Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0030

 

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О  миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар томилогдон ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тамгын газрын дарга Б.Ганболд өрөөндөө дуудаж, тамгын газрын бүтцийн өөрчлөлт хийж байгаа учраас та ажлаа өг, эсвэл өөр ажил уруу ор гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин дуудаж бид тантай цаашид хамтран ажиллахгүй, ардын намын гишүүдийг ажилд оруулах ёстой, харин өөрийг чинь цалин бууруулахгүйгээр одоо хийж байгаа ажлын чиглэлээр ажилд оруулна гэж хэлээд тушаал гаргасан.

Энэхүү тушаал нь тушаалын үндэслэл болсон хуулийн заалттайгаа нийцээгүй, намайг өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах тушаал биш, харин үндсэн ажил, албан тушаалаас чөлөөлсөн тушаал байсан. Тушаал гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч шилжүүлсэн гэх байгууллага нь төсөв байхгүй, орон тоо илүүдэлтэй гэсэн шалтгаанаар ажилд авахгүй байгаа болно.

Ийм учраас би маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй болно. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалын хоёр дахь заалтаар намайг ажлын байраар хангуулахаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэдэлд шилжүүлсүгэй гэж заасан боловч ямар ажил, албан тушаалд, хэзээнээс эхлэн хэний тушаал шийдвэрээр томилохыг заагаагүй, тодорхойгүй, бүрхэг агуулга бүхий тушаал гаргасныг зөвшөөрөхгүй байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлэн ажиллах талаар нэхэмжлэгч Ц.О-тэй хэлэлцэн тохиролцсоны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтнээр томилуулан ажиллуулахад тус байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй, орон тоо илүүдэлтэй, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй зэрэг шалтгаан байсан тул тухайн үедээ ажлын байраар хангуулах боломжгүй байжээ. Гагцхүү цалингийн сан нь 2016 оны төсөвт суугдаагүй, 2017 оны төсөвт суусан тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжилтнээр томилон ажиллуулна гэдэг хариуг тус газраас нэхэмжлэгчид өгч байсан.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуульд нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.С  шүүхэд гаргасан тайлбартаа: Д.С  миний бие 2016 оны 6дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ өдөр Ц.О ажлаа хүлээлгэн өгсөн. Улмаар ажил хүлээлцэх явцад ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд өөр ажилд шилжин ажиллах болсон гэдгээ хэлж байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 4 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлая.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурьдсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахаар болсон учраас уг заалтыг баримталсан. Нэхэмжлэгч болон хариуцагч, мөн Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нар харилцан тохиролцож уг шийдвэрийг гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актад дурьдагдсан бүх зүйл шийдвэрлэгдэж дууссан. Гэвч бодит байдалд нэхэмжлэгч нь тухайн ажлын байранд ажиллаагүй зүйл байгаа. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-нй өдрийн 09 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог баталсан байдаг. Энэ нь урд ажиллаж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооноос юугаараа ялгаатай вэ гэхээр урд нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг гэж байсныг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болгож өөрчилсөн байгаа. Үүнтэй холбоотой уг хэлтсийн даргын ажлын байрны ангилал зэрэглэл өөрчлөгдсөн байгаа.

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ангилал зэргийг тогтоосон. Энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг тогтоолын дагуу нэхэмжлэгчийн урд нь ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга нь ТЗ-7 дахь ангилалд хамаарч байсан. Харин хэлстийн дарга нь ТЗ-ийн 9 дэх ангилалд хамаардаг. Тэгэхээр ТЗ-ийн 7 дахь ангиллаар цалинжиж байсан албан тушаалтан ТЗ-9 дэх ангиллийн албан тушаалд томилуулахыг шүүхээс хүсэж байгаа нь хууль бус юм. Яагаад гэхээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтыг сонгон шалгаруулах журамд заасны дагуу төрийн захиргааны ангилал ахисан албан тушаалд томилогдохын тулд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл ТЗ-7 дахь ангилалд ажиллаж байсан албан тушаалтан ТЗ-ийн 9 дэх ангилалд ажиллахын тулд Төрийн албаны сонгон шалгаруулалтанд орж төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу уг албан тушаалд томилогдох ёстой. Түүнээс биш шүүхээр албан тушаал ахиулж томилогдох боломжгүй. Нэхэмжлэгч Ц.О нь өөрөө Төрийн албаны тухай хууль болон удирдах албан тушаалтыг сонгон шалгаруулах журамд заасны дагуу хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар томилогдсон уу гэвэл үгүй. Сонгон шалгаруулалтанд орж байгаагүй, нөөцөд бүртгэгдэж байгаагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалт нь ажилд томилох заалт бөгөөд уг хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь  хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөх ёстой. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалын хоёр дахь заалтаар намайг ажлын байраар хангуулахаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэдэлд шилжүүлсүгэй гэж заасан боловч ямар ажил, албан тушаалд томилж байгаа нь тодорхойгүй, шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй байна.

Анх нэхэмжлэгч Ц.О-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар тус Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар томилсон байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “нэхэмжлэгчийн ажилд томилуулахыг хүссэн албан тушаал нь ТЗ-9 дэх шатлалаар цалинждаг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаал учраас уг албан тушаалд томилох боломжгүй” гэж ярьж байна. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газрын 2013 оны 11 сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна. Энэхүү Б/51 дүгээр тушаал нь ямар учиртай, хэзээ гарч ирсэн тушаал болохыг мэдэхгүй. Харин нэхэмжлэгч Ц.О-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар тус Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар томилсон байдаг. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгөөд байгаа дээрх баримтуудыг анх гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргаж өгөхдөө хавсаргасан байдаг. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас нэгэнт шийдвэрлэгдсэн асуудалтай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх боломжгүй учраас нотлох баримтаас хасаж өгнө үү.

Нэхэмжлэгч Ц.О нь төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тийм учраас дахин төрийн албан хаагчийн шалгалт өгөх шаардлагагүй юм. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/26 дугаар болон тус газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/28 дугаар тушаалууд авагдсан байгаа. Дээрх тушаалуудаар ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ гэхээр нэхэмжлэгчийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хяналт үнэлгээ-дотоод аудит, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр томилж, ТЗ-ийн 5-5 дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэж, улмаар уг албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараах асуудал бөгөөд үнэхээр өөр ажил албан тушаалд шилжүүлсэн гээд байгаа юм бол урьд ажиллаж байсан ажил албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүйгээр томилох ёстой байтал ТЗ-7 дахь шатлалаар цалин авч байсныг ТЗ-5-5 дахь шатлал болгон бууруулсан учраас үүнийг хүлээн зөвшөөрч ажилд томилогдохгүй гэх үндэслэлээр хандаж ирсэн.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу ажлын 247 хоногийн 13282360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.О нь тус шүүхэд “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 9 сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өмгөөлөгчөө оролцуулсан болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч нь цалин бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлнэ гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, тодорхойгүй заалт бүхий үндэслэлгүй тушаал гаргасанд гомдолтой гэж маргана.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[1] “.... 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганболд өрөөндөө дуудаж, ерөнхий сайдын 100 хоног болох гэж байгаа, тамгын газрын бүтцийн өөрчлөлт хийх байгаа учраас та ажлаа өг эсвэл өөр ажил руу оч гэж шаардсан. 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин дуудаж бид тантай цаашид хамтран ажиллахгүй, ардын намын гишүүнээ ажилд оруулах ёстой, харин өөрийг чинь цалин бууруулахгүй одоо хийж байгаа ажлын чиглэлээр ажилд оруулж өгнө гэж хэлээд Б/45 тоот тушаалыг гаргасан. Энэхүү тушаал нь тушаалын үндэслэл болсон хуулийн заалттайгаа нийцээгүй, намайг өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах тушаал биш, харин үндсэн ажил, албан тушаалаас чөлөөлөх тушаал байна. Тушаал гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч шилжүүлсэн гэх байгууллага нь төсөв байхгүй, орон тоо илүүдэлтэй гэсэн шалтгаанаар ажилд авахгүй байгаа болно....” гэж,

хариуцагч аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа[2] “.... Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлэн ажиллуулах талаар нэхэмжлэгч Ц.О-тэй хэлэлцэн тохирсны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн өргөдөлд дурьдсанчлан ерөнхий сайдын 100 хоног болох гэж байна, намын гишүүдээ ажилд оруулах ёстой учраас ажлаа өг дарамталсан асуудал огтхон ч байхгүй. Харин нэхэмжлэгч Ц.О-ийн эзэмшсэн мэргэжил, боловсролынх нь дагуу тохирох ажлын байраар хангуулахаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдэлд шилжүүлсэн заалтыг тушаалд тусгасан нь байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулахдаа түүнтэй харилцан тохиролцсоны нотолгоо юм. Ц.О-ийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтнээр томилон ажиллуулахад тус байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй, орон тоо илүүдэлтэй, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй зэрэг шалтгаан байсан тул тухайн үедээ ажлын байраар хангуулах боломжгүй байжээ. Аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн А/549 дүгээр захирамжаар тус байгууллагын бүтэц,орон тоог шинэчлэн баталснаар нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжлээр тохирох мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулах боломж бүрджээ. Одоо төсвийн шууд захирагч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах шийдвэр гаргах бөгөөд уг асуудалд дээд шатны байгууллагын зүгээс оролцох эрх зүйн үндэслэл байхгүй...” гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа[3] “..... Хариуцагчийн хариу тайлбарыг бүрэн дэмжиж байна. Энэ тайлбартай холбогдуулан дараах нэмэлт тайлбар хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэж энэ тушаалыг гаргасан. Шилжүүлэн ажиллуулахаар тохирсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Бодит байдал дээр нэхэмжлэгч өөрөө ажлаа хийгээгүй. Өмнөх ажлын байр нь Хяналт үнэлгээ, шинжилгээний тасаг байсан бол хэлтэс болж өөрчлөгдөж, ажлын байрны ангилал зэрэглэл нь өөрчлөгдсөн. ТЗ-7 зэрэглэлд ажиллаж байсан хүн ТЗ-9 ангилал зэрэгт хамаарахгүй, Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт орох ёстой байдаг. Удирдах албаны тушаалтныг сонгон шалгаруулалтаар нөхөх ёстой байдаг. Хуулийн дагуу томилогдоогүй байсан...” гэх тус тайлбарлажээ.

Нэг. “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 9 сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч Ц.О-ийн маргаан бүхий ажлын байранд ажилласан байдлын тухайд:

Ц.О  нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байсан болох нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43[4], 2013 оны  2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/47[5], Б/51[6] дүгээр тушаал[7], Төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр сарын 11-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор[8] тус тус нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас нэхэмжлэгчийг маргаан бүхий ажлын байранд ажиллах хуулийн шаардлага хангаагүй байсан гэж маргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг ажилд томилсон гэх аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг  хүчингүй болгосон 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/61 дүгээр гаргасан ба энэ нь маргаан бүхий актын үндэслэлтэй холбоогүй бөгөөд Ц.О-ийг ажилд томилсон Б/51 дүгээр тушаалын огноо зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.  

  1.2. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 9 сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Ц.О-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө “өөр байгууллагад шилжин ажиллахаар хэлэлцэн тохирсны дагуу” гэх үндэслэлийг дурдаж, ажлын байраар хангуулахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заасан. Эндээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах хуулийн нөхцөл, шаардлага нь нэгдүгээрт албан ажлын зайлшгүй шаардлага байх, хоёрдугаарт өөртэй нь тохиролцох, гуравдугаарт өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар байна. Эдгээр нөхцөлийн аль нэг нь бүрдээгүй тохиолдолд шилжүүлэх үндэслэл бүрдэхгүй бөгөөд хоорондоо уялдаа холбоотой нөхцөлүүд юм.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ний өдрийн 9 дүгээр тушаалаар аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс болон өөрчлөгдөж нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн байна.

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /тухайн үеийн албан тушаалаар/ Б.Ганболд нь  Ц.О ,  аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Номинчимэг нарыг дуудан уулзсан. Ц.О-ийг эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийн дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдох ажилд томилох боломжгүй буюу орон тоо байхгүй, хяналт-шинжилгээ үнэлгээний алба байгуулах талаар бүтцийн өөрчлөлтийн төсөл хийгдэж байгаа талаар яригдсан болох нь гэрч Ц.Номинчимэгийн мэдүүлгээр[9] тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно. Мөн хариуцагч байгууллага болон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нэхэмжлэгчийг ажлын чиг үүргийн дагуу шилжүүлэн ажиллуулах албан ажлын шаардлагаа тодорхойлоогүй байна.

Өөрөөр хэлбэл албан ажлын шаардлагын улмаас шилжүүлэх байгууллага, албан тушаал тодорхой болсны дараагаар төрийн албан хаагчтай хэлэлцэж тохиролцох буюу саналыг нь сонсох ёстой. Гэтэл зөвхөн шилжүүлэх байгууллагыг тодорхойлж, тус байгууллагын мэдэлд шилжүүлэх гэх байдлаар тодорхойлж танилцуулаад өөртэй нь хэлэлцэж тохиролцсон гэж үзэх нь хангалтгүй юм.

1.3. Маргаан бүхий актын агуулга, хэлбэрт тавигдах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.”гэж гэж тус зааснаас үзвэл төрийн албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэр нь тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий нөхцөл байдал бодитойгоор бий болсон байх ёстой байтал маргаан бүхий актыг гаргах хууль зүйн үндэслэлийг бүрэн хангуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болжээ.

Иймд маргаан бүхий акт нь бодит шаардлага, хууль зүйн үндэслэлтэй нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.О-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг бус Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг тэмдэглээд маргаан бүхий актыг хүчингүй болсноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэх боломжгүй байх тул тус албан тушаалд одоогоор түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа, удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй талаар хариуцагч талаас тайлбарласныг үндэслэн Ц.О-ийг тус албан тушаалд эгүүлэн тогтоох боломжтой гэж үзлээ.

Энэ нь ажил олгогчоос тус албан тушаалд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 13.282.360 /арван гурван сая, хоёр зуун наян хоёр мянга гурван зуун жаран/  төгрөг нэхэмжилж байгааг тодруулжээ.[10]

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалин хөлсний нөхөн олговор нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтод үндэслэсэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлогдсон байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Гурав. Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/549 дүгээр захирамжаар[11]баталсан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тооны дотор хяналт- үнэлгээ, дотоод аудит, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний орон тоог бий болсноор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар[12] тус албан тушаалд Ц.О-ийг томилж, өөрийн хүсэлтийг харгалзан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар[13] чөлөөлжээ.         

Нэхэмжлэгч, өмгөөлөгчөөс түүнийг шилжүүлэн ажиллуулахад эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулахгүйгээр ажиллах талаар амаар хэлэлцэж тохиролцсон байсан тул тус албан тушаалд ажиллахаас татгалзсан талаар тайлбарласан ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй буюу маргаагүй  бөгөөд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилсон тушаал гарсан нь түүнийг шилжүүлэн ажиллуулах талаар маргаан бүхий акттай эрхийг хязгаарлахгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Ц.О-ийн Үндсэн хууль бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн холбогдох баталгаа зөрчигдсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.О-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 13.282.360 /арван гурван сая, хоёр зуун наян хоёр мянга гурван зуун жаран/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

[1]хх-ийн 1-2 дахь тал

[2] хх-ийн 17-18 дахь тал

[3] шүүх хуралдаагы тэмдэглэлийн 4-5 дугаар хуудас

[4] хх-ийн 65 дахь тал

[5] хх-ийн 8 дахь тал

[6] хх-ийн 58 дахь тал

[7] хх-ийн 65 дахь тал

[8] хх-ийн 59 дэх тал

[9] хх-ийн 128-129 дэх тал

[10] шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудас

[11] хх-ийн 134-135 дахь тал

[12] хх-ийн 132 дахь тал

[13] хх-ийн 133 дахь тал