Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 947

 

   С.А, Б.С нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.А-н өмгөөлөгч П.Амгаланбаатар, Д.Батбаяр,

шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч О.Анхбаяр, М.Хандармаа, Я.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/877 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч О.Анхбаяр, М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.А, Б.С нарт холбогдох эрүүгийн 1906 05529 2114 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ургийн овог тодорхойгүй, Б-н С, ..... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

2. Х овгийн С-н А, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр ............ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ..................... тоотод түр оршин суух, /РД: ............../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

С.А, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М н” хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах дугуй засварын орчимд иргэн С.Т-н “Самсунг Жи-7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А б” худалдааны төв дотор хохирогч С.Ц-д “гар утсаар чинь чат бичээд өгье” гэж хуурч залилан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н В” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б-тэй маргалдан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ..........тоотод байрлах зуслангийн байшинд Б.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр лүү стакан шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.С-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор дүйцүүлэн, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар С.А-д оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С-н цагдан хоригдсон 234 хоног, С.А-н цагдан хоригдсон 31 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.С-д оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял, С.А-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хохирогч Б.У нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн. Харин 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр санамсар болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэгт холбогдохдоо бусдын эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хэрэгт холбогдсон. Тус хэрэг үйлдэх хугацаа нь надад урьд оногдуулсан 2 жилийн тэнсэн харгалзах ялын хугацаанд таарсан бөгөөд уг 2 жилийн ялаас 5 сар 1 хоног үйлдсэн байсан. Би тэнсэж хянан харгалзах хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг тухайд нь бүртгүүлж байсан. Гэвч 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явагдсан шүүх хурал 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоол нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдаж хүчингүй болсныг харгалзан үзэлгүй хэвээр зүйлчилсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Би өндөр настай эхийн хамт амьдардаг бөгөөд ээж маань зүрх муу, удахгүй хүнд хагалгаанд орох заалттай байгаа болно. Би хуулийн мэдлэг дутуу, өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсон. Би уг хэргийг бүрэн ойлгож ухаарч, гэмшиж байна. Надад бусдад учруулсан хохирол, гомдол байхгүй. Миний бие ээжийгээ асарч, шударга хөдөлмөрлөж, сайн сайхан амьдрах хүсэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх миний 2016 онд авсан 2 жилийн тэнсэн харгалзах ялын заалтыг дахин хянан үзэж, 2020 онд оногдуулсан ялтай нэгтгэн эдлэх ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

 Шүүгдэгч С.А-н өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь:

Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, энэхүү гэмт хэрэгт холбогдсондоо харамсан гэмшиж ирсэн.

С.А нь 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, үүнийг тус шүүхээс 2 жилийн хугацаанд ял хойшлуулсан. С.А нь ял эдэлж дуусахаас 5 сар 1 хоног дутуу байхад гэмт хэрэгт холбогдсон. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ Эрүүгийн хууль үйлчилсэнтэй холбоотойгоор тэгшитгэл явагдсан. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохоо больсон.

Анхан шатны шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар С.А-д 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг бүхэлд нь нэмж, нийт эдлэх ялыг 2 жил 6 сар болгосон нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг хэрэглэх ёстой гэж үзэж байгаа бол 5 сар 1 хоногийн хугацаан дээр 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарыг нэмж ял оногдуулах боломж байсан.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулж байгаа 2 жил 6 сарын хорих ял нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс болж С.А-д тохироогүй ял оногдуулсан гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялаас хасаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.А-н өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.А болон өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах эрх зүйн зохицуулалт байдаг. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Б.С, С.А нарын 2018 онд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн доод ялын хэмжээ нь 6 сар байгаа бөгөөд өмнөх хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд доод хэмжээний ялын талаар зохицуулсан зохицуулалт байгаагүй. Иймд ялын доод хэмжээг харгалзан хөөн хэлэлцэх хугацааг 1 жилээр тоолох боломжтой гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 877 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:                                         

Шүүгдэгч Б.С нь 17 настай байхдаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 4-н төрлийн гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, үйлдсэн хэрэг нь нотлогдсон, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй бөгөөд өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан бүх хохирлоо нөхөн төлсөн тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, хорих ялаас хасах үндэслэлтэй гэдэг.

Өөрөөр хэлбэл, хохирогч Т.Б-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд нь 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой. Мөн шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг хооронд нь нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгах боломжтой гэж тус тус дүгнэсэн байдаг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн аваагүй. Шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй үндэслэл байхгүй байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүх өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй бол түүний үндэслэл, няцаалтыг заавал тодорхойлох хэсэгт дурдаж байхаар заасан байдаг. Энэ шүүхийн шийдвэрт эргэлзэх нэгэн үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.С нь насанд хүрээгүй байхдаа буюу 17 настай байхдаа дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний бүртгэлийн баримтаар хангалттай тогтоогддог. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байдаг. Уг хуулийн заалтаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй л байсан бол Наймдугаар бүлгийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18 насанд хүрчихвэл, эсхүл олон тооны гэмт хэрэг үйлдвэл наймдугаар бүлгийг хэрэглэхгүй гэсэн хориглосон заалт огт байхгүй.

Ийм байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй нь туйлын ойлгомжгүй бөгөөд энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг тогтоолдоо дурдаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Т.Бат-Эрдэнэ гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болсон, хохирлоо бүрэн барагдуулж авсан нь нотлох баримтаар тогтоогддог бөгөөд мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын эхнээс л бусдыг хутгалсан өөрийн үйлдлийг тогтвортойгоор мэдүүлж байсан, мөн ял шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хангалттай нотлогддог. Энэ нөхцөл байдлыг шүүх шийтгэх тогтоолын 9 дэх талд “...хохирогч нарт учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн ба үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд...” гэж дүгнэсэн байдаг атлаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй нь ойлгомжгүй байна.

Гэмт этгээдэд эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг баримтлах ёстой. Уг заалтад “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэж заасан байдаг. Энэ нь шүүгдэгч Б.С-н үйлдсэн гэмт хэрэг, гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуульд заасан зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн хуульд заасан болзол шалгуурт хэргийн нөхцөл байдал нь хамаарч байвал Эрүүгийн хуулийн 6.7, 8.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ялаас хасах ёстой гэсэн үг юм.

Гэтэл шүүх өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн аваагүйгээ шийтгэх тогтоолынхоо 6-гаас 7 дугаар нүүр шилжих хэсэгт “...шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ. Хэдийгээр гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюул, шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулах нь зүйтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмыг удирдлага болгож байгаа бол уг зарчимд нийцэх хуулийн тусгайлсан заалтыг давхар хослуулан хэрэглэх ёстой байдаг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д ял шийтгэхдээ шударга ёсны зарчмыг удирдлага болгоод Эрүүгийн хуулийн 6.7 болон 8.5 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж үзсэн юм бол хавтаст хэрэгт дээрх заалтуудыг хэрэглэхгүй байх ямар нөхцөл байдал, ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдсан бол шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох байв.

Эцэст дүгнэхэд шүүгдэгч Б.С-н эрх зүйн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 8.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд бүрэн хамаарч байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхгүй ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй хорих ял оногдуулах, мөн нийт биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хоёр дахин багасгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Б.С нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруугаа ухамсарлаж байгаа.

Тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, өөрөөр хэлбэл Б.С нь 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 нас хүрсэн байна. Хамгийн сүүлийн гэмт хэргийг 2019 оны 5 дугаар сарын 19-н өдөр үйлдсэн байдаг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг зааж өгсөн байгаа бөгөөд мөн хуулийн 8.5 дах хэсэгт зааснаар “тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэсэн заалтыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглээгүй байх тул хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэж Б.С-д оногдуулах ялыг багасгаж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь агуулгын хувьд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэж байна. Учир нь, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдээгүй мэтээр орхигдуулж бичсэн байна. Үүнийг бичвэрийн алдаа гэж үзэж болох ч шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд “прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх 3 зүйлчлэлтэй хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүхээс үзлээ” гээд яллах дүгнэлт дээр бичигдсэнтэй яг ижил өгүүлбэрээр давтан бичсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэн, Б.С-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 8.1 дүгээр зүйлд тус тус заасныг хэрэглэх ёстой гэсэн давж заалдах гомдол гаргасан. Гэвч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Заавал хэрэглэнэ гэсэн зохицуулалт биш. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

С.А, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М н” хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах дугуй засварын орчимд иргэн С.Т-н “Самсунг Жи-7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А б” худалдааны төв дотор хохирогч С.Ц-д “гар утсаар чинь чат бичээд өгье” гэж хуурч залилан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н В” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б-тэй маргалдан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ........ тоотод байрлах зуслангийн байшинд Б.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр лүү стакан шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч С.Т-н “... Би машиныхаа дугуйны хийг нэмүүлээд байж байтал зүс таних Б.С, С.А гэдэг хоёр хүүхэд ирээд шууд машинд сууснаа урагшаа дөхүүлээд өгчих гэсэн. Би “хот руу яараад байна” гэж хэлсэн чинь эхлээд С.А гэдэг хүүхэд буусан, араас нь Б.С буухдаа машины голын тавиур дээр байсан миний гар утсыг аваад буучихаар нь би “хөөе, утас” гэсэн чинь хойшоо зам гараад зугтаагаад гүйчихээр нь би араас нь 2 гудамж гүйсэн боловч барьж авч чадаагүй. ...” /1 хх 67-68/,

Хохирогч С.Ц-н “... Би А б худалдааны төвийн шөнийн захын лангуун дээр ажлаа хийгээд байж байтал зүс таних Содбилэг ирсэн. Тэгээд миний гар утсыг гуйгаад “чат бичээд өгье” гэсэн. Миний гар утсыг аваад гарсан. Би ажилтай байж байгаад араас нь гарч чадаагүй. 30 минутын дараа өөрийн дугаар луу залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. ...

Хохирогч Б.У-н “... Удалгүй Удвал, Хабу, Хишигээ, Соко нар нь байшингийн дээд давхар луу гарсан. Харин би Ганзо гэдэг хүнтэй үлдээд юм яриад сууж байтал 2 давхараас Соко бууж ирээд намайг шууд гэрээс зайл ... гэсэн. Чи намайг хэл амаар доромжилсон гэснээ ширээн дээр байсан шилэн стаканыг над руу шидсэн. Тэгэхээр  нь нүүрээ гараараа хаатал шилэн стакан миний зүүн хөмсөг, зүүн гарын чигчий хурууг онож гэмтээсэн. Миний хөмсөг хэсгээс цус гараад өмсөж байсан куртик цус болсон. ...” /1 хх 82-83/,

Хохирогч Т.Б-н “... Б.С “чи яагаад найзуудын хажууд доошоо хийгээд байгаа юм бэ” гэсэн зүйл ярьж явж байгаад хаанаас ч юм мэдэхгүй гэнэт нэг юм гаргаж ирээд миний зүүн суганы доод хэсэгт хатгах шиг болсон. Удахгүй шингэн зүйл урсаж байгаа юм шиг санагдаад байхаар нь гараараа тэмтэрч үзтэл цус байсан. ...” /1 хх 19-23/,

Гэрч Ц.М-н “... Би ундаа уучихаад хэвтэж байсан чинь гаднаас Баагий бөгтийчихсөн орж ирсэн. Яасан гэж асуусан чинь “манийг нь Соко хутгалчихлаа” гэж хэлсэн. Миний харснаар Баагий зүүн талын хавиргандаа хутгалуулсан, цус гарсан байсан. ... Сокогийн бүтэн нэрийг Б.С гэдэг. ...” /1 хх 24-25/,

Гэрч Х.Б-н “... Тавуулаа сууж архи ууж байгаад би нэг мэдсэн согтоод унтсан. Шөнө 00-01 цагийн үед Мөнх-Од намайг алгадаж сэрээгээд “Соко Баагийг хутгалчихлаа, эмнэлэг явъя” гэж хэлсэн. ...” /1 хх 26/,

Гэрч Б.Х-н “... Намайг дээд давхараас бууж ирэхэд Удвалын найз охин цагдаа дуудна гэж хэлээд хөмсөг нь сэтэрчихсэн, хуурай сальфеткаар дарчихсан зогсож байсан. ... Соко нь Удвалын найз руу стакан шидсэн гэсэн. ...” /1 хх 86-87/,

Гэрч О.У-н “... Бид бөөндөө архи ууж байгаад би согтоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэртэл Уранбилэгийн зүүн хөмсөг нь сэтэрсэн шархтай байсан. Би юу болсон талаар Уранбилэгээс асуутал “Б.С надтай маргалдаад стаканаар гэмтээсэн гэж хэлсэн. ...” /1 хх 88/,

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн “... Т.Б-н биед цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүнд зэргийг гэмтэл болно. ...” гэсэн 132 дугаартай /1 хх 36/ дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.У-н биед зүүн хөмсөгт шарх, зүүн гарын чигчий хурууны 2, 3 дугаар үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 93/,

Хохирогч Т.Б-н өвчний түүхийн хуулбар /1 хх 7-15/, хохирогч С.Т-н “Самсунг Жи-7” загварын гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 78/, С.Цэдэн-Ишийн “Хуавей” загварын гар утсыг 650.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 185/,

  “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 51-52/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.С-г С.А-тай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг, ганцаараа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, мөн залилах гэмт хэрэг болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай,

Шүүгдэгч С.А-г Б.С-тай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д ял оногдуулахдаа арван найман насанд хүрээгүй буюу өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан Эрүүгийн хуулийн үндэслэл журмыг баримтлан ял оногдуулаагүй нь буруу болжээ.

 Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан зарим хэм хэмжээг зайлшгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг бөгөөд энэхүү зохицуулалтын нэг хэсэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалт юм.

Б.С нь 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн талаарх төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх 87/, түүний насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 188/ зэрэг баримтуудаар тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрч, арван найман насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, хоёр дахин багасган эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч С.А нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.А нь хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг сэргээн эдлүүлэх шаардлага үүссэн бөгөөд уг шаардлагыг хэрэгжүүлэхэд хууль буцаан хэрэглэх зарчмыг хэрэглэх, тухайлбал насанд хүрээгүй буюу өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж эдлүүлэх шинэ зохицуулалтыг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл бий болсон.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналтаас ... зориуд зайлсхийсэн ...” гэх гэмт хэргийн шинжийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд агуулгын хувьд найруулж томъёолсон байна. 

 Тиймээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч М.Хандармаа, О.Анхбаяр нарын “... Б.С-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан “... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамруулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг багасгах ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.