Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2021/00014

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2021/00014

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1966 оны 06 сарын 02-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, /РД:      / Х   овогт Г  гийн О  ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.О  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.О   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1982 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ард-Аюушийн нэрэмжит 8-н жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо бригадад мал маллаж байсан. Би саальчнаар ажиллаж саалийн 15 үнээ саадаг байсан. Тухайн үед манай багийн дарга Даахүү гэдэг хүн байсан. Бид завод дээр үхэр сааж, сүүгээ гараар машиндаж, цөцгий хийдэг байсан. Саальчид тухайн үед 100-300 төгрөгний цалин авдаг байсан. Бидэнд хөдөлмөрийн дэвтэр тусдаа бичиж өгөөгүй, тухайн үед эцэг эхийн нэр дээр бүртгүүлж, хамт малчин саальчнаар ажиллаж байсан. Манайх 1990 он хүртэл нэгдлийн үхэр маллаж байгаад 1990 онд нэгдлийн бог мал авч малласан. Би 1988 онд гэр бүл болсон. Биднийг бага байхад төрсөн эцэг Г   ээжээс минь салж биднийг орхин явсан. Миний ээж Амаржаргал Дорж гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан. Миний хөдөлмөрийн хөлсний түүвэр Дорж гэсэн нэрээр гарсан байгаа.

Миний шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.О   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Г.О   нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1959 тоот: Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо бригадын 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

- П.Дорж, Амаржаргал, О   нарын 1982-1991 онд Цэцэг сумын Баян-овоо бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлсний түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ц.Мягмарсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо багт түүхий эд авдаг байсан. Г.О   нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо багт эхийн хамт саальчин байсан. Эцэг нь Г   гэдэг хүн байсан. Г.О  ыг бага байхад Г   эхээс нь салсан юм. Г.О  ы эх Амаржаргал Дорж гэдэг хүнтэй гэр бүл болсон. Г.О  ыг 7 дугаар ангид байхад ээж нь Доржтой гэр бүл болсон юм, тийм учраас архивын лавлагаа Доржоор гарсан. Г.О   нь 1982 оноос 1989 оныг дуустал тасратгүй мал малласан. Г.О   нь саальчин байхаас гадна заводод ээдэмцэр хийдэг байсан. Тухайн үед өрхийн тэргүүний нэрээр хөдөлмөрийн хөлсийг тооцдог байсан. Би Баян-овоо багийн даргаар ажиллаж байсан тул сайн мэднэ. Г.О   тасралтгүй мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

Н.Наранжаргалын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1982 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо багт мал маллаж байсан. Г.О   нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-овоо багт саальчнаар ажиллаж байгаад сүүлд бог мал малласан. Г.О   нь 1982 оноос 1989 оныг дуустал тасратгүй мал малласан. Одоо ч мал маллаж байна. Цэцэглэх нэгдлийн даргаар Батдорж, Баян-овоо багийн даргаар Д.Даахүү нар ажиллаж байсан. Илгээлтээр гарсан малчдад хөдөлмөрийн дэвтэр байдаггүй байсан, эцэг эхийн нэрээр хөдөлмөрийн хөлс гардаг байсан. Цэцэглэх нэгдэл 1990 онд тарсан. Г.О   шагнал авч байгаагүй, бид нар нэг бригадад хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х   овогт Г  гийн О  ыг 1982 оныг 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ