Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 912

 

Ж.Б-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Ариунаа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С,

            шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч Н.Ганбат,   

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006 01513 0694 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн .......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үйлдэх үедээ “М-Ө” СӨХ-д харуул ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ....................тоотод түр оршин суух, /РД: ............/,

Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Ж.Б-д  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 20 жилийн хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай нийцүүлэн хасч, 13 жил 3 сар 1 хоногийн хорих ял болгон тогтоож, 14 жил 17 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн тул суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 947 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ............. тоот хашаан дотор иргэн Г.Б-той маргалдаж, улмаар түлээний дэр модоор толгойн тус газарт нь цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулснаас Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нас барж, Г.Б-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ж-н Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-н урьд цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-с гэм хорын хохиролд 8.022.635 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80 см урттай түлээний дэр мод 1 ширхэг, 13х11.5см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан судалтай даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэ хэрэг гарахаас өмнө хохирогч Г.Б бид 2 хоорондоо эв түнжин сайтай, маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй, сайн ах дүүгийн харилцаатай байсан. Хамт нэг байгууллагад ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр маргалдсан шалтгаан нь Г.Б бид хоёр их хэмжээний согтолттой байсан. Гэтэл Г.Б гэртээ харина гэж зөрүүдэлсэн. Би “чи ийм согтуу байж яваад хэрэггүй, орой болсон байна хоноод яв, өглөө хамт ажилдаа явъя” гэж хэлэхэд зөрүүдлээд гэрээс гараад явахаар нь би араас нь гарч “яваад хэрэггүй” гээд мөрөнд нь хүрэхэд эргэж хараад миний нүүр лүү цохиод газар унагаж, цээжин дээр минь өвдөглөж суугаад ноосон цамцны захаар хоолойг минь боосон. Тухайн үед амьсгал давчдаж, нүд харанхуйлаад ирэхэд сандарч босох гэж оролдож, газар тэмтэрч Г.Б-г түлхэж байхад гарт нэг зүйл баригдахад нь Г.Б-г цохисон. Цохиход Г.Б хажуу тийшээ унахад нь би босоод харахад миний түлээ хагалахдаа ашигладаг мод байсан. Тэгээд би гэр лүүгээ орж эхнэрээ сэрээж эмнэлэг дуудсан. 

Өмгөөлөгч хүн хэрэгтэн, сэжигтэн болсон бид нарыг хэрэг хүлээлгэх, тулган шаардах, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхийг, бид нарыг тэр бүхнээс хамгаалах ёстой хүн байдаг. Гэтэл өмгөөлөгч Н.Ганбат нь хуурч мэхлэн “чамайг хохирогч Г.Б-г тонгорч унагааж байгаа бичлэгийг үзсэн, чи одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг хүлээн зөвшөөр” гэж тулган шаардсан. Энэ нь өмгөөлөгч хүнд байж боломгүй ёс зүйн алдаа. Комд орсон хүнийг, комноос нь гаргалгүйгээр норкозонд шууд оруулан хагалгаа хийсэн байдаг. Мэс ажилбар хийсэн эмч нарыг шалгуулах хүсэлтэй байна. Хохирогч Г.Б нь эмнэлгийн тусламж аваад 11 хоног амьд байхад эмнэлэг ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй байдаг. Энэ бүхнийг үндэслэн миний хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дээр дурдсан асуудлыг дахин шалгуулахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Би 2017 онд ял шийтгэлээ эдэлж дуусаад суллагдаж гарсан цагаасаа хойш шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр, хүүхэдтэй болж амьдрал минь төвхнөж, өндөр настай эх болон эхнэр, хүүхдээ халамжлах эрмэлзэлтэй байсан. Эх минь 80 нас хүрч байгаа, гэртээ байдаг, өрөөсөн нүд нь хараагүй, суумгай тэргэнцэр дээр байдаг. Ганцаараа амьдардаг учир өндөр настай хүнд их хэцүү байдаг болохоор хамт амьдарч халамжлан асрах хүсэлтэй. Эхнэр минь сонсгол муу, зүрхний томролтой тэтгэвэрт байдаг болохоор асаргаа халамж шаардлагатай байдаг. Одоо надад оногдуулсан ял шийтгэл нь өндөр настай эх, эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн, итгэл дүүрэн амьдрах хүсэл минь үгүй болж байна. Бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй боловч би өөрийн шударга хөдөлмөрөөр орлого олж амьдралаа залгуулж байсан. Цаашид ард минь үлдэж байгаа эхнэр, хүүхэд, өндөр настай эхтэйгээ дахин уулзах, үгүй нь надад оногдуулсан ял шийтгэлээс харахад маш хүнд байна. Иймд миний эрх зүйн байдал, нийгэмд эзлэх байр суурь, хувь хүний нийгэмшил, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж байгааг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Ж.Б-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би Ж.Б-тэй удаа дараа цагдан хорих байранд очиж уулзаж байсан. Ж.Б нь 80 настай ээж болон эхнэр, бага насны хүүхэдтэйгээ хамт хүнд нөхцөлд амьдардаг. Тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул түүний гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг багасгаж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Б нь талийгаачийн амь насыг санаатайгаар хохироосон гэж үзэж байна. Хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, талийгаачийг эмнэлэгт байхад ч ирж уулзаж байгаагүй. Би маш их гомдолтой байна. ...” гэв. 

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ж.Б нь хүний толгой хэсэгт модоор цохивол амь нас хохирч болох буюу хүрэх үр дагаврыг мэдсээр байж санаатайгаар уг үйлдлийг хийсний улмаас хохирогч Г.Б нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-д  12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ............ тоот хашаан дотор иргэн Г.Б-той маргалдаж, улмаар түлээний дэр модоор толгойн тус газарт нь цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулснаас Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нас барж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-н “... 2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед манай хүү Б.Ц над руу залгаж, нөхөр Г.Б-г Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон, ухаангүй байгаа талаар хэлсэн. ... Манай нөхрийг 3 дугаар сарын 17-ны орой цохиж зодож гэмтээчихээд эмнэлгийн байгууллагад хандаагүй, гэр бүлийн хүмүүст холбоо барьж мэдэгдээгүйд гомдож байна. ...” /1 хх 23-25/,

гэрч Д.Я-н “... Г.Б нь манай гэрт ирэхдээ жоохон халамцуу ирсэн ба архи ууж дуусахад Г.Б нилээд согтсон байсан. Тэгээд Г.Б явах гэж  байгаад болиод хоноод маргааш хамт явъя гэж яриад хонохоор болсон. Би орон дээр хэсэг зүүрмэглэж байтал хамтран амьдрагч Ж.Б намайг “босооч пизда минь, би хүн алчихлаа” гээд намайг дагуулаад гадаа гарсан. Тэр үед Г.Б нь манай үүдний дэвсгэрийн урд талд доошоо харчихсан, чихнээс нь цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. Ж.Б нь Г.Б-г гэртээ оруулаад чихнийнх нь цусыг угааж өгч байсан. Тэр үед Г.Б ухаантай байсан ба “за яахав яахав, зүгээр байлгүй дээ” гэж ярьж байсан. Тэгээд би газарт ор засаж өгөөд унтуулсан. ...” /1 хх 29/,

шинжээч М.Золжаргалын “... Шинжээчийн 824 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг авсан цагаас хойш тархины хатуу хальс дээрх цусан хураа нь тархийг дарах хүртэл хугацаанд амьд явах боломжтой. ...” /1 хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач Г.Б-н цогцост баруун чамархай ясны цөмөрсөн хугарлаас суурийн дунд хонхор луу салаалсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /100гр/, баруун чамархайн хуйх, булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Г.Б нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” /1 хх 35-40/ гэх 824 дугаартай дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 10-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15-18/, талийгаач Г.Б-н өвчний түүхийн хуулбар /2 хх 44-77/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-н амь хохирогч Г.Б-н толгойн тус газар нь модоор цохиж, тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ж.Б-д анхан шатны шүүхээс 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Б-с “... Хохирогч Г.Б нь эмнэлгийн тусламж аваад 11 хоног амьд байхад эмнэлэг ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй байдаг. Мэс ажилбар хийсэн эмч нарыг шалгуулах хүсэлтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн орчимд амь хохирогчийн толгой хэсэгт нэг удаа модоор цохиж, хохирогч нь гавал тархины битүү гэмтэл авсны улмаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн тухайн өдрөө мэс засалд орж эмчлэгдэж байгаад ухаан орохгүй байсаар 11 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсоны гадна шүүгдэгч Ж.Б-н хохирогч Г.Б-н толгойн тус газар нь түлээний дэр модоор цохих үйлдэл, хохирогчид гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль зүйн зохицуулалт бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.

Мөн аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг бол талийгаач Г.Б-н зүгээс бодитой халдлага хийгдээгүй байхад шүүгдэгч Ж.Б нь түүний толгой хэсэгт модоор цохисныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаар тархинд үүссэн цусан хураа нь ямар хугацаанд хэдий хэмжээтэй үүсч тархийг дарж үхэлд хүргэхийг тогтоох боломжгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Золжаргал мэдүүлжээ.

Шүүгдэгч Ж.Б-н буруутай үйлдлийн улмаас амь хохирогчид хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас амь насаа алдсан байх тул эмч нарын эмчилгээний буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч Ж.Б-с “... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, түүний үндэслэл, журам, нөхцөлийг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд сөрөг үр дагавартай Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  Иймд шүүгдэгч Ж.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.