| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00550/И |
| Дугаар | 102/ШШ2021/01572 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2021/01572
2021 оны 6 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2020/01572 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцагийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...,
Хариуцагч: ... нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ... оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би ...-ны өдөр ... болон ...нартай Орон сууц хөлслөх гэрээг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар бичгээр байгуулсан. Гэрээгээр би өөрийн өмчлөлийн ... орон сууцыг сарын 750,000 төгрөгийн хөлстэй, ашиглалтын зардлыг хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон. Би гэрээний нөхцөлд заасны дагуу эхний 3 сарын төлбөр 2,250,000 төгрөг, нэг сарын түрээсийн барьцаа төлбөр 750,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хүлээн авсан. 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дараагийн 2 сарын төлбөр 1,500,000 төгрөгийг төлөөгүй ба гэрээний дагуу түрээсийн төлбөрийг удаа дараа сануулах оролдлого хийх гэсэн боловч ...-тай холбогдож чадаагүй тул байранд сууж буй иргэн ... байр суллаж өгөхгүй, түрээсийн төлбөр өгөхгүй гэж мэдэгдсэн.... анх байрыг түрээслэхээр ирэхдээ ...-тай хамт ирж үзээд, ...-ыг өөрийн байгууллагын ажилчин гэж танилцуулсан. Миний бие итгээд түрээсийн гэрээ хийсэн.... нь өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн залилсантай холбоотой Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдан шалгагдаж байгаа. ... нь ...-тай хоорондын гэрээ хийж залилуулсан гэх ба тухайн хоёр хүний хоорондын гэрээ надад хамаагүй. Би анхнаасаа энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Түрээсийн гэрээг хийхэд ... гарын үсэг зурах ёстой байсан боловч ... ирж гэрээтэй танилцаад гарын үсэг зурсан. Манай нөхөр байраа шалгаж үзэх гээд очсон боловч байранд оруулаагүй. Түрээсийн гэрээний хугацаа дууссан, утсаар болон биечлэн очиж байраа чөлөөлж өгөхийг шаардсан боловч биелүүлэхгүй байгаа учир ....-ын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү. Түрээсийн гэрээ хийснээс эхлээд миний байранд ... амьдарсан. ... гэдэг хүн миний байранд амьдраагүй учир энэ хүнээс шаардах зүйл байхгүй. Тиймээс ...-аас татгалзаж байна. Харин ... миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа учир чөлөөлүүлж өгнө үү...гэв.
Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Орон сууцнаас албадан чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүүнд нь мөнгө зээлдүүлж байранд суулгана гэх зараар банкнаас 10,000,000 төгрөг зээлж, улмаар ... талбайтай байранд 1 жилийн хугацаатай суухаар болсон. Тус ... гэх зуучлалын байгууллага байрны эзэд хоорондоо гэрээ байгуулсан бөгөөд тус компанийн захирал ... манайх болон байрны эзэд удаа дараалж түншилж байгаа гэж надад хэлж байсан. Гэрээ байгуулахдаа анх бүтэн жилээр гэж байсан ч сүүлдээ гэрээгээ үзэхэд 6 сараар байгуулсан байсныг олж мэдсэн. Хууль эрх зүйн мэдлэг дутуу, гэнэн итгэмтгий зангаасаа болж бие сэтгэл, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Би осолд орж хөлгүй болсон 70 настай ээжтэйгээ хамт амьдардаг. Одоо миний ээж асаргаанд байдаг, энэ байрнаас гараад орох орон байхгүй. Байрны эзний дарамт шахалтаас болж өдөр бүр айдастай амьдарч байна. Байрны эзэн ... хоёр хоорондоо гэрээ байгуулсан байтал намайг хариуцагчаар татаж байгаа нь нэхэмжлэгч шаардах эрх байхгүй.... гэх нөхөр одоо 150 орчим хүнийг залилсан, одоо Сүхбаатар дүүрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг нь дуусаагүй байхад иргэний журмаар хэрэг шийдэхгүй байх. Би бол байрны эзэн ... болон ... хоёрын хооронд хохирсон иргэн байтал намайг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм. Байрны эзэн утсаар болон өөрийн биеэр удаа дараа ирж айлган сүрдүүлж байсан. Нэхэмжлэгч ... нь удаа дараа цагдаагийн байгууллага, хувь хүний нэрийг ашиглан тийм ч цагдаагийн газар, тийм ч өмгөөлөгч, хуульч та нарыг хөөж гарга гэж хэлж байна, тиймээс одоо гар гэж зүй бусаар дарамталж байсан. Би энэ асуудлыг шүүхийн журмаар эцэслэн шийдүүлэхийг хүссэн. Надад байгаа гэрээн дээр ... ...-тай гэрээ байгуулсан байсан. Анхнаасаа л энэ хоёр хүн хоорондоо гэрээ байгуулсан нь тодорхой байсан. Миний санамсаргүй байдлаар гарын үсэг зурчихсан байсан нэг хувь дээр дөрөөлж намайг хариуцагчаар татсан байж магадгүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг дуустал тус байрандаа байх хэрэгтэй бөгөөд хэрвээ нэхэмжлэгч ... гомдолтой, хохиролтой гэж үзвэл хариуцагч ...-аас хохирлоо барагдуулах нь зөв байх...гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ..., ... нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн ... талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... маргааны зүйл болох орон сууцанд амьдраагүй буюу эзэмшилдээ байлгаагүй учир түүнд холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч ...-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбаатарт холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэлийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцанд .тай байгуулсан зэ..-элийн гэрээний дагуу хүүгийн төлбөрт тооцон амьдарч байгаа, түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... талбайтай 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч ... болон ... нарын хоёр хүний өмч болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч ... 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг ..-тай 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 750,000 төгрөгөөр өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг хөлслүүлэхээр тохиролцож, хоёр хувь үйлдэн, тухайн гэрээнд хөлслөгчийг төлөөлөн нэг гэрээнд хариуцагч ..., нөгөө гэрээнд Ууганбаатар нар гарын үсэг зуржээ. /хх 7, 21/
Маргаан бүхий орон сууцанд хариуцагч ... амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд тэрээр ...-тай байгуулсан Зээлийн гэрээний хүүгийн төлбөрт тооцон амьдарч байгаа гэх тайлбараа нотлохоор 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээг нотлох баримтаар гаргасан. /хх-25/
Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан ... дугаар Зээлийн гэрээнд зээлийн хүүг нэг сарын 7,5 хувь байх, хүүг улирал бүр зээлдүүлэгчийн дансаар хүлээн авах талаар тусгаж, зээлийн хүүгийн төлбөрт орон сууцанд амьдрах талаар дурдаагүй байх тул ...-ын тайлбар хэрэгт авагдсан энэ нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Мөн хариуцагчаас ...-т холбогдох эрүүгийн хэрэг хянан шалгагдаж байхад иргэний журмаар шийдвэрлэхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан боловч уг тайлбарт дурдсан үйл баримт маргаан бүхий ...-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралтай эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 3,000,000 төгрөгийн төлбөр хүлээн авсан талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй ба гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусч, үүнээс хойш хариуцагч ... нь нэхэмжлэгч ...-ийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байна гэж үзэх үндэслэлтэй.
Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ....-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн ... талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагч ... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч ...-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Хариуцагч ...-т холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ... татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ...-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч...-т холбогдуулан энэ асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА