Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0032

 

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 сарын 19  өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд  эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын  шимтгэлийн зөрүүг  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие математикийн багш мэргэжилтэй. 2002 оны 9 сарын 2-нд тус сургуульд математикийн  багшаар, 2013 оны 08 дугаар сарын 21-ээс сургуулийн захирлаар тус тус томилогдон тогтвор суурьшилтай тасралтгүй ажиллаж ирсэн. Тухайн байгууллагад 15 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, өөрийн хариуцсан ажилдаа эзний ёсоор  хандан  төрийн  албан хаагчийн ёс зүйг чанд сахин  ажиллаж  сургуулийн “ Бүтээлч  багш”, “Оюунлаг багш”,сумын “Шилдэг ажилтан”- аар шалгарч, шавь нараа аймаг нийслэлийн олимпиадад  амжилттай бэлдэн оролцуулж ирсэн ба сургуулийн  захирлаар ажиллаж байхдаа хүүхдэд ээлтэй сургууль, дотуур байрыг бий болгох, хамт олны нийгмийн асуудлыг анхаарах, сургуулийн гадаад дотоод орчныг сайжруулах, сургалтын амжилт чанарыг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллан сургуулиа анх удаа аймгийн “Топ үнэлгээтэй сургууль“ болгож нэг сая төгрөгөөр шагнагдаж байсан.

   Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 сарын 19  өдрийн Б/43 тоот “Х.Т-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн дагуу намайг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.         Захирамжийн үндэслэл болсон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчин Алтай сумын дотуур байрны  жижүүрээр 33 дахь ажиллаж буй эгч Х.Т , өвчний улмаас  чөлөөтэй байсан хүний оронд түр 6 хичээлийн байрны үйлчлэгчээр ажиллаад гарсан эгч Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, энэ тухай томилох эрх бүхий  албан тушаалтанд  бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

   Учир нь дээрх хуулийн 8 дугаар зүйл нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах үүргийг албан тушаалтанд үүрэг болгосон заалт байна. Хэрвээ албан тушаалтан энэ үүргээ биелүүлээгүй бол  хуулийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцогдохоор байна. Засаг даргын Б/43 захирамжийн агуулга нь хуулийн 8.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй гэсэн заалтыг үндэслэл болгосон атлаа  дээрх хуулийн 11.1–д заасан албан тушаалтанд  албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Миний бие дээрх хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1-дэхь хэсэгт заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн  хууль бус үйлдэл хийгээгүй байхад  сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсанд гомдолтой байгаа төдийгүй дээрх хууль бус үйлдлийг хянуулахаар  төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй байгаа болно.

   Манай эгч Х.Түмэндэмбэрэл нь тухайн сургуульд 1983 онд орж, улсад 34 жил ажилласан өрх толгойлсон эмэгтэй байгаа. Х.Түмэндэмбэрэлийг ажлаас гаргах боломж байхгүй. Би эгч Х.Түмэннасанг ажилд аваад чөлөөлсөн асуудал байгаа. Х.Түмэннасан эгч хичээлийн байрны үйлчлэгчээр ажилласан шал хэдэн сар угаагаад ажлаас гарсан. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг Ихэвчлэн бичгээр хүргүүлж байсан. 2016 оны 12 сард би зөрчил үүссэн тухай мэдүүлгийг гаргаж өгөөгүй, 2016 оны 09 дүгээр сард зөрчил үүссэн тухай мэдүүлгийг би өөрөө Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Цэцэгсүрэнд авчирч өгсөн. 2017 оны 3 ба 5 дугаар саруудад зөрчил үүссэн тухай мэдүүлгийг өгсөн гэж бодож байгаа. Захирлын тушаалаар  ур чадвар, үр дүнгийн  урамшуулал өгсөн нь учиртай бэ гэхээр үндсэн цалин нэмэгдэл цалингаас гадна багш, ажилтнуудад жилд 4 удаа улирлын үр дүнгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг захирал шууд олгож өгдөггүй. Сургууль 4 заах аргын нэгдэлд хуваагдан ажилладаг. Заах аргын ахлагч нар нь 5 хувийн нэмэгдэл авч, багш, ажилтнуудаа удирддаж, ажлыг нь хянаж үзэж, үнэлдэг. Тэр заах аргын ахлагч нь сайн ажиллаж байгаа багш, ажилтнуудаа захиралд уламжилж хурлаар хэлэлцэж шагнуулж нэмэгдэл цалин олгуулах, ажлын байранд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлэх юм бол хариуцлага тооцуулах эрх бүхий чиглэлээр заах аргын ахлагч, менежер нар ажилдаг байгаа. Энэ хүмүүсийн гаргасан, бодож тооцоолсны дагуу захирал тушаал гаргаж үр дүнгийн урамшууллыг олгодог. Би өөрөө дур мэдэж урамшуулал олгосон зүйл байхгүй. Сургуулийн дотоод журамд заасны дагуу шинээр санаачилсан ажил нь үр дүнд хүрсэн тохиолдолд тухайн багш, ажилтанд нэмэгдэл цалин олгож болно гэсэн байгаа. Энэ асуудлын талаар захирлын дэргэдэх хурлаар хэлэлцүүлэх эсвэл ямар нэгэн аян өрнүүлж үр дүнд хүрсэн багш ажилтнуудаа урамшуул олгодог. Төсөв санхүүдээ багтааж тухайн хүмүүсийг урамшуул олгож ажиллаж байсан.

Би ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан ба өнөөдрийн байдлаар би төрөөд 12 хонож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч, Ховд аймгийн Засаг даргын Д.Галсандондог шүүхэд гаргасан тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Авлигатай тэмцэх газар нийтийн болон албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ” гэжээ. нэхэмжлэгчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзсэн Авлигатай тэмцэх газрын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/3766 дугаар албан бичигт Х.Т-ийн эгч, Х.Түмэндэмбэрэл нь тус сургуулийн дотуур байрны жижүүр тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй тул дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах шаардлагатай гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Х.Т  нь тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа буюу 2016 онд уг хуулиар тогтоосон хязгаарлалтын зөрчиж хамаарал бүхий этгээдтэй холбоотой удаа дараагийн шийдвэр гаргах, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан.

 Мөн тус сургуулийн захирал Х.Т  нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар өөрт хамаарал бүхий этгээд болох Х.Түмэннасанг үйлчлэгчээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4, 29.2.3, 29.2.2 дахь заалтуудыг харьцуулан үзвэл албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ 4 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй сахилгын зөрчилд нийтийн албанаас халах шийтгэл оногдуулсан болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. Мөн энэ хуулийн 23.6-д Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэсэн 2 зохицуулалт байгаа.

Нэхэмжлэгч Х.Т нь тухайн дотуур байрны жижүүр өөрийн төрсөн эгч Х.Түмэндэмбэрэлтэй холбогдох 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  А/09, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/07, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/24, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/43,  2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/46, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/55, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/59 дугаар тушаал шийдвэрүүдийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж тайлбарлаагүй.

 Мөн түүнчлэн Х.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Х.Түмэннасанг үйлчлэгчээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэх явцдаа Х.Түмэннасантай холбоотой 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/43 дугаар тушаалыг гаргасан боловч зөрчил үүссэн талаар мэдэгдлээ холбогдох албан тушаалтанд хянуулж баталгаажуулаагүй.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн. Энэ асуудлууд нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэл, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч Х.Т  гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрдөг.

Гагцхүү хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж бид нар ойлгосон. Нэхэмжлэл гаргахдаа  сахилгын зөрчил гаргасан, гаргаагүй гэсэн үндэслэл заагаагүй. Хуулийг буруу хэрэглэсэн, жирэмсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон учраас энэ асуудалтай холбоотой тайлбар хэлнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.3, 29.2.4 гэсэн заалтуудыг харахад албан хэрэгтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн. Ийм учраас хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй.

 Х.Т-т Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Алтай сумын Тамгын газрын дарга нар удаа дараа сануулж байсан. Дээрх асуудлууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь хамаарал бүхий этгээд төрийн албанд битгий ажил гэсэн ойлголт биш. Гэхдээ ажиллаж байгаа тохиолдолд энэ хүмүүстэй холбоотой шийдвэр гаргахаасаа өмнө ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдэх ёстой.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хамгийн гол нь сахилгын зөрчлийн талаараа маргаагүй. Сахилгын зөрчлийн талаар маргаагүй нь сахилгын зөрчил ногдуулсан тушаалын талаар маргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж ойлгож байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Х.Т  ажлаас халагдах  үедээ жирэмсэн байсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Төрийн албаны тухай хууль, Авлигын тухай хуулийг хэрэглэнэ гэснийг анхаарч үзээгүй. Төрийн албаны тухай хуулиар үйлчилгээний албан тушаалтаныг хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулагдана гэж заасан байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулна гэснийг анхаарч үзээгүй. Зөвхөн нэг хуулийг заалтыг баримталсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн учраас үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж дүгнэж байна. Яагаад гэвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална” гэсэн байгаа.

Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулгын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх хянах журмыг батлах” тухай журам бий. Энэхүү тогтоолын  3.8-д Мэдэгдэлийг 3 тохиолдлоор зааж өгсөн. Дээрх тохиолдлын дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу мэдэгдэлийг дор дурдсан тохиолдолд гаргана гэсэн байгаа.  Иймээс нэхэмжлэгч мэдэгдэл гаргах үүрэггүй гэдэг нь харагдаж байна.

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн үү гэхэд зөрчсөн асуудал байхгүй.  Хориглолт гэдэг бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн харилцаа биш юм. Хориглолт гэдэг бол хууль болон журмаар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн гэж ойлгоно. Мэдэгдэл гаргах гэдэг бол 2 өөр асуудал юм. Хөрөнгө оруулгын мэдүүлгээ жил болгоны 02 дугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байсан. Энэ журмаараа мэдэгдэх ёстой үүргээ тодорхойлолж өгөөгүй. Х.Т р нь Х.Түмэннасан, Х.Түмэндэмбэрэл нартай холбоотой асуудлыг амаар болгон бичгээр гаргаж байсан. Бүртгэх хадгалах журмаараа тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг бүртгэх, хяналт тавихдаа харьцуулж өгөх ёстой байсан. Эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой байтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад мэдэгдэх ёсгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцох ёстой. Гэтэл зөрчил 2017 оны 01 дүгээр сард албан бичиг хүргүүлээд, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг явуулсан энэ хугацаандаа зөрчлийг илрүүлсэн, мэдсэн гэж тооцох үндэслэлтэй. Эндээс хойш 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн байдлаар ажлаас хална гэх талаар мэдэгдэхгүй байж байгаад ажлаас халсан.

Сонсох ажиллагаа хийж байгааг нэхэмжлэгч ойлгоогүй. Тухайн үед нэхэмжлэгчид ажлаас нь халахгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Тийм учраас ажлаас халах талаар сонсох ажиллагаа хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн.

Сайдын баталсан тушаалын дагуу урамшуулал нэмэгдлийг бүх багш, ажилтнуудаа олгодог. 2016 оны төсөвт урамшуулал гэдэг төсөв суугдаагүй байсан. Төсөвт суугдсан мөнгөө зориулалтын дагуу ашигласан. Хэрвээ төсөвт суугдсан мөнгөө зориулалтын бусаар ашигласан бол гэмт шинжтэй үйлдэл болох байсан. Урамшууллын мөнгө олгохдоо давуу байдал олгож эгчдээ өгөөгүй. Дотоод журамд заасныхаа дагуу хүмүүст хувиарлаж өгсөн.

Иймд ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан харилцааг зөрчсөн. Яагаад гэвэл жирэмсэн болон 3 насны хүүхэдтэй эхийг ажлаас гаргахыг хориглоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ харилцаа нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан байдаг.

Иймд аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Х.Т  нь 2017 оны 6 дугаар сар 23-ний өдөр тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад  холбогдуулан Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 сарын 19  өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд  эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын  шимтгэлийн зөрүүг  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж,  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 6 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх цалин, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” гэж тодруулжээ.

 Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хандаж, шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 204 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан боловч  нэхэмжлэлийг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сар 23-ны ирүүлсэн байх тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.      

Нэхэмжлэгчээс “Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны  жижүүрээр 33 дахь жилдээ ажиллаж байгаа төрсөн эгч Х.Түмэндэмбэрэл, 6 сарын хугацаанд хичээлийн байрны үйлчлэгчээр түр ажиллаад гарсан төрсөн эгч Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, энэ тухай томилох эрх бүхий  албан тушаалтанд  бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актын үндэслэл болсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн.” гэж, хариуцагчаас нэхэмжлэгч Х.Т  нь Алтай сумын сургуулийн захирлаар ажиллах хугацаанд буюу 2016 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээдтэй холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан. Х.Т нь бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан.” гэж  маргажээ.

1. Нэхэмжлэгч Х.Т-ийн  “Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 сарын 19-ний  өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд  эгүүлэн тогтоолгох  нэхэмжлэлийн тухайд: 

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн Б/43 дугаар “Х.Т-т сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжаар “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн уг хуулиар тогтоосон хориглолт хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Х.Түмэндэмбэрэл, Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Т-ийг буруутгаж ,нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон улирлын мөнгөн урамшууллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/299 дүгээр Ерөнхий болосролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэлийг баримтлан ажилчдад улирал тус бүр олгох, ур чадварын нэмэгдлийн тухайд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар захирал нь багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэн урамшуулах үүрэгтэй.

 Алтай сумын сургуулийн захирал Х.Т  нь  төрсөн эгч Х.Түмэндэмбэрэлд холбоотой тухайлсан асуудлыг шийдвэрлээгүй, түүнд ямар нэгэн давуу байдал үүсгэсэн шинжгүй ,  улирлын мөнгөн урамшууллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/239 /“Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам/, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дугаар тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл/-ийг баримтлан сургуулийн удирдах ажилтан, багш, ажилчдад, ур чадварын нэмэгдлийг Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 /Захирал нь багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох үүрэгтэй/ сургуулийн дотоод журамд зааснаар багш, ажилчдад тус тус улирал бүр, ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1./Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ./-д зааснаар тус тус шийдвэрлэжээ. 

Сургуулийн дотоод журмын тав дахь хэсэг /Багш, ажилчдын ажлыг үнэлж дүгнэх талаар/-ийн 5.1-д “Багш, ажилчдын ажлыг үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт, дүгнэх журам заалтын дагуу захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг үнэлнэ.” гэх заалт, нэхэмжлэгчийн “ ... үндсэн цалин нэмэгдэл цалингаас гадна багш, ажилтнуудад жилд 4 удаа улирлын үр дүнгийн урамшуулал гэж орж ирдэг.  Энэ урамшууллыг захирал шууд олгож өгдөггүй. Сургуулийн 4 заах аргын нэгдлийн ахлагч нар нь 5 хувийн нэмэгдэл авч, багш, ажилтнуудаа удирдаж, ажлыг нь хянаж үзэж, үнэлдэг. Нэхэмжлэгч Х.Т  нь сургуулийн захирлынхаа хувьд боловсролын салбарын  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд багш, ажилчдад цалин хөлс мөнгөн урамшуулал олгох тушаалуудыг дагуу гаргах үүрэгтэй бөгөөд дээрх агуулга бүхий тушаалууд нэг удаагийн бус тогтмол хугацаанд давтагдах шинжтэй, нийт багш ажилчдад хамааралтай, тушаалын хавсралтаар шийдвэрлэсэн мөнгөн урамшуулал, нэмэгдлийн хэмжээг тушаал гаргах эрх бүхий этгээд дангаар шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

 Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т  нь төрсөн эгч Х.Түмэннасанг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сургуулийн үйлчлэгчээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь нийтийн албан тушаалтны хувьд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хориглолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч Х.Түмэннасан 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 2 сар хүртэл хугацаанд ажиллаад ажлаас гарсан байна.

  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.2.5, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/163 дугаар захирамжаар баталсан ““Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, түүнийг дүгнэх журам”[1]-ын 2.2, 2.3, 3.1-д тус тус зааснаар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн сумын нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах, дээд шатны байгууллагад мэдэгдэх тайлагнах, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх үүрэгтэй байна.

Гэтэл Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болох нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М-аас  тус сумын Засаг даргад хүргүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/675 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр тогтоогдож байна гэж үзлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго /1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.”/, зохицуулалтаас үзвэл нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үүссэн тохиолдолд зохицуулах нь зөвхөн нийтийн албан тушаалтан бус эрх бүхий албан тушаалтан тус бүрийн  хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн үндсэн дээр хуулийн хэрэгжилт хангагдах үндэслэлтэй байна.

 Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарыг гаргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтууд[2] /нэхэмжлэгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй/  нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулсан байдал нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х.Т нь сахилгын шийтгэл ногдуулахад жирэмсэн байсан бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийнхаа хувьд Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүй, маргаан бүхий акт гаргах бодит шаардлага, хууль зүйн үндэслэлтэй нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл, баталгаа зөрчигдсөн гэж дүгнэж, ”Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 сарын 19  өдрийн Б/43 тоот захирамжийн хүчингүй болгож, Х.Т-ийг Алтай сумын сургуулийн захирлаар эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Алтай сумын сургуулийн захирлын албан тушаалаас халагдсаны дараа 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус сургуулийн сургалтын менежерээр томилогдсон байх тул нэхэмжлэгчийн тодруулснаар “2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 6 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх цалин, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Т-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 сарын 19  өдрийн Б/43 тоот захирамжийн хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 6 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх цалин, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”  нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

[1] хх-ийн 48-51 дэх тал

[2] хх-ийн 85-91 дэх тал