Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/01680

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/01680

Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргалыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

Түрээсийн төлбөр, алдангид 202,950,000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасан тайлбартаа:

... ХХК нь ... баруун хойно үйлдвэрийн баруун бүс ... хаягт байрлах Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн агуулах үйлдвэрийн зориулалттай 1293,8 м.кв талбай бүхий байрыг ... ХХК-д 10 гаруй жилийн турш түрээслүүлж байгаа билээ. Түрээсийн гэрээг хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн байгуулж, түрээсийн төлбөрт сар бүр 3,300,000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон. Хариуцагч байрыг түрээслүүлэх бүх цаг хугацаанд төлбөрөө цагт нь төлдөггүй, үргэлж төлбөр мөнгөний асуудалтай, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн ба төлбөрийг хэдэн жил дамнуулан төлөөгүй учир тус шүүхэд хандаж гаргуулж байсан удаатай. ... ХХК нь 2017 оноос эхлэн олон сар дамнуулж түрээсийн төлбөрийг төлөхгүй хоцроож эхэлсэн. Бид төлбөр төлөхийг шаардахад удааж байгаад 1-2 сарын түрээс төлөөд алга болдог. Гэрээгээ цуцалж байраа буцааж авах гэхээр удахгүй мөнгө орж ирнэ, энэ байр бидний үйл ажиллагаанд хэрэгтэй, удахгүй бүх зүйл хэвийн болно гэж амлалт өгдөг. Хариуцагчтай үргэлж төлбөр мөнгөний асуудалтай байдгаас залхсан манай компани түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоос өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цаашид гэрээг сунгахгүй болохыг, мөн байрыг хэвийн байдалд нь оруулж зохих ёсоор хүлээлгэн өгөхийг бичгээр мэдэгдсэн. 2018 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх 40 сарын түрээсийн төлбөр төлөөгүй ба гэрээг дуусгавар болсноор бусдын өмч болох байрыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх, төлбөр гаргуулахаар шаардсаар байгаа ч үр дүнд хүрж чадахгүй байна. Байр руу нэвтрэх гэхээр хүн байхгүй, ажиллахгүй байгаа гэж харуул хамгаалалтын ажилчид нь нэвтрүүлдэггүй. Компанийн удирдлагатай утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, утсаа авч ярихаараа шалтаг тоочин маргааш, удахгүй өгнө, Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд бүх үйл ажиллагаа зогсоосон гэх мэт элдэв тайлбар хэлдэг. Иймд 2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарыг дуусталх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 135,300,000 төгрөг, түрээсийн гэрээний 4.5-д заасан болон Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданги 67,650,000 төгрөг, нийт 202,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Мөн түрээсийн зүйлийг ... ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү...гэв.

 

Хариуцагч ... ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал ... бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

Тус компани 2003 оноос өнөөг хүртэл ... ХХК-ийн объектын хэсэг болох 1423 м.кв талбай бүхий байрыг удаан хугацаагаар түрээслэнэ гэж ярилцан тохиролцож, түрээсийн гэрээг жил жилээр сунган байгуулж, өөрийн үйлдвэрийн бэлтгэл цехийн барилгыг барихгүйгээр түрээсийн байранд ажиллаж байгаа билээ. Бид уг байрыг өөрийн бэлтгэл цехийн зориулалтаар ашиглаж байгаа ч барилгын суурь бүтцэд өөрчлөлт хийсэн зүйл байхгүй. 1960-аад онд баригдсан барилга он цагийн аясаар хуучирч байгаа нь аргагүй. Сар бүрийн түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлж чадахгүй байсан учир шалтгаан бий. Энэ талаар маргах зүйлгүй. Түрээсийн төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн дүнгээс 135,300,000 төгрөгийн талаар маргахгүй. Түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй саатсан шалтгаан нь 2017-2019 онуудад компанийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож борлуулалт багасч, авлагаа авч чадахгүйд хүрсэн. Жилд 1-3 сар ажиллаж байсан. 2019 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаа эхэлж үйлдвэрлэл жигдэрч байтал захиалагчид нутаг буцаж, цар тахлын улмаас хөл хорионд орсноор 2020 онд үйлдвэрлэл бүрэн зогссон. Үүний улмаас үйлдвэрлэлт зогсож борлуулалтын орлого орохгүй, авлагаа авч чадахгүй болсноор түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зогссон. Цар тахлын улмаас бүтэн 2 жил шахуу зогсож үйлдвэрлэл борлуулалт саатаж, саяхнаас 5 дугаар сарын 08-ны өдрөөс бага ч гэсэн үйл ажиллагаа явагдаж эхэлж байна. Үйл ажиллагаа дөнгөж эхэлж, борлуулалтын орлого орж ирээгүй байгаа, авлагаа авч чадаагүй зэргийг харгалзан түрээсийн төлбөрийн алдангиас чөлөөлж өгнө үү. Бид олон жилийн хамтын ажиллагаагаа хүндэтгэн харилцан итгэлцэж шүүхийн шатанд эвийн журмаар шийдвэрлэж эвлэрлийн гэрээ байгуулж хуримтлагдсан түрээсийн төлбөрийг харилцан баталсан хуваарийн дагуу төлж, түрээсийн гэрээгээ сунган төлбөрийг тухай бүрт нь төлж байх саналтай байна. Цар тахлын энэ үед түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч түрээслэгч хоёр тохиролцон хойшлуулах болон чөлөөлөх, чөлөөлсөн нөхцөлд татварын хөнгөлөлт үзүүлэх талаар Монгол улсын Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүнийг түрээслүүлэгч болон шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай үйл ажиллагаа 2021 оны 5 дугаар сараас жигдэрч түрээсийн төлбөрт 19,600,000 төгрөг төлсөн. 1 сарын түрээсийн мөнгө 3 300 000 төгрөг байдаг. Бид өөрсдийн өмчлөл болох обьектоо зарж борлуулж байж түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байна. Олон жил үйл ажиллагаа явуулж түрээсэлсэн обьектноосоо салмааргүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагаас алданги 67,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна...гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

... ХХК нь ... ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 135,300,000 төгрөг, алданги 67,650,000 төгрөг, нийт 202,950,000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 135,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги болон түрээсийн байр албадан чөлөөлүүлэх тухай шаардлагуудыг зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж, үндсэн төлбөрийг хуваарь гарган хэсэгчлэн төлөх, улмаар түрээсийн гэрээг цааш үргэлжлүүлэх тухай санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй болно.

Талууд 2003 оноос хойш Түрээсийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн ... тоот агуулах, үйлдвэрийн зориулалттай 1293,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч сарын 3,000,000 төгрөг, НӨАТ-ын хамт 3,300,000 төгрөгөөр түрээслэн ашиглаж байсан талаар зохигчид тайлбарлаж байна.

2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талууд Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жилээр тогтоон, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг НӨАТ-ын хамт төлөх, түрээсийн төлбөр болон бусад төлбөрүүдийг төлөх хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, давагдашгүй хүчин зүйл болон гэрээг өөрчлөх, цуцлах нөхцөл, гэрээний хугацаа болон хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг тусгаж, хүсэл зоригоо илэрхийлэн, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулан, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан байна. /хэргийн 5-10 дугаар тал/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Түрээсийн гэрээ нь ... ХХК-ийн гэрээний албын тэмдэг дарагдсан, уг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн дардас, тэмдэг дарагдсан байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийг гэрээний талууд адил хүлээх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч түрээсийн төлбөр 135,300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Түрээслэгч тал 2018 оны 1 дүгээр сараас хойш түрээсийн төлбөр төлөөгүй гэх ба нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг шаардахдаа түрээсийн зүйлийг ашигласан нийт хугацааг оруулан тооцож, 2021 оны 5 дугаар сарыг дуустал нийт 135,300,000 төгрөг шаардсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан түрээсийн төлбөрийн авлагын тооцоог дүгнэвэл 2017 оны 1 дүгээр сараас гэрээ дуусгавар болох 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 118,800,000 төгрөг төлөхөөс 29,700,000 төгрөг төлж 89,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс хойш 2021 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд хариуцагч 19,800,000 төгрөг төлж, ашигласан хугацааны бусад төлбөрийг төлөөгүй байна.

Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, түрээслүүлэгч тал 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цаашид гэрээг сунгахгүй талаар, мөн түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхийг ... тоот албан бичгээр мэдэгдсэн байх боловч түрээслэгч тал үргэлжлүүлэн түрээсийн зүйлийг ашиглаж, түрээслүүлэгч талд буцаан хүлээлгэж өгөөгүй байх тул нэхэмжлэгч ... ХХК нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй .

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөр 135,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангид 67,650,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзах боловч татгалзлын үндэслэл тодорхой бус, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд Түрээсийн төлбөр болон бусад төлбөрүүдийг төлөх хугацаа хожимдуулсан хоног тутамд түрээслүүлэгч 0,5 хувийн алданги тооцох... талаар тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцсэн, хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг тооцоход нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 135,300,000 төгрөгийн 50 хувьд тооцож 67,650,000 төгрөг шаардсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж, талууд дахин гэрээ байгуулаагүй, гэрээний хугацааг сунгаагүй байхад түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн ... тоот агуулах, үйлдвэрийн зориулалттай 1293,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхтэй.

Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,242,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,242,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг ... тоот агуулах, үйлдвэрийн зориулалттай 1293,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ... ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, хариуцагчаас 202,950,000 /хоёр зуун хоёр сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,242,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,242,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА