Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01175

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01175

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороонд оршин суух, С овогт Б-ын П-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах,   Н ХХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Ө ХХК-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах, барьж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоож, чөлөөлүүлэхийг хүссэн, хариуцагч Өргөө хийц ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй Б.П-ээс 24 024 602 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э  хариуцагч Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ө ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шинжээч С.Б, иргэдийн төлөөлөгч Ч.А, гэрч П.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 0 тоотод оршин суух иргэн Б.П нь энэ байрыг хажууд нь өндөр барилга байхгүй, нарын тусгал сайтай гэж худалдаж авсан. Гэтэл 2015 оноос уг байрны зүүн талд шугам татаж барилгын ажил эхэлж, оршин суугчид эсэргүүцсэн. Тухайн барилга нь тусгай зөвшөөрөлгүй гэсэн хариуг холбогдох байгууллагаас өгсөн байдаг. 2016 оны 6-р сарын 16-ны өдөр барилгын суурийн цутгалт хийгдэж эхэлсэн. Ингээд нэхэмжлэгч Б.Па-ын ээж Б нь бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, уг барилга манай байранд хэт ойрхон, барилга хоорондын аюулгүй байдалд нөлөөлөхүйц байна гэж бүх шатны байгууллагад гомдол гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн акт, дүгнэлт гарч Ө ХХК, Н ХХК нь барилга барихдаа барилгын зураг төсөл, барилга хоорондын зайг зөрчсөн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэж Ө ХХК өөрсдөөсөө хөрөнгө гаргаж 0-р байрны суурийг бэхжүүлж, тодорхой хэмжээний ажлыг хийсэн. Ө ХХК-ний барилгаас болоод Б.П-ын амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн. Учир нь Б.П төрөлхийн зүрхний өвчтэй, түүнд цонх байнга онгорхой, дуу чимээ багатай газар байх шаардлагатай. Энэ байдлаас болоод цонхоо онгойлгож чадахгүй болсон. Түүнд нэмэлт хүчилтөрөгчийн аппарат шаардлагатай болсон. Ө ХХК, Н ХХК-иуд хоорондоо ярилцаад хүчилтөрөгчийн аппарат авч өгөхөөр болсон боловч гэрээ байгуулсны дараа үүнээсээ татгалзсан. Б.П нь группт байдаг, эмчилгээний зардал олох боломжгүй. Энэ аппаратыг авах шаардлагатай, удаа дараа эмнэлэгт очсоны нөхөн төлбөрт 10 000 000 төгрөг, байр хоорондын зайг зөрчсөний улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн тул 10 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг Н болон ө ХХК-иас нэхэмжилсэн. Хариуцагчийн тайлбартай холбогдуулан 0-р байрны 0 тоотын цонхны нарны ээлтийг хаасан, дуу чимээ ихтэй, өндөр барилга барьж байгаа тул Ө ХХК, Н ХХК-ний барьж байгаа барилгыг чөлөөлүүлж өгнө үү. Ө ХХК, Н ХХК нь хоорондоо хамтран ажиллах гэрээтэй, нэг нь нөгөөгийнхөө газар хөрөнгө оруулж барилга барьж байгаа тул хамтран хариуцагч гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК, Н ХХК нь 2018 оны 4-р сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Н ХХК-ийн эзэмшлийн газар дээр Ө ХХК барилга барьж ашиглалтад орсны дараа тодорхой хэмжээний талбай авахаар тохиролцсон. Н ХХК нь тухайн барилгыг барихад шаардагдах бүхий л зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны дүгнэлтэд Нико сервис ХХК-ийн захиалгаар баригдах барилга нь холбогдох баримт бичиг бүрдсэн, Нийслэлийн Хот төлөвлөлтийн газрын төлөөлөгчийг оролцуулж нэгдсэн шалгалт хийсэн. Барилгын батлагдсан ерөнхий төлөвлөгөө нь орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөгөөний стандартын 2.5 дахь заалтын 12 дугаар хүснэгтэд заагдсан шаардлагыг зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргасан. Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 179 дүгээр тушаалаар батлагдсан Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгын ашиглалтын нарны тусгалын хангамж гэх стандартыг үндэслэж дүгнэлт гаргасан гэдэг. Уг стандартад 1-3 хувийн байрлалтай орон сууцны 1 хувь нь уртрагаас хамаарч 2 цагийн нарны үргэлжлэх хугацаа байх ёстой гэж заасан. Харин С.Б-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгын ашиглалтын нарны тусгалын хангамж стандартын 3.6.2-т сууцны бүх өрөөнд нар тусах уртрагийн дагуу байрлана гэдэг нь хойноосоо урагш буюу хотын төв хорооллын төвийг нэмж барилгажуулах үед нарын тусгалын үргэлжлэх хугацааг 0.5 цагаар багасгахыг зөвшөөрнө гэж заасан. Харин манай барьж байгаа барилга нь дахин төлөвлөсөн байдлаар стандарт шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан. Баригдсан барилгатай ойролцоо барилга барихад хөрш залгаа байрын оршин суугчид тодорхой хугацаанд нөлөөллийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Б.П нь эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж маргаж хохиролд 10 000 000 төгрөг нэхэмжилжээ. Үүнд гэм буруу, шалтгаант холбоо, хохирол яригдах ёстой. Гэтэл энэ 3 шаардлага хангагдаагүй. Б.П нь төрөлхийн зүрхний гажиг гэсэн оноштой нь хэрэгт авагдсан. Харин барилга барьснаас төрөлхийн зүрхний өвчинд нөлөөлсөн, хүчил төрөгчийн аппарат, агаар цэвэршүүлэгч заавал авах ёстой гэсэн эмчийн дүгнэлт гараагүй. Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчийн бичигт аюулгүй орчинд байхгүй бол болохгүй гэсэн ерөнхий бичсэн, эмчийн тамга тэмдэггүй, тодорхойлолт гаргах хүн мөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 онд Н ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Барилга барих бүх зөвшөөрөл, бичиг баримтаа авсан. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслөө батлуулсан. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн боловч байрны оршин суугчид барилга бариулахгүй гээд Мэргэжлийн хяналтын газарт хандаж ажлыг зогсоосон. Иргэд Засаг дарга, Барилгын хөгжлийн төвд гомдол гаргасан байдаг. Ингээд ажлаа эхлэх гэхээр ...дуу чимээтэй, тоос шороотой байна гэж гомдол гаргаад барилга бариулахгүй гэсэн. Баянгол дүүргийн Засаг даргатай уулзахад 0 дугаар байрны гадна талбай, агааржуулалтын хоолой ашиглалтын шаардлага хангахгүй болсон, үүнийг засуулах гээд байгаа юм байна гэсэн. Ингээд бид олон нийтийн эрх ашгийг бодож ажлын төсөв гаргаж, ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас оршин суугчдаас гарын үсгийг нь аваарай гэсэн юм. Ингээд байрны оршин суугчидтай уулзахад н.Б эгчид гарын үсгээ зураад өгсөн гэдэг. Харин Н.Б нь гарын үсгийг өгөхгүй, мөнгө өг, тохиролцъё гэсэн. Бид орон сууцны зарим хэсэгт засвар хийсэн тул мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Бидний барьсан барилга хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын ажлыг зогсоох, эсвэл газар дээрээс барилгыг чөлөөлүүлнэ гэж байгаа юм уу. Хэрвээ барилгын ажлыг зогсоох гэж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ө ХХК нь 82 дугаар байрны гаднах эвдрэл гэмтлийг засварлаж 24 024 602 төгрөгийн зардал гаргасан. Энэ байрны оршин суугчид 2016 оноос хойш манай барилгын ажлыг зогсоож, бариулаагүй байна. Оршин суугчид орон сууцны дээврийг янзлуулах зорилготой байсан. Шүүх дээр маргаантай байгаа гээд хөрөнгө оруулалт ч ороогүй. Иймд орон сууцны засварт зарцуулсан 24 024 602 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Б.П-оос нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ө ХХК, Н ХХК-иуд нь барилга барихдаа стандарт зөрчсөн нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. 82-р байранд хийсэн засварын зардлыг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шинжээч С.Б дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарч манай байгууллагаас намайг шинжээчээр томилсон. Шинжээчид цонхоор тусах нарны үргэлжлэх хугацаа, барилга хоорондын нарны тусгалын зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч байгаа эсэх, Монгол Улсын барилга байгууламжийн норм, дүрмийг зөрчиж байгаа эсэх гэж 3 асуулт тавьсан. Ингээд шинжээчийн дүгнэлт гарсан. Барилга хот байгуулалтын сайдын 2007 оны тушаалаар батлагдсан 174 тоот барилгын норм ба дүрэмд зааснаар нарны тусгалыг тооцдог. Барилгын норм дүрэм нь Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал мөрдөгдөх шинжтэй, захиргааны хэм хэмжээ заасан акт болдог. Барилга, хот байгуулалтын сайд батлаад Хууль зүйн яам бүртгэж legalinfo сайтад нийтлэгдэж дугаар олгогдсоноор мөрддөг. Хэргийн материалтай танилцахад барилгын зураг байхгүй байсан тул зургийг нь гаргуулж дүгнэлт гаргасан. Нарын тусгалыг хэмжихдээ 2 улиралд, барилгын байршлаас хамааруулж тооцдог. Ингэхдээ нормын 3.6-д заасныг үндэслэсэн. Мөн нормд нарны тусгалын үргэлжлэх хугацааг программын тусламжтай тооцдог. Дүгнэлтэд 0 дугаар байрны 0 тоот сууцны 3 цонх нь зүүн тийшээ харсан, унтлагын өрөөнд 10 цаг 45 минутаас 12 цаг 30 минутын хооронд нар тусч байгаа. Нормд зааснаар 2 цаг нарын гэрэл тусч байвал хангалттай. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.П-ын суурь өвчин нь барилга барьсны дараа биеийн байдал хүндэрсэн, муудсан гэсэн эмчийн дүгнэлт гараагүй. Барилга барьж байгаа компаний зүгээс зай хэмжээ бариагүй, анх 6 давхар барина гэсэн 12 давхар болгосон гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П нь Н ХХК, Ө ХХК-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах, барьж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоож, чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Ө ХХК нь Б.П-т холбогдох 24 024 602 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ө ХХК, Н ХХК-иуд нь 2018 оны 4-р сарын 28-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Н ХХК-ний эзэмшлийн Баянгол дүүргийн 18-р хороонд 12 давхар орон сууцыг барихаар /хх 28-32, 108-111/ тохирчээ.

 

Орон сууцны барилгын газар шорооны ажлыг 2016 онд эхэлснээр зэргэлдээх 82-р байрны оршин суугчид болон барилгын ажлын гүйцэтгэгч Ө ХХК-ний хооронд маргаан гарсан, улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 02-07-092/1265 дугаартай Барилгын суурийн газар шорооны ажлын тухай дүгнэлт, 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 02-07-107/373 дугаартай Барилгын ажлыг түр зогсоож, дулааны шугам сүлжээг хэвийн болгох, авто замын эвдрэлийг засварлуулах тухай дүгнэлтүүд /хх 80-88, 93-94/ байна. Эдгээр дүгнэлтээр ...Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Н ХХК-ний үйлчилгээ, орон сууцны барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 заалт барилга хоорондын мөрдөх зайг мөрдөөгүй, зэргэлдээх байрлах инженерийн шугам сүлжээ, авто замтай уялдуулаагүй, Ди Эл Ти ХХК-ний боловсруулсан түшиц ханын зургийг үндэслэн барилгын ажил эхлүүлсэн, өөрчлөлтийн зураг төслийг дахин магадлан шалгалтад оруулаагүй, Барилгын хөгжлийн төв нь хөрсний нуралтаас хамгаалах арга хэмжээ авах талаар тусгагдаагүй, бэхэлгээ хүчитгэлийн зураггүй ажлын зурагт магадлал хийж дүгнэлт гаргасан талаар дүгнэжээ.

 

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 5-р сарын 16-ны өдрийн 02-07-093/476 тоот Барилгын суурийн тухай дүгнэлтээр барилгын буурь хөрсний одоогийн төлөв байдалд хийсэн судалгаа шинжилгээний дүнд үндэслэн эрх бүхий зураг төслийн байгууллагаар суурийн өөрчлөлтийн зураг төслийг гаргуулж, магадлан шалгалтанд хамруулж, зэргэлдээ барилгын ашиглалтын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь Барилгын тухай хуулийн 37, 38, 40-р зүйлд заасан захиалагч, зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийн хэрэгжилтийг хангасан, Дэлгэр инж гео ХХК-ний зураг төслөөр барилга угсралтын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой, авто зам, инженерийн шугам сүлжээний ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг шилжүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэхийг зөвлөсөн /хх 104/ байна.

 

Үүгээр, барилгын ажил гүйцэтгэгч компани мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоосон зөрчлийн арилгасан, Барилгын тухай хуулийн 14-р зүйлд заасан барилга байгууламжид тавих шаардлагыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хувьд хөрш залгаа газрын эзэмшигч гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Ө ХХК-ний барьж байгаа барилгыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Б.П нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар зүрхний таславчийн төрөлхийн гажиг оноштой, хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар тогтоосон, нийгмийн халамжид хамрагдсан, байнгын асаргаа шаардлагатай болох нь баримтаар тогтоогдсон /хх 7-12/ байна.

 

Гагцхүү түүний оршин суух 82-р байрны зүүн талд барьж байгаа барилгын үйл ажиллагаанаас болж түүний эрүүл мэндийг хохироосон, эрүүл мэнд, эмчилгээний зардал гарч хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ нарны тусгал муу гэж тайлбарлаж, түүний хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд дүгнэлтээр 0 дугаар байрны 0 тоот сууцны зүүн тийш харсан 3 цонх, унтлагын өрөөнд 10 цаг 45 минутаас 12 цаг 30 минутын хооронд нар тусч байгаа нь нормд заасан нарны тусгал 2 цаг байх нормд хүрээгүй байна. Энэ дүгнэлт нь түүний эрүүл мэндэд нөлөөлсөн, нарны тусгалын байдлаас болоод түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь буурсан талаар дүгнэлт гаргаагүй байна.

 

Нөгөө талаас, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ...Өр ХХК нь 10 сая төгрөг өгөхөөр тохирсон боловч өгөөгүй, барилга барих гэж байгаа бол зүрх судас үйл ажиллагаа дэмжих аппарат, агаар цэвэршүүлэгчтэй болгох, маш их эмчилгээ хийлгэж байгаа тул нөхөн төлбөрт 10 000 000 төгрөг, бүх цонхыг хааж барилга барьсан нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн нөхөн төлбөрт 10 сая төгрөг нийт 20 000 000 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан нь хариуцагч нарын гэм буруугийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хоорондоо шалтгаан холбоогүй байна.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч П.Рэ ...Ө ХХК нь ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлсэн, А даалгавар, тусгай зөвшөөрөл, барилгын бүх зөвшөөрөл авагдсан байсан, барилгын инженерийн хувьд барилгын баримт бичиг бүрсэн эсэх, зай хооронд нь ямар байна гэдгийг шалгасан. Барилгын ажлыг 2016 онд эхлүүлсэн боловч 82-р байрны оршин суугчид маргаан гаргаад 2017 онд бүрэн зогсоосон, бид олон оршин суугчдыг бодоод 82-р байрны дээвэр, агааржуулалтын хоолой, довжоо зэргийг засварлаж өгсөн, гэтэл эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь ямар ч хохирол учруулаагүй байхад П-ын ээж Б мөнгө нэхсэн... гэж мэдүүлгээр нэхэмжлэгчид хохирол учруулаагүй гэснийг, хариуцагчийн татгалзал, үндэслэлийг нотолсон байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Ө ХХК нь 2017 онд 82 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу тэдэнтэй зөвшилцөж тухайн байрны агааржуулалтын хоолой, шат довжоо, хаяавч, дээвэр, гадна талбай, авто замын орц гарцын засварын засварын ажлыг гүйцэтгэж 24 024 602 төгрөгийн зардал /хх 117-141/ гаргасан гэх ба энэ зардлаар нэхэмжлэгч Б.П үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар маргаж түүнээс гаргуулахаар шаарджээ.

 

Энэ маргаан нь тус орон сууцны зэргэлдээ үйлчилгээний болон орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Харин энэ хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нийт оршин суугчдын эрх ашигт нийцүүлж, харилцан тохирч гүйцэтгэсэн ажил байжээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар татгалзал, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хэрэг авагдсан баримтуудад үндэслэгдсэн дүгнэлт болжээ.

 

Хэргийн 175 дахь талд авагдсан Ц.Д-гийн тодорхойлолт нь эрх бүхий мэргэжлийн байгууллагын акт дүгнэлт бус бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй, эмнэлэгт үзүүлсэн, яаралтай тусламжийн хуудас, зүрхний бичлэг зэрэг баримтууд нь /хх 176-186/ түүний эрүүл мэндтэй холбоотой, энэ хэрэгтэй хамааралгүй баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд төлсөн 1 535 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт төлүүлэх нь /хх 157/ зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 135-р зүйлийн 135.3 дахь хэсэг, 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө ХХК, Н ХХК-иас 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 18-р хороонл баригдаж байгаа 0 давхар орон сууцны барилгыг чөлөөлүүлэхийг хүссэн Б.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.П-оос 24 024 602 /хорин дөрвөн сая хорин дөрвөн мянга зургаан зуун хоёр мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ө ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 /гурван зуун хорин найман мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагч Ө ХХК-иас төлсөн 278 100 /хоёр зуун далан найман мянга нэг зуу/ төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 1 535 000 /нэг сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.П-оос гаргуулж улсын төсөвт төлүүлсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД М.МӨНХТӨР

 

Х.ЭНХЗАЯА