Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00004

 

       Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1969 оны 09 сарын 03-нд төрсөн, 52 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Сонгино-хайрхан дүүрэг,  дугаар хороо, Зүүн баян уул  дугаар гудамжны  тоотод оршин суух, /РД: / Ш  овогт Д  гийн А  агийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Хүсэлт гаргагч Д.А  а шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1985 оноос илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг бригадад саальчнаар 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А  а нь 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар 1993 оныг дуустал ажиллаж байсан. Д.А  а 1993 оноос 2000 он хүртэл хувиараа мал маллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн юм.Саальчид саалийн 15 үнээ сааж, сүү, тосны нормоо биелүүлж ажиллаж байсан. Улсаас гавъяа шагнал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Д.А  гийн нөхөр Ж.Сүлд-эрдэнэ гэж хүн бий, малчин даатгуулагчийн лавлагаа нөхөр Ж.Сүлд-эрдэний нэрээр гарсан юм. Иймд шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                           ҮНДЭСЛЭХ нь:

             Д.А  а нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

             Хүсэлт гаргагч Д.А  а 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Д.А  ад Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Нэгдлийн даргын 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 тоот тушаалаар Байтаг бригадад туслах малчин, саальчнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Бриагдын зөвлөлийн шийдвэрээр 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар бригадад малчнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Д.А  ад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон Нэгдлийн гишүүний үнэмлэх,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1833 тоот: Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг буюу 3 дугаар бригадын 1984-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Д  гийн А  ад лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

М.Хултгарын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхийн эдийн эрхлэгч, 1989 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн сүү тосны мастераар ажиллаж байсан. Д.А  а нь 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. Саальчид 15 үнээтэй байсан. Нэг үхрээс 270 литр сүү саах нормтой байсан. Саальчид нормоо биелүүлэхгүй бол төлбөр төлдөг байсан. Цалингийн 30 хувийг суутган үлдээдэг байсан. Хэрэв норм, төлөвлөгөө биелүүлээгүй бол 30 хувиасаа төлдөг байсан. Д.А  а нь 1985 оноос 1993 оныг дуустал саальчин байсан. Д.А  а нь шагнал авч байгаагүй... гэх мэдүүлэг,

Д.Данзаагийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1976 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад бог мал маллаж байсан. Д.А  а нь 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. Саальчид 15 үнээтэй байсан. Саальчид 300 төгрөгний цалин авдаг байсан. Өөр ямар нэгэн ажил хийдэггүй, үхэрээ маллаад, сааль сүүгээ заводод тушаадаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Байтаг багийн даргаар Намжил нар ажиллаж байсан. Д.А  а нь 1985 оноос 1993 оныг дуустал саальчин байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш  овогт Д  гийн А  аг 1985 оныг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.