Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01174

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01174

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогт Б-гийн О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б овогт Э-ийн С-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Э.С-тэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулан 11 жил амьдарсан. Бидний дундаас 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр охин С.Н төрсөн. Э.С сүүлийн үед гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, үүнийг нь олон жил тэвчсэн. Намайг анх Э.С-тэй гэр бүл болоход ээж нь дургүй хөөдөг байсан. Миний харагдах байдлаас болж их доромжилдог. 2020 оны 5 дугаар сард ажлаасаа ирэхэд манай охин уйлчихсан байсан. Юу болсон талаар асуухад эмээ намайг ээжийгээ аваад зайлаарай гэж хэлсэн гэсэн. Би хадам ээжид яагаад хүүхдүүд хооронд нь хэрэлдүүлээд байдаг юм бэ, та эмээ шиг бай гэж хэлээд охиноо аваад явсан. Сүүлдээ ээж нь намайг үсдэж зодож байсан. Дээрх таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамт амьдрах хугацаанд О 3-4 удаа явсан. Би дандаа очиж авчирдаг, сүүлийн удаа өөрөө зайлаад өгнө гээд явсан. Манайх ээжийнхтэй нэг хашаанд тусдаа гэр бариад амьдарч байсан. Өнгөрсөн хугацаанд манай ээжтэй байнга хэрэлддэг байсан бөгөөд дандаа дундуур нь ороод байх хэцүү. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиндоо тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.О нь Э.С-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Б.О, Э.С нар нь 2009 оны 4-р сарын 7-нд гэрлэлтээ батлуулж, 2009 оны 5-р сарын 1-нд охин Н-ийг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдал, нөхөр Э.Сэнгээ нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болсон, хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Хариуцагч нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй тул хуулинд зааснаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж хүүхэд тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 8-р сарын 05-ны өдөр дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б-гийн Одгэрэл, Э-ийн С нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 05-р сарын 01-нд төрсөн охин С.Н-ийг эх Б.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин С.Н-ийг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Э.С-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.С-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА