| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагчаар Л.Наранхүү,
шүүгдэгч Т.Т, түүний П.Ганбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Тт холбогдох эрүүгийн 2434000070020 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Х.АТөв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 32 дугаар байрны 24 тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын дундуур нимгэн хувцастай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргаж харгис хэрцгий харьцсан, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр зодож биед нь халдсан, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт 2023 оны 11 дүгээр сард хашаа давуулж шидэх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 32 дугаар байрны 24 тоотод хамтран амьдрагч Х.Аүл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дээр зөөлөн эдийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдтийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.Тийн өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлаасаа бууж ирсэн. Манай баяр болж таараад ажлынхаа залуучуудтай ганц 2 шил уугаад гэртээ иртэл эхнэр бас аймар уусан байсан. Ууж байхдаа би утасныхаа сүлжээг хаасан байсан. Найзынх нь найз залуу ирсэн байхаар нь буудалд аваачиж өгөөд гэртээ иртэл манай эхнэр хэрүүл хийгээд хаагуур яваад ирсэн юм, чи архи уугаад буудалд янхандаж байгаад ирсэн гээд гулууз модоор цохиод байхаар нь би зөрүүлээд гулуузаар цохисон нь үнэн. Эхнэрээ хөөж гаргасан хашаа давуулж шидсэн дээр тайлбар байна. Эхнэр өөрөө согтуу бага хүүхэд авч явж байгаа унагаачихсан болохоор нь гэрээсээ хөөсөн. Хүүхэд бага байхад эхнэр найзындаа архи уугаад тэгээд би ирж байх замдаа уурлаад түлхсэн чинь хашаа даваад унасан тэгээд дүүг нь залгаж эгчийгээ ирж ав гэж дуудаж байсан гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000070020 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Х.АТөв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 32 дугаар байрны 24 тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын дундуур нимгэн хувцастай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргаж харгис хэрцгий харьцсан, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр зодож биед нь халдсан, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт 2023 оны 11 дүгээр сард хашаа давуулж шидэх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 32 дугаар байрны 24 тоотод хамтран амьдрагч Х.Аүл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дээр зөөлөн эдийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдтийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:
хохирогч Х.А...2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Т.Т хотоос согтуу ирсэн. Тухайн үед би найз Мэнджаргалтай хамт хоёр лааз пиво уугаад сууж байсан. Тэгээд манай найзын найз залуу хотоос ирээд бид дөрөв хамт буудал ороод тэндээ хөзөр тоглоод 0.75 граммын Экс нэртэй архинаас манай нөхөр 1-2 удаа уугаад 23 цаг өнгөрч байхад бид гэртээ харьсан. Гэртээ ирээд унтах гээд хэвтэж байгаад би нөхрөөсөө “чи одоо өдөржингөө утсаа унтраагаад хаашаа алга болчихдог юм бэ” гэж асуухад нөхөр уурлаад бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг нүүр, нүд, толгой, гар, хөл рүү гараараа болон хөлөөрөө зодож цохисон. Тэгээд элдүүрээр намайг нуруу руу удаа дараа цохисон. Би тэгээд өөрийгөө хамгаалах гээд элдүүрийг нь аваад Т.Тийг хоёр удаа цохисон. Тэгээд би Цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд дахиад цагдаа руу залгах гэтэл миний утсыг булааж аваад газар авч шидсэн. Тэгээд цагдаа нар ирээд эмнэлэг рүү авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Х.Э...Би эхээс 3-уулаа. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Манай ах 8 жилийн өмнө нас барсан. Манай эгч Анхцэцэг нь Т.Т гэх хүнтэй амьдраад 13 орчим жил болж байна. Манай эгч 10-н жилээ Зуунмод сумын 5 дугаар сургуульд төгссөн. Т.Т нь Төв аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаад одоо Улаанбаатар хотод Онцгой байдлын 14-р ангид ажилладаг. Энэ хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, 1 охин, 2 хүүтэй. Намайг 2010 онд оюутан болоод явахад Анхцэцэг эгч нөхөр хүүхдийн хамт манай аав ээжтэй хамт амьдардаг байсан. Т.Т ахын хувьд бол архины хамааралтай архи уухаараа хурц зан авиртай, эхнэртэйгээ байнгын хэрүүл зодоонтой, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Тухайн хэрүүлдээ хүүхдээ оролцуулж айлгаж сүрдүүлдэг. Би олон удаа хүүхдүүдийг нь очиж авдаг байсан. Ууж ирэхээрээ хаалга үүдээ онголгойсонгүй гээд цонх, хаалга нүдээд оруулахгүй бол цонх хагалаад ороод ирдэг байсан. 2018 оны үед би гэртээ байхад нэг өглөө манай эгч толгойдоо кист зүүчихсэн орж ирсэн. Тэгээд орж ирээд сууж байгаад нүүрийг нь хартал нүүр нь хөхрөөд хавдчихсан, толгойгоо боочихсон байдалтай байсан. Юу болсон юм бэ гэж асуухад нөгөөх чинь ирээд цохисон гэж хэлсэн. Тэгээд юугаар цохихоороо ийм аймар болдог юм бэ? гэж асуухад гараараа цохисон гэж хэлсэн. Тэгээд энэ шалтгаанаас болоод манай эгч нөхрөөсөө салсан. Тэгээд салаад 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тэр хугацаанд манайд хоёр хүүхдийн хамт 1 сарын хугацаанд амьдарсан. Энэ хугацаанд байнгын согтуу ирээд би хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гээд хаалга нүдээд байдаг байсан. Байнгын зууралдаад ажил дээр нь ирээд би хүүхдийнхээ мөнгөө авмаар байна гэдэг байсан. Тэгээд хүүхдээрээ далимдуулж явсаар байгаад 2019 онд буцаад нийлсэн. Тэгээд аав ээж хоёртой хамт амьдарч байгаад 2020 оноос тусдаа гарч байр түрээслэсэн. Энэ байрандаа ороод бага хүүгээ төрүүлсэн. Т.Т гэх хүн эхнэрээ гэрээсээ гаргадаггүй, гарахаар чи найз нөхөдтэйгээ уулзлаа гээд уурладаг байсан. Манай эгч гараад найз нөхөдтэйгээ уулзаад ирэхээр хайж яваад хаанаас ч хамаагүй найзуудаас нь асуугаад олоод ирдэг байсан. 2023 оны 11 дүгээр сарын дундуур Т.Т ах над руу залгаад Эрка эгчийгээ ирээд ав, эгчийг чинь шөнөжингөө хайгаад найзынхаас нь очиж авлаа гэж хэлсэн. Бид хоёр дулааны хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би өглөө 06 цаг өнгөрч байхад гүйж очтол миний эгч дулааны зүүн талын замын хажууд сууж байсан. Тэгээд та зүгээр үү гэж асуухад Т.Т намайг өргөөд шидчих шиг боллоо. Хөл, гар эвгүй болоод байна. Намайг гараараа цохиж өшиглөж байгаад явах шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би өргөөд гэр рүүгээ авч явах гэтэл явж чадахгүй, хөл гар нь өвдөөд, хазганаад байсан. Сая сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай ээж Амаржаргал эгчийн бага хүүхэд харах гээд очсон юм байна лээ. Тэгээд ээж над руу залгаад аниагийн чинь нүүр ам хавдаад хөхөрчихсөн аймар болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би 11 дүгээр сарын 30-ны өдөр эгчийн гэрт явж очсон. Тэгээд гэрт нь очоод эгчийгээ харахад нүүр нь тэр чигтээ хөхөрчихсөн, хавдчихсан, маажуулчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Хуягаа ах чинь гараараа цохисон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Т...2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ээж хоёр дүү бид гуравтай хамт гэртээ байж байгаад 17 цагийн үед ээж гарчихаад удахгүй ороод ирнэ гээд явсан. Тэгээд хоёр дүү бид 3 унтаж байхад 22 цагийн үед аав, ээж хоёр согтуу хамт орж ирсэн. Би аав ээж хоёрыг орж ирэхэд нь сэрсэн. Тэгээд аав ээж хоёр гудас хөнжилөө гаргаад ороо зассан. Тэгээд аав ээж хоёр унтах гээд хэвтсэн. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа ээж чи одоо ажил дээрээ ч уугаад гадуур ч уугаад өдөр шөнөгүй уугаад гэж уурлаж эхэлсэн. Тэгээд ээж жижиг өрөө рүү ороод цагдаа дуудсан, аав тэгээд утсыг нь булааж аваад газар шидсэн. Ээж тэгээд аавын ажил руу нь хүлээн авах болон дарга руу нь залгаад танай ажилчин Т.Т чинь өдөр шөнөгүй ажил дээрээ архи уугаад байж байдаг юм уу гэж ярьсан. Тэгсэн чинь аав чи одоо намайг ажилгүй болгох гээд байгаа юмуу, гутаан доромжилж байна уу гэж ээж рүү уурлаж эхэлсэн. Тэгээд би аав ээж хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь зодолдох гэж байгаа байх гэж бодоод бага дүүгээ ээжид хүргэж өгсөн. Аав нэгэнт уурласан байсан учраас бага дүүг ээж тэвэрчихсэн байхад дүүгийн хувцаснаас татаад унагаах гээд байсан учраас би дүүгээ очиж авсан. Тэгээд аав баруун гараараа ээжийн эрүүний хэсэг рүү, зүүн гараараа хацар руу нь цохисон. Ээж босож ирээд чи яахаараа намайг байнга цохиж зодож байдаг юм гэж хэлээд буйдан руу аавыг түлхсэн. Тэгээд аав ээж хоёр хоорондоо хэрэлдээд л байсан. Тэгээд аав дахиад ээжийг 3-4 удаа шидээд шалан дээр унагаагаад хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Харин ээж аавын нуруу, толгой руу 5-6 удаа цохисон. Тэгээд аав шууд газар хэвтэж байгаа ээжийг гараа атгаж байгаад ээжийн толгой руу 5-6 удаа цохисон. Тэгээд аав ээжийг би чамайг газар дээр чинь ална гээд хоолойг нь боомилсон. Тэгээд аав ээж хоёр жижиг өрөө рүү орсон удалгүй ээж аймар чанга дуугаар орилсон. Би тэгээд очоод хартал ээж чи одоо намайг энийгээр яах гэж байгаа юм гээд уртасгагч бариад зогсож байсан. Тэгээд аав том өрөө рүү ороод элдүүр авахаар ороход ээж элдүүрийг нь булааж аваад аавын толгой руу 3-4 удаа, нуруу руу 5-6 удаа цохисон. Би тэгээд ээжээс элдүүрийг нь авсан. Тэгээд нэг мэдэхэд ээж газарт уначихсан байтал аав дээр нь гарч байгаад нэлээн олон удаа гараа атгаж байгаад толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд ээжийн хамар болон толгойноос цус гарсан. Тэгээд ээж босч ирээд аавын нуруу руу 5-6 удаа цохисон. Тэр хооронд цагдаа ирээд аав, ээж хоёрыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаартай ...Х.Абиед баруун хөмсөгний дээр зөөлөн эдийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Тийн яллагдагчаар өгсөн... 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө ээлжийн ажлаасаа буугаад ажлынхаа хоёр залуутай 2 шил архи хувааж уугаад 18 цаг өнгөрч байхад Төв аймгийн Зуунмод суманд ирсэн. Ирээд гэртээ орох гэсэн боловч түлхүүр байхгүй, эхнэр рүү залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд нэг цэгийн үйлчилгээний төвийн гадаа эхнэр найзтайгаа хамт сууж байсан. Тэгээд найз нь намайг буудал олоод өгөөч хотоос манай найз залуу ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид 4 Хөгжил хотхоны тэнд байх буудал орсон. Тэгээд найз залуу нь гаднаас 1 шил архи, 4 ширхэг пиво аваад ороод ирсэн. Тэгээд тэр архинаас нь нэг хундага уугаад эхнэртэйгээ хамт гэртээ харьсан. Гэртээ очиход 3 хүүхэд жижиг өрөөнд унтаж байсан. Хүүхдүүдээ сэрээхгүй гээд газар ор засаад эхнэртэйгээ хамт хэвтсэн. Эхнэр тэгтэл утсаа авсангүй, утсаа унтрааж буудалд янхандаж байгаад ирлээ гээд орилж чарлаад хашхирч эхэлсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ? ажил дээрээ уусан гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд сэрээд дунд хүүгээ дуудаад аавтайгаа унт гээд байж байтал эхнэр чи янхандаж явлаа гээд толгой руу элдүүрээр 3-4 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд нүүрний хэсэг рүү нь 2 удаа цохисон, цохиход эхнэр буйдангийн хажуугаар унасан. Тэгээд эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирээд эхнэр бид хоёрыг эмнэлэг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас: Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Х.АТөв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 32 дугаар байрны 24 тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын дундуур нимгэн хувцастай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргаж харгис хэрцгий харьцсан, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр зодож биед нь халдсан, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт 2023 оны 11 дүгээр сард хашаа давуулж шидэх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 32 дугаар байрны 24 тоотод хамтран амьдрагч Х.Аүл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дээр зөөлөн эдийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдтийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тооцуулах, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдуулах саналтай гэсэн дүгнэлтийг...,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатарын...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Хохирогчийн хувьд хохирол нэхэмжлээгүй. Хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн хувьд хохирогчийг сувилалд хэвтүүлж тодорхой хэмжээний зардал гаргасан байгаа. Энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хохирлын асуудал байхгүй байна гэсэн дүгнэлтийг...,
Шүүгдэгч Т.Т: ...Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа миний буруу гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Т.Тийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.Т нь хохирогч Х.Абуюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ” гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Т.Т нь хохирогч Х.Азодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус хуулиар баталгаажуулжээ.
Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Абайнга зодсон идэвхтэй үйлдэл гаргасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй боловч гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг.
Шүүгдэгч Т.Тийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Х.А2023 оны 10 дугаар сард, 2023 оны 11 дүгээр сард, 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө зодож, хохирогч Х.Абиед баруун хөмсөгний дээр зөөлөн эдийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдтийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгчийн хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Т, хохирогч Х.Анхцэцэг нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсноор хохирогч Х.Агэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ
Иймд шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Наранхүү: Шүүгдэгч Т.Тийн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.Тт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 700 цагт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож нийт 10 сар 28 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч Т.Таас гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй байна. Шүүгдэгч Т.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар: “Шүүгдэгч Т.Тийн холбогдсон хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Сонгомол санкцтай гэмт хэрэг байгаа. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу байсан гэхээр аль аль нь залуу хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Ахувьд нөхрөө хардаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гурилын ганжин модоор цохисон байдаг. Шүүгдэгчийн хувьд 12 сараас хойш архи уухгүй байгаа, цагдаагийн байгууллагад шалгагдаад их зүйл ойлгож ухаарсан талаараа мэдүүлсэн. Эхнэр нь мөн манай хүн архи уухгүй байгаа гэдэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд 1-13 насны 3 хүүхэдтэй гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг. Анх удаа хэрэгт холбогдож байгаа. Гэм буруу дээрээ маргаагүй чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй байгаа зэрэг байдлыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Гал сөнөөгчийн ажил эрхэлдэг улсад 14 жил ажиллаж байгаа. Ажил эрхэлдэг хүн, гал сөнөөгч хийдэг байгаа. Ажиллаж байх хугацаандаа улсын аваргаас эхлээд байгууллагын аварга болж байсан. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. Ард нь үлдэх 3 хүүхэд эхнэрийн өрхийн орлого тасарна. Дээрх 2 зүйл ангийг нэмж нэгтгэн 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулаад тэнсэж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Т нь: “Хэлэх зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Т.Тийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих “,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан хөнгөн ангилалд тус тус хамаарч байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Т.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар,
шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, мөн 3 дах хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Т.Тийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Тт шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч Т.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Анхцэцэг нь шүүгдэгч Т.Таас, “гомдол санал, нэхэмжлэх зүйл” байхгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,
Эрүүгийн 2434000070020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, мөн 3 дах хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Т.Тийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Тт шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.Тт оногдуулсан торгох ялын биелэлтийг шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2434000070020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН