| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/04080/И |
| Дугаар | 102/ШШ2021/01489 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/01489
2021 оны 6 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/01489 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ...,
Хариуцагч: ... нарт холбогдох,
9,365,000 /есөн сая гурван зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч нарын өмгөөлөгч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь ...-ийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... нь ..., түүний эхнэр ... нарын ... тоот дахь 49 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай 30,850,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг, хүүгийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлж, уг орон сууцыг авахаар тохиролцож, зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 9,365,000 төгрөг төлсөн. Гэтэл хариуцагч нар шүүхийн шийдвэр гарч бусдад мөнгөний өрөнд орчихлоо, уг орон сууцаа зарах шаардлагатай боллоо, байраа зарчихаад 1 өрөө байрны урьдчилгаа мөнгө өгье гээд энэ байрыг зарсан. Хариуцагч нар ...-д 1 өрөө байрны урьдчилгаа өгөх байтугай барьцаанд байсан байрны зээл, түүний хүүг 15 сар төлүүлчихээд буцаан өгөхгүй хохироосон. ... нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны зээлийг төлж, уг орон сууцыг авахаар тохиролцсоны дагуу ... нарын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлөлтийг Хаан банк, Төрийн банк, Голомт банкинд ...-ээс зээл төлөлт Орхонтуул Худалдаа хөгжлийн банк гэсэн гүйлгээний утгаар нийт 9,365,000 төгрөгийг төлсөн.
Анх ... нь ... төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн. Улмаар эргэн төлөлтийг сар бүр 500,000 төгрөгөөр тооцож төлж байсан. Хэрвээ орон сууцыг хөлслөн сууж байсан бол гүйлгээний утга дээр түрээсийн төлбөр гэж бичих байсан. Гэтэл зээл төлөв гэж шилжүүлж байсан нь хариуцагчийн тайлбар татгалзлыг үгүйсгэж байна. Хэрэв нэхэмжлэгчийн гаргасан мөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж байгаа бол гэрч нь үүнийгээ нэхэмжлэгчээс жич шаардах эрхтэй, энэ маргаанд хамааралгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч болон гэрчийн ярьж байгаа шиг огт мөнгөгүй байгаагүй. Зохигчдын хооронд тодорхой хүчин төгөлдөр гэрээ бичгээр хийгдээгүй, орон сууцыг зарна гэж зээлийн эргэн төлөлтийг төлүүлчихээд байраа өгөөгүй. Тиймээс хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна...гэв.
Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... өмгөөлөгч ...-ийн хамт гаргасан тайлбартаа:
...-ийн гаргасан 9,365,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд бичээгүй байгаа боловч ... нь хариуцагч ...-ын төрсөн дүү ...-ын эхнэр юм. Харин яагаад энэ талаар бичээгүйг ойлгохгүй байна. ..., ... нар ...-д байрны урьдчилгаа мөнгө өгөх үүрэг хүлээгээгүй. .ын орон сууц ....-г ... авахаар тохиролцсон зүйл болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.
Нэхэмжлэгчийн нөхөр, миний төрсөн дүү... нь эхнэр хүүхдүүдээ түрээсийн байранд амьдруулдаг байсан. Би 2014 онд байр аваад, бизнесээс шалтгаалаад дүүгээ 2017 он хүртэл амьдруулсан. 2017 оноос зээлээ төлөхгүй бол болохгүй нь гээд банкны зээлийг төлж байхаар түр амьдруулсан. Харин байраа өгнө гэж яриагүй. Нэхэмжлэгч болон гэрч нар гэр бүлийн хүмүүс ба гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох эхнэрийн данснаас мөнгө төлөгдсөн байна. Тиймээс ... нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. Гэр бүлээрээ амьдарчихаад ганцаараа шаардах эрхгүй. Гүйлгээний дансны хуулгад зарим жилүүдэд хаашаа, хэнд төлсөн нь тодорхойгүй харагдаж байна...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
... нь... нараас 9,365,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг түүнээс олгогдсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагч нар ...-ын өмчлөлийн орон сууцыг ...-д худалдахаар тохиролцож, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ...-ын Худалдаа хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл 15 сарын турш нийт 9,365,000 төгрөг төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орон сууцыг бусдад худалдаалсан, улмаар хариуцагч нар нэхэмжлэгчид 1 өрөө орон сууцны урьдчилгаа өгөхөөр тохирсон ч уг үүргээ мөн биелүүлээгүй учир тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, тэдний өмнөөс банкинд төлсөн 9,365,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардана хэмээн тодорхойлсон байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид орон сууцаа худалдахаар тохиролцоогүй, харин түүнийг үнэ төлбөргүй амьдруулж байгаад банкны зээл төлөх боломжгүй болсноор 2017 оны 9 дүгээр сараас эхлэн орон сууцаа хөлслүүлэхээр болж, улмаар байрыг бусдад худалдах хүртэл сар бүр төлбөр төлж амьдарч байсан... гэж тайлбарлан маргаж байна.
Зохигчид төрөл садангийн харилцаатай буюу нэхэмжлэгч нь хариуцагч нарын бэр дүү бөгөөд тэрээр хүүхдүүдийн хамт маргааны зүйлийн үндэслэл болж буй ...-ын өмчлөлийн... тоот дахь 2 өрөө орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдарч байсан нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нэхэмжлэгчийн нөхөр ...-ын мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч ... 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг хүртэл ...-ын нэр дээрх зээлийн төлбөрт 9,365,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн гэж тайлбарлан, өөрийн Хаан банк, Голомт банк, Төрийн банк дахь харилцах дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргасан байна. /хэргийн 5-61 дүгээр тал/
Хариуцагч ... нь ... тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ...й ХХК-иас Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу шилжүүлэн авч, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэн 000316358 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /хэргийн 47 дугаар тал/
Дээрх орон сууцыг шилжүүлэн авахдаа хариуцагч нар Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 15 жилийн хугацаатай 30,850,000 төгрөгийн зээл аван, сар бүр 493,921.87 төгрөг төлөхөөр харилцан тохирсон байх бөгөөд уг гэрээ дуусгавар болж, орон сууцыг ...-аас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ...-д шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагад гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрч ...-ын мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч ... хариуцагч нарын өмнөөс зээлийн үүрэг гүйцэтгэж, барьцаанд тавьсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй, тухайн төлбөр орон сууц хөлслөх тухай амаар хийсэн хэлцлийн дагуу төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ...-ийн хариуцагч ..., ... нараас 9,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... нараас 9,365,000 төгрөг гаргуулах тухай ...-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 167,263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА