Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.*******өд холбогдох 2430000000077  дугаартай  эрүүгийн  хэргийг  2024  оны  04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг “....” гэх газар оршин суух хаягтай,

одоо Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг “...”-ын ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Л-ийн О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Л.******* нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б. Л.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд өдөр шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг “...”-ын .... тоот хашаанаас тус багт үйл ажиллагаа явуулдаг “Sky” караокены хойд талын засмал зам хүртэл 0.24 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ “Toyota.FJ Cruiser-J15” маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (хх 4), CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 5), драйгерийн бүртгэлд үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (хх 6, 10-12), шүүгдэгчийн согтуурлын зэрэг 0.24 хувь байгааг тодорхойлсон гэрэл зургийн үзүүлэлт (хх 13), гэрч Х.******* (16-17), ******* (20-21) нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.*******ийн жолооны эрхийг шалгасан Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон “Жолоодох лавлагаа, мэдээлэл” (46), шүүгдэгч Л.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0228264 дугаартай шийтгэлийн хуудас (51), “Toyota.FJ Criuser-J15” маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх 68) зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Согтуурсан гэдэгт: Автотээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчигдөж, нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Д.Зулаа нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Бусад:

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн О-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л-ийн О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгчид  дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэлд ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.*******өд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.*******өд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                     

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ