| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00385/И |
| Дугаар | 102/ШШ2021/00966 |
| Огноо | 2021-04-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2021/00966
2021 оны 4 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2021/00966 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Нэхэмжлэгч: ...,
Нэхэмжлэгч: ... нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-нд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... нар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., А.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие ... 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж, хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтанд унасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал авчирч, миний оронд ажиллах хүнийг томилсон. Иймд би өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...гэв.
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие ...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 21 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан. Ажиллах хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж, хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтанд унасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал авчирч, миний оронд ажиллах хүнийг томилсон. Иймд би өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна....гэв.
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие ... 2017 оны 11 дугаар сарын 07-ны өдрөөс 16 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж, хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтанд унасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал авчирч, миний оронд ажиллах хүнийг томилсон. Иймд би өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тухайн шалгалтыг ажилчдын ур чадварыг шалгах зорилготой байсан. Гэвч зорилгоосоо өөр шийдвэр гаргаж хууль бусаар биднийг ажлаас халсанд гомдолтой байгаа. ...гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ...: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа ... тоот Ажлын бүтэц, орон тоо шинээр тогтоосон тогтоолоор ажлын албаны даргад ур чадварын шалгалт авах, хүний нөөцтэй холбоотойгоор комисс байгуулах эрх хэмжээ олгогдоогүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажилд авах, томилох, чөлөөлөх нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад олгогдсон. Уг Хөдөлмөрийн дотоод журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, уг заалтыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хувьд Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-д үр дүнг хагас болон бүтэн жилээр дүгнэнэ, хэрэв F үнэлгээтэй ажилласан, дараагийн хагас жилд үнэлгээг дээшлүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тодорхой заасан. Гэтэл шинээр томилогдсон ажлын албаны удирдлагууд тухайн ажилчдыг 1 сарын дотор үйл ажиллагааг нь дүгнэж, ажлын байрны тодорхойлолтод хамаарахгүй зүйлээр шалгалт зохион байгуулж, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэн ажлаас халсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга төсвийн шууд захирагч байна гэж заасан. Хариуцагч талаас хурлын дарга улс төрийн албан тушаалтан учир хүний нөөцтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхгүй гэх тайлбар гаргаж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй. Үр дүнгийн тайлангийн хувьд гүйцэтгэл хангахгүй байсан гэж байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний багийг байгуулсан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолыг үндэслэж уг журмаар үнэлгээний баг ажлыг үнэлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болохыг тооцсугай гэсэн хүчингүй болсон журмын дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шалгалт зохион байгуулж, 12 дугаар сарын 18-ны өдөр дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас хууль бусаар халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт төлөөлөгч ...-ийн хамт гаргасан тайлбартаа:
...-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дүгээр тогтоолоор тус албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулан, комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн.
Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх... гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Комиссоос зохион байгуулсан шалгалтад ... 50 хувь, ... 10 хувь, ... 25 хувь буюу бүгд тэнцээгүй гэсэн үнэлгээ авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны ... дугаар захирамжаар батлагдсан Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан ба Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй дүн авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Нэхэмжлэгч нарын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн. Уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан учир ажлаас чөлөөлөх үндэслэл болсон.
Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, уг бүрэн эрхийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ирүүлсэн чиглэл хавтаст хэрэгт авагдсан. 44 дүгээр тогтоолоор ажлын албаны дарга тушаал гаргана гэж зохицуулагдсан. Уг дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Дүрмийн заалт болон холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан, Улсын дээд шүүхийн 33 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас томилогдсон тухайн байгууллагын мэдлэг ур чадварын түвшин тогтоох комиссоос гарсан шийдвэрийг шаарддаг. Тухайн байгууллагын комисс гэдэг нь тухайн байгууллагаас томилогдсон буюу тухайн байгууллагын комиссын үйл ажиллагааг зохицуулсан байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгоно. Тиймээс комисс байгуулах эрхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг хурлын даргын захирамжаар 2019 онд баталсан. Ажлын албаны дүрмийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор баталсан. Хоёр эрх зүйн акт зөрчилдөж байгаа тохиолдолд сүүлд хүчин төгөлдөр болсон дүрмийг дагаж мөрдөнө. 2020 оны 11 дүгээр сард удирдлагууд шинээр томилогдсон хэдий ч албан хаагчдын 4 улирлын зөвхөн 3 сарын үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэсэн. Нэхэмжлэгч нар шалгалтыг бид нарын ур чадварыг дүгнэнэ гэж авсан болохоос ажлаас хална гэж хэлээгүй гэх тайлбарыг гаргаж байна. Бид ажилчдыг халах зорилгоор шалгалт зохион байгуулаагүй, ур чадварыг мэдэх зорилгоор шалгалт зохион байгуулсан. Гэтэл 50 хувь буюу түүнээс доош үнэлгээг авсан. Ур чадварын түвшин хангалтгүй байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй байсан. Комиссын дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн юм. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Улс төрийн албан хаагчид хамаардаг. Ажлын албаны дарга Төрийн захиргааны албан хаагчид хамаардаг. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг ажлын албаны дарга тушаал гаргах эрхтэй. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны ... дүгээр тогтоолоор ажлын албаны дүрмийг баталсан. Энэ хүрээнд хөдөлмөрийн харилцаа холбоотой ажилчдыг томилох, чөлөөлөх асуудлыг ажлын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ гэж заасан. Иймд комисс томилох болон хөдөлмөрийн харилцаатай бусад харилцааг ажлын албаны тушаалаар зохицуулна гэж заасан. Тиймээс ажлын албаны дарга тушаал гаргах эрхтэй...гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
... нар нь ...-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч ... 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ... дугаар захирамжаар ...-ны хороодын иргэний танхим хариуцсан хэлтсийн ... дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар,
Нэхэмжлэгч ... нь мөн Хурлын даргын ... дугаар захирамжаар тус дүүргийн ... дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар,
Нэхэмжлэгч ... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар тус дүүргийн ... дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар тус тус томилогдон, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан байна.
...-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар тогтоолоор ...-ыг ажлын албаны даргаар томилж, мөн өдрийн ... дүгээр тогтоолоор ...-ийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталжээ. /хх-25-39/
Ажлын албаны дарга 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаар тушаал гарган Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг батлан, улмаар 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан байна.
Ийнхүү журмын дагуу мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах Удирдамжийг ажлын албаны дарга 12 дугаар сарын 09-ний өдөр батлан, шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, шалгалтанд оролцогчид нийт 100 онооны үнэлгээ авахаас нэхэмжлэгч ... 50 хувь,... 10 хувь, ... 25 хувийн үнэлгээ бүхий оноо авч Тэнцээгүй гэх дүгнэлтийг комисс 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Комиссын ахлагч ... нь Ажлын албаны даргад дүгнэлтээ өргөн барьжээ. /хх-61, 61, 68-72, 75/
Ажлын албаны даргад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр комиссын дүгнэлтийг өргөн барьсан тухайн өдөрт шалгалтын комиссын нарийн бичгийн дарга, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга ... нь Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримт үйлдэн, нэхэмжлэгч нарт үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байгаа, мэдэгдэлтэй холбоотой санал, тайлбарыг тухайн өдөртөө буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор гаргаж өгөхийг мэдэгдсэн байна. /хх-24, 159, 2-р хх-83/
Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын албаны даргын Үнэлгээний баг байгуулах тухай ... дугаар тушаалаар багийн бүрэлдэхүүнийг баталж, тухайн өдрөөс эхлэн ажлын 5 өдөрт багтаан албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэн дүгнэж, дүнг нэгтгэн танилцуулахыг үүрэг болгосон байна. /хх-77, 78/
Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний баг нэхэмжлэгч ... нарын 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хянаж, гүйцэтгэлийн тайланг Хангалтгүй гэж дүгнэжээ. /хх-112-114, 233-234, 2-р хх-120-122/
Улмаар Ажлын албаны даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар тушаалаар ...-ыг, мөн өдрийн ... дугаар тушаалаар ...-ыг, ... дугаар тушаалаар ...-г тус тус ажлаас чөлөөлж, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгосон байна. /1-р хх-4, 133, 2-р хх-7/
Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Ажлын албаны дүрмийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.10, 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2.2, 7.1, 7.2.4 дэх хэсэгт зааснаар ...мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн Хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр тус тус чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба нэхэмжлэгч нар ажлаас чөлөөлөгдсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо ... нар 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, ... 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нь гомдол гаргахаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нар Ажлын албаны даргын тушаалыг эс зөвшөөрч ...ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхгүй этгээдийн шийдвэрээр үндэслэлгүйгээр чөлөөлсөн, албан хаагчдын ур чадварыг шалгах комисс байгуулах эрх олгогдоогүй байхад комисс байгуулж, Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй зүйлээр шалгалт авсан, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сургах арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдээгүй, үр дүнгийн нэмэгдэл авч, ажлын гүйцэтгэлийн тайлан хангалттай гэж үнэлүүлэн, үр дүнгийн 40 хувийн нэмэгдэл авч, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажилчдыг хууль бусаар ажлаас халсан... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Харин хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: ...Ажлын албаны дарга нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд ...-ны дүрэмд зааснаар ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй. Хөдөлмөрийн дотоод журам нь 2019 онд батлагдсан, ажлын албаны дүрэм 2021 онд батлагдсан учир сүүлд хүчин төгөлдөр болсон эрхийн актыг үндэслэн шийдвэр гаргах эрхтэй этгээд болох Ажлын албаны даргын тушаалаар шийдвэрлэсэн. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь улс төрийн албан тушаалтан учраас хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй, ажлын албаны даргын шийдвэрээр байгуулагдсан комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заагдсан шаардлага хангасан эрх бүхий этгээд ба ажилтнууд ажлын байрны тодорхойлолтод заагдсан наад захын мэдлэг чадваргүй байсан учраас F үнэлгээ авч, ажил албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн... гэж тайлбарлана.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ...-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар авагдаагүй ба гэрээг бичгээр байгуулсан боловч зохигчдод хэн алинд байхгүй талаар тайлбарлаж, гэрээ байгуулагдсан болохыг талууд хүлээн зөвшөөрсөн. Мөн ... нартай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Тиймээс шүүх ... болон ...-ны хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Харин зохигчид Ажлын албаны дарга Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх, түүнчлэн, нэхэмжлэгч нарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт, уг шалгалтын дагуу гаргасан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан тайлбарлаж мэтгэлцлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
... даргын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... тоот захирамжаар ...-ны Хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдөж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцжээ. /1-р хх 42-55/
Хөдөлмөрийн дотоод журмын 3.5 дах хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Ажлын албаны дарга судлан танилцуулсны үндсэн дээр Хурлын дарга захирамжаар томилж, чөлөөлнө... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч .... нар нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан Төрийн үйлчилгээний албан хаагчид байна.
Нэхэмжлэгч нарын Хөдөлмөрийн гэрээг дотоод журмын 3.5 дах хэсэгт зааснаар Хурлын дарга баталж эрх олгосноор Ажлын албаны дарга нь ажил олгогчийг төлөөлөн байгуулж, тэднийг ажилд томилох тухай Хурлын дарга захирамжаар шийдвэрлэсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэж заасанд нийцжээ.
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 тоот ...-ийн тогтоолоор ...-ны дүрэм-ийг баталж, уг дүрмийн 2.5.3 дахь хэсэгт Ажлын албаны дарга нь ...Хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга, ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг үндэслэн Ажлын албаны дарга нь тушаал гаргаж, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлаагүй, хүчин төгөлдөр байгаа боловч 2020 онд шинэчлэн баталсан Ажлын албаны дүрэмд зааснаар Хурлын дарга бус, харин Ажлын албаны дарга хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргах эрхтэй, Хурлын дарга нь улс төрийн албан тушаалтан учир албан хаагчдыг томилж, чөлөөлөх эрхгүй гэх агуулгаар тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт нийцүүлж батлан, үйл ажиллагаандаа мөрлөг болгож байгаа Хөдөлмөрийн дотоод журамд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлын албаны даргын санал болгосноор томилж, чөлөөлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх бүхий этгээд буюу ажил олгогч шийдвэр гаргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүчин төгөлдөр үйлчилж буй Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын албаны дүрэмд албан хаагчдыг ажилд томилж, ажлаас чөлөөлөх эрх олгосон албан тушаалтан өөр байгаа үед сүүлд батлагдсан эрхийн актыг баримтлах, мөн Хурлын дарга улс төрийн албан тушаалтан учир хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй гэх тайлбар татгалзлын үндэслэлээ нотлоогүй учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй ба хуулийн энэ зохицуулалтаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана.
Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан заагаагүй байна. Харин журмын 6.3 дах хэсэгт Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар тодорхойлжээ.
Ажлын албаны даргад ийнхүү ажилтны мэргэжлийн ур, чадвар нь ажил албан тушаалд тавигдах бодит шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах комисс байгуулах, үүнтэй холбогдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй ба 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Ажлын албаны дүрмийн 2.5 дах хэсэгт заасан үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд албаны дарга тушаал гаргах эрхтэй байхад Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулан, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5 дах хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа ажилтныг Хурлын дарга захирамжаар чөлөөлөх эрхийг хэрэгжүүлсэн байна.
Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын үйл ажиллагааны тухайд:
Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын дугаар зүйлд шалгалтад хамрагдах албан хаагчдын нэрсийг Ажлын албаны дарга батлах, шалгалтын агуулга болон комиссын бүрэлдэхүүн Ажлын албаны хэлтсийн дарга нараас бүрдэхийг заан тодорхойлж, Комиссын гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо: 2.4.1-т зааснаар бэлтгэл хангаж шалгалт зохион байгуулах, 2.4.2-т зааснаар ...шалгалт зохион байгуулснаас хойш дүнг нэгтгэн 72 цагийн дотор шалгалтанд оролцсон албан хаагч, ажил олгогч нарт танилцуулах, 2.4.3-т зааснаар ...шалгалтын дүнгээр ажилтны цалингийн шатлал дэвшүүлэх, бууруулах, шагнал урамшуулалд тодорхойлох, зохих сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг ажил олгогчид танилцуулах үүрэг хүлээж, 2.4.4-т ...шалгалтын явц, үр дүнгийн талаар Комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, баримтжуулна гэж тус тус үүрэг болгосон байна.
Мөн журмын 2.7 дахь хэсэгт зааснаар Комиссын нарийн бичгийн дарга холбогдох албан хаагчдад шалгалтын талаар мэдээлэл хүргэж ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд 4.1 дэх хэсэгт заасны дагуу албан хаагч шалгалтын агуулга, комиссын үйл ажиллагаа, үнэлгээний талаарх гомдлоо шалгалтын үнэлгээ танилцуулснаас хойш 30 хоногийн дотор Ажлын албаны даргад гомдол гаргах, уг гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх тухай тусгайлан заасан байна.
Журам болон Шалгалт зохион байгуулах Удирдамжид заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шалгалтыг зохион байгуулж, албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг тест хэлбэрээр авч, 12 дугаар сарын 17-ны өдөр шалгалтанд оролцсон албан хаагчдын дүнгийн жагсаалт болон Тэнцээгүй гэх мэдээлэл бүхий комиссын дүгнэлт гаргаж, дээрх журмын 2.4.3 дах хэсэгт заагдсан саналыг тусгалгүй Ажлын албаны даргад 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн барьсан байна.
Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын агуулгыг нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтод заагдсан, тухайн ажлын байранд тавигдах чухал шаардлагатай ур чадварыг бус, харин Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомжууд болон компьютер хэрэглээний 20 асуулт бүхий тест хэлбэрээр авч, уг тестийн хариунд тулгуурлан албан хаагчдыг мэргэжил, ур чадварын хувьд Тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ур чадварыг үнэлсэн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн, Төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын зорилгоо: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, чадварлаг, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд оршино хэмээн тодорхойлж, шалгалтын үнэлгээг Журмын 3.2.4 дэх хэсэгт 60-аас доош тэнцээгүй. Албан тушаал бууруулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэх байдлаар авах арга хэмжээг сонгох нөхцөл заасан байна.
Гэтэл комиссын дүгнэлтэд журамд заасны дагуу шалгалтанд оролцсон албан хаагчдын үнэлгээний дагуу ямар арга хэмжээ авах талаарх саналыг ажил олгогчид танилцуулаагүй, албан хаагчдад шалгалттай холбоотой гомдол гарган шийдвэрлүүлэх боломж олгоогүй, ямар үндэслэлээр Журмын 3.2.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдэлд хүрсэн нь тодорхойгүй, мөн Ажлын албаны даргад комиссын дүгнэлтийг өргөн барьсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн дүгнэлтийн дагуу ямар шийдвэр гарсан болох нь тодорхойгүй байхад Комиссын нарийн бичгийн дарга нь шалгалтанд оролцсон албан хаагчид буюу нэхэмжлэгч нарт Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтыг танилцуулан гарын үсэг зуруулж, уг баримтаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тухай мэдэгдэл хэмээн тайлбарлаж байна.
Дээрх байдлаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь Ажлын албаны даргын батлан гаргасан журмыг зөрчсөн, тодорхой бус дүгнэлт гаргаж, дүгнэлтийн дагуу ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байхад албан хаагчдад шалгалтын дүн танилцуулсан баримтаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардуулсан гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсгүүдэд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хуулийн 40.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ.
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэлд: ...Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2020 оны А/09 дүгээр тушаалаар байгуулагдсан Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан албан хаагчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй үнэлгээ авч мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөн албан хаагчийн ажлын үнэлгээ хангалтгүй дүгнэгдсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна. Иймд сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой санал, тайлбарыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор гаргаж өгнө үү гэжээ.
Дээрх мэдэгдэлтэй нэхэмжлэгч нар танилцсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичгээр тайлбарлан гарын үсэг зурахаас татгалзсан байх бөгөөд Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын нарийн бичгийн даргын гаргасан уг мэдэгдэл баримтад нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байгаа талаар дурдсан нь тэдэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэн гэж үзэхгүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5 дах хэсгүүдэд Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасны дагуу 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэхэмжлэгч Г.Отгонжаргал 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, нэхэмжлэгч Ц.Мөнхзул 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, нэхэмжлэгч Н.Алтантуяа 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус тус боловсруулан, Хороодын иргэний танхим хариуцсан хэлтсийн даргаар батлуулж, 2020 оны 1, 2, 3 дугаар улиралд нэхэмжлэгч нар Хангалттай буюу 92-100 хүртэл үнэлгээ авч, 40 хувийн үр дүнгийн нэмэгдэл мөнгөн урамшуулал авсан байна. /хх-79, 203, 2-р хх-84, 126-130/
.... даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Үнэлгээний баг байгуулах тухай тушаалаар албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэх үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг баталж, үнэлгээний баг албан хаагчдын 2020 оны ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэн дүгнэж, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг хүлээсэн байна.
Үнэлгээний баг нь ажлын албаны даргын тушаалын дагуу албан хаагчдын 2020 оны ажлын гүйцэтгэлийг бус, зөвхөн 2020 оны 4 дүгээр улирлын ажлын тайланг хүлээн авч хянаад Хангалтгүй гэж дүгнэсэн нь Ажлын албаны даргын тушаалд заагдсан ажлыг бүрэн шалгаагүй гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж ... нарыг ажлаас үндэслэлгүй халсан байх тул тэднийг мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.
Нэхэмжлэгч нарын цалингийн хэмжээ адил, ажил олгогчоос олгогдож байсан цалин мөн ижил болох нь тэдний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудаар тогтоогдож байна. /хх-6, 134, 2-р хх-6/
Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын сүүлийн 3 сард олгогдсон 2,720,481 төгрөгийн цалингаас тооцвол нэг сарын дундаж цалин 906,827 төгрөг, 1 хоногийн дундаж цалин 43,182 төгрөг (906,827:21) ба үүнийг ажилгүй байсан нийт 54 хоног (2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны хооронд)-т тооцон нэхэмжлэгч тус бүрд 2,331,828 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас гаргуулан олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгана.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул нэхэмжлэгч ...-ын төлсөн 70,200 төгрөг, ...-ын төлсөн 70,200 төгрөг, ...-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 126,877 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...-ыг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 6 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд,
...-ыг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 21 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд,
...-г Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 16 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас 2,331,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д, 2,331,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д, 2,331,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д тус тус олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын төсвийн орлогоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-д, 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-д, 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-д тус тус буцаан олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 126,877 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн татвар/-д оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА