Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2021/00154

 

156/ШШ2021/00154

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 156/2020/00934

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .................... оршин суух, С.Э. /РД:./-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............оршин суух, .. регистрийн дугаартай, Л.А.т холбогдох гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Ерөнхий шүүгч Б.Марина илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., иргэдийн төлөөлөгч С.М., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж., гэрч Г.Н., Ж.Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э. нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Да хүрээ зах дээрээс машины ченжээс 2018 оны 8 дугаар сард Японоос орж ирсэн 2011 оны 12 дугаар сард үйлдвэрлэсэн Ниссан тийда маркийн машиныг 11,150,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2 жил 1 сарын хугацаанд машинаа сум орон нутагтаа унаж хэрэглэж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймаг руу хувийн ажлаар явахдаа Л.А.аар жолоодуулж явсан. С.Э. нь би Дорнод явах ажилтай жолоо бариад өгөөч гэж хэлээд Л.А.ыг хөлсөлж хамт явсан гэдгээ талууд хүлээн зөвшөөрдөг.

Ингээд буцаж явахдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас баруун тийш 30 километрын зайд явж байхад хөлсөөр жолоо барьж байсан Л.А. үүрэглэж, мөн дугуй хагарсны улмаас машинтайгаа замын хажуу руу унаж осолдсон. Л.А., С.Э. нарын бие гэмтсэн. Бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож осолдсоны улмаас тээврийн хэрэгсэл эвдэрч гэм хорын үнэлгээг хийхдээ Фэйр валуэшн ХХК нь 2011 онд үйлдвэрлэгдэн 2018 оны 08 дугаар сард худалдаж авсан, километрын гүйдэл, 2 жилийн хугацаагаар унаж эдэлсэн эдэлгээ, гүйдлийн норм зэргийг харгалзан зах зээлийн ханшаар 9,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж үнэлсэн.

Хэрэгт Фэйр валуэшн ХХК-ний үнэлгээний баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үнэлгээний хөлсөд төлсөн 158,950 төгрөгийн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн зэрэг баримтууд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад үнэлгээний хөлс 158,950 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр төлбөрүүд бүгд 9,000,000 төгрөгт орсон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагч Л.А. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Э.гийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 9 дүгээр сард намайг өвс ачуулах гээд том тэрэгтэй машинтайгаа Хэнтий аймгийн Хэрлэн гүүрийн урд байхад С.Э. нь над руу утсаар залгаад би Дорнод аймагт цагдаа дээр яаралтай ажилтай болчоод байна, би ганцаараа машинаа барьж явж чадахгүй тул чи миний машиныг бариад Дорнод аймаг ороод өгөөч би Дорнодод байрлах бүх зардлыг чинь дааж, хөлс өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Дорнод аймгаас Хэнтий аймаг руу буцаж явахад С.Э.ийн машины зөв талын дугуй буудаж машин унасан. Уг машин их хуучирсан, доогуураа их дуу орсон, дугуй муутай машин байсан. Би Хэнтий аймгаас ачааны машин дуудаж, Н. гэдэг хүн ирж, би өөрөө Н. гэдэг хүнд 250,000 төгрөгийн хөлсийг өгч машиныг ачуулаад ........................тоотод Э.н хамаатан гэх айлд аваачиж буулгаад явсан. С.Э. уг хугацаанд надаас мөнгө огт нэхэмжилж яриагүй. Уг машин осолдсоны дараа С.Э.ийн нэхэмжлэл дээр бичигдсэн шиг засч янзалж болохооргүй байгаагүй. Мөн машиныг эвдэрсэн машин худалдаж авдаг ченжид 250,000 төгрөгөөр намайг зарсан гэсэн тийм зүйл огт байхгүй. Би тэр ..................тоотод машиныг үлдээснээс хойш дахиж тийшээ очоогүй. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Л.А.ыг итгэмжлэлээр төлөөлөн оролцож байна. Тухайн болсон үйл явдлын тухайд 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Л.А.ыг гүүрний урд талд өвс ачсан машинтай хөдөө малдаа явах гэж байхад нь С.Э. ирж Дорнод аймгийн Цагдаагийн газар дээр ажилтай болсон тул Дорнод аймаг руу машин барьж яваад өгөөч гэж хэлсэн гэдэг. Үүний дагуу тэд Дорнод аймаг явсан. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буцаж ирэх замдаа осолд орсон. Тухайн осол болсон шалтгаан нь С.Э.ийн өмчлөлийн машин хуучин машин байсан. Улмаар машины зүүн гар талын урд дугуй хагарснаас болж осол гарч машин эвдэрсэн. Маргааш нь 9 дүгээр сарын 15-ны өдөр Л.А. нь Н.ийн хамт машин хөлслөөд Хэнтий аймгийн ......................тоотод авч ирж, орхин явснаас хойш дахин машиныг хараагүй гэж хэлдэг. Энэ явдлын дараа Л.А. нь олон хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс хэдэн сарын дараа нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан. Л.А хэлэхдээ тухайн осол миний буруугаас болж гараагүй. Машины дугуй хагарснаас болж осол гарсан гэдэг. Нэхэмжлэлд дурдсан шиг тухайн машин ашиглах боломжгүй байгаагүй, мөн хэрэгт авагдсан гэрэл зурагт харагдаж байгаа шиг байгаагүй гэдэг учир нэхэмжилж буй гэм хорын хохирлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч С.М. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагчийн аль нь буруутай болохыг хэлж чадахгүй байна. 2 гэрчийн мэдүүлэг болон миний зүгээс хэн нь буруутай вэ гэдэг нь тогтоогдохгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э. нь хариуцагч Л.А.т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Э.гийн өмчлөлийн Ниссан Тида маркийн ................. ХЭА улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгч С.Э..гийн зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагч Л.А. жолоодож яваад Дорнод аймгаас Хэнтий аймаг руу ирж байхад буюу Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр дээр зам тээврийн осол гаргасан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Э. нь уг зам тээврийн ослын улмаас хариуцагч Л.А.аас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулахыг хүсч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч Л.А. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Дорнод аймгаас Хэнтий аймаг руу буцаж явах замдаа С.Э.ийн машины зөв талын урд дугуй буудаж машин унасан, уг машин нь их хуучирсан, доогуураа их дуу орсон, дугуй муутай машин байсан, уг ослын дараа машин засварлаж, янзлах ямар ч боломжгүй байгаагүй... гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. нь ...Иргэний хуульд зааснаар хариуцагч Л.А. бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй... гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд.., ..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэл гаргаж байгаа тал өөрт гэм хор учирсан болохыг, түүний хэмжээг нотлох үүрэгтэй. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг тул өөрийн гэм буруугүйг нотлохын тулд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргах өгөх учиртай юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино..., 22.4-т ...Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй..., 22.5-д ...Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийсэн хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулсан байна... гэж зохицуулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Э.ийн өмчлөлийн Ниссан Тида маркийн,. ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдсан болох нь нотлогдож байх бөгөөд хариуцагчийн ...уг машин нь их хуучирсан, доогуураа их дуу орсон, дугуй муутай машин байсан... гэх маргаж буй үйл баримт нь тогтоогдохгүй байх тул хариуцагч өөрийн буруугаас авто осол гараагүй гэдгийг нотолж чадаагүй болно.

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх арга хэмжээ авах үүргийг хүлээнэ гэж заасан боловч хариуцагч Л.А. дээрх Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт, нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, хариуцагч Л.А. нь нэхэмжлэгч С.Э.ийн эд хөрөнгөд гэм хор учруулсан үйлдлээ өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хуульд зааснаар барагдуулах үүрэгтэй байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Н.ийн мэдүүлэгээр хариуцагч Л.А. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан гэдгийг нотлох бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

Харин хохирлын хэмжээний хувьд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн нийт үнэ болох 9,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Зохигчийн хэн алины тайлбараар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгөд зохих эвдрэл учирсан болохоос бүрэн устсан, дахин ашиглах боломжгүй болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Т. нь маргаан бүхий авто машиныг дахин ашиглах боломжгүй болсон байсан гэж мэдүүлдэг боловч энэ нь бичгийн баримтаар нотлогдоогүй, энэ талаар мэдүүлэг өгсөн гэрч Г.Нямдорж, Ж.Т. нар нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул уг машиныг дахин ашиглах боломжгүй болсон гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн авто машиныг цаашид ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад ямар ч засварлах, дахин ашиглах боломжгүй гэж үзэж 250,000 төгрөгөөр үнэлж худалдсаныг зөвтгөх боломжгүй гэж дүгнэв. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан эвдрэлийг засварлахад шаардлагатай зардлыг хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцах ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Учир нь Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээ бүхий материал нь эх хувь биш, хуулбар хувь байхаас гадна Үнэлгээний тооцоо хийж, тайлан дүгнэлт бичсэн Фэйр Валуэшн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Б. гэж гарын үсэг зурагдсан хэсэгт Ц. гэгчийн гарын үсэг зурагдсан нь ойлгомжгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд 9,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.А.т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.МАРИНА

 

ШҮҮГЧ   Х.ТАСХЫН

 

ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА