Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01540

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2021/01540 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж түүний өмгөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би ...-ыг хурдан удмын адуу худалддаг гэж хүнээс сонсоод морь сонирхож 2018 оноос утсаар холбогдсон. 2019 оны 3 дугаар сард ... дахь түүний адуунаас 3,900,000 төгрөгөөр их насны нэг морь худалдаж авсан. Тэгэхдээ адуунаас нь очиж үзээгүй, шууд утсаар яриад л авсан. Наймаа хийх үедээ ...-той хурдан удмын адуу биш, давхихгүй адуу байвал наймаа буцаах талаар тохиролцсон. ...-оос авсан бор зүсмийн адууг уяж, сойж үзэхэд даага ч гүйцэхгүй, илт хурдан удмын адуу биш байсан тул 2019 оны 5 дугаар сард ... суманд түүний хуурай дүү гэх иргэн ...-д буцааж хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл адуу худалдаж авахаар төлсөн 3,900,000 төгрөгөө авъя гэхэд явдаг газраараа яваад аваарай гэж, ална шүү гэх зэргээр хэл амаар доромжилдог. Ийм учраас арга буюу шүүхэд хандахад хүрлээ. Адуу худалдаж авахтай холбоотой хоёр талын тээврийн зардал 500,000 төгрөг надаас гарсан. Иймд адуу авахдаа төлсөн 3,900,000 төгрөг, 2 талын тээврийн зардал 500,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийг ...-оос гаргуулж өгнө үү.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр хийж, хурдан удмын адуу худалдахаар тохиролцон, нэхэмжлэгч 4 удаагийн гүйлгээгээр адууны үнэ 3,900,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Гэрээний зүйл болох адууг хүлээн авсан боловч гол нөхцөл болсон хурдан удмын байх шаардлага хангаагүй учир Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн доголдолтой гэж үзэн ... гэрээнээс татгалзаж, хүлээн авсан адууг хариуцагчийн нэр заасан этгээдэд буцааж хүргүүлсэн байна. Хариуцагч төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний зүйлийг тээвэрлэх зардалд гарсан 500,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ...-ны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Найз ...-ээр дамжуулан надаас морь худалдаж авсан. Би бол ...-ыг танихгүй. Тухайн морины зургийг үзээд авахаар болж авсан. Тэгээд удалгүй авахаа больж, эргүүлээд ...-д хүргүүлж өгсөн. Одоо ... гэдэг хүнд байгаа. Тэр хоёр тохироод учраа олж байгаа. Надад одоо ямар ч хамааралгүй...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

... нь ...-д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 3,900,000 төгрөг, гэрээний зүйлийг тээвэрлэхэд зарцуулсан 500,000 төгрөг, нийт 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс харилцан тохиролцож, ... нь ...-д хурдан удмын адуу худалдах, ... нь төлбөр 3,900,000 төгрөгийг ...-д төлөх үүрэг тус тус хүлээхээр худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний гол нөхцлийн талаар маргаагүй байна.

... гэрээний дагуу ...-ын Хаан банк дахь ... дугаар дансанд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ...-ны банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-9, 10/

Худалдан авагч тал гэрээний зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн ... сумаас ... сум руу тээвэрлүүлэн, тээврийн зардалд 220,000 төгрөгийг тээвэрлэгчид шилжүүлсэн, улмаар гэрээний зүйлийн доголдлын улмаас гэрээнээс татгалзсанаар 2019 оны 5 дугаар сард тухайн адууг буцаан ... сум руу тээвэрлэж, тээврийн зардалд 280,000 төгрөг зарцуулсан болох нь тус тус ...-ны банк дахь депозит дансны хуулга, адууг тээвэрлэсэн ...нарын тодохойлолт зэргээр тогтоогджээ. /хх-5-8/

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан ба талууд гэрээний гол нөхцлөөрөө гэрээний зүйлийг хурдан удмын адуу байхаар тохиролцож, нэхэмжлэгчийн хүлээн авсан адуу нь хурдан удмын адуу биш байсны улмаас гэрээнээс татгалзсан талаар зохигчид хэн аль нь тайлбарлаж, энэ талаар маргаагүй.

Харин хариуцагчийн зүгээс гэрээний зүйлийг ... гэх хүн хүлээн авсан учир төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарласан бол нэхэмжлэгч тал адууг хариуцагчийн хэлсний дагуу, заасан хүнд хүргүүлсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ... гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан, ...-д шилжүүлсэн адууны үнэ 3,900,000 төгрөг болон тээврийн зардал 500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Учир нь нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр 3,900,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлж, хариуцагч уг төлбөрийг хүлээн авсан ба Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч тал гэрээг цуцлах эрхтэй, мөн худалдагч тал нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул эдгээр үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ...-оос 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 85,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА