Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00017

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00017

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1969 оны 03 сарын 09-нд төрсөн, 52 настай, эмэгтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, /РД:          / Б    овогт П   ийн А  ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.А   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1982 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ард-Аюушийн нэрэмжит 8-н жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 1 дүгээр бригадад 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.А   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

П.А   нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1910 тоот: Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга бригадын 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

- Ч.П   , Даваа, Баатарзориг, П.А   нарын 1985-1990 онуудад Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлсний түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Хүсэлт гаргагч П.А  т Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс 1985 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн даргын 1985 оны 06 дугар сарын 15-ны өдрийн 18 тоот тушаалаар Цэцэглэх нэгдлийн бригадад томилон ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингийн бичилт бүрэн тэмдэглэгдсэн,

Т.Баяртогтохын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1983 оноос Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. П.А   нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт эцэг эхийн хамт бог мал маллаж байсан. П.А   нь эцэг эхийн хамт 400 гаруй мал маллаж байсан. Нэгдлийн даргаар Батдорж, Хажинга багийн даргаар Хүрэлбаатар нар ажиллаж байсан. П.А   нь шагнал урамшуулал авч байгаагүй, тэрээр 1985 оноос 1992 оныг дуустал мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

Ж.Баярсайханы шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1977 оноос Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт мал маллаж байсан. П.А   нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт эцэг эхийн хамт бог мал маллаж байсан. Малчид 100 төгрөгний цалин авдаг байсан. Хажинга багийн даргаар Хүрэлбаатар ажиллаж байсан. П.А   нь шагнал урамшуулал авч байгаагүй, П.А   1985 оноос 1992 оныг дуустал мал маллаж байсан өөр ажил хийж байгаагүй, бид нар нэг бригадад хамт мал маллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч П.А   нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б    овогт П   ийн А  ийг 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ