| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00316/И |
| Дугаар | 154/ШШ2021/00013 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 154/ШШ2021/00013
| 2021 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 154/ШШ2021/00013 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хилчин дугаар гудамж, тоотод оршин суух, РД: , Д овогт Ц гийн О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний дүү Ц.О нь Мөст сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөж ээжтэйгээ хамт амьдарч байгаад 1986 оноос сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр орж ажилласан. 1992 оныг дуустал ажиллаж байгаад Бямба овогтой Буянжаргалтай гэр болж удалгүй Улаанбаатар хот руу шилжсэн юм. Ц.О нь 4 хүүхэд төрүүлсэн тэтгэвэрт орох нас болсон боловч Мөст сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан талаарх баримт олдохгүй байна. Манай дүү Ц.О нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд ирэх боломжгүй байгаа тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ажиллаж байсан үеийн архивын лавлагаа болон бусад нотлох баримтыг үндэслэн Ц.О ийг 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.О нь 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Хүн эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгээс Ц.О т олгосон Баярын бичиг /1989 он/,
- Ховд аймгийн Мөст сумын сум дундын Хүн эмнэлэг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан гаргасан Сүүн сэтгэл номонд: Асрагч үйлчлэгчээр ажиллаж байсан хүмүүсийн нэрс... 34.Ц.О гэх бичилт,
- З.Очирдарийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Ц.О нь 1986 оны 03 дугаар сараас Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орж байсан. Ц.О нь 1992 оныг дуустал ажилласан юм. Ажиллах хугацаандаа үйлчлэгч, асрагч зэрэг ажлуудыг хийж байсан. Би 1971 оноос Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад 1992 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 1986-1992 онд Ц.О тэй хамт ажиллаж байсан учраас би сайн мэдэж байна. Тухайн үед сувилагч 3, асрагч 3, үйлчлэгч 1, тогооч 1, эх баригч 1, дүн бүртгэгч эмч 1, их эмч 2 гэсэн орон тоотой ажиллаж байсан. Би сувилагчаар ажиллаж байхдаа 270 орчим төгрөгний цалин авдаг байсан. Үйлчлэгч 180 орчим төгрөгний цалин авдаг байсан... гэх мэдүүлэг,
- Ч.Баасандоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Ц.О нь 1986 оноос Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Улмаар хүн эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр 1992 оныг дуустал ажиллаж байсан. Би 1985 онд Мөст сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж хөдөө гарч Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад ээжийнхээ хамт мал маллаж байсан. Тухайн үед Ц.О нь Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт ажиллаж байсныг сайн мэднэ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Ц гийн О ийн 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Хүн эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ