| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01594/И |
| Дугаар | 102/ШШ2021/01748 |
| Огноо | 2021-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2021/01748
2021 оны 07 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2021/01748 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... одоо өөр хүнтэй амьдараад хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж хүүг өөрийн асрамжид үлдээж, эцэг ...-аас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ... би Солонгос улс руу эхлээд явсан, Солонгос улсад хамт амьдарч байх хугацаанд бид хоорондоо маргалддаг байсан. Манай хүүг миний ээж өсгөж байсан, хүүгээ ...-ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. 2019 оны 2 дугаар сард ... Монголд ирээд хүүгээ өөрийн асрамжид авсан бөгөөд намайг хүүтэй минь уулзуулдаггүй байсан. Саяхан хүүгийнхээ төрсөн өдрөөс нь хойш л хүүтэйгээ хамт байгаа. Манай хүү надтай уулзах гэж ирэхээр араас нь дуудаад байдаг. Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...г нь хариуцагч ...-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
..., ... нар нь ... өдөр гэр бүл болсныг 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгүүлсэн, ... өдөр хүү ...-ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн хүү ...-ийг эх ...-ийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ...-ийг эх ...-гийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч ...-аас тэтгэлэг гаргуулан хүү ...-ийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ... өдөр төрсөн хүү ...-ийг эх ...-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар ... төрсөн хүү ...-т тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг ...-аас сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-аас улсын тэмдэгтийн хураамжид 169,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-т олгож, нэхэмжлэгч ...-ээс хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 99,310 /70,200+29,110/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ