| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01457/И |
| Дугаар | 102/ШШ2021/01697 |
| Огноо | 2021-06-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/01697
2021 оны 06 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2021/01697 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих иргэн ...-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Монгол Улсын иргэн ... миний бие ...-тай анх 2007 онд танилцаж, гэр бүл болж, албан ёсоор ... өдөр гэрлэлтээ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн албанд бүртгүүлэн батлуулсан. Бидний дундаас ... өдөр хүү ... төрсөн. Бид 2011 оноос хойш өрх тусгаарлан амьдарч эхэлсэн ба энэ үеэс нөхөр Н.Хатанбаатарын зан авир өөрчлөгдөж эхэлсэн. Маш их зугаа цэнгэл хөөцөлдөж архи хэтрүүлэн хэрэглэх, уух дуртай болсон. Согтуу ирэхдээ гэртээ агсам тавьд орчин тойрныхоо амгалан байдлыг алдагдуулдаг болсон. Хүү бид хоёрт ч маш их айдас дарамттай болж ирсэн. Цаашлаад элдэвээр харааж зүхэх айлган сүрдүүлэх улмаар гар хүрч зодох болсон. ...-ын энэ бүх үйлдлийг хүүгээ, гэр бүлээ бодоод маш их олон удаа тэвчиж өөрчлөгдөх байх, ухамсарлан ойлгох байх, хүүгийнхээ ирээдүйг бодох байх гэж уучилж байсан ч хамтдаа 10 жил амьдарсан ч өөрчлөгдөөгүй.
Ингээд арга буюу хүүгээ аваад тусдаа амьдарч байгаа ба хүүхдийнхээ ирээдүйг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, зөв боловсон хүн болгох, мөн хүүхдүүдээ хамгаалах гэж гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргаж тус шүүхэд хандсан боловч амьдарч байгаа газрынхаа хаалгыг нээж өгөхгүй санаатайгаар зугтаж шүүхийн болон цагдаагийн байгууллагад саад учруулж байх тул ...-ыг эрэн сурвалжилж өгнө үү.
... шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул иргэн намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... нь ...-рт холбогдуулан шүүхэд анх гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих иргэн ...-ыг эрэн сурвалжлуулахаар шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэгч ... болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... нарт шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
... хаягт хариуцагч ... нь бүртгэлгүй амьдардаггүй болох нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх албадан ирүүлэх тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ...-ын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих иргэн ...-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих иргэн ...-ын оршин суугаа хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих иргэн ...-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих иргэн ....-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих иргэн ...-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ