Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00002/И |
Дугаар | 154/ШШ2021/00021 |
Огноо | 2021-01-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 154/ШШ2021/00021
2021 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 154/ШШ2021/00021 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД: , Бага ш овогт С ын Т гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч С.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1983 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэгдлийн даргын тушаал гарч бог мал хүлээж авч байсан юм. 1992 он хүртэл нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарж компани болоход компаний мал маллаж байсан.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1983-1993 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Т гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.Т нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- С.Т гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Нэгдлийн даргын 1983 оны 06 сарын 23-ны өдрийн 09 тоот тушаалаар Баянгол бригадад малчин гэх бичилт, мөн дэвтэрт 1983 оны 07 сараас 1990 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,
- Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128 тоот албан бичиг,
- Булган сумын Жаргалын зам нэгдлээс С.Т д олгосон Гэрчилгээ /1989 он/,
Б.Сүхбаатарын шүүхэд гэрчээр өгсөн: ...С.Т нь 1983 оноос эхлэн хөдөө гарч Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж эхэлсэн. С.Т гийн аав ээж нь насаараа мал маллаж байсан малчин хүмүүс юм. С.Т Жаргалын зам нэгдэл тараад компани болоход мөн компанид мал маллаж байсан. Би 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байгаад 1976-1979 оны хооронд цэргийн алба хааж ирээд мөн 1 дүгээр бригаддаа мал маллаж байсан. Би С.Т тай хамт 1 бригадад 1983 оноос хойш мал маллаж байсны хувьд сайн мэдэж байна. Манай 2 гэр айл саахалт олон жил явсан. С.Т нь дандаа бог мал маллаж байсан хүн юм... гэх мэдүүлэг,
С.Алтанцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...С.Т нь Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээжийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Улмаар С.Т нь 1990 он хүртэл аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1990 онд гэр бүл болоод мөн 1 дүгээр бригаддаа мал маллаж байсан. Би 1980 оноос Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж эхэлсэн. Энэ хугацаанд С.Т тай нэг бригадад хамт айл хөрш явж мал маллаж ирсэн. Одоо хүртэл айл хөрш амьдарч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бага ш овогт С ын Т гийн 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ