Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч А.Лхагваа,

шинжээч Р.Ням-Осор,

хохирогч Б.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407000000012 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ДШМ/417 дугаар магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосныг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, аймгийн суманд ажилтай, , , хамт , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /PД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн , од согтуурсан үедээ Б.*******тай “чиний ээж арчаагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ажлын хэсэг нь 5 см урт, нийт 11 см урттай бор өнгийн модон иштэй хутгаар 5 удаагийн үйлдлээр халдаж, хутгалан хохирогч Б.*******ын биед баруун, зүүн мөр, нуруунд цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  • Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

 

  • Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн од манай баз ******* автомашины мотор боолцоод өгөөрэй гэж дуудсан. Эхнэрийн төрсөн дүү тай хамт *******ын гэрт очсон. *******, бид гурав автомашины мотор боох зуураа ганц хоёр архи хувааж уусан. ******* нь миний ээж болох г арчаагүй, ийм тийм гэж хэлж бид хоёр хоорондоо маргалдсан. *******ын гэрт бид хоёр маргалдан эвлэрээд сууж байсан. *******ын гэртээ орж ирээд хүүхдээ аваад гарахад , ******* бид гурав үлдсэн. Тухайн үед ******* уурлаж, янз бүрийн зүйл ярьж надаас хэрүүл өдөөд байсан. Цэнхэр өнгийн хутга, бор иштэй хутга ширээн дээр байсан. ******* аль хутгыг мэдэхгүй нэгийг нь шүүрч аваад руу дайрахаар нь би ыг түлхэж холдуулаад *******ын урдаас цээж хэсгээр нь хоёр гарыг нь дарж тэвэрч аваад зогсож байх үед гарч яваад цагдаа дуудсан. Би *******ыг урд талаас нь хоёр гарыг нь дээшээ өргөж, өөрийн мөр дээгүүр давуулж цээж хэсгээр нь тэвэрч аваад зогсож байснаас хойш юу болсон талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
  • Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* ах ******* ахын ээжийг “танай ээж тэгсэн, ингэсэн” гэж муугаар ярьж байса. ******* “та миний ээжийг хэл амаар доромжилсон” гэж хэлээд сандал дээр сууж байгаад босож ирэхээр нь “суу” гээд суулгасан. Тухайн үед ******* ах хутга бариад мах идээд сууж байсан. ******* ах ******* ахын ээжийг ярьж “танай ээж тэгсэн, ингэсэн” гэж муугаар ярьж маргаан үүсэж ******* сандал дээр сууж байгаад намайг хойш нь татаж ******* ах, ******* хоёр ор дээр тэврэлдээд унасан. ******* ах гартаа бор өнгийн жижиг хутга барьсан байсан. ******* “та намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Би тэгээд гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №49 дугаартай “...ийн *******ын биед баруун, зүүн мөр, нуруунд цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо. Шарх тус бүр ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

  • Шинжээч Р.Ням-Осорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.*******ын биед 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Тэр өдөртөө дүгнэлтээ гаргасан. Б.*******ын биед мэдрэлийн талаас ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. ...Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байвал уушгины агшилт үүсдэг, цээжний хөндийн цус агаарт хуралддаг, хасах даралттай байдаг учраас нэмэх даралтад шилждэг, ханын судас тэлэгдэлтээс болж цус хуралддаг. Хий агаар орсон бол нэмэлт мэс ажилбар хийж хуралдсан хийг авч уушги сэргээх эмчилгээ хийгддэг. S21.7 бол цээжний хөндий рүү нэвтрээгүй ил шархыг хэлдэг. Нэвтэрсэн тохиолдолд S27 гэж кодолдог. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байгаагүй, зөвхөн хутгаар үүсгэгдсэн 5 ил шарх байсан. Мэс ажилбар хийгдсэн байвал заавал өвчний түүхийг харна, хий хуралдсан уу гэдгийг үзэх ёстой. Энэ тохиолдолд Б.*******ын амбулаторийн картыг үзээд дүгнэлт гаргах боломжтой байсан” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд 4-5 сая төгрөгийн үнэлгээтэй унаж байсан машиныг нь авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.*******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

              Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 5 см урт, нийт 11 см урттай бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 5 см урт, нийт 11 см урттай бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Э.ЭНХЖАРГАЛ