Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа, 

            Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

            Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Н.Баяр,

            Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б, Ц.О нарт холбогдох эрүүгийн 2334000000459 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

      

                                    Холбогдсон хэргийн талаар:

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Тахилт гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Н.Б169 тооны хонь, 47 тооны ямааг улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлсны улмаас бусдад 27.366.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Би 10 дугаар сарын 04-нөөс  өмнө Ц.О бид хоёр нэг нэгнээ таньдаг байсан. Надад хайртай гээд манайхаар их ирдэг байсан. 10 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед манайд ирээд пиво уусан. Тухайн үед хулгайн сэдэлтэй юм ярьсан. Би согтсон байсан болохоор 100 хувь сайн санахгүй байгаа. Маргааш өглөө одоо ийм зүйл ярих хэрэггүй гэж хэлээд явуулсан. Тэгээд Ц.Оыг явдаг өглөө нь манайх нүүж малаа хөдөлгөсөн байсан. Төмөр замын баруун хойно “Шивээт” гэдэг овооны ард хонио хотлуулаад төмөр замд ойрхон байсан болохоор нүхэн гүүрний аман дээр унтаж байсан. Ц.О шөнө 02 цагийн үед ирээд хонь чинь хаана байгаа юм бэ гэхээр нь овооны ард байгаа гэж хэлсэн. Ц.О төмөр замын нүхэн гүүрээр эхэлж гараад би араас нь гарсан. Би хонин дээрээ очиход дээд талаас нь Ц.О хонь мотоциколтой туугаад ирж байсан. Би машинтай давхиж голоор орж зогсоод авчирсан хонийг нь тоолсон. Тоолоход 140-150 тооны хонь, ямаа байна байсан. Төмөр замаас холдуулъя гээд тэр шөнө бид хоёр туугаад нэлээн зайтай болгосон. Өглөө эрт Ц.О 4-5 цагийн үед гэр лүүгээ буцаж явсан. Би цаашаагаа хонио туугаад явсан. Би Ц.Отай нийлж хонь туусандаа маш их харамсаж байна гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000459 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Ц.О, Н.Б нар нь “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Тахилт гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Н.Б169 тооны хонь, 47 тооны ямааг улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашиглан хулгайлсны улмаас бусдад 27.366.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь дараах:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б... 2023 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед бэлчээрт байсан хонин дээрээ очтол хонь цөөхөн болчихсон юм шиг байхаар нь бүртгээд үзтэл 169 хонь 47 ямаа дутсан. Тэгээд тухайн үед ойрхон тасарсан байгаа байх гэж бодоод ойр хавиараа хайж үзсэн. Тэгээд олдохгүй болохоор нь өөрөө нийтдээ 5 хоног эрэлд явсан. Манай хонинууд зөв талын бөөрөн дээрээ хар лакаар будаж тэмдэглэсэн. Хурганууд нь зөв талын бөөрөн дээрээ цэнхэр будгаар тэмдэглэсэн байсан. Ямаануудыг нь хоёр эврийг нь цэнхэр будгаар будаж тэмдэглэсэн. Мөн алга болсон хонин дотор хүмүүсийн тавиул хонь байгаа. Тэр хонинууд нь зөв талын бөөрөн дээрээ улаан шар өнгийн будагтай байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Н.Л...Би тэр хүнийг танина. 2023 оны 9 сард Баян талд байдаг найз Отгонсүрэн гэх айлд байж байгаад анх Бтай танилцсан. Тэрнээс хойш холбоотой болоод хоорондоо ярилцаад нэг гэрт орохоор болсон. 2023 оны 10 дугаар сарын эхээр намайг гэртээ байж байтал Б над руу утсаар яриад би ерөөсөө танайх руу нүүж очиж хамт өвөлждөг юм бил үү. Энд өвс ногоо ч муу байна гэхээр нь тэгтэл тэг гэсэн чинь би эндээс малаа туугаад гарна. Тэгээд дөхөж очоод ярья. Чи өөдөөс тосож ирээд авчихаарай гэсэн. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр над руу залгаад маргааш өөдөөс гараад ирээрэй. Би малаа туугаад гарчихсан байна. Гараад нилээн явчихсан байна. Ганцаараа хонь малаа машинтай тууж явна гэсэн. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ мотоцикльтой гараад өөдөөс нь яваад “Үнээ” хайрханы ойролцоо хүрзэтийн уурхайн дэргэд явж байхад нь очсон. Тэгээд хамт очсон өдрөөсөө хойш хоёр өдөр хамт хонь малаа тууж явсан. Өчигдөр Сэргэлэн сумын баруун талаар давж орж ирээд явж байтал Б гэнэт л би буцах ажилтай болчихлоо гэхээр нь би яасан юм юу болов гэсэн чинь “зүгээр нэг ажил байна” гэсэн. Тэгсэнээ за, за би чамд үнэнгээ хэлье. Манай энэ хонин дотор хүний хонь явж байгаа юм. Тэгсэн араас дуудаад байх шиг байна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл хурдан очиж учраа ол, хүний малыг хурдан буцааж өг гэж хэлээд явуулсан. Би ганцаараа хонь малыг нь хараад үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Б...Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. 2021 онд банк бусаар худалдаж аваад 2023 оны 4 дүгээр сард мөнгөө бүрэн төлж дуусгаж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Манай эхнэр бас нэг машинтай тэгээд эхнэр бид хоёр Улаанбаатар хотод ойролцоо ажил хийдэг байсан болохоор хоёр машинаар яахав гээд хадам ээжид унуулж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Н... Манай ээж надтай урд өмнө ярихдаа ээж нь нэг хүнтэй сууж хамт амьдрахаар болоод Алтанбулаг сум руу нүүхээр болсон гэж ярьж байсан. Тэгээд ээж би малаа туугаад явлаа. Гэр ачиж нүүдэл хийхээр машин унаа ярьчихсан байгаа гэхээр нь би 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө хүүхдүүдээ аваад ирэхэд ээж байхгүй малаа туугаад явчихсан байсан. Би тэгээд гэрээ ачааллаад айлын гадаа хураачихаад маргааш өглөө нь хоол хийгээд ээжтэй холбогдоод араас нь аваачиж өгчихөөд хот руу буцсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Н... Манайх Сэргэлэн сумын нутагт дэд станцын барилга барьж байгаа юм. Ажилчидынхаа хоол хүнсэнд ойр хавиасаа хонь мал авдаг байсан. Тэгтэл ойр хавийн малчид арай үнэтэй зараад байхаар нь хөдөөгүүр холхон явж авбал арай хямдхан олдож магадгүй гээд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мал зарах хүн хайгаад явж байгаад газрых нь нэрийг мэдэхгүй байна мал тууж явсан эрэгтэй хүнтэй таарсан. Тэгээд тэр хүнээс зарах мал байна уу гэтэл би сайн мэдэхгүй байна. Манай эхнэрээс асуу гэсэн. Эхнэр нь гэх хүн хониноосоо 200 метрийн зайтай хар өнгийн суудлын жижиг машин дотор унтаж байсан. Тэгээд очоод уулзтал “тэг, тэг” хонь зарна гээд хонин дээрээ очсон. Тэгээд би манай мах амархан дуусаад байна. Тийм болохоор томхон шиг эр хонь байна уу гэсэн чинь том эр хонь зарж болохгүй байна. Тэрний оронд хонь, ямаа хоёр авчихгүй гэхээр нь үнийг нь асуусан чинь нийлүүлээд 270.000 төгрөгөөр ав гэхээр нь урд нь нэг хонь авч байсан үнэ байна гэж бодоод нэг хонь, нэг ямаа худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ц... Ц.О төрөлхийн хэл яриа муутай. Хоёр настайгаасаа эхлэж татаж унадаг болсон. Сургуульд суугаад хоёрдугаар ангиасаа сургуулиас гарсан. Одоо эмнэлэгийн хяналтанд байнга байдаг. Биеийн байдал их муу. Эхнэр, хүүхэд байхгүй. Надтай хамт амьдардаг. Архи тамхи хэрэглэдггүй хүүхэд байгаа юм. Ярихдаа гацаж ярьдаг болохоор нэг их хүнтэй яриад байдаггүй. Ааш зангийн хувьд хүнтэй маргалдаад байдаггүй. Их тусархуу хүүхэд... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,         

Гэрч Ц.С...Ц.Оын ааш зангийн хувьд төлөв даруу. Хүнтэй маргалдаад байгааг нь харж байгаагүй. Өөрөө хэл яриа муутай гацаж  ярьдаг. Нэг их найз нөхөд гээд нийлээд байдаг хүн байхгүй. Эхнэр хүүхэд байхгүй. Ээж бид хоёртой хамт амьдардаг. Архи дарс хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Оын сэжигтнээр өгсөн ...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Бгийн гэрт очоод байж байхад Б надад би одоо нүүх гэж байгаа. Хэдэн хонины хэрэг байна. Чи надад хэдэн хонь олоод гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд хэлчихсэн юм. Тэгээд тэрнээс хойш хоёр хоногийн дараа оройхон 21 цагийн үед Баян сумын “Өгөөмөр” багийн нутагт Б гэх айлын хойно мотоцикльтойгоо явж байтал хэсэг хонь байж байхаар нь ойр хавьд хүн харж байгаад хүн харагдахгүй болохоор нь нилээд хэсгийг нь тасдаад туусан. Тэгээд тууж явахдаа Б руу залгаад би чиний надад хэлээд байсан хонийг туугаад явж байна гэж хэлээд хонио туугаад элэгний рашааны дэргэд Бтай уулзсан. Тэгээд тэнд таараад хоёулаа хамт хонио туугаад би төмөр замын баруун талд гаргаж өгчихөөд би буцаад гэрлүүгээ явсан. Б надтай уулзаад миний тууж явсан хонийг аваад төмөр замын баруун талд байсан өөрийнхөө малтай нийлүүлээд аваад явсан. Маргааш нь дахиж Бгийн араас очиж хамт хонийг нь туулцаж байгаад буцаад явсан. Б цаашаа ганцаараа хонио туугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Бгийн сэжигтнээр өгсөн ...2023 оны 10 дугаар сарын 04-ний орой “Бага оорцог” гэх газар намайг гэртээ байж байтал орой 21 цагийн үед манайд Ц.О ирсэн. Тэгээд бид хоёр манайд байсан пивыг уугаад сууж байхад Ц.О энд намаржингаа худаг усаа харамлаад хөөж туусан нэг зэвүүн айл байгаа тэдний хониноос тасалж авья. Би замын зүүн талаас хонийг нь таслаж хөөгөөд оруулж ирье. Чи хонио аваад замын баруун талд хүлээж байгаарай гэсэн. Тэгээд хоёулаа ярьж тохирчихоод хоносон. Өглөө нь Ц.О босоод гэрлүүгээ явсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө над руу Ц.О залгаад би одоо нөгөө хонио таслаад туугаад очиж явна шүү гэхээр нь би өөдөөс нь амдаад замын баруун талд хүлээж байгаад унтчихсан байсан. Гэтэл шөнийн 01 цаг өнгөрч байсан байх. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Ц.О чи яачихваа гээд над дээр хүрээд ирсэн. Тэгээд Ц.Оын тууж авчирсан малыг өөрийнхөө малтай нийлүүлээд хоёулаа хамт тэр шөнөдөө баруун хойшоо зүгт туугаад “Антын булаг” гэх газар хүртэл туугаад тэндээ хоносон. Өглөө нь Ц.О гэрлүүгээ буцаж яваад би ганцаараа малтайгаа үлдээд хотод байдаг хүүхдүүд рүүгээ утсаар залгаад би Алтанбулаг сум руу нүүж байна. Малаа туугаад явж байна. Та нар ирж гэр орноо янзлаарай гэж хэлчихээд цаашаа малаа туугаад явсан. Ц.О гэрлүүгээ явсан өдрийнхөө шөнө нь дахиад над руу холбогдоод хаана явж байна гэхээр нь явж байгаа газраа хэлтэл араас ирсэн. Тэгээд хоёулаа дахиад хонь малаа хамт туугаад Баян айраг гэх газар очсон. Ц.О ирэхдээ энэ хонь ямаа чинь Бхонь юм шиг байна яах уу гэсэн. Тэгээд хоёулаа яах вэ гэж ярилцаж байгаад одоо нэгэнт авчихсан юм чинь цааш нь аваад явья гэж ярилцсан. Тэгээд өглөө нь Ц.О гэрлүүгээ буцаж би дахиад ганцаараа үлдсэн. Маргааш нь хот руу хүүхдүүдрүүгээ залгаад ээждээ хоол унд дөхүүлээд өг гэж дуудсан. Манай том охин хоёр хүүхэдтэйгээ хамт надад хоол цай хүргэж ирж өгчихөөд буцаад явсан. Тэгээд би цаашаа хоёр хоног ганцаараа малаа туусан. Намайг ганцаараа малаа туугаад явж байхад миний очих гэж байсан Алтанбулаг сумын иргэн Лувсанданзан утсаар ярьж хаана явна гэхээр нь би газраа сайн мэдэхгүй байна. Баян сумын нутагт л явж байна гэсэн чинь Лувсанданзан би хонь малаа ээжээрээ харуулчихаад өөдөөс чинь тосоод очье гэсэн. Тэгээд намайг “Үнээ хайрхан”-ны ард явж байхад Лувсанданзан улаан өнгийн мотоцикльтой ганцаараа өөдөөс тосож ирсэн. Тэгээд Лувсанданзантай хамт хонио туугаад явж байтал Ц.О утсаар залгаад чамтай уулзмаар байна гэхээр нь хонио Лувсанданзанд үлдээгээд Ц.Отай уулзахаар буцаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

“Гарьд Гүрү” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/309 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 27.366.400 /хорин долоон сая гурван зуун жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 40-52 дугаар хуудас/,

“Гарьд Гүрү” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07/308 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг арч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 55-62 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №2 дугаартай ... Ц.О нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчтэй эсэх нь: Одоогоор F70 оюуны хөнгөн хомсдол R47 өөр бүлэгт ангилаагүй хэл ярианы өөрчлөлт. Сэтгэцийн өвчин нь төрлөхийн өвчин. Эмнэлэгийн хяналт нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэтгэцийн эмчийн хяналттай. Ц.О нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилөөгүй. Ц.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй бол цаашид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Ц.О нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай Ц.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай Ц.О нь нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... талаарх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар өгсөн:...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 98-99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

 Улсын яллагчийн санал: ...Шүүгдэгч Ц.О, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар “бүлэглэн бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа. Хэргийн үйл баримтын хувьд 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр шүүгдэгч Ц.О, Б.Б нар нь хамт пиво ууж суусан. Тухайн үед энэ хэргийн талаар ярилцсан гэж мэдүүлдэг. Ц.Оын хувьд Н.Б хүнтэй суух гээд байна хэдэн хонь олж өгөөч гэж мэдүүлдэг. Бгийн хувьд худаг уснаас хөөгөөд байгаа эзэнгүй айл байна энэ айлаас хэдэн хонь авъя гэдэг. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Ц.О өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоор хохирогч Бямаа, хонийг тасалж туусан. Ц.Оаас Б руу утсаар залгаж би нөгөө хонь, ямаагаа таслаад ирлээ гэж мэдүүлдэг.  Харин Б сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр Ц.Оыг хүлээж байхдаа унтчихсан байсан. Шөнийн 01 цагийн үед Ц.О ярихаар нь цаашаа малаа туугаад явсан гэж мэдүүлэг. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нарын үүрэг оролцооны хувьд Н.Бд тус зүйл ангиар ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Оыг 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан. Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр үүрэг оролцооны хувьд тухайн үед гүйцэтгэгчээр оролцсон. Хохирол хор уршиг төлөгдсөн...гэх дүгнэлтийг,     

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр: ...Өнөөдрийн шүүх хуралд Ц.Оын өмгөөлөгчийн оролцож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд бүрэн төлсөн. Хонийг нэхэмжилсэн тоо хэмжээгээр нь төлсөн. Мөн Ц.Оын хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэрэг хүлээх чадвартай гэсэн мөртлөө үр дагавраа ойлгох чадваргүй...гэх дүгнэлтийг,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо: ...Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд Н.Бгийн өмгөөлөгчөөр оролцсон байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад учир дутагдалтай зүйл байгаа. Мал хулгайлсан гэхээр хохирогчийн аманд багтдаг. Б гэдэг айлаас тасалж ирсэн мал ямар эм тамгатай юм, яг хичнээн хэмжээний хохирол учирсныг тогтоогоогүй. 70 мал илүү мал төлсөн байдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчилж тогтоох ёстой. Машинд суулгаж авч яваад нөгөөдөх нь сандрахдаа болох, болохгүй баахан зүйл ярьсан. Ийм нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон байна лээ. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Н.Бгийн хувьд авчирсан хонийг нь өөрийнхөө хонинд нийлүүлээд туугаад явсан учраас гэм буруу дээрээ маргахгүй. Өглөө нь хэрэггүй шүү больё гэж хэлсэн гэдэг. Н.Б хүнтэй суух гээд өөрийнхөө хонио туугаад явж байсан. Хамгийн гол нь Ц.О айлын мал авчраагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 өөр зүйлчилсэн байдаг. Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийэ 2.4-т зааснаар машин механизм ашигласан гэдэг дээр  зүйлчлэгдэхгүй байх гэж үзэж байна. Үүнийг шүүгч анхаарч үзнэ үү. Гэм буруу дээрээ маргахгүй...гэх дүгнэлтийг,     

             Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.О, Н.Б нарыг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч Ц.О, Н.Б нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.О, Н.Б нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                               

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Ц.О, Н.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.О, Н.Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд нь Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ...бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж..., гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.О, Н.Б нарыг бүлэглэж, машин механик ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн санал: ... Гэм буруугийн шүүх хурал дээр шүүгдэгч Ц.О, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ хэлье. Шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгаа төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй. Хэн аль нь урьд өмнө нь ял эдэлж байсан. Шүүгдэгч Ц.О, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3,4 3,2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч Ц.Оад түүний хувийн байдлыг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Хэрэгт улсын дугааргүй Даюун маркийн 210 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикл битүүмжлэгдсэнийг улсын орлого болгох. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна...гэх дүгнэлтийг,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр: ... Шүүгдэгч Ц.О гэм буруу дээрээ маргадаггүй. Цагдаа, прокурор, шүүхийн дуудсан цагт бэлэн ирдэг. Хохирол төлсөн  тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болж байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Ц.О нь шинжээчийн дүгнэлтээр хэрэг хүлээх чадвартай гэж үзэж байгаа боловч энэ хүн татаж унадаг. Хэл ярианы бэрхшээлтэй, өөрийгөө зөв илэрхийлэх чадваргүй. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж байдаг. Тийм учраас 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү ...гэх дүгнэлтийг,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэнддоо: ... Гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг  үйлдсэн хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, хүмүүжүүлэхэд оршино. Н.Бгийн хувьд эрүүл мэндийн хувьд зүгээр биш, өрх толгойлсон эх хүн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Н.Б ижил хамаарагдах юм аа гэж ойлгож байна. Ар гэрт нь өсвөр насны хүүхэдтэй, өөрийн эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргасан.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцлэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдний хувийн байдлыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.О, Н.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэг хэрэгт хамаарах бөгөөд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бол, гэм буруугаа хүлээн зөвгщшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчилагджээ.

 

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанаар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохцуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болно.

 

Шүүгдэгч Ц.О, Н.Б нарын хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлол болох тээврийн хэрэгслүүдийг буцаан өгч хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдалуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийнг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож,

            шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 27.366.400 төгрөгийн үнэ бүхий малыг буцаан өгч хохирогч Н.Бд өгсөн гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2334000000459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, Ц.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар “бүлэглэн бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б, Ц.О нарт тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б, Ц.О нарт оногдуулсан тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн 2334000000459 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.О, Н.Б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг түүнээс гаргуулж, улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.О, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.О, Н.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН