| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00364/И |
| Дугаар | 154/ШШ2021/00008 |
| Огноо | 2021-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 154/ШШ2021/00008
| 2021 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 154/ШШ2021/00008 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын харъяат, 1960 оны 10 сарын 01-нд төрсөн, настай, эрэгтэй, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, /РД: / Б овогт Ч ы Д ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Д шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд элсэн суралцаж 1980 онд төгсөөд Мөст сумын 8 жилийн сургуульд бага ангийн багш, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, хөдөлмөр, биеийн тамирын багш, эрхлэгч, захирал зэрэг ажлуудыг хийж байсан. Тэр үед ажилд орсон, гарсан тушаалууд архиваас олдохгүй байна. Иймд намайг 1980 оноос 1996 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Д ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ч.Д нь 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд техник хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагч Ч.Д ид Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Мөст 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот тушаалаар Улаанбаатар хотын Багшийн сургууль төгсөж тус сургуульд бага ангийн багшаар томилсон тул бага ангийн багшаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,
-Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 48 тоот тушаалаар Хөдөлмөрийн багшийн курс төгссөн тул бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн сургуульд техник хөдөлмөрийн багшаар томилон ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1990 тоот: Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 100, Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15, 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 тоот тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв,
- Мөн аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1986-1989 оны баримтаас Ч овогтой Д ид холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар Захирал, эрхлэгч, багш, хүмүүжүүлэгч нарын хуваарь батлах тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Гэрэл зураг,
Г.Бямбаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1968 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан. Ч.Д нь 1980 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын 8, 10 жилийн сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд татагдаж яваад 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд мөн сургуульд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш, сургуулийн эрхлэгч, захирлаар 2012 он хүртэл ажилласан. Мөст сумын сургуулийн захирлаар 1990 онд Эрхэмбаяр ажиллаж байсан. Ч.Д нь сайн багш байсан бөгөөд тэргүүний багш, Алтан гадас одонгоор шагнуулж байсан. Сургууль нь 100 орчим ажилтантай бөгөөд 40 гаруй багш ажиллаж байсан. Ч.Д нь 1980 оноос 1996 оныг дуустал тасралтгүй багшаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
Б.Гансүхийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан. Ч.Д нь 1980 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын 8, 10 жилийн сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар ажиллаж байсан. Намайг Мөст сумын сургуульд багшаар ирэхэд Ч.Д бага ангийн багшаар ажиллаж байсан. Ч.Д нь 1982 онд цэргийн албанд татагдаж яваад 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд мөн сургуульд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш, сургуулийн эрхлэгч, захирлаар тус тус ажиллаж байсан. Бага багийн багш нар 450 төгрөгний цалин авдаг байсан. Ч.Д нь сайн багш байсан бөгөөд сагс, гар бөмбөг сайн тоглодог байсан. Ч.Д бид хоер Мөст суманд 2002 оныг дуустал хамт багшаар ажиллаж байсан. Ч.Д нь 1980 оноос 2010 он хүртэл тасралтгүй сургуульд багш, эрхлэгч, захирлаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Ч.Д нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ч ы Д ийн 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд техник хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ