Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Иргэний нэхэмжлэгч Ж.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн 2330003350222 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ... дугаар хороо “....”-ийн .... дугаар гудамж, .... тоотод оршин суух хаягтай,

одоо Дорноговь аймгийн ******* сумын ... дугаар баг “...” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Б-ын Ц

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.******* нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Алт гарч байгаа сургаар очсон.” гэв. 

- Иргэний нэхэмжлэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирлыг шүүх хуралдааны өмнө төлсөн.” гэв.

Эрүүгийн 2330003350222 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Бид хоёр Сүхбаатар аймгийн ******* сумын “Алтанбулаг”-ийн хийдэд ирэхэд оройны 20 цаг өнгөрч байсан. Тус “Алтанбулаг” хийдийн урдуур машины гэрэл гараад зүүн тийш яваад байхаар нь Ш.******* ах бид хоёр араас нь машинтайгаа очиход хэсэг хүмүүс цугласан металл хайгч тавиад алт байгаа эсэхийг нь шалгаад явж байсан. Тухайн үед Ш.******* ахын даралт нь ихсээд байсан учраас Ш.******* ахыг машинд үлдээгээд даралтын эмээ уугаад байж байгаарай гэж хэлээд машиныхаа багаажнаас металл хайгч, осков зэргийг гаргаад хүмүүсийн металл хайгч тавьж үзэж байсан газрын ойролцоо металл хайгчаар алт байгаа эсэхийг шалгаж үзээд дугарахаар нь осков багажаар газрын хөрсийг өнгөц, өнгөц ухсан. Тэгсэн бага хэмжээтэй алт гарсан. Алтыг эмийн хуванцар саванд хийгээд дахин металл хайгч тавьж үзэж байхад хүмүүс “цагдаа ирлээ зугтаарай” гэж хэлээд тэнд байсан бүгд зугтаад явахаар нь би машин руугаа очоод машинаа асаагаад цагдаа нараас зугтааж байгаад хадан дунд явж байгаад машиныхаа кастерыг хагалаад баригдсан.” гэх (хх 145-148 дугаар хуудас),
  • Иргэний нэхэмжлэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тэгээд цааш өндөрлөг хэсэг дээр гарч харахад хар өнгийн автомашин чулуун дээр тээглэж зогссон байдалтай байсан. Очиж шалгахад 2 эрэгтэй хүн байсан. Тухайн хүмүүс Дорноговь аймгаас ирээд удаагүй байгаа гэсэн.

Уг хүмүүс цугласан гэх газар нь Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Хавцал” гэх нэртэй газар юм. Уг газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоогүй газар юм.” гэх (хх 28-29 дүгээр хуудас),

2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлсийг ямар аргаар (химийн буюу бусад) гаргаж авсныг тогтоох нь физикийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх 48-52 дугаар хуудас),

  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2302260 дугаартай “2.69 грамм 88 хувийн байгалийн алтны зах зээлийн үнэлгээ 507,700 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 59-70 дугаар хуудас),
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302217 дугаартай ““Minelab 1000 металл хайгч 2,400,000 төгрөг, осков 100,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 77-88 дугаар хуудас),
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302216 дугаартай “2008 онд үйлдвэрлэсэн “Honda Airwave” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6,926,600 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 94-104 дүгээр хуудас),
  • Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3476 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх 109-122 дугаар хуудас)

- Шүүгдэгч Б.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 149-150 дугаар хуудас),

- Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хх 152-154 дүгээр хуудас),

- Байгал орчинд учруулсан хохирол нөхөн төлсөн баримт (хх 175 дугаар хуудас) зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр алтны эрэл хайгуул хийх, олборлохоор ******* ******* улсын дугаартай “Honda Airwave” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багийн нутаг “....” гэх газарт очиж, Майнлаб (Minelab) үйлдвэрийн GM05 бичиглэлтэй металл хайгч 1 ширхэг, 1 ширхэг газар ухагч төмөр багаж (осков) зэрэг техник хэрэгсэл ашиглаж 2.69 грамм алт олборлосон, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна иргэний нэхэмжлэгч Ж.*******, гэрч Ш.*******, А.*******, шинжээч С.*******, Д., Д. нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Эд зүйл (баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан)-д үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай албан тоот,  Мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3878 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2302260 дугаартай шинжээчийн дүгнэлт,  “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302217 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302216 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3476 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч  нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэдэгт: Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

Тодруулбал, шүүгдэгч нь хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл  хайгуул хийж газарт халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

“Газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг ойлгоно.

2.3. Прокуророос шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1. Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” үндэслэл бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдлээ гүйцэтгэхэд ашигласан 6,926,600 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай “Honda Airwave” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгох. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг металл хайгч багаж, 1 ширхэг газар ухагч осков, 2.69 грамм алт зэрэг эд зүйлийг улсын орлого болгох” гэх санал, дүгнэлтийг гаргав.

3.3. Шүүгдэгч Б.******* нь шунахайн сэдэлтээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь Дорноговь аймгийн үндсэн харьяат бөгөөд тус аймагт оршин суудаг болох нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа”-ны хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэргээр нотлон тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, ... ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ... хариуцан хөтөлнө” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан үнэлгээг 82,284 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь Төрийн банкны 100900013040 тоот дансанд 246,860 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж хуульчилсан байх тул байгаль экологид учирсан хохирол 82,284 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 246,852 төгрөгийг нөхөн төлсөн нь үндэслэлтэй байна.

  1. Бусад асуудлаар:

5.1. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн “Hondo Airwave” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Minelab GM5” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 1 ширхэг зэргийг ашиглан гэмт хэргийг үйлдэж, 2.69 грамм алтыг олборлон авсан байна.

Иймд 6,926,600 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай “Hondo Airwave” маркийн тээврийн хэрэгсэл, 2,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Minelab GM5” загварын металл хайгч 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар ухагч төмөр багаж буюу осков 1 ширхэг зэрэг, олборлож авсан 2.69 грамм алт зэргийг хуульд заасан журмын дагуу хураан авч, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нь дээрх эд зүйлсийг үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулсан бөгөөд хуульд заасан хугацаанд тусгайлан санал хүсэлт, гомдол гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ын Ц-ыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Ц-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгчид  дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******ад мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.*******ад таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль, экологид учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.*******ын өмчлөлийн 6,926,600 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай “Hondo Airwave” маркийн тээврийн хэрэгсэл, Б.*******ын эзэмшлийн ““Minelab GM5” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 1 ширхэг, олборлож авсан 2.69 грамм алт”-ыг улсын төсөвт оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.*******ын өмчлөлийн ******* ******* улсын дугаартай “Hondo Airwave” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАННАВЧ