргэн Н.Мөнхтөр, Х.Түмэндэмбэрэл, Х.Энхтуяа нараас нийт 25.095.477 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, давтан үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Мөнхтөр, Х.Түмэндэмбэрэл, Х.Энхтуяа нарын мэдүүлгүүд, гэрч О.Гантулга, Д.Өрнөхбаяр, Э.Сувдаа, Н.Золжаргал нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол, камерын бичлэгийн тэмдэглэл, хохирогч нараас шүүгдэгч О.Ганчимэгт төгрөг, валют өгсөн баримтууд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,   

 

2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Ариунаа, Б.Ариунцэцэг, Н.Равжир нарын мэдүүлгүүд, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол,  “Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол, мөрдөн байцаагчын тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдлүүд нь тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч О.Ганчимэгийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульзүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “....хохирогч Н.Мөнхтөрийн хохиролд шүүгдэгч О.Ганчимэг нь өөрийн автомашин, газар зэргийг 4 сая төгрөгт тооцон өгсөн тул үүнийг хасвал үлэмж хэмжээний хохирол болно, мөн мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн нь тогтоогдохгүй тул энэ үйлдэл нь эргэлзээтэй зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, ашигтайгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн  үндэслэлгүй юм.

 

Учир нь шүүгдэгч О.Ганчимэг нь хохирогч Н.Мөнхтөрөөс мөнгийг нь залилан мэхэлж авахдаа анхнаасаа барьцаа мэтээр автомашинаа өгөөгүй бөгөөд харин эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохиролд тооцуулахаар хэлцэл хийснээс гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа  хууль тогтоомжоор хохирогчид учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон гэж үзнэ.  

 

Мөн шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Б.Ариунаа, Б.Ариунцэцэг, Н.Равжир нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үгүйсгэгдэж байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...хохирогч Х.Энхтуяад учирсан хохирлоос 2100 ам долларыг гэмт хэрэг үйлдсэн үеийн АНУ-ын ам долларын ханшыг Монгол төгрөгт хөрвүүлэхэд 3.981.817 төгрөг байх байтал яллах дүгнэлтэнд 9.381.817 төгрөг гэж буруу бичсэнийг зөвтгөж 3.981.817 төгрөгийн хохирол байна...” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч О.Ганчимэг урьд шүүхээр ял шийтгүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байх хугацаа дууссан байна.

 

Шүүгдэгч О.Ганчимэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас  өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Ганчимэгт ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Ганчимэг нь жирэмсэн байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүх хуралдаанд хохирогч Н.Мөнхтөр нь “О.Ганчимэгээс өөрийн автомашин болон газар зэргийг миний хохиролд 4 сая төгрөгөнд өгөхөөр тохиролцож хэлцэл хийсэн ба газар байгаа эсэх нь тодорхойгүй тул түүнийг буцаан өгч, харин автомашиныг 1.300.000 төгрөгөөр зарсан ба энэ мөнгийг хохирлоос хасч үлдэгдэл хохирлыг авмаар байна” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Ганчимэгээс хохирогч Н.Мөнхтөрийн 10.600.000 төгрөгийн хохирлоос 1.300.000 төгрөгийг хасч үлдэгдэл 9.300.000 төгрөгийг, 9.013.660 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Түмэндэмбэрэлд, 5.481.817 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Энхтуяа нарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хуудас баримт, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч О.Ганчимэгийн цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч О.Ганчимэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч О.Ганчимэгийг давтан үйлдээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж ‎авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганчимэгээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 /тав/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганчимэгийн цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди, 1 хуудас баримт зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганчимэгээс 23.795.477 төгрөгийг гаргуулж 9.300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 91б-6 тоотод оршин суух хохирогч Н.Мөнхтөр /ОЮ87102132/, 9.013.660 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61-36 тоотод оршин суух хохирогч Х.Түмэндэмбэрэл /АГ81022700/, 5.481.817 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61-36 тоотод оршин суух хохирогч Х.Энхтуяа /АГ 90090642/ нарт тус тус олгосугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганчимэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ганчимэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ДУЛАМСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                  Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

 С.ОЮУНЧИМЭГ