Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2021/00279

 

 

 

 

 

 

 156/ШШ2021/00279

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00187/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......................оршин суух, Ж. овогт Э.У.  (РД:................)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................... оршин суух, /одоо оршин суугаа хаяг .................../ С.Б. (РД:.)-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г., хариуцагч С.Б. шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд С.Б.тэй танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин А. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2015 оноос  тусдаа амьдарсан. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин А.ийг миний асрамжид үлдээж өнөөдрийг хүртэл надтай хамт амьдарч байна. Хүүхэд маань 6 дугаар ангид суралцдаг. С.Б. нь өөрийн гэсэн ажилтай орлоготой амьдарч байгаа тул охиндоо хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У. нь 2006 онд С.Б.тэй танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Тэднийг хамт амьдрах хугацаанд 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин Амин-Эрдэнэ төрсөн. Тэд зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2015 оноос  тусдаа амьдарсан. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Амин-Эрдэнийг эх Э.Ууганнавчийн асрамжид үлдэж шийдвэрлэсэн байна. Охин А нь одоо 6 дугаар ангид суралцдаг. Гэрлэлт цуцлуулах үед С.Б. тодорхой ажил төрөлгүй байсан тул тэтгэлэг гаргуулаагүй. Одоо С.Б. нь өөрийн гэсэн ажилтай орлоготой амьдарч байгаа тул охин Э.А.д эцэг С.Б.ээс хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагч  С.Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.У.ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө шүүхээр гэрлэлтээ цуцлуулах үед би ажил орлогогүй байсан тул Э.У. надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй. У.А. нь миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.У. нь хариуцагч С.Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.У., хариуцагч С.Б. нар нь 2009 онд гэр бүл болж 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин У.А.ийг төрүүлсэн, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан охин У.А.ий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182 дугаартай шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. Тус шүүхийн шийдвэрээр гэрлэгчид хүүхдийн асрамжийг тогтоолгож, харин хүүхдэд тэтгэлэг тогтоолгох асуудлыг шийдвэрлүүлээгүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүргийн хувьд хариуцагч С.Б. нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч С.Б.ээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хэдийгээр өмнө нь гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг мөн дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.У.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Б.ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,523,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7  дугаар зүйлийг  удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин У.А.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б.ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.У.д даалгасугай

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.У.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Б.ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,523,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА