Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Eрөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Болор, иргэдийн төлөөлөгч Т.Удвал, улсын яллагч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Ч.Ганхуяг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, З.Шүрэнчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ганхуягт холбогдох эрүүгийн 2016 2501 1506 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Гэлэг овогт Чулуунбаатарын Ганхуяг, 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймаг Чойбалсан хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, ам бүл 7, эцэг, эх, 3 эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 34 дүгээр гудамж, 07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ял шийтгэл үгүй /РД: ЖЯ 85122471/,

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ч.Ганхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона-2” зоогийн газарт хохирогч Т.Чингэлийг намайг үл тоомсорлосон хэмээн түүний зүүн хацар, шанаан тус газар нь архины шилээр цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ганхуяг мэдүүлэхдээ: 2016 дугаар сарын 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Бямбажав гэх найз маань Дорнод аймгаас ирсэн. Билэгсайхан намайг хүрээд ир гэж дуудахад нь би гэрт нь 19 цагийн үед очсон. Тэгэхэд Бямбажав байгаагүй. Билэгсайхан бид хоёр Бямбажавыг олж ирэхээр түүний байгаа гэх Аризона-2 гэх бааранд ороход Бямбажав Чингэл, Золжаргал нарын хамт сууж байсан. Тэгээд Чингэл болон түүний найзтай нь танилцаж 1 цаг орчим суусан. Би Бямбажавыг хоёулаа дэлгүүрээс нэг шил архи аваад ирье гэж бодсон боловч дэлгүүр олдоогүй. Тэгээд сууж байсан газраа буцаад орж ирээд өөр ширээн дээр суусан. Чингэл өөр ширээн дээр гурвуулаа сууж байсан. Бид хоёрыг сууж байхад Чингэл сууж байсан ширээнээсээ босч ирээд “та хоёр явлаа гэсэн яасан бэ?” гээд чанга дуугаар асуухаар нь би “ бид хоёрын явах явахгүй нь өөрт чинь хамаагүй” гэхэд Чингэл намайг “чи ямар том дуутай юм бэ” гээд бид хоёр хэсэг маргалдсан. Тэгэхэд Чингэлтэй хамт сууж байсан хоёр залуу хүрч ирээд намайг мөрөн дээрээс дарж буйдан дээр суулгахад Чингэл намайг эхлээд цохисон. Нөгөө хоёр залуу намайг бас 1-ээс 2 удаа цохисон байх. Би сандраад ширээн дээр байсан архины шилийг авч савахад ийм зүйл болсон. Би эхэлж ямар нэгэн маргаан болон агсам согтуу тавьсан зүйл байхгүй. Энэ хэргээс болж Чингэлийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа ойгож, гэмшиж байгаа. Түүний нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би найзтайгаа удаан уулзаагүй болохоор тусдаа суугаад ярилцаж байхад Чингэл хамт сууж байсан 2 найзтайгаа ирж намайг үгээр доромжилж эхлээд намайг цохисон гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Т.Чингэлийн өгсөн “... Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуучин хамт ажиллаж байсан Бямбажав гэдэг залуу бид хоёр уулзаж ярилцахаар тохиролцоод Баянзүрх дүүргийн нутагт байх Бямбажавын очсон айлын гадна очиж уулзсан. ...Бямбажавын 2 талаас нь бид биерүүгээ нилээд хэрэлдсэн. Биднийг бие биерүүгээ ойртох гэхэд тэр гурав ойртуулаагүй, Ганхуягийг суудлаас нь босгоогүй. ...эргэж очоод Ганхуяг араас мөрөн дээр нь гараа тавих үед Ганхуяг баруун гарын араараа арагш савахад нь би хальт бултахад зүүн хацарт оносон байсан. Тэгэхэд миний хувьд юугаар цохьсоныг нь мэдээгүй, баарны үйлчлэгч эмэгтэй шилээр цохьчихлоо, тэр нь үсрээд миний духанд оночихлоо гэж хэлсэнийг би сонссон. Тэгээд би 00-ын өрөөнд ороод хүйтэн усаар дарж цус тогтоох гэхэд тогтохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх.20-23/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэсувдын өгсөн “...Тэгээд нөгөө ширээн дээр сууж байсан 3ц ах ирээд нөгөө салгах гэж байгаад цохиулсан ах эхлээд түрүүлээд нөгөө ахыг өшиглөөд авсан. Тэгээд хамт байсан тогооч хийдэг гэх залуу нь бас хажиунаас нь цохиж байсан. Тэгээд нөгөө жижиг залуу уурлаад эхлээд өшиглөсөн залууг ширээн дээр сууж байсан архины шилээр зүүн талынх нь нүүр рүү цохиод авсан, тэгээд архины шил хагарч салгах гэж очсон манай захирлын духанд нь шилний үйрмэг оноод цус гарчихсан байсан, нөгөө ах их хэмжээний цус алдсан. Тэгээд цагдаа түргэн дуудсаны дараа нь түргэний машин ирээд нөгөө ахын цусыг бооход цус нь тогтохгүй байсан, тэгээд Гэмтэлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд манайх цэвэрлэгээ хийгээд хаагаад явсан.  Дараа нь намайг дахиад дуудсан, би эргэж ирэхэд шинжээчдийн баг ирж шинжилгээ хийгээд явсан.” гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Баярхандын өгсөн “...Найз Билэгсайханы гэрт нөхөр Бямбажав болон найзынхаа гэрийхэнтэй хамт байсан. Орой 19 цаг өнгөрч байхад манай нөхөр найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд гадагш гараад орж ирэхгүй байхаар нь би 21 цаг өнгөрөөгөөд гэрээс гараад байрны доор байдаг Аризона-2 гэдэг бааранд ороход манай нөхөр хүнтэй хамт сууж байхаар нь очоод нөхрийгөө

дагуулаад гарсан /хамт сууж байсан 2 хүнийг нь танихгүй/. Бид хоёр Билэгсайханы гэрт буцаж ороод сууж байхад манай нөхөр надад би гадагшаа гараад найздаа явлаа гэдгээ хэлээд ирье гэж гараад 00 цаг өнгөрч байхад орж ирэхдээ Ганхуяг, Чингэлийг цохичихлоо гээд орж ирсэн. ...Т.Чингэлийг Ганхуяг шилээр цохиж гэмтэл учруулсан гэж манай нөхөр надад хэлсэн. Яг юунаас болж маргалдсаныг нь хажууд нь байгаагүй учир би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбатын өгсөн “... Тэгээд Чингэл тэр хоёр хэрэлдээд бид нарын дунд зогсож байсан. Тэгтэл нөгөө хоёр ч хэрэлдээд байсан. Нөгөө залуу шилтэй архи бариад байж байсан, арай цохьчихгүй болов уу гэж бодож дуусаагүй байтал Чингэлийг цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх.35-36/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Бямбажавын өгсөн “...Ганхуяг, Чингэл 2 маргасан. Тэгтэл цаана сууж байсан Чингэлийн хоёр найз ирээд Ганхуягийг бариад авсан. ...Чингэлийн найз нь Ганхуягийг гарнаас барихад Чингэл Ганхуягийг нүүрлүү нь гараараа цохисон. ...Тэгэхэд нь би болиулахад Ганхуяг ширээн дээр байсан шилтэй архийг Чингэлийн толгойруу нэг удаа цохисон. ” гэх мэдүүлэг /хх15,28/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бурмаагийн өгсөн “...5 дугаар ширээнд сууж байсан цохиулдаг залуу хүрч ирээд боль гэж хэлээд тэгээд дарж аваад жаахан тиймэрхүү зүйл болж байтал үлдсэн хоёр залуу нь хүрч ирээд энэ юу юм бэ гэх мэтийн зүйл яриад жаахан үл тоосон, бөөрөлхсөн маягтай байсан. ...жижиг биетэй залуутай хамт сууж байсан залуу та 3 одоо боль нэг хүн рүү яах гээд байгаа юм гэж хэлтэл нөгөө жижиг биетэй залуу ширээн дээр байсан шилтэй архийг барьж аваад нөгөө залууг нэг удаа цохьсон, ” гэх мэдүүлэг /хх24/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Золжаргалын өгсөн “...Бямбаа, Хуягаа 2 маргаад Бямбаа нь Хуягааг дарчихсан байсан, тэгтэл Чингэл салгах гээд очсон,...тооцоо хийж байгаад нэг харахад Чингэлээс цус гарчихсан... ” гэх мэдүүлэг /хх29-30/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнгөнцэцэгийн өгсөн “...миний хувьд хүүгээ гайгүй аядуу ааштай гэж боддог. Миний хүү урд ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. Манай гэр бүл ч гэртээ их тогтуухан байдаг.” гэх мэдүүлэг /хх31-32/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Чимгээгийн өгсөн “...Миний дүү Ганхуяг нь даруухан, нийтэч зан төлөвтэй, бидний дундаа арай яриа хөөрөөтэй гэж боддог. Архи дарс уугаад байдаг нь харагдаж байгаагүй. ” гэх мэдүүлэг /хх33/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14842 дугаар:

             1. “Т.Чингэлийн биед зүүн хацар, зүүн шанаанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.41-43/,

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх17/, хохирогчоор Г.Ганхуягийг байцаасан тэмдэглэл /хх18/, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн тодорхойлолт /хх56/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх57/, мэргэжлийн үнэмлэх /хх67/, Сити дээд сургуулийн бакалаврын диплом /хх70/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер буюу хохирлын мөнгө төлсөн гэх баримт /хх73, 96/, хохирогч Т.Чингэл “Ч.Ганхуягтай эвлэрсэн бөгөөд тухайн хэрэгт элдэв гомдол саналгүй” гэх тайлбар /хх97/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ганхуягийг 2016 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона-2” зоогийн газарт хохирогч Т.Чингэлийг намайг үл тоомсорлосон хэмээн түүний зүүн хацар, шанаа тус газар нь архины шилээр цохиж,  түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэнийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ганхуяг нь хувийн сэдэлтээр хохирогч Т.Чингэлтэй маргалдан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ганхуягийн өгсөн “...Чингэл өөр ширээн дээр 3-лаа сууж байсан. Бид хоёрыг сууж байхад Чингэл сууж байсан ширээнээсээ босч ирээд “та хоёр явлаа гэсэн яасан бэ?” гээд чанга дуугаар асуухаар нь би “ бид хоёрын явах явахгүй нь өөрт чинь хамаагүй” гэхэд Чингэл намайг “чи ямар том дуутай юм бэ” гээд бид хоёр хэсэг маргалдсан. Тэгэхэд Чингэлтэй хамт сууж байсан хоёр залуу хүрч ирээд намайг мөрөн дээрээс дарж буйдан дээр хөдөлгөөнгүй дарсан. Тэгээд Чингэл намайг эхлээд цохисон. Нөгөө хоёр залуу намайг бас 1-ээс 2 удаа цохисон байх. Би сандраад ширээн дээр байсан архины шилийг авч савахад ийм зүйл болсон. Би найзтайгаа тусдаа ширээнд юм яриад сууж байхад Чингэл өөрөө ирээд намайг үг хэлээр доромжлоод эхэлж цохисон.” гэх мэдүүлэг,

          мөрдөн байцаалтад хохирогч Т.Чингэлийн өгсөн “...Бид 2 бие биерүүгээ ойртох гэхэд тэр гурав ойртуулаагүй, Ганхуягийг суудлаас нь босгоогүй. ...миний шар хөдлөөд барилцаад авахад Бямбажав салгасан.” гэх мэдүүлэг /хх22/, 

        мөрдөн байцаалтад гэрч Э.Бямбажавын өгсөн “...Ганхуяг, Чингэл 2 маргасан. Тэгтэл цаана сууж байсан Чингэлийн хоёр найз ирээд Ганхуягийг бариад авсан. ...Чингэлийн найз нь Ганхуягийг гарнаас барихад Чингэл Ганхуягийг нүүрлүү нь гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх15,28/,

        мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбатын өгсөн “... Тэгээд Чингэл тэр хоёр хэрэлдээд бид нарын дунд зогсож байсан. Тэгтэл нөгөө хоёр ч хэрэлдээд байсан.” гэх мэдүүлэг /хх.35-36/,

        мөрдөн байцаалтад  гэрч  Б.Эрдэнэсувдын өгсөн “...Тэгээд нөгөө ширээн дээр

сууж байсан 3 ах ирээд нөгөө салгах гэж байгаад цохиулсан ах эхлээд түрүүлээд нөгөө ахыг өшиглөөд авсан. Тэгээд хамт байсан тогооч хийдэг гэх залуу нь бас хажуунаас нь цохиж байсан. Тэгээд нөгөө жижиг залуу уурлаад эхлээд өшиглөсөн залууг ширээн дээр сууж байсан архины шилээр зүүн талынх нь нүүр рүү цохиод авсан“ гэх мэдүүлэг /хх25/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.Бурмаагийн өгсөн “...5 дугаар ширээнд сууж байсан цохиулдаг залуу хүрч ирээд боль гэж хэлээд тэгээд дарж аваад жаахан тиймэрхүү зүйл болж байтал үлдсэн хоёр залуу нь хүрч ирээд энэ юу юм бэ гэх мэтийн зүйл яриад жаахан үл тоосон, бөөрөлхсөн маягтай байсан. ...жижиг биетэй залуутай хамт сууж байсан залуу та 3 одоо боль нэг хүн рүү яах гээд байгаа юм гэж хэлтэл нөгөө жижиг биетэй залуу ширээн дээр байсан шилтэй архийг барьж аваад нөгөө залууг нэг удаа цохьсон ”/хх24/ гэх мэдүүлгүүд.  

Иймд шүүгдэгч Ч.Ганхуягийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Чингэлийн “...Ч.Ганхуягтай эвлэрсэн бөгөөд тухайн хэрэгт элдэв гомдол саналгүй болно” гэх хүсэлт /хх73,97/ болон хохирол төлсөн баримт /хх96/ зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                 Шүүхээс шүүгдэгч Ч.Ганхуягт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Шүүгдэгч Ч.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2,  283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Гэлэг овогт Чулуунбаатарын Ганхуягт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Гэлэг овогт Чулуунбаатарын Ганхуягийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар

 

Ч.Ганхуягт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн  47.3 дахь хэсэгт зааснаар Ч.Ганхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын  хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж   болохыг дурьдсугай.   

 

5. Ч.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ганхуягт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ

 

                                              ШҮҮГЧИД                               Э.ЧИНГИС

                                                

                                                                                                    Б.АРИУНХИШИГ