Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 129

 

                         

 

 

 

 

                                   

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, улсын яллагч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амарбаясгаланд холбогдох эрүүгийн 2016 2501 4219 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, хадам аав, эхнэрийн 2 дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 29 дүгээр байрны 4 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Батноровын Амарбаясгалан /РД:УК90012938/,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Амарбаясгалан нь согтуугаар олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин шалтаг шалтгаангүй 2016 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааран дотор хохирогч Х.Гэрэлт-Одыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амарбаясгалангийн мэдүүлэхдээ: “Парис” бааранд бүжиглэж байхад дүүгийн толгой руу нэг хүн шил шидчихлээ гэхээр нь би хохирогч Х.Гэрэлт-Одыг шидсэн юм байх гээд андуураад нэг цохьсон. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй. Хохирлоо төлсөн гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Х.Гэрэлт-Одын өгсөн: “…Би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз Туяа, Цэнгүүн, Цэгцийн хамт Парис нэртэй бааранд орж манай найзууд пиво уугаад зарим нь бүжиглэж байсан юм. Тэр үед би ширээн дээр сууж байтал манай найз Цэгц хүрч ирээд Туяа, Цэнгүүн хоёрыг талбай дээр хэдэн залуучууд өдөөд байна гэж хэлсэн. Туяа, Цэнгүүн хоёрыг дагуулж гарах гээд зогсож байтал 4-өөс 5-н залуу нэг хүүхэнтэй ирээд тэр хүүхэн нь манай найз Цэнгүүнтэй үсдэлцээд авсан. Тэр үед би эргээд хартал Амарбаясгалан гэх цагдаад баригдаж ирсэн залуу нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед  би нүүрээ дараад газар суусан. Гэтэл доороос дахиад хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөж байсан.  Би гомдолтой байна. Би зүв зүгээр байж байгаад тэр Амарбаясгалан гэх залууд зодуулж биедээ бэртэл гэмтэл авсан үүнээс болж хагалгаанд орох гэж байна. Хагалгааны зардал 3.500.000 төгрөг гэсэн. Мөн бусад зардлуудыг Амарбаясгалангаас нэхэмжилнэ” /хх.19/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Гомбодоржийн өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд хамгаалагчийн ажлаа хийгээд бүжгийн заал буюу 2 давхарт үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр орой 02 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна манай баараар үйчлүүлж байсан нэг бүдүүн биетэй хүүхэн нь бүжгийн талбай дээр хүмүүстэй муудалцаж байсан. Тэр үед очоод тэр хүүхнийг салгах гэтэл ах дүү хоёр гээд 2 залуу бүжгийн талбай дээр гараад ирчихсэн хэрүүл маргаан хийгээд ах нь гээд байгаа саарал цамцтай, 175 см орчим өндөр, пальдгар бор царайтай, халимаг үстэй запуу нь илүү дайрч давшлаад байсан... нөгөө ах нь гэх саарал цамцтай залуу дахиад бүжгийн талбай дээр хүрч ирээд тэнд байсан хүмүүстэй муудалцаад байхаар нь би гүйж очоод тэр ах нь гэх залууг салгаад аваад коридор руу гарсан ба яг тэр үед бүжгийн талбай дээр нэг өндөр залуугийн хамарнаас нь цус гоожчихсон хамраа дараад зогсож байсан, хажууд нь 2, 3 охин хамт зогсож байсан. Тэгээд би нөгөө саарал цамцтай залууг коридорт авч гараад зогсож байтал нөгөө хамраа цохиулчихсан байсан өндөр залуу нь араас гарч ирээд наад саарал цамцтай бор залуу чинь миний хамар руу цохьчихлоо би цагдаа дуудлаа наад залуугаа битгий явуулаарай гэж хэлсэн” /хх.37-38/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч М.Цэрэндэлгэрийн өгсөн: “...Би бол Гэрэлт-Одыг цохьсоныг хараагүй. Х.Гэрэлт-Од хэлэхдээ тэр саарал цамцтай, махлагдуу биетэй, бор царайтай залуу намайг цохьсон гэж хэлж байсан. Тэр залууг цагдаа нар эрүүлжүүлэх байранд хонуулсан” /хх.34/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Т.Цэнгүүний өгсөн: “...Миний араас Гэрэлт-Од ирсэн, тэгэхэд хамарнаас нь цус гарчихсан байсан. Саарал цамцтай махлаг царайтай залуу нь бид нартай бүжиглэх гээд бид нар бүжиглэхгүй яв гэж хэлэхэд эхнэр гэх тарган шар хүүхэн дагуулж ирээд зодоон эхлүүлсэн” /хх.32/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15957 дугаар:

   1. Х.Гэрэлт-Одын биед тархи доргилт, баруун хоншоор ясны хөндийн өмнөд болон дотор ханын цөмөрсөн хугарал, шингэн хуралдалт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх.40/ гэх дүгнэлт,

 

          Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “…Х.Гэрэлт-Одын биед үүссэн гэмтэл нь хүн гар буюу хөлөөрөө 1 болон түүнээс дээш тоогоор өшиглөх, цохих үед үүсэх боломжтой гэмтэл байна. Цаг хугацааны хувьд дүгнэлтэнд тусгагдсанаар хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл” /хх.43/ гэх мэдүүлэг,

 

          Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх12-13/, хохирлын мөнгө хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх14,15/, мөрдөн байцаалтад гэрч З.Одбаярын өгсөн “...Миний найз Амарбаясгалан бага насандаа ээж, аавыгаа алдаад бүтэн өнчин болсон. ...хувь хүнийхээ хувьд төлөв даруу, бусдад их тусархуу, хүмүүстэй их нийтэч залуу байгаа юм.” /хх25/ гэх мэдүүлэг, ял шийьгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх52/, Хан-Уул дүүргийн хорооны тодорхойлолт /хх53/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх55/, Хан-Уул дүүргийн Засаг даргын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж /хх56/, хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “... хохирогчийн ар гэрт 1.865.000 төгрөгийг шүүгдэгч өгсөн. Хохирогчийн тал гомдолгүй гэсэн. Гэхдээ цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг, хохирлын мөнгө барагдуулсан баримт зэрэг тус тус болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Амарбаясгаланг согтуугаар олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин шалтаг шалтгаангүй 2016 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааран дотор хохирогч Х.Гэрэлт-Одыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Амарбаясгаланг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн ар гэрийн хүн болох Ц.Даваасүрэнд 1.865.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт болон хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогчийн ар гэрт 1.865.000 төгрөгийг шүүгдэгч өгсөн. Хохирогчийн тал гомдолгүй гэсэн. Гэхдээ цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Амарбаясгалангийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Харин хохирогч талын гомдол саналгүй гэсэн тайлбар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.Амарбаясгалан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Гэрэлт-Одод 2.065.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Батноровын Амарбаясгаланг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Амарбаясгаланг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Амарбаясгаланд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь

хэсэгт тус тус зааснаар Б.Амарбаясгаланд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

5. Б.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Х.Гэрэлт-Од нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Амарбаясгаланд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ