Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00025

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00025

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1966 оны 03 сарын 17-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-10, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, /РД:    / А    овогт Д  ийн Г   ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Г   , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г    шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол бригадад мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ 1994 оныг дуустал тасралтгүй бог мал буюу ямаа малласан. Тухайн үед малчид 120-180 төгрөгний цалин авдаг байсан. Нэгдэл 1992 онд тарж, компани болоход тус компанид мөн малчнаар ажиллаж байсан. Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г    нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Г   ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.Г    нь 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Д.Г   ид Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагч Д.Г   ид Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Бригадын зөвлөлийн шийдвэрээр Булган сумын Жаргалын зам нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар авч ажиллуулав... гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1828 тоот: Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол буюу 1 дүгээр бригадын 1981-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Д.Г   ид лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Р.Цогтгэрэл шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1980 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол бриагдад мал малллаж байсан. Д.Г    нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт бог мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал бог мал малласан. Жаргалын зам нэгдлийн даргаар Мудга, Баянгол бригадын даргаар Гинсээ нар ажиллаж байсан. Д.Г    нь сайн малчин байсан, 300 гаруй тооны ямаа малладаг байсан. Малчид 120-180 төгрөгний цалин авдаг байсан. Д.Г    нь 1989 онд бригадын сайн малчин болж байсан. Д.Г    нь 1982 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

Ц.Бат-эрдэний шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт ямаа малллаж байсан. Д.Г    нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт бог мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал бог мал малласан. Д.Г    нь 300 гаруй тооны ямаа малладаг байсан. Жаргалын зам нэгдэл 1992 онд бага хувьчлал хийсэн, 1993 онд их хувьчлал болсон юм. Д.Г    нь шагнал урамшуулал авч байгаагүй байх, хашаа барих, өвс хадлан хийх зэрэг туслах ажил хийдэг байсан. Малчид 120 төгрөгний цалин авдаг байсан. Цалингийн 30 хувийг жилийн эцсээр олгодог байсан. Д.Г    нь 1982 оноос 1994 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А    овогт Д  ийн Г   ийг 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ