| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01596/И |
| Дугаар | 102/ШШ2021/01547 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01547
2021 оны 6 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2021/01547 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...т холбогдох,
2,941,660 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., С.Оюунжавхлан, хариуцагч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, үүнийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Тус банкинд борлуулалт үйлчилгээний менежерээр ажиллаж байсан ...-гийн Монгол улсын төв банк, Холбооны бүгд найрамдах Герман улсын Хадгаламжийн банк хамтран банкны ажилтны ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдахтай холбоотой ирж буцах нислэгийн зардал төлүүлэх хүсэлтийг харгалзан банк 1,995,000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Түүний хүсэлтийг харгалзан Сургалтын гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч өөрийн хүсэлтээр буюу гэрээний 2.8-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаж, банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ... тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэрээнд заасны дагуу гэрээний 2.1.4-т заасан хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 5 өдрийн дотор банкнаас олгосон зардлыг буцаан төлөх үүрэгтэй. Гэтэл ... өнөөдрийг хүртэл уг төлбөрийг барагдуулаагүй, мөн ээлжийн амралтын урьдчилан авсан мөнгө 946,660 төгрөгийг буцаан төлөөгүй. Иймд ...-ээс сургалтын гэрээний дагуу олгосон нислэгийн зардал 1,995,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 946,660 төгрөг, нийт 2,941,660 төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагч гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээ цуцлагдсан. Тиймээс байгууллагаас гаргасан зардлыг буцаан төлөх үүрэгтэй. ... 2020 оны 2 дугаар сард төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, 7 дугаар сард төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна...гэв.
Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие ... ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжилсэн төлбөрөөс 946,660 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад төлбөрийг төлөх боломжгүй байгаа болно. Учир нь тус төлбөрийг банкинд ажиллаж байхдаа Хүний нөөцийн хэлтсээс томилсны дагуу Герман улсад явагдсан сургалтанд хамрагдсаны тээврийн зардал буюу томилолтын зардалд зориулсан үнэ юм. Нэхэмжлэгч байгууллагад би анх 2017 оны 1 дүгээр сард Борлуулалтын үйлчилгээний мэргэжилтнээр ажилд орсон. Ингээд 4 дүгээр сард Холбооны бүгд найрамдах Герман улсад суралцаж, сургагч багш, ментор болох сургалтанд хамрагдах санал ажил олгогчийн зүгээс авч, уг сургалтанд хамрагдаж ирсэн. Ирээд 3-4 ажилтныг сургасан. Уг сургалт нь хүний нөөцийг идэвхжүүлэх сургалт байсан. Гэвч 2018 оны 6 дугаар сард миний гэр бүлийн хүн авто осолд орж би нөхрөө асрахаар чөлөө хүссэн боловч ажил олгогчоос чөлөө олгохгүй гэсэн учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаас өөр аргагүй болсон. Харин 7 дугаар сард ажилдаа эргээд орох хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй учир 10 дугаар сараас өөр байгууллагад орж ажиллаж байгаа. Ээлжийн амралтын мөнгө урьдчилан авсан байсан учир энэ шаардлагыг нь би хүлээн зөвшөөрнө. Би хоёр удаагийн сургалтанд амжилттай хамрагдсан. Сургалтын гэрээний дагуу суралцаж ирээд хүний нөөцийн асуудлаар ажилчдыг сургах үүргээ хангалттай биелүүлсэн гэж бодож байгаа. Тиймээс нислэгийн зардал 1,995,000 төгрөгийг төлөх боломжгүй байна...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
... ХХК нь ...-ээс сургалтын гэрээний дагуу гарсан зардал 1,995,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт урьдчилан олгосон 946,660 төгрөг, нийт 2,941,660 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 946,660 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 1,995,000 төгрөгийг төлөх боломжгүй, сургалтын гэрээний дагуу 3-4 ажилтан сургах үүргээ биелүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
... нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс ... ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтэст Борлуулалт үйлчилгээний мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдож, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулан ажиллаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Хөдөлмөрийн гэрээг цуцлан, дуусгавар болгожээ. /хэргийн 8-11, 13, 19, 21 дүгээр тал/
Ажиллах хугацаандаа ... нь 2017 оны 4 дүгээр сард Холбооны бүгд найрамдах Герман улсад богино хугацааны ментор бэлтгэх сургалтанд хамрагдан сертификат авч, байгууллагын ажилтнуудыг хүний нөөцийн чиглэлээр сурган, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сургалтын гэрээ байгуулан, 2017 оны 12 дугаар сарын 08-наас 18-ны өдрийн хооронд Холбооны бүгд найрамдах Герман улсад мөн сургалтанд дахин хамрагдсан байна.
Дээрх сургалтын гэрээгээр ажил олгогч нь ажилтныг сургалтын хуваарийн дагуу суралцах боломжоор хангаж, зохих журмын дагуу ажлаас чөлөөлөх, сургалтанд хамрагдахад шаардлагатай зардал 1,995,000 төгрөгийг тооцож олгох, ажилтан нь сургалтанд хамрагдсанаас хойш банкинд тогтвортой, үр бүтээлтэй 3 жил ажиллах зэрэг үүрэг хүлээн, ... ХХК-иас гэрээнд заасан зардлыг олгож, ... сургалтанд амжилттай хамрагдаж ирсэн болох нь түүний 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил олгогчид бичгээр гаргасан хүсэлт, нислэгийн тасалбарын төлбөрийн нэхэмжлэх, төлбөр шилжүүлсэн мемориалын баримт зэргээр тогтоогдсон ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй. /хэргийн 7, 17, 20, 24/
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө хариуцагч нь тухайн жилийн ээлжийн амралтын олговорт 946,660 төгрөг урьдчилан авч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учир ажил олгогч ... ХХК нь ...-т олгосон уг олговрыг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчид энэ шаардлагын хүрээнд мэтгэлцээгүй, шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагчийг ажиллах хугацаандаа гадаад улсад суралцахад зарцуулсан замын зардлын 1,995,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Сургалтын гэрээний 2.1.4 дэх хэсэгт ажилтан сургалтанд хамрагдсанаас хойш банкинд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах хугацаа: 3 жил гэж, мөн 2.8 дахь хэсэгт ажилтан нь...гэрээний 2.1.4 дэх хэсэгт заасан хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, ...хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 5 өдрийн дотор энэхүү гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасан банкнаас ажилтанд олгосон зардлыг буцаан төлөх үүрэгтэй гэж тусгасан байна.
Сургалтын гэрээний 2.8 дахь хэсэгт заасан нөхцөл үүсч, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ба ажилтан гэрээнд заасан зардлыг ажил олгогчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн сургалтанд хамрагдахад зарцуулсан замын зардлын 1,995,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,020 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-ээс 2,941,660 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 62,020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА