| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00237/И |
| Дугаар | 102/ШШ2021/01666 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2021/01666
| 2021 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2021/01666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргалыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..-.т холбогдох,
... нарын биологийн эцэг мөн болохыг тогтоолгох, нэмэлт зардал 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн өмгөөлөгч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч ...-ыг төлөөлөн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
...гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
... нь ...-т холбогдуулан, түүнийг хүүхдүүдийн эцэг мөн болохыг тогтоолгох, нэмэлт зардал 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Зохигчид 2013 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас ...-ны өдөр охин ..., ...-ний өдөр хүү ... нар төрж, хүүхдүүд эцэг ..-.аар овоглосон байна. /хэргийн 5, 6 дугаар тал/
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу зохигчдын дундаас төрсөн хүүхдүүд болох ... нарын эцэг ... мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байх тул шүүх дахин тогтоох шаардлагагүй юм.
Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч талаас нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн зөвшөөрөл батлахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ... нарыг асрахад гарсан нэмэлт зардал 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч ...бодит зардал нэхэмжлэгчээс гараагүй, өөрийн хувийн компанийн ажилчдад олгосон цалинг асрагчийн цалин гэж баримт бүрдүүлсэн, асрагчидтай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээнүүд нэхэмжлэгчийн компанийн тамга дарагдсан учир эргэлзээтэй, дансаар хийгдсэн төлбөрүүд хүүхдүүдэд зориулагдаагүй, хагалгаа хийлгэсэн гэх баримтыг засварласан... гэх зэрэг тайлбар гаргаж маргасан.
Нэхэмжлэгч ... нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн Хаан банк ХХК дахь 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны харилцах дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Боловсролыг дэмжих эцэг эхчүүд ТТБ-ын дэргэдэх Гэрэлт ертөнц өдөр өнжих хүүхдийн хөгжлийн төв болон суралцагчдын хууль ёсны төлөөлөл болох эцэг эхтэй байгуулах гэрээ, Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, хүүхэд асрагчтай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүүхэд асрах тухай болон Хөдөлмөрийн гэрээнүүд, Болор Есүй ХХК-ийн бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн акт, хүүхэд асрагч ирцийн бүртгэл зэргийг нотлох баримтаар гаргасан. /хэргийн 9-10, 28-30, 33-36, 51-165, 169-180, 194-208 дугаар тал/
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ...Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ... шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хүүхдийн сургалт, асаргаанд зарцуулсан нэмэлт зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Хэргийн 51-158 дугаар талд авагдсан ... болон хүү ... нарын нэр дээрх банк дахь харилцах дансны хуулгуудаас нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2018-2021 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны зарлагын гүйлгээнүүдээс харахад 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ... сургалтын төлбөр, ...Хангэрэл цалин, төлбөр ..., ...хэвлэл ... гэх зэргээр гүйлгээний утгад хүүхдүүдийн нэр орсон 23 удаагийн нийт 2,191,150 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх боловч эдгээр гүйлгээ хэнд, ямар зардалд зарцуулагдаж байгааг тогтоох боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Гэрэлт ертөнц өдөр өнжих хүүхдийн хөгжлийн төвтэй сургалтын гэрээ байгуулж, гэрээний дагуу сургалтын төлбөр 1 сарын 250,000 төгрөг байх, төлбөрийг тус төвийн ... гэх хүний ... тоот дансанд шилжүүлж байхаар харилцан тохиролцжээ.
Гэрээнд заагдсан дээрх данс руу нэхэмжлэгч 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийн төлбөрийг ... сургалтын төлбөр, ... төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж, үүнээс өөр бусад данс руу өдөр өнжүүлэх төвийн багш, ажилчдын дансанд төлбөр төлж байсан талаар тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Гэвч 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөр ... гэх гүйлгээний утгатай ... тоот дансанд шилжүүлсэн 200,000 төгрөгийг охин ...-н сургалтын төлбөрт төлсөн байх боломжтой тул өдөр өнжүүлэх төвд нийт 600,000 төгрөг төлсөн гэж дүгнэн, уг зардлыг хариуцагч ...-аас гаргуулж, илүү нэхэмжилсэн 400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хүүхэд асрагчийн хөлс 7,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь нэр бүхий 6 иргэнтэй Хүүхэд асрах тухай гэрээ, Хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулсан байна. /хэргийн 34, 194-208 дугаар тал/
Нотлох баримтаар гаргасан дээрх гэрээнүүдийг асрагчдын ирц бүртгэлийн маягт бүхий баримтуудтай харьцуулан дүгнэвэл хоорондоо цаг хугацааны хувьд зөрүүтэй, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зарим асрагчдын нэрс бүртгэлд байхгүй, гэрээ байгуулаагүй нэрс ирц бүртгэлд бичигдсэн, мөн 2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны асрагчид цалин олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл: ...-ийн банк дахь дансны хуулгад цалин гэх утгатай зарлагын гүйлгээнүүдийг хэнд, юуны цалин өгч байгааг ялгах боломжгүй, Болор Есүй ХХК-ийн бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудад мөнгө хүлээн авагч нь ... өөрөө байгаа зэрэг нь хүү ...-ийг асруулахад бодитой гарсан зардал гэж үзэхээргүй байх тул асрагчийн хөлс 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 169, 170 дугаар тал/
Шүүх дээрх үндэслэлээр хариуцагч ....-аас нэмэлт зардал 600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Болорчимэгт олгож, илүү нэхэмжилсэн 7,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 228,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....-аас 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ... нарын биологийн эцэг ... мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 228,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 88,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Зохигчид хариуцагчийн зөвшөөрөл баталгаажуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн асуудлаар давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА